Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/00773

 

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/00773

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, ... тоот хаягт оршин суух, Б овогт Д.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, .. тоот хаягт байрлах, М ХХК /РД:/-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                                                                                                                                                                

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №1В/58 тоот гэрээгээр 1В байрны 704 тоот 4 өрөө орон сууцыг 240 000 000 төгрөгөөр М ХХК-иар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан. Дээрх гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч нь бүрэн гүйцэд төлж барагдуулсан ба орон сууцыг хүлээн авч, өөрийн нэр дээр өмчлөх эрхийг олж авах эрхтэй болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байна. Мөн гүйцэтгэгч компани нь одоог хүртэл улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхгүй байна. Үүний улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцаа захиран зарцуулахад боломжгүйд хүрээд байна. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэхүү гэрээний 2.2-т заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажна” гэж зааснаар төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон.

Тэгэхээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зааснаар дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Д.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №1В/58 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г манай компанитай байгуулсан. Уг гэрээгээр *******,*******,******* тоот 4 өрөө орон сууцыг захиалгаар бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлж 240.000.000 төгрөгийг төлсөн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцыг ашиглалтанд оруулах, хүлээлгэн өгөх зэрэг үндсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг хүлээлгэн өгсөн. 97 дугаар байр нь нийт 93 айлын орон сууц бөгөөд өнөөдрийн байдлаар бүх орон сууц худалдан борлуулагдсан. Үүнээс 87  айл нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан байгаа. Гэвч манай компанид холбогдох нэг иргэний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийн тулд тус 97 дугаар байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/30902 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Мөн Төрийн орон сууц корпорацид барьцаатай байсан.Тухайн барьцааны гэрээ хүчинтэй хэвээр байгаа ч 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн албан бичгээр ихэнх айлуудыг барьцааны гэрээнээс сулласан албан бичгийг улсын бүртгэлд хүргүүлсэн. Уг чөлөөлсөн орон сууцнаас нэхэмжлэгч Д.Бын 127,7 м.кв талбайтай 1в-704 тоот орон сууцыг чөлөөлсөн. Иймд уг орон сууц нь одоо барьцаагүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй болно. Түдгэлзүүлсэн шалтгаан нь М ХХК нь 2011 онд 30 хувийн гүйцэтгэлтэй байхдаа гэрчилгээ авсан. Уг гэрчилгээ одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа учраас 93 айл бүгд гэрчилгээ авсны дараа 30 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг хүчингүй болгоно гэж улсын бүртгэлээс тайлбарлаж өмчлөгч нарын гэрчилгээг олгохгүй байгаа. Иймд өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримт гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

           Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 хороо Ар Зайсан гудамж, Могул Таун хотхоны 1В /97-р/ байрны 704 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахыг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

          Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “М” ХХК-д орон сууцны төлбөр болох 240 000 000 төгрөгийг төлсөн, орон сууцандаа шууд орсон, орон сууц, гаражийг өнөөдрийг хүртэл эзэмшиж, амьдарч байгаа хариуцагчаас өмчлөх эрхийн гэрчилгээгээ өнөөдрийг хүртэл аваагүй тул  Могул Таун хотхоны 1В /97-р/ байрны 704 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахыг хариуцагчид даалгуулах шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

 

          Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй ба Төрийн орон сууц корпорацийн барьцаанаас чөлөөлсөн, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ авсны улмаас өмчлөгч нарын гэрчилгээг улсын бүртгэл гаргахгүй байгаа, шүүхийн журмаар өмчлөгч нар гэрчилгээгээ гаргуулж авч байгаа, уг орон сууц одоо барьцаагүй, хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх ба шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлажээ.

 

           “М” ХХК нь нэхэмжлэгч Д.Бтай 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1В/58 дугаар “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Ар Зайсан гудамж, Могул таун хотхоны 1В байрны 704 тоот 127.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцож, талуудын хооронд байгуулагдсан тус гэрээний дагуу орон сууцны төлбөрт 240 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, орон сууцны төлбөр тооцоо төлж барагдуулсан талаарх М ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 113/58 тоот  албан бичгээр тус тус тогтоогдож байна./х.х-ийн 6-9 дүгээр талууд/

 

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байна.

 

         Талуудын хооронд байгуулагдсан 1В/58 дугаар гэрээний дагуу нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлж, орон сууцыг хүлээн авч,эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарлав.

 

         Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан байна.

 

         Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж заасан ба гэрээний 4.1-ээр орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц захиалагчийн өмчлөлд бүрэн шилжиж, захиалагчийн нэр дээр орон сууц бүртгэгдэж гэрчилгээ гарснаар өмчлөх эрх баталгаажихаар тохиролцсон байна.

 

         Иймд хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 

         Мөн маргаан бүхий орон сууц нь барьцаанд байсанг барьцаалагч / Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ / чөлөөлсөн болох нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн  1/1546 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

         Иймд хариуцагч М ХХК-нд холбогдох Хан-Уул дүүрэг, 11 хороо Ар Зайсан гудамж, Могул Таун хотхоны 1В/97-р/ байрны 704 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 497 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 497 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Иргэний хуулийн 243 дугаар 243.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11 хороо Ар Зайсан гудамж, Могул Таун хотхоны 1В/97-р/ байрны 704 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч М ХХК-нд даалгасугай.

 

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 497 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 497 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.О