Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 116/ШШ2020/0018

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороонд байрлах “Ж О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,

          Нэхэмжлэлийн шаардлага: “...аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ж О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Ж О” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани нь  Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 09 сарын 09-ний өдрийн 309 тоот шийдвэрээр  Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, 49-р байрны зүүн талд шатахуун түгээх станцын зориулалттай, 1240 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа. Уг газар дээр бид бүхэн өөрийн хөрөнгө оруулалтаар 285 000 000 төгрөгийн үнэ, 500 м.кв талбай бүхий  ШТС-ын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьж, улсын бүртгэлийн Ү-0611003703 дугаарт бүртгэгдсэн бөгөөд манай компанийн хууль ёсны өмч болно. Гэтэл Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн  39.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн  40.1.5, 40.2,  Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтыг үндэслэн хүчингүйд тооцож, үндэслэлгүйгээр дуусгавар болгосон байна. ...2020 оны газрын төлбөрөө төлөхөөр хүсэлт гаргахад татварын цахим системийн өөрчлөлт, шинэчлэлтийн улмаас Э дугаар авч татвар төлөхийг, Дорнод аймгийн Татварын албанаас шаардсан бөгөөд газрын төлбөр төлөх нэхэмжлэл, данс өгөхөөс татгалзсан тул газрын төлбөрийг төлөх боломжгүй болсон.

             Дорнод аймгийн Газрын харилцааны асуудал эрхэлсэн байгууллагаас Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т заасан ...үүргээ гүйцэтгээгүй бөгөөд үүний улмаас Татварын албаны мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасан ...үүрэг хэрэгжээгүй болно. Бидний зүгээс татварын нэгдсэн системд мэдээллээ шинэчилж, нэгдсэн дугаар авахаар эрх бүхий газарт хандахад манай компанийн өмнөх хувьцаа эзэмшигч Ш.Бхолбогдох эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газраас дээрх газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хориглолт хийсний улмаас татварын системд нэгдсэн мэдээллийг шинэчлэн оруулахаас татгалзсан.

          Хариуцагчийн зүгээс хууль зөрчсөн захирамж гаргаж байгаа нь манай компани тус газрыг чөлөөлж өгөөгүйтэй холбоотой гэж үзэж байна. Учир нь, Дорнод аймгийн газрын харилцааны газраас Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3-т ...заасныг зөрчиж, манай компанитай ямар нэгэн байдлаар харилцан тохиролцоогүй, нөхөх олговортойгоор солих гэрээ байгуулаагүй мөртлөө хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг дайруулан зураг төсөл гаргаж, уг газрыг чөлөөлж өгөхийг шаардсаныг бид бүхэн хүлээн зөвшөөрөөгүй болно.

           Энэ бүх тайлбар, баримтуудыг Дорнод аймгийн Засаг даргад тухай бүр гарган хүргүүлж байсныг мэдсээр байж,  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 4.4, 24 дүгээр зүйлийн 24.2-т ...заасныг тус тус зөрчиж, үндэслэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан байна.

              Иймд дээр дурдсан үндэслэлийн дагуу  Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Ж О” ХХК-ийн зүгээс Дорнод аймгийн Засаг даргын А/418 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Уг захирамжийн хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4 дэх хэсэг, Төлбөрийн тухай хуульд заасныг үндэслэл болгосон. Газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон гэж үзэж байна. Манай компанийн хувьд 2011-2020 оныг хүртэл Дорнод аймгийн Татварын хэлтэст төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан. 2020 онд Татварын тухай багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотой газрын төлбөр болон бусад холбогдох хураамжийг төлөхөд тодорхой процесс ажиллагаа хийгддэг болсон. Бид газрын төлбөрөө төлөх талаар хүсэлтийг удаа дараа газрын албанд гаргаж байсан. Төлбөрийн даалгавар үүсгүүлэхээр удаа дараа хандаж байсан болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар хангалттай харагдана. Татварын системийн шинэчлэлтээс болж төлбөрийн даалгавар үүсгэгдээгүй, үүсгэж өгөхөөс татгалзсан байгаа. Үүний улмаас 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг төлж чадахгүй байдалд хүрсэн. Бид төлбөрийг төлөх хүсэлтэй байсан. Гэвч төрийн байгууллагаас ямар дансанд төлөх ёстойг шийдвэрлэж өгч чадаагүй. Мөн ямар бар кодыг уншуулж өгөхийг хэлж өгөөгүй. Хаана ямар дансанд хэдэн төгрөг тушаах нь тодорхой бус байсан гэдгийг хэлэхийг хүсч байна. Ер нь бол нэхэмжлэгч буюу “Ж О” ХХК-ийн буруутай үйлдлээс болж газрын төлбөр төлөгдөөгүй гэсэн асуудал биш. Нийслэлийн прокурорын газар болон Авилгатай тэмцэх газраас “Жаст групп” ХХК,  “Ж О” ХХК-ийн эзэмшлийн бүхий л хөрөнгийг прокурорын тогтоолоор Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор бүхэлд нь битүүмжилсэн байсан. Ингэхдээ ямарваа нэгэн байдлаар шилжилт хөдөлгөөн хийхгүй, байгаа чигээр нь хадгалж, хамгаалах үүргийг “Ж О” ХХК-д өгсөн. Энэхүү үүргийг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулинд заасан хорих болоод торгох ялаар шийтгэхийг анхааруулсан. Прокурорын тогтоолын дагуу гэрчилгээ шилжихгүйгээс болж гэрээ шилжиж болохгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдлыг бүхий л эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдэж байсан. Манай байгууллагын зүгээс ч тэр энэ талаар мэдэгдэж албан тоот, холбогдох нотлох баримтыг хүртэл хүргүүлж байсан. Бидний буруутай зүйл огт байгаагүй. Мөн өөр бусад байдлаар ч нөлөөлж, Улсын их хурлын гишүүн нь ирээд лайв хүртэл хийсэн. Сонгуулийн лобби маягаар заавал чөлөөлүүлэх хууль бус шаардлагыг тавьж байсан. Ингээд 2020 Татварын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Урьд нь зүгээр “Ж О” ХХК дээр төлбөрийн даалгавар үүсгээд хэвийн төлж байсан газрын төлбөрийг “Танай байгууллагын нэр дээр төлбөрийн даалгавар үүсгэх боломжгүй” гэсэн хариу өгч шахалт үзүүлж эхэлсэн. Бид зам тавихыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Бид замын ажил эхлэх үед эрх ашиг зөрчигдөж байна гэж нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн аж ахуй нэгж эзэмших газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг эцэслэн тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт тохиролцох саналын талаар заасан. Гэтэл бидэнтэй тохиролцохгүйгээр колонкийн хашааг нурааж замаа тавьсан байсан. Анхнаасаа бидэнтэй тохиролцохгүй энэ компани хамаагүй гэж хандсан. Төр өөрөө хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хууль зөрчиж халдаж байгаа үйлдэл гаргасан. Ингээд асуудал үүсэх үед Засаг даргаас 30 000 000 төгрөг өгөх санал гаргасан. Тэгэхэд 2013 онд прокурорын газраас тухайн эд хөрөнгийг 224 000 000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн байсан. Энэ бол эрүүгийн хуулийг зөрчсөн үйлдэл юм. Цаашлаад улсын хөрөнгө хураагдах аюултай гэж үзэж байна. Маргаан бүхий агуулах станцыг нураах юм бол бид үүргээ биелүүлж чадаагүйд хүрнэ. Прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн үйлдэл болох болно. Цаашлаад “Ж О” ХХК-ийн удирдлагууд хорих ял сонсох боломжтой. Хариуцагчийн зүгээс нөхөх олговорт олгох 30 000 000 төгрөгийг прокурорын байгууллагад шилжүүлнэ гэж хэлээд байдаг. Гэтэл 224 000 000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Бид хувийн хэвшил шууд хохирох нөхцөл байдал үүсч байна. Засаг дарга нь өөрөө Эрүүгийн хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Наанадаж төрийн байгууллагын харилцаа, уялдаа холбоо болон нэг нэгнийхээ гаргасан шийдвэрийг хүндэтгэх нөхцөл байхгүй байна.

             Мөн Шийдвэр гаргах ажиллагаа маш богино хугацаанд явсан. Хуанли эргүүлээд харах юм бол ажлын 5 өдрийн ч хугацаа өгөөгүй. Шийдвэр гаргах, төлөөлөх эрх бүхий этгээд нь Улаанбаатар хотод байдаг гэдгийг хэлэхийг хүсч байна. 28-ны өдөр ирж уулзах саналыг хүргүүлээд 29-ний өдөр акт гаргасан. Захиргааны ерөнхий хуульд шийдвэрээс болж эрх ашиг нь зөрчигдөх этгээдийн оролцоог нь хангах ёстойгоор зааж өгч хуульчилсан байдаг. Гэтэл төрийн байгууллагын зүгээс дүр үзүүлсэн зүйл харагдаж байна. Бид хариуг нь 24-ний өдөр Золбоо гэх ажилтанд хүлээлгэн өгсөн. Мөн өөрсдөө уг өдрөөр хүлээж авсан талаар баримт үйлдсэн байдаг. Захиргааны хуулинд тэмдэглэл хөтөлж гарсан саналыг хүртэл яаж тусгах талаар зааж өгсөн байгаа. Энэ журмыг ноцтой зөрчсөн. Бид яагаад газрыг чөлөөлөөд өгчихөж болохгүй байгаа вэ? Яагаад газрын төлбөрөө төлж чадаагүй байна вэ гэдгээ маш тодорхой хэлж мэдүүлсэн. Биднээс хамаарах зүйл огт байхгүй. Гэтэл биднийг тайлбар гаргаагүй мэтээр төлөөлөгч нар нь ярьж мушгин гуйвуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох талаар заасан байгаа. Захиргааны акт, гэрээг батлан гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь зөрчигдөх этгээдэд боломжийг олгож, боломжоор нь хангаж өгөх ёстой байсан. Мэдэгдэл нь 1 өдрийн дотор ирнэ, буцаагаад хариу хүргүүлэх хугацааг зааж өгөх ёстой байсан. Шуудангийн газар харин ч сайн ажиллаж 7 хоног хүрэхгүй хугацааны өдөр хариуг хүргүүлсэн байгаа. Ер нь бол акт гаргасан өдөр чинь оччихсон байсан шүү дээ. Тэрийгээ яагаад дурдаж болоогүй юм бэ? Шалтаг олдсон дээр нь гээд маш хурдан акт гаргасан байгаа нь харагдаж байна. Нөгөө талаас Авилгатай тэмцэх газрын шийдвэрийг харгалзах хэрэгтэй. Засаг дарга яагаад бидэнд учирсан нөхцөл байдлыг авч үзэхгүй байгаа юм бэ? Төлбөр төлөөгүй гээд л эзэмших эрхийг хүчингүй болгож болохгүй шүү дээ. Тиймээс А/418 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

           Хариуцагч Дорнод аймгийн Засаг дарга М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын 2008 оны 309 дүгээр захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м2 газрын эзэмших эрхийг авч, газар эзэмших гэрээ байгуулсан тус эзэмшил газрын  2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг хууль болон гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй болох нь захиргааны байгууллагын зүгээс нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд тогтоогдсон. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд төр өөрийн мэдлийн газрыг эргүүлэн авч хууль тогтоомж, иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан байх ба …1240 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг тус хуулийн 40.1.5 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр  хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох мэдэгдлийг 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 1/1609 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

              Уг мэдэгдлээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 07 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтын дагуу холбогдох тайлбар, саналыг ирүүлэх боломжтойг дурдаж хүргүүлсэн боловч нэхэмжлэгч компанийн зүгээс холбогдох санал, тайлбарыг мэдэгдэлд заасан 28-ны өдрийн дотор ирүүлээгүй учир 2020 оны 07 сарын 29-ний өдөр А/418 дугаар захирамжийг гаргасан.

                Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу,  “Ж О” ХХК нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр ...1240 м2 газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг төлөөгүй. Энэ нь захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийхэд аймгийн Татварын газрын 2020 оны 07 сарын 21-ний өдрийн 279 дугаар албан бичгээр тогтоогддог.

              Аймгийн Засаг даргын туслахаар Б.Згэх хүн ажилладаггүй. Аймгийн Засаг даргын туслах нь албан бичгийг хүлээн авдаггүй бөгөөд аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч албан бичгийг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгдөг.

            2. Захиргааны актыг батлан гаргах эрх бүхий байгууллага албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтад зааснаар бичгээр гаргаж буй захиргааны актад тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасны дагуу захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заахаар хуульчилсан. Энэхүү хууль зүйн зохицуулалтын хүрээнд газрын харилцаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан тус хуулийн 40.3 дахь заалтын хүрээнд “Ж О” ХХК тус шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах эрх зүйн үндэслэлийг тодорхойлж өгсөн захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаа юм.

            Иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд төр өөрийн мэдлийн газрыг эргүүлэн авч хууль тогтоомж зөрчсөн иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлд тодорхой заасны дагуу дээрх аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2020 оны А/418 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага гаргасан байна. Захиргааны актыг гаргахын өмнө захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулсан. Ингэхэд “Ж О” ХХК нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасны дагуу газар ашигласны татварын төлбөрийг хугацаандаа төлөөгүй болох нь тогтоогдсон. Аймгийн татварын газраас уг байдлыг нотолсон 279 тоот албан тоотыг хүргүүлсэн байдаг. Үүний агуулга нь “Ж О” ХХК нь 2020 оны 07 сарын 21-ний байдлаар газрын төлбөрөө төлөөгүй байна” гэж мэдэгдсэн байсан. Мөн нийтийн эзэмшлийн газар ашиглаж нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан. Бидний зүгээс зөвшилцөх саналыг нэхэмжлэгч талд хүргүүлсэн. Акт гаргах талаар мэдэгдлээ хүргүүлсэн ч хугацаандаа тайлбар ирүүлээгүй байдаг. Нэхэмжлэгч талаас “З гэж хүнд хариуг өгсөн” гэж хэлж байгаа боловч тийм хүн аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилладаггүй. Мөн акт гаргасны дараа нь нэхэмжлэгч талаас хариугаа ирүүлсэн боловч аймгийн Засаг даргын захирамж гарсан байсан гэж хэлмээр байна. Бид захиргааны ерөнхий хуулинд заасан заалтыг баримталсан гэж үзэж байна. Боломжит хугацааг олгоно гэж заасан байсан болохоос биш ажлын өдөр заасан зүйл байхгүй. Мөн төлбөр төлөх боломжоор хангаагүй гэж ярьж байна. Татварын газраас “Ж О” ХХК-ийн нэр дээр төлбөр төлж болохгүй гэдгийг илэрхийлсэн. Мөн “Жаст групп” ХХК-ийн нэр дээр төлбөрийг төлөх боломжтой байсан гэж үзэж байна Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний хувьд хариу тайлбар, нотлох баримтаа бүрэн дэмжиж оролцож байна. “Ж О” ХХК нь тухайн газрын эзэмшигч гэдэг асуудалтай маргах зүйл байхгүй. Мөн төлөөлөгч нь “төлбөрөө хаана төлөхөө мэдэхгүй байснаас болж төлөөгүй” гэж хэлж байна. Энэ байдал нь төлбөр төлөөгүй байдлаа өөрсдөө нотолж өгч байна гэж үзэж байна. Захирамж гарах болсон гол шалтгаан нь төлбөр төлөөгүй нөхцөл байдал байгаа. Газар ашиглагч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй байдаг. Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй компанийн газар эзэмших эрхийг цуцлах эрх нь аймгийн Засаг даргад байдаг. Энэ эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэж байна. “Ж О” ХХК нь Дорнод аймгийн хэмжээнд 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн байгууллага гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ гол нь хууль тогтоомжийн хүрээнд ажиллагаа хийх ёстой. Анх ер нь газар олгохдоо журам зөрчиж олгосон байсан. Мөн шатахуун түгээх байгууллага нь газар дор 30 тн-оос 50 тн түлш хадгалах савтай байдаг. Ингэхдээ энэ хадгалах байгууллага нь замын зорчих хэсгээс 30-аас 100 орчим метрийн зайтай байх ёстой. Энэ бол тухайн үеийн норм стандартыг зөрчсөн үйлдэл юм. Одоогийн хэрэгжиж байгаа стандарт биш. Компанийн эрхлэгч нь ч гэсэн энэ байдлаа мэдэж тайлбар гаргаж өгсөн байдаг. Ганцхан “Ж О” ХХК-ийг гадуурхсан зүйл байхгүй. Бусад компаниуд ч гэсэн газраа чөлөөлж өгч байгаа. Хууль, дүрэм, журам, норм зөрчсөн үйлдэл гаргасан. Бид хуулийг хэрэгжүүлэх гэж ажилладаг нутгийн өөрөө удирдах байгууллага юм. Хэн нэгний газрыг барьцаалсан эсэх нь бидэнд хамаагүй. Газар биш обектийг барьцаалсан байгаа. Газар бол төрийн өмч юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

             Анх Дорнод аймгийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 309 дүгээр захирамжаар “Жаст” ХХК-ийн эзэмшил газарт хийсэн хэмжилтийн дагуу газрын хэмжээг нь 1240 м2-аар тогтоон өөрчлөлт оруулж, гэрээ байгуулж, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдсон.[1]

Дорнод аймгийн Засаг дарга 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжаар ...аймгийн Засаг даргын 2008 оны 309 дүгээр захирамжаар шатахуун түгээх станцын зориулалтаар Хэрлэн сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрны зүүн талд 1240 м2 газрын эзэмших эрхийг авч, газар эзэмших гэрээ байгуулсан “Ж О” ХХК нь тус эзэмшил газрын 2020 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг хууль болон гэрээгээр заасан хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.[2]

          Дээрхи шийдвэрийг гаргахаас өмнө  аймгийн Засаг даргын зүгээс  Захиргааны  ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулж, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1/1609 дугаартай албан  бичгийг “Ж О” ХХК-д хүргүүлсэн байна[3].

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэжээ.

        Гэтэл “Ж О” ХХК нь 2020 оны 1, 2 дугаар улирлын газрын төлбөрийг төлөөгүй болох нь аймгийн татварын хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 279 дугаартай албан бичиг[4], 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 61 дүгээр албан бичгээр шүүхэд  ирүүлсэн баримтууд[5], 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/72 дугаар албан бичгээр[6] шүүхэд тус тус ирүүлсэн бусад нотлох баримтууд болон хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбараар нотлогдож байна.

            Өөрөөр хэлбэл “Ж О” ХХК нь дээрхи хуульд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй байна.

           Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

          Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас “Ж О” ХХК-д 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 6/1066 дугаартай ...Дорнод аймгийн төв Хэрлэн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар 2019 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Аймгийн төвийн хатуу хучилттай  авто зам, дугуйн зам, 5.5 км замын ажлын трасст ... танай компанийн өмчлөлийн Шатахуун түгээх станцын байгууламж давхцан газар чөлөөлөөгүйн улмаас уг ажлын явц удааширч  байгаа талаар гүйцэтгэгч компаниас удаа дараа хүсэлт ирүүлж байна.

           Иймд дээрхи шатахуун түгээх станцын түгээгүүрийн урд талын  хавтанг хуулж асфальт бетоноор цутгах, харилцаа холбооны шилэн кабелийн сувагчлал хийх  нөхцлийг бүрдүүлж ...хамтран ажиллах агуулга бүхий албан бичгийг явуулсан байна[7].

           Дээрхи авто замын ажлыг шуурхай явуулах үүднээс замын ойр орчимд байрлах бусад шатахуун түгээх станц, аж ахуйн нэгж, сургууль, бусад байгууллагууд нийтийн эрх ашгийн үүднээс тухайн өөрсдийн өмчлөлийн газраа чөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

          Гэвч дээрхи нөхцөл байдал болон Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашиг хөндөгдөж байх тул маргаан бүхий Захиргааны акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох” тухай захирамжийг хүчингүй болгох  үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

         1. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “Ж О” ХХК-ийн, Дорнод аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан, Дорнод аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/418 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    П.АМАРЖАРГАЛ

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 39-41-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 14-15-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 8-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 37-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 206-217-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 232-237-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 7-р хуудас