Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 0055

 

Сэлэнгэ аймгийн Сайхан дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн

Улсын яллагч Н.Бадам

Шүүгдэгч Б.Өлзий-Очир нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Гөрөөчин овогт Баяндүүрэнгийн Өлзий-Очирт холбогдох 201618010135 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөтөл “Цемент шохой” ХК-д Чулуунцарын цехэд тээрмийн  операторчин ажилтай, ял шийтгэлгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Жимстэй хороолол, 0 тоотод оршин суух регистрийн дугаар /РЗ/, Гөрөөчин  овогт Баяндүүрэнгийн Өлзий-Очир

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Б.Өлзий-Очир нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт орших “Өнө Дэлгэр” хүнсний дэлгүүрийн гадна зогсож байсан 25-86 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, шил арчигчийг хугалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

  1. Хохирогч Н.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
  2. Гэрч С.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
  3. Гэрч Д.Жамсрангийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
  4. Үнэлгээ тогтоох комиссын акт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
  5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,
  6. Хохирогч Н.Нямсүрэнгийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
  7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
  8. Шүүгдэгч  Б.Өлзий-Очирын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно

 Б.Өлзий-Очир нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт орших “Өнө Дэлгэр” хүнсний дэлгүүрийн гадна зогсож байсан 25-86 СЭА улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго Жи-2 загварын тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж, шил арчигчийг хугалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох

1.Хохирогч Н.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажилгүй гэртээ амарч байсан юм. Тэгээд өөрийн тээврийн хэрэгсэл болох 25-86 СЭА улсын дугаартай, хөх өнгийн Бонго Жи 2 маркийн тээврийн хэрэгслийг унаад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Өнө дэлгэр” хүнсний дэлгүүр орсон юм. Би дэлгүүр ороод хүүхдэдээ болон гэртээ жаахан хүнсний юм цуглуулаад гараад ирсэн чинь Эрдэнэбат ахыг нэг залуу заамдаж аваад зогсож байсан. Би Эрдэнэбат ахыг таньдаг болохоор очоод салгаад Эрдэнэбат ахыг та одоо яв гэж хэлээд явуулсан. Тэгээд тэр залуу надтай чи муу дундуур орж ирдэг хэн юм бэ гээд байхаар нь би түлэхээд одоо ингээд яв хариад унт гэж хэлээд машиндаа суусан чинь машины урд хүрээд ирсэн. Би буугаад машиныхаа урдаас холдуулаад буцаж машиндаа ороод суусан чинь дахиад машины урд хүрсээд ирсэн. Тэгэхээр нь би ухардаг араандаа хийгээд арагшаа толиндоо хараад ухарч байтал миний машины урд талын салхины шилийг гараараа 2-3 удаа цохиж хагалаад жолооч талын шил арчигчийг хугалчихсан. Би тэгээд буугаад шууд цагдаа дуудсан. Би чи шил хагалчихлаа гэсэн чинь үгүй наадах чинь угаасаа хагархай шил байсан гээд дайраад байсан. Тэгээд цагдаа ирсэн. Тээврийн хэрэгслийн салхины шил, жолооч талын шил арчигчийг янзлуулахад гарсан зардлыг гаргамаар байна гэсэн мэдүүлэг,

2.Гэрч С.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед үйлчилгээний төвийн урд таксинд явах гээд зогсож байсан юм. Тэгтэл нэг залуу миний 09-73 СЭҮ улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгсэл рүү тамхи асаачихсан ороод суусан. Тэгэхээр нь би миний дүү гаад тамхиа унтраагаад хая гэж хэлсэн чинь миний архи ууж байна уу? Тамхи татаж байна уу? Та нарт ямар хамаатай юм бэ? Зүгээр миний очно гэсэн газар хүргээд өг гэж хэлсэн юм. Би тухайн үед заза яахавдээ гэж бодоод хаа хүртэл явах юм бэ? Гэж асуусан чинь Дөмбөн хороолол орно гэж хэлсэн. Миний машинд суугаад явж байхдаа тамхи татаал байхаар нь харсан чинь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Би Дөмбөн хороололд очоод чи хаана буух юм бэ? Очих газраа олох юм уу? Гэсэн чинь айлаа олохгүй яваад бай гээд байсан. Тэр хавийн бүх гудмаар бараг явсан байх чи айлаа олохгүй байна одоо яах юм бэ? Гэсэн чинь за тэгвэл овоот хороолол яв гэж хэлсэн. Би овоот хороолол руу очоод одоо хаана юм бэ? Гэсэн чинь дээшээ доошоо баахан явсан юм. Тэгэхээр нь би “Өнө дэлгэр” хүнсний дэлгүүрийн хажууд очоод чи одоо буу айлаа олохгүй байж баахан явуулаад гэсэн чинь миний машинаас бууж зогсоод намайг гараад ир гэж хэлсэн. Тэгээд би буугаад очсон чинь намайг заамдаж авахаар нь би тавь намайг яах гээд байгаан гээд зогсож байтал “Өнө дэлгэр” хүнсний дэлгүүрээс Нямсүрэн гарж ирээд Эрдэнэбат ахаа юу болоод байна гэхээр нь намайг зодно гэнээ гэж хэлсэн чинь Нямсүрэн ирээд бид хоёрыг салгаад Эрдэнэбат ахаа та одоо яв гэж хэлэхээр нь би машиндаа ороод асаагаад явчихсан. 30-40 минутын дараа Нямсүрэн миний утас руу залгаад энэ нөхөр чинь миний шил хагалаад, шил арчигчийг хугалсан гэж хэлсэн. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг,

3.Гэрч Д.Жамсрангийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2011 онд би зээ хүүтэйгээ Улаанбаатар хотоос машин авах гэж явсан юм. Тухайн үед манай зээ хүү хураасан хэдэн төгрөгөөр машин авах санаатай намайг дагуулж явсан юм. Тухайн үед энэ Бонго-Жи 2 машиныг авахаар болтол иргэний үнэмлэхтэй хүн хэрэгтэй гэж байсан. Манай зээ хүү Нямсүрэнд иргэний үнэмлэх байгаагүй надад иргэний үнэмлэх байсан учраас миний нэр дээр авчихсан юм. Бид хоёр тээврийн хэрэгслийн эзэмшигчийг солиулна гээд одоо болтол сольж чадаагүй явж байна. Би авснаас нь хойш нэг ч унаагүй. Миний зээ хүүгийнх болохоор унадаггүй. Надад жолооны үнэмлэх ч байхгүй гэсэн мэдүүлэг,

4. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Үнэлгээ тогтоох комиссын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 63 тоот актанд: “Бонго Жи-2 портер автомашины салхины урд шил 130.000 төгрөг”-ийн үнэтэй гэжээ.

5.Шүүгдэгч Б.Өлзий-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр ажлаасаа буугаад явж байтал манай найз Баянчулуун Улаанбаатар хотоос Хөвсгөл явж байна гээд дуудсан. Номгоноор дайраад явна гэж хэлсэн. Тэгээд би такси аваад Номгон орсон. Тэгээд найзтайгаа 1 шил Охь гэдэг архи хувааж уусан. Архи хувааж уугаад манай найз  яваад өгсөн. Би үйлчилгээний төвийн урд буусан гэсэн үүнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа. Миний буруу хохирол төлбөрийг барагдуулсан байгаа. Машины шилийг нь 85.000 төгрөг, шил арчигч 10.000 төгрөг, ирж очих зардал гээд бусад зардалтайгаа нийт 130.000 төгрөг болсон. Эрдэнбат гэдэг хүний таксины мөнгийг сүүлд бас өгсөн байгаа гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч Б.Өлзий-Очирыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээж, 130.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар торгох, хорих ялуудаас хорих ялыг сонгож оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Өлзий-Очирын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Н.Нямсүрэнд 130.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Н.Нямсүрэнгийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ -р нотлогдож байх тул хохирлыг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх гэм хорын хохирол байхгүй, гэм хорыг арилгасан байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Өлзий-Очирт Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн  55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, 55.1.9-д зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Нямсүрэн нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өлзий-Очирт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                               

ТОГТООХ  нь:

            1.Гөрөөчин овогт Баяндүүрэнгийн Өлзий-Очирыг бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Б.Өлзий-Очирыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Өлзий-Очирт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Б.Өлзий-Очирт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт үүрэг болгосугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Өлзий-Очирт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт шүүгдэгч урьдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА