Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Н.Баасанжав,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярцогт,

Шүүгдэгч Х.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х.Пүрэвдоржид холбогдох 2223001940214 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум Чигэстэй баг Жавхлант хэсгийн 1202 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Удган овогт Ханджаргалын Пүрэвдорж, /регистрийн дугаар: ИА75082819/.         

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Пүрэвдорж нь Завхан аймгийн Идэр сумын Ямаатын амны цагдуулт гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3.1807 метр куб хэрэглээний мод бэлтгэн өөрийн эзэмшлийн 07-61 ЗАН улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 628,404 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Х.Пүрэвдорж нь Завхан аймгийн Идэр сумын Ямаатын амны цагдуулт гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр 3.1807 метр куб хэрэглээний мод бэлтгэн өөрийн эзэмшлийн 07-61 ЗАН улсын дугаартай Бонго пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид 628,404 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Иргэний нэхэмжлэгч Ч.Мөнххүрэлийн “...Иргэн Х.Пүрэвдорж нь зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн гэх асуудалд миний зүгээс Тосонцэнгэл сум дахь сум Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

- Гэрч Т.Энхээгийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Бонго маркийн 07-61 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 метр куб галын түлээний модны эрхийн бичиг олгосон. Тухайн иргэн Идэр сумын Мануустай багийн нутаг Ямаатын амны цагдуулт гэх газраас бэлтгэн тээвэрлэх зөвшөөрөл авсан. Тухайн эрхийн бичигт бэлтгэн тээвэрлэх газрыг тодорхой зааж өгсөн учир эрхийн бичигт заагдсан газраас бэлтгэн тээвэрлэсэн гэж бодож байна. Пүрэвдорж өмнө нь хэд хэдэн удаа тээвэрлэсэн учир газар нутгаа мэддэг гэж бодож байна. Мод бэлтгэх эрхийн бичгээ авч модоо бэлтгээд Нурамтын дөрөлж гэх газраар даваад сумын төвөөр дайралгүй буцдаг учир шалгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

- Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Даваацэрэн, Н.Алимаа, Ө.Одгэрэл нарын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай “... 1. Дээрх модыг түүж бэлтгэсэн гэх Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн Ямаатын амны цагдуулт гэх газар нь ойн 2-р мужлалд хамаарч байна.

2. Дээрх модыг түүж бэлтгэсэн гэх Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн Ямаатын амны цагдуулт гэх газар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

3. Х.Пүрэвдоржийн тээвэрлэж явсан 19 ширхэг бөөрөнхий модонд 2.90 метр урттай 1 ширхэг, 2.95 метр урттай 1 ширхэг, 3 метр урттай 10 ширхэг хэрэглээний мод, голч-12, 16, 20, 30, 42, 44, 48, 52 см байна. Мөн 1.50 метрийн урттай түлшний өмхтэй мод байна.

4. Дээрх моднууд түлшний мод, хэрэглээний мод байна. Түлшний модонд 2.20 метрээс доош өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу 15 см-ээс дээш модыг цуулж хагалсан түлшний зориулалттай түлшний модонд тооцно.

5. Тухайн модыг түүж бэлтгэхдээ түлшний модны эрхийн бичиг ашиглаж түүж, бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Ойн тухай хууль зөрчсөн байна.

6. Тухайн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай шинэс түлшний модонд 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний модонд 109.760 төгрөг, итгэлцүүр болох 1.0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109.760 төгрөг болж, бэлтгэсэн мод 0.7119 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 78.138 төгрөг. Хэрэглээний модонд 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109.760 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 197.568 төгрөг болж, бэлтгэсэн мод 3.1807 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 628.404 төгрөг буюу нийт 706.542 төгрөг байна.” гэх дүгнэлт /хх-ийн 62-65-р хуудас/,

- Шүүгдэгч Х.Пүрэвдоржийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумаас өөрийн эзэмшлийн 07-61 ЗАН улсын дугаартай Вонго маркийн тээврийн хэрэгслээр ганцаараа гарч Завхан аймгийн Идэр суманд очсон. Тэр өдрөө Идэр сумын улсын байцаагч Энхээ гэх хүнээс галын мод хийх зөвшөөрлийн бичиг аваад галын мод хийхээр Идэр сумын Мануустай багийн Ямаатын амны Цагдуулт гэх газар 07-61 ЗАН дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа очиж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авч явсан өөрийн жижиг цахилгаан хөрөөг ашиглан Идэр сумын Ямаатын амны Цагдуул гэх газраас өөрийн биеэрээ галын модоо хийсэн. Би галын модоо 3 метрийн хэмжээтэй тайрч нийт 19 ширхэг мод хийж өөрийн 07-61 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвш дагуу дэр тавьж байгаад өнхрүүлж ганцаараа ачаад 16 цагийн орчимд дуусаж Завхан аймгийн Улиастай сум руу гарч 00 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сум руу гарч 00 цагийн орчим Завхан аймаг Улиастай сум Чигэстэй баг Жавхлант хэсгийн 1202 тоотод байх гэртээ ирсэн. Маргааш нь гэрээсээ мод ачсан 07-61 ЗАН дугаартай тээврийн хэрэгслээр гарч Улиастай сумын Богдын гол багт байрлах Ченжийн зах дээр ирэх үед замын цагдаа таарч хэрэглээний мод ачсан байна гээд цагдаагийн газарт журмын хашаанд машиныг саатуулсан. ...Гэм буруугаа би өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Байгаль экологид учруулсан хохирлоо гурав дахин нугалж төлсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагын саналыг бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13  дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,  Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар иргэн зохих зөвшөөрөл авсны үндсэн дээр ойд мод бэлтгэх эрхтэй ба Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилжээ.

Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд мөн хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

Шүүгдэгч Х.Пүрэвдорж нь дээрх хуулийг зөрчиж мод бэлтгэх төрөл зүйлийг зөрчиж түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Пүрэвдоржийн Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ойн санд халдаж, Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь хэсэг болон Ойд бэлтгэх журмыг зөрчин эрх бүхий байгууллагаас олгосон түлшний мод бэлтгэх эрхийн бичгээр хэрэглээний мод бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Х.Пүрэвдоржийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлийн улмаас ойн санд 628,404 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангийн шинжээч Б.Даваацэрэн, Н.Алимаа, Ө.Одгэрэл нарын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасан байх тул шүүгдэгч Х.Пүрэвдоржийн ойн санд учруулсан 628,404 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,885,212 төгрөг болж байна.

Шүүгдэгч Х.Пүрэвдорж нь ойн санд учруулсан хохирлоо гурав дахин нэмэгдүүлж 1,885,212 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн тусгай дансанд шилжүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн болох нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Пүрэвдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 103-р хуудас/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх  талаар

Шүүгдэгч Х.Пүрэвдоржийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Пүрэвдорж урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 98-р хуудас/

Шүүгдэгч Х.Пүрэвдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Прокуророос шүүгдэгч Х.Пүрэвдоржид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна.

Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. 

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Пүрэвдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж “...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

           

            Х.Пүрэвдоржийн хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэсэн 07-61 ЗАН улсын дугаартай “Бонго Пронтер” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ нь 1,000,000 төгрөг болохыг “Хурд-Од ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 228 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.  Прокурорын саналын дагуу уг тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Пүрэвдоржоос гаргуулж, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 2,90 метр урттай 1 ширхэг, 2,95 метр урттай 1 ширхэг, 3 метр урттай 10 ширхэг нийт 12 ширхэг модыг тус тус улсын орлого болгож, зөвшөөрөлтэй бэлтгэсэн 7 ширхэг модыг шүүгдэгч Х.Пүрэвдоржид буцаан олгохоор шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Удган овогт Ханджаргалын Пүрэвдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдоржид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Пүрэвдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 07-61 ЗАН улсын дугаартай Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 2,90 метр урттай 1 ширхэг, 2,95 метр урттай 1 ширхэг, 3 метр урттай 10 ширхэг нийт 12 ширхэг модыг тус тус улсын орлого болгож, зөвшөөрөлтэй бэлтгэсэн 7 ширхэг модыг шүүгдэгч Х.Пүрэвдоржид буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Х.Пүрэвдорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Пүрэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        П.ДОРЖБАЛ