| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 128/2024/0076/З |
| Дугаар | 221/МА2025/0008 |
| Огноо | 2024-12-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0008
| 2024 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2025/0008 | Улаанбаатар хот |
Г.Ж***а, Г.Г*** нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц***,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Ж***а,
Нэхэмжлэгч Г.Г***,
Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэгч Г.Ж***ын нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”,
Нэхэмжлэгч Г.Г***ийн нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 0*** дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж***ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0819 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.Г***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М***,
Нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц***, Д.Б***, А.О***, өмгөөлөгч Б.Г***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц***.
Хэргийн индекс: 128/2024/0076/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Ж***аас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах”,
Нэхэмжлэгч Г.Г***ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 0*** дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж***ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага тус тус маргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2024/2005 дугаар захирамжаар нэгтгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0819 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г***ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 0*** дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж***ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ж***ын нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Г.Г***ийн ээж С.А*** 2013 онд өөрөө, 2017 онд нөхөр С.Г***ын өмнөөс “миний нөхрийн эзэмшиж байсан газар миний эзэмшиж байсан газартай залгаа тул нөхрийн өв залгамжлалын хүрээнд тухайн газрыг авах ёстой гэсэн агуулгаар маргаж 2 удаа Захиргааны хэргийн шүүхэд хандсаныг шүүхээс тухай бүр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
3.2. С.Г***, С.А*** нарын газар эзэмших эрх 2004 онд дуусгавар болсон байхад хүү Г.Г*** нь нийслэлийн Газрын алба болон шүүхийг хууран газрын гэрээний газрын байршлыг өөрчлөн 2019 оноод хойш будилаантуулан маргаж байна,
3.3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Ажлын хэсгийн А/60 дугаар дүгнэлтэд “...С.Г***, С.А*** нар газраа Т*** х*** банканд шилжүүлсэн бөгөөд 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр газрын мэдээллийг өөрчлөн мэдээллийн санд оруулсан байна хэмээн тусгасан,
3.4 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 128/ШШ2022/0830 дугаар шийдвэрээр Г.Г***ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
3.5 С.Г***ад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар олгогдсон эзэмших эрх бүхий газар нь Дотоодын цэргийн ***дугаар анги, Г.Ж***ад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар олгогдсон газрын байршил нь Цагдаагийн *** анги,
Иймд С.Г***ын хүү Г.Г***, түүний ээж С.А*** нарыг Монгол Улсын Захиргааны хэргийн шүүхийн 2017 он, 2022 оны тогтоол, шийдвэрийг биелүүлэх, мөн газрын албаны албан хаагчдад төрийн албаны хуулиа мөрдөж ажиллахыг даалгаж 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0819 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч Г.Г***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг эсэргүүцэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц***гийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.Г***ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Г.Ж***ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц***гээс гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч Г.Г***ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 0*** дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж***ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1 Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Г.Г*** нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан:
“нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт, шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус ажлын хэсгийн дүгнэлтэд заасны дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:
“...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж***ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Г***ын нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г***д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх” тухай захиргааны акт гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” хэмээн нэмэгдүүлэн маргасан.
3.2 Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0830 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Г***ээс гаргасан “....Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж***ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн С.Г***ын нийслэлийн Засаг даргын 2008 оны 188 дугаар захирамжаар эзэмшиж байсан газрыг иргэн Г.Г***д хууль ёсны дагуу өв залгамжлалаар шилжүүлэх” тухай захиргааны акт гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3.3 Нэхэмжлэгч Г.Г*** болон хэргийн оролцогчид нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д зааснаар тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болох нь тус тус тогтоогдсон.
3.4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 110 дугаар зүйлийн 110.2-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тухайлан заасан тул нэхэмжлэгч Г.Г***ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4. Нэхэмжлэгч Г.Ж***ын “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1 Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Г.Г***ийн төрсөн эх С.А***гаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “ Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 0*** дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” 51 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Г.Ж***ад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2009 оны 16*** дугаар захирамжаар эзэмшүүлсэн тус дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт *** дүгээр ангийн зүүн талд байрлах 550 м.кв талбайтай газрын хэмжээг 800 м.кв болгон нэмэгдүүлсэн бөгөөд уг 51 дүгээр захирамжийн Г.Ж***ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасныг тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/0436 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Улмаар, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 46*** дугаар тогтоолоор “...нэгэнт хариуцагчийн 2008 оны 107 дугаар захирамж хууль ёсны тул түүнийг үндэслэн гарсан гуравдагч этгээд Г.Ж***ад хамааралтай 2009 оны 162, 2011 оны 51 дүгээр захирамжууд хууль ёсны юм” хэмээн дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д “Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй” гэж зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон, энэ талаарх нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...анхан шатны шүүх үүнийг харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх тайлбар үндэслэлтэй.
4.2 Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2022/0830 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Г.Г***ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан Г.Ж***аас гаргасан “...нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны А/69 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг:
“...тухайн Ажлын хэсгийн хуралдаанд хэн хэн оролцож, хэн нь дэмжсэн, хэн нь татгалзсан, ямар асуудлаар ямар шийдвэр гаргаж буй нь тодорхойгүй”, “…тухайн гомдолд хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн гүйцэд, үндэслэлтэй, зөв тогтоох …дүгнээгүй”, “…Г.Ж***ын газар эзэмших эрхийн талаар танилцуулга хийхдээ … захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг авч үзээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэж дүгнэн, “...захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн.
4.3 Гэвч хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг тогтоосон хугацаанд хийгээгүйгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/69 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт, шийдвэр /тэмдэглэл/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болсон.
4.4 Улмаар нэхэмжлэгч Г.Г***ээс 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дахин нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар “...иргэн Г.Г***ээс ирүүлсэн өргөдлийг судалж, Баянзүрх дүүргийн 30 дугаар /хуучнаар *** дугаар/ хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Г***, Г.Ж***а нарын газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан” нь 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6 дахь хуралдаанаас маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж, “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 51 дүгээр захирамжаар тус дүүргийн 30 дугаар /хуучнаар *** дугаар/ хорооны нутаг дэвсгэрт байрлах 800 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Г.Ж***ад эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 /хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/ дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх” хэмээн шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” хэмээн тухайлан заасан.
6. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, маргаан бүхий газар болох Баянзүрх дүүргийн *** дугаар хороо /хуучнаар/-ны нутаг дэвсгэрт орших газрын эрх анх хэнд хэрхэн үүсэж, хэнээс хэнд ямар журмаар хэрхэн шилжсэн талаарх үйл баримтыг тогтоож, дүгнэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0436 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 221/МА2017/0636 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 462 дугаар тогтоол болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 128/ШШ2022/0830 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад хариуцагч захиргааны байгууллага болох нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь шүүхийн дээрх шийдвэр, магадлал, тогтоолоор дүгнэгдэж, тогтоогдсон асуудлаар “...Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх” хэмээн дахин дүгнэлт гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*** дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчиж байна.
7. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц***гийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Энэ хүрээнд, нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүхийн шийдвэрийг Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*** 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр анх гардан авснаас хойш 16 хоногийн дараа давж заалдах гомдол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Эл үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгч Г.Г***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М***оос нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б***гаас гаргасан давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүй буцаах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэлэлцэж, хүсэлтийг хангаж, гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүй буцааж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0819 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Г***ээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 0*** дугаар сарын 07-ны өдрийн 51 дүгээр захирамжийн иргэн Г.Ж***ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Ж***аас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/60 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай” гэж нэмж, шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтыг “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ж***а, Г.Г*** нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж***ад олгосугай” гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ж***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц***гийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА