Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Н, Ж, Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

 

Прокурор Т.Төмөртулга

            Шүүгдэгч Бын өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Н, Ж нарын өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Хохирогч У

Шүүгдэгч Н, Ж, Б

Нарийн бичйн дарга С.Уянга нарыг оролцуулан

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Бын өмгөөлөгч болон шүүгдэгч Ж нарын      давж заалдах гомдлоор Н, Ж, Б нарт холбогдох эрүүгийн 18220004080005 тоот хэргийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч Н: Монгол Улсын иргэн, төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт оршин суух, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял, Дорноговь аймгийн Замын –Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж  байсан, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар / Боржигон овгийн Оын Н,

 

2.Шүүгдэгч Ж: Монгол Улсын иргэн, төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар / Боржигон овгийн  Гийн Ж,

3.Шүүгдэгч Б: Монгол Улсын иргэн, төрсөн, 29 настай,  эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, 2 дүүгийн хамт тоотод оршин  суух /түр оршин суух/, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 8 сарын 2-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заэаснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,  хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар Боржигон овгийн Нн Б.

 

Шүүгдэгч Н, Б, Ж нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын  “Цагаан хошуу” гэх газарт байх гүний худгаас тээврийн хэрэгсэл ашиглан 2 ширхэг худгийн мотор хулгайлж хохирогч Нт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн  нутаг  “Голын шинэ ус” гэх газраас хохирогч Уын 11 тооны ямааг  хулгайлж 1.080.000 төгрөгийн  хохирол учруулсан,

Шүүгдэгч Н, Ж нар нь бүлэглэн 2017 оны 08 сарын 06-наас 2017 оны 08 сарын 07-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Хэрсэнэ хонд” гэх газарт байх хохирогч Оын байшингаас Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн “Тоз-8” маркийн буу хулгайлж 150,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н нь 2018 оны 11 сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Баруун сүүж” гэх газарт байх гүний худгийн гадна талд байсан 1 ширхэг моторыг хулгайлж хохирогч С 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овгийн Оын Нийг бусдын эд хөрөнгийг 1 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлах гэмт хэргийг, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн  машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн мал хулгайлах /11 тооны ямаа/  гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,

Шүүгдэгч Боржигон овгийн Гн Жийг 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн мал хулгайлах /11 тооны ямаа/  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овгийн Нын Быг 1 удаагийн  үйлдлээр машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн мал хулгайлах /11 тооны ямаа/ гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нд 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Жид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Бт 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн  3.7 дугаар зүйлд заасныг журамлан  мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н, Ж, Б нарт тус бүрт нь 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Нийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Жийн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Бын биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нийн энэ хэргийн  улмаас цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н, Ж, Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Б, Ж нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н, Б нар нь хохирогч Ут тус бүр 360,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгч нар нь хохирогч Н, С, О нарт хулгайлсан  эд зүйлээ биетээр нь хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жоос 360.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ут олгож,

Эрүүгийн  хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт мөрдөгчийн  2019 оны 1  сарын 15-ны өдрийн  тэмдэглэл, прокурорын 2019 оны 1 сарын 15-ны өдрийн 16-р тогтоолоор хураагдсан цагаан өнгийн “Тоёото криста” маркийн 87-27 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Пт  буцаан олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж, Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч Н, Ж, Б нарт цагдан  хорих таслан  сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам, шүүгдэгч Б нар давж заалдах гомдолдоо: Б нь анхан шатны шүүхийн 2019.04.26-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял , Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Быг 1 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн мал хулгайлах /11 тооны ямаа/ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон. Б нь үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөвөөр шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. Бт анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтын 3-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах заалтыг хэрэглэх боломжтой байхад хэрэглээгүй тул гомдол гаргаж байна. Иймд Бт анхан шатны шүүхийн 38 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хоёрны нэгээс багагүйгээр хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ж давж заалдах гомдолдоо: ...Миний бие Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би хохирлоо бүрэн төлж барагдуулж байгаа ба өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул хэргийг дахин хэлэлцэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна. Хохирогч Уыг хуралд оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч У гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар манай 11 тооны ямааг хулгайлсан бөгөөд учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын болон давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Хохирогчийн хувьд гомдол, саналгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэв. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэндээ  маш их гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэргээ шударгаар хүлээсэн. Надад итгэл хүлээлгэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогч Ут хохирлыг төлж өгсөн. Хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б гаргасан тайлбартаа:  Би ганцаар болон бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хулгайлсан эд зүйлийг хохирогч нарт биетээр буцаан өгөх, үнийг төлөх зэргээр хохиролгүй болгосон. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялаас хасаж хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Бын өмгөөлөгч Г.Лхам гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн  тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээний хорих ял оногдуулах эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Н, Ж нарын өмгөөлөгч Д.Долгорсүрэн гаргасан тайлбартаа: Шүүгдэгч нар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шударгаар хүлээн мэдүүлж, бусдад учруулсан хохирлоо төлж хохиролгүй болгосон тул анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд  өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Т.Төмөртулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хэргийн зүйлчлэл зөв. Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнд гэмт хэргийг үйлдсэн тул анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ёстой. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Цагаан хошуу гэх газарт байх гүний худгийн байшингаас 220 вольт гаргах чадалтай 2 ш мотор хулгайд алдагдлаа гэсэн хохирогчийн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 09-өөс 10-д шилжих шөнө Говь-Угтаал сумын “Голын шинэ ус “ гэх газарт байрлах хороо бууцан дээрээс 11 тооны ямаа хулгайд алдагдлаа гэсэн хохирогчийн мэдүүлгээр 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны шөнө Говь-Угтаал сумын “Баруун сүүж”  гэх газарт гүний худаг дээр байсан 220 вольт гаргах хүчин чадалтай мотор хулгайд алдагдлаа гэсэн хохирогчийн мэлүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгээр 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн  /1-р х/х-ийн 02-03 хуу/ бөгөөд  Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн  112 дугаар тогтоолоор нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасагт хэргийг буцаасан бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд  2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Нээс /хх-57хуу/, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ж, Б нараас хууль сануулан гэрчийн мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа нь сэжигтэн биш этгээдэд хамаарна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнээр тогтоох, сэжигтнээс мэдүүлэг авах ажиллагааг тусад нь хуульчлаагүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 16.1, 16.3-т сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг гэж хуульчилсан байгааг анхаарах нь зүйтэй. Иймд Н, Ж, Б нарыг гэрчээр байцаасан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хуульд заасныг зөрчиж авсан мэдүүлэг гэж үзэн нотлох баримтаар тооцох үндэслэлгүй байна. Шүүхийн  шийтгэх тогтоолд яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцэж байгаа боловч сэжигтнээр байцаагаагүй атлаа гэрчээр байцааж, дараа нь яллагдагчаар байцааж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн асуудлыг тогтоолдоо дурьдаагүй байна. Цаашид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд хэрхэн нийцэж байгаа, сэжигтэн, яллагдагчийн эрх зөрчигдөж байгаа эсэхэд анхаарах нь зүйтэй. Өөрөөр оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Бын өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхээс  шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэхийг хуульчилж өгсөн. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Бт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх  боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Жийн 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн мал хулгайлсан, 2 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулах, саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт  анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд  шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэргийг санаачлан үйлдсэн, 2 ш моторыг бүлэглэн  хулгайлж,  борлуулахаар өөртөө авсан байсан зэрэг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцооны байдалд тохирсон, шүүхээс хуульд заасан ялын доод хэмжээний ял оногдуулсан байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Бын өмгөөлөгч Г.Лхам, шүүгдэгч Ж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

      ШҮҮГЧИД                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                Т.БЯМБАЖАВ