Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.П,

Шүүгдэгч: А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт А-гийн Б-д холбогдох 2235000000243 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, З овогт А-гийн Б /РД:.............../

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ...... УВА улсын дугаартай Зил-130 загварын авто машин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч П.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч А.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ....... УВА улсын дугаартай Зил-130 загварын авто машин жолоодож яваад насанд хүрээгүй хохирогч П.Г-ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 04-07 дахь тал),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, холбогдогчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 08-11 дэх тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

Насанд хүрээгүй хохирогч П.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би хэзээ гэх талаар мэдэхгүй байна. Би цэцэрлэгтээ байхад ээж намайг Х эгчийн хамт ирж намайг цэцэрлэгээс авсан. Би цэцэрлэгээс ээж эгчийн хамт гараад эмээгийн гэрт очихоор явж байсан гэнэт том машин гарч ирээд ээж бид хоёрыг дайрчихсан тэр машин хаанаас яаж гарч ирсэн талаар би мэдэхгүй байна. Тэгээд би эмнэлэгт очсон өөр юу ч мэдэхгүй байна. Би тэр машиныг хаанаас ирсэн талаар юу ч мэдэхгүй байна. Мөн машин ирж байгааг би хараагүй. Миний хөл өвдөөд байна.  Би нэг мэдэхэд машинд дайруулчихсан байсан гэж хэлээд өөрөөр дахин ямар нэгэн зүйл хариулаагүй. Би хөл нь дээрээ хурдан явмаар байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн:  “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед ээж Т руу И гэх утсаар залгаж танай бэр хүүхэд хоёр эмнэлэг дээр машинд дайруулсан байдалтай байна гэж хэлэхээр нь Өндөрхангай сумын эрүүл мэндийн төв дээр очиход манай эхнэр хүүхэд хоёр хоёулаа бэртэлтэй байсан бөгөөд манай хүүхэд бүр хүнд бэртэлтэй байсан учраас сумын эмнэлгийн машинаар аймгийн төв рүү ирж эмнэлэгт хэвтүүлсэн. Би өөрөө яг ямар машин дайрсан болон машины жолоочийг нь мэдэхгүй байгаа бөгөөд эмнэлэг очоод шууд аймгийн төв орж ирсэн учраас юу болсныг нь сайн мэдэхгүй байгаа. Одоо манай хүүхдийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд тахим хугарч, аарцаг мултарсан, бүдүүн гуя зууралттай, бэлхүүснээс доош мэдээгүй зэрэг гэмтлүүдтэй бөгөөд одоо гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа учраас хагалгаанд орох нь хойшлогдсон. Харин манай эхнэр бас машинд мөргүүлсний улмаас бэртэж гэмтсэн бөгөөд эхнэрээс юу болсон талаар асуухад сумын төвд хүүхдээ хөтлөөд явж байхад нь Зил-130 маркын ачааны машин гэнэт гарч ирээд дээгүүр нь гарсан гэж ярьсан бөгөөд зарим зүйлийг сайн санахгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  “Б ах манайхаар байнга ирж, хүүхдийг эргэж тойрч байгаа болохоор хохирлын талаар баримт бүрдүүлэхгүй байгаа. Хохиролд 4 сая төгрөг бэлнээр өгсөн. 1 сая төгрөг эмчилгээний болон бусад зардалд төлсөн. Хүү П.Г  одоогоор суумгаа байдалтай байгаа учраас түүндээ төвөгшөөгөөд уур уцаартай болсон. 2023 оны 4 дүгээр сард дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар хэлсэн. Тэр эмчилгээ хийлгэх үед А.Б ах туслана гэсэн. Цаашид эмчилгээ хийлгэхэд нь туслаж дэмжээд хүүг маань босож явдаг болгочихвол гомдолгүй. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

Гэрч П.П-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би тухайн өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан ба тухайн үед би айлд дуудлагаар хүн үзэж байсан. Тэгээд орой 20 цагийн үед над руу манай ажилтан сувилагч утсаар яриад манайд машинд мөргүүлсэн хүүхэд хүргэгдэж ирлээ та яаралтай ажил дээр ир гэж хэлэхээр би хүн үзчихээд шууд ажил дээр ирээд тухайн хүүхдийг үзэхэд амин үзүүлэлтүүд тогтвортой, зүүн дунд чөмөг хэсгийн дээд 3/1 хэсгээр хавдсан, зүүн ташаа хэсгээр хөхөрч бяцарсан байдалтай байсан. Тэгээд тухайн хүүхдийн ээж О-ыг үзэхэд толгой хэсэг зовиуртай, амин үзүүлэлтүүд хэвийн зүүн дагз хэсгээр бага зэрэг хавдартай байсан. Тухайн үед ээж хүү хоёр өвчин намдаах, тайвшруулах тариа хийж яаралтай оношилгоо эмчилгээ хийлгэхийн тулд аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлэхээр 22 цагийн орчим тээвэрлэсэн. Ил харагдах цус гарсан болон шалбарсан зүйл байгаагүй. Хүү П.Г-ын амин үзүүлэлтүүд тогтвортой, зүүн дунд чөмөг хэсгийн дээд 3/1 хэсгээр хавдсан, зүүн ташаа хэсгээр хөхөрч бяцарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Э.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би тухайн өдөр миний хичээл 17 цагаас тараад сургуулийн гадаа явж байтал О эгч Г-ыг дагуулчихсан явж таараад намайг хамт гэрлүүгээ явъя гэж хэлэхээр нь би хамт явсан. Тэгээд замдаа А эгчийн гэрээр бид гурав очоод тэдний гэрт хоол хийх мах хэрчилцэж өгөөд тэдний гэрт харанхуй болтол байсан. Тэгээд О эгч Г бид гурав харих гээд А эгчийн гэрээс бүрэнхий болж байхад гарч явсан. Тэгээд гэртээ очиход их ойрхон манай гэрийн хорооллын урд талын гудамжинд явж байтал гэнэт доороос гэртэй том машин бид гурвыг чиглээд хурдтай хаазлаад хүрээд ирэхээр нь би айгаад шууд машины урдуур гүүгээд гарчихсан араас Г гүүтэл О эгч нааш ир гээд Г-ыг дуудаад гарнаас нь бариад авсан. Тэгээд би гүйж гараад эргээд хартал Г орилоод уйлаад О эгч толгойгоо бариад бас уйлаад байсан. Нөгөө мөргөсөн том машин нэлээн хол очиж зогсоод нэг хүн гүйж ирээд би хүн алчлаа гээд гүйж ирээд уйлаад байсан тэгээд тэр хүн утсаараа эмнэлэг рүү залгаад болохгүй болохоор нь бид гурвыг машиндаа өргөж суулгаад эмнэлэг рүү явсан тэгээд эмнэлэг рүү оруулж өгөөд цагдаа нар хүрч ирээд зөндөө олон хүн эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №529 дугаартай “Үзүүлэгч П.Г-ын биед зүүн дунд чөмөг ясны гандан /дунд/ хэсгээр ташуу зөрөөтэй далд хугарал, зөөлийн эдийн няцрал, баруун талын суудал яс умдаг ястай нийлэх хэсгээр хөндлөн зөрөөгүй хугарал, зүүн гар, хэвлийн доод, хэсэг аарцаг орчимд цус хуралт, зулгаралт, баруун гуяны ар дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 11 дүгээр сарын 03-нд үүссэн байсан талаар П.Г-ын амбулаториор эмчлүүлэгчийн картанд бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан байна. Зүүн дунд чөмөг ясны гандан /дунд/ хэсгээр ташуу зөрөөтэй далд хугарал, зөөлийн эдийн няцрал, баруун талын суудал яс умдаг ястай нийлэх хэсгээр хөндлөн зөрөөгүй хугарал гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 -д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.” (хавтаст хэргийн 56-58 дахь тал),

Насанд хүрээгүй хохирогч П.Г-ын Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хавтаст хэргийн 63-75 дахь тал),

Шүүгдэгч А.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Улмаар би хувьдаа Зил-130 загварын тээврийн хэрэгсэлтэй бөгөөд тухайн тээврийн хэрэгслээрээ хувиараа нүүрс, түлээ ачдаг. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байх Тариалан сумын Хар тарвагатайгаас нүүрс ачиж Завхан аймгийн Ургамал суманд буулгахаар болсон. Ингээд нүүрсээ буулгаад гартал 2 хоног орчим болоод 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сум руу орж хүнээс машины дугуй авахаар болж өдрийн 13 цагийн үед сумын төв рүү орсон. Ингээд сумын төв рүү ороод дугуй авах хүн рүү ярихад хөдөө явж байна удахгүй сумын төв рүү орно гэсэн тул тухайн хүнийг хүлээгээд сумын төвд байж байтал танил залуу болох Б гэх залуу таараад бид хоёр 2.5 летрийн том пиво 3 ширхэгийг уугаад сууж байтал 18 цагийн үед дугуй авах залуу ирчихлээ гэж над руу залгасан. Тэгээд би Б-ийг буулгаж үлдээгээд тухайн дугуйгаа авахаар сумын төвийн гэр хорооллын гудамжаар бүрэнхий болсон байсан тул машины гэрлээ хол дээр татчихсан явж байтал гэнэт урдуур эмэгтэй хүүхэд гүйгээд гарахаар араагаа салгаад зогссон. Тэгэхэд машины хажууханд үл таних эмэгтэй, бага насны хүүхэд хөтөлчихсөн зогсож байсан ба намайг хараад зогсчихсон. Тэгэхээр намайг гар гэж байгаа юм байна гээд араандаа хийгээд хөдөлхөд гэнэт тухайн бага насны хүү гүйгээд миний тээврийн хэрэгслийн зүүн урд талын гуферыг мөргөөд шидэгдээд газар унчихсан. Ингээд би машинаас буугаад бүгдийн өөрийн эзэмшлийн машиндаа суулгаад сумын эрүүл мэндийн төв дээр очсон юм. Би насанд хүрээгүй хохирогч П.Г-т бэлнээр 4.000.000 төгрөг өгсөн. Мөн эмчилгээ хийлгэхтэй холбоотойгоор гарсан зардлыг өгсөн. Нийтдээ 5 сая төгрөг өгсөн гэж насанд хүрээгүй хохирогчийн төлөөлөгчтэй тохиролцсон. Цаашид эмчилгээ хийлгэхэд нь бүх талаар нь туслаж дэмжиж явна. Энэ хүүхдийг хэвийн байдалд оруулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь  Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс ялгагдана.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн”...” гэж тус тус заажээ.

1. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №529 дугаартай “Үзүүлэгч П.Г-ын биед зүүн дунд чөмөг ясны гадан /дунд/ хэсгээр ташуу зөрөөтэй далд хугарал, зөөлийн эдийн няцрал, баруун талын суудал яс умдаг ястай нийлэх хэсгээр хөндлөн зөрөөгүй хугарал, зүүн гар, хэвлийн доод, хэсэг аарцаг орчимд цус хуралт, зулгаралт, баруун гуяны ар дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 11 дүгээр сарын 03-нд үүссэн байсан талаар П.Г-ын амбулаториор эмчлүүлэгчийн картанд бичигдсэн байна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан байна. Зүүн дунд чөмөг ясны гандан /дунд/ хэсгээр ташуу зөрөөтэй далд хугарал, зөөлийн эдийн няцрал, баруун талын суудал яс умдаг ястай нийлэх хэсгээр хөндлөн зөрөөгүй хугарал гэмтлүүд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1 -д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.” (хавтаст хэргийн 56-58 дахь тал)-ээр насанд хүрээгүй хохирогч П.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон тул энэ гэмт хэргийн үндсэн шинжтэй байна.

2. Жолооч А.Б согтуурлын зэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны 6820 загварын Драгер багажаар шалгахад 2.08%-ийн согтолттой гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 157-158 дахь тал)-ээр амьсгал дахь спиртийн хэмжээг тогтоожээ.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн  2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч А.Б-ыг согтуу байсан гэж үзнэ.

3.  Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцосны улмаас явган зорчигч насанд хүрээгүй хохирогч П.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүгдэгч А.Б нь жолоочийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 09 дэх тал/-аар “С” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн №510 дугаартай “Үзүүлэгч Ё.О-ын биед баруун бугалга, шуу, баруун өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд эдгэж буй шинэ гэмтлүүд байна. Баруун бугалга, шуу, баруун өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх гэмтлүүд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 79-80 дахь тал) авагдсан байна.

Шүүгдэгч А.Б Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцосны улмаас явган зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан жолооч согтуугаар авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ын  шинжээчийн  2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22/212 дугаартай  дүгнэлт (хавтаст хэргийн 96-98 дахь тал) гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байгаа тул нотлох баримтаар үнэлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүйг дурдаж байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Насанд хүрээгүй хохирогч П.Г-ын хууль ёсны төлөөлөгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт “Хүү Г одоогоор суумгаа байдалтай байгаа учраас түүндээ төвөгшөөгөөд уур уцаартай болсон.  2023 оны 4 дүгээр сард дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч нар хэлсэн” гэх мэдүүлгээр насанд хүрээгүй хохирогч П.Г нь цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогдож байгаа тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П-гийн “Миний бие хэрэгт холбогдсон А.Б-гаас хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан.  бөгөөд хүүгийн бие эдгэрч байгаа тул цааш нэхэмжлэх хохирол төлбөр, санал гомдол байхгүй болно.  Хохирол 5.000.000 /таван сая/ төгрөг авсан” гэх хүсэлтийг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлсэнийг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хэлэлцүүлэгт гаргаж өгсөн боловч насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П “насанд хүрээгүй хохирогч П.Г-т цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах 5.000.000 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар  шүүгдэгч А.Б-аас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь  Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенциар хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгод нийцэхээс гадна уг конвенцийн 3 дугаар зүйлийн 1-т “ Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж  заасанд нийцнэ гэж дүгнэлээ.

            2. Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч А.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч А.Б нь урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 130, 133-134 дэх тал)–аар нотлогдож байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар Гэрч С.Ц-гийн өгсөн: “А.Б миний найз байгаа юм. А.Б-тай 1985 оноос хойш найз нөхдийн холбоо хамааралтай байна. А.Б Хар толгойн сургуульд 8 дугаар ангийг төгсөж дүүргэсэн бүрэн бус дунд боловсролтой. 1999 онд Б гэх хүнтэй албан ёсны гэр бүл болж хамтран амьдраад одоо дундаасаа хоёр охинтой том охин У нь  Япон улсад сурдаг, харин бага охин У нь Улаанбаатар хотод Анагаахын ухааны сургуулийн оюутан. Мөн Б-ны эхнэр Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ...... тус тус ажилладаг. А.Б биеийн байдлын хувьд архаг хууч өвчин байхгүй. Хөл өвдөж байна гээд яваад байдаг чухам юунаас болсон юм бүү мэд 2 удаа хөлөндөө хагалгаанд орж байсан. Өөр ямар нэгэн өвчин зовиур гэж байхгүй. А.Б одоогоор Улаангом сумын 5 дугаар багт тодорхой эрхэлсэн ажилгүй, 6 ханатай монгол гэрт амьдардаг. А.Б нэр дээр Зил-130 маркын авто машин байдаг өөрөөр ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйл байхгүй. А.Б зан байдлын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, архинаас гараад 10 жил болж байгаа энэ хэрэг үйлдэхдээ архи уучихсан байсан гэхээр би гайхаад байгаа юм. Тамхи татдаг, хүнд тусархуу, илүү дутуу зан байхгүй, даруухан, нийтэч найз нөхөд дундаа нэр хүнд сайтай.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), Гэрч Т.М-гийн өгсөн: “ А.Б биеийн байдлын хувьд ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, ямар нэгэн эмчийн хяналтанд байдаг зүйл байхгүй. А.Б одоогоор Улаангом сумын 5 дугаар багт тодорхой эрхэлсэн ажилгүй, 6 ханатай монгол гэрт амьдардаг. А.Б нэр дээр Зил-130 маркын авто машин байдаг өөрөөр ямар нэгэн эд хөрөнгө, эд зүйл байхгүй. Зан байдлын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй архинаас гараад 10 жил болж байгаа энэ хэрэг үйлдэхдээ архи уучихсан байсан гэхээр би гайхаад байгаа юм. Тамхи татдаг, гүндүүгүй, хүнд тусархаг, илүү дутуу зан байхгүй, даруухан, нийтэч найз нөхөд дундаа нэр хүнд сайтай.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал)-үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80%-иар тогтоосон шийдвэрийг  нотариатчаар гэрчлүүлсэн баримт(хавтаст хэргийн 149 дэх тал) хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Б-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.Б-ны ....... дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Я-д даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчид   оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт А-гийн Б-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан жолооч согтуугаар автотээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч А.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Б-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч А.Б нь хохиролд 5.000.000 төгрөг төлснийг дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан 5.000.000 төгрөгөөс давсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.Б ........ дугаартай тээврийн  хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Я-д даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Б-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                    

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ