| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2022/0849/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/08 |
| Огноо | 2022-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/08
2022 12 23 2023/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Л.Төгсжаргал, хохирогч А.Ангараг, шүүгдэгч Т.Баяржавхлан, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авхай овогт Түвшинжаргалын Баяржавхланд холбогдох эрүүгийн 22100 2074 1185 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Өмнөговь аймгийн Хүрмэн сум, 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Авхай овогт Түвшинжаргалын Баяржавхлан /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Баяржавхлан нь “бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Баяржавхлангаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Тухайн өдрийн дасгалын дараа цэргүүд бүгд байранд орж ирээд Өсөхбаяр, Ангараг бид гурав байж байсан. Ангараг, Өсөхбаяр хоёр эхлээд хөлс дарагчаас болж маргалдаж эхэлсэн ба Өсөхбаяр Ангарагтай “дарга” гэдэг утгаар хүндэлж харьцаж байсан. Би Өсөхбаярт “чамайг дарга гээд хүндэлж харьцаж байхад” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм бэ, гичий минь” гэж босож ирээд над руу дайрсан. Намайг цохих гэхэд нь би нүүр лүү нь түрүүлж цохисон.“ гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч А.Ангарагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өдрийн хоолны өмнөх дасгал хийгээд байранд орж ирсэн. Би цэргийн байранд хөлстэй орж ирээд Билгүүний хөлс дарагчийг хэрэглэчхээд байж байсан. Билгүүн надад “минийхийг хэрэглэ” гэж хэлсэн.
Тухайн үед би Өсөхбаярыг хараасан нь үнэн. Өөрөө ч намайг хараасан. Эхэндээ “та” гэж байгаад сүүлд харааж эхэлсэн. Тэр үед Баяржавхлан “чи миний үеэлийг хэлэх хэлэхгүй үгээр хараалаа” гэж хэлсэн. Би “чамтай яриагүй байна” гэхэд Өсөхбаяр уурласан.
Баяржавхлан босож ирэхээр нь би “яах гэж байгаа юм бэ“ гээд өөдөөс нь очоод, цааш нь түлхээд “зайл” гээд эргээд харахад намайг цохисон. Тухайн үед миний амнаас цус гарсан. 00 орж толинд харахад уруул сэтэрсэн байсан.
Өмнө Баяржавхлантай 12 сард цэвэрлэгээнээс болж муудалцаж байсан. Би “аяга хураачхаад ир” гэхэд “хураахгүй чи өөрөө хураа” гэж хэлсэн. Тэр үед миний хамар руу цохиж байсан. Одоогоор баримттай нэхэмжлэх зүйл байхгүй. Сорви арилгах хагалгаанд ороод зардлыг нь жич нэхэмжилнэ. Тухайн үед бид нарын хооронд болсон явдал дүрмийн бус харилцаанаас үүссэн.” гэсэн мэдүүлэг,
Хоёр. Эрүүгийн ................... дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ангарагийн хохирогчоор өгсөн:
“...Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчаар татагдсан. ...2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 13:00 цагийн үед гүйлт гимнастикаа хийчхээд хоолонд орох гээд унтлагын байр луу ороод өөрийн хөлс дарагчийг түрхэх гэхэд эвгүй үнэртэй байхаар нь дотно найз Билгүүний хөлс дарагчийг өөрт нь хэлчихсэн байсан учир аваад түрхэх гэж байхад хажуугаас Өсөхбаяр “хүний юмыг дураараа хэрэглэлээ” гэхээр нь “би Билгүүнд хэлчихсэн, чиний юмыг хэрэглэх гэж байгаа биш дээ” гээд бид хоёр маргалдсан.
Тэгэхэд Баяржавхлан “чи миний үеэлийг хараалаа” гээд босож ирээд гараа зангидаад цохих гэхээр нь би зодолдож болохгүй гэдгийг мэдэж байсан учир “цаашаа бай” гээд түлхээд эргээд харахад миний уруул руу маш хүчтэй цохисон. Тэгэхэд миний уруулаас цус гараад язарчихсан байсан. Би ариун цэврийн өрөө ороод харахад миний уруул аймар болчихсон байсан. ...Тэгээд Цэргийн төв эмнэлэгт 8 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн:
“...Би 6 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага хүүхдийг маань А.Ангараг гэдэг. Манай хүү 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 120 дугаар цэргийн ангид 1 жилийн хугацаат цэргийн алба хаахаар татагдсан.
2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр над руу Цэргийн төв эмнэлгээс ярихаар нь яваад очиход манай хүүгийн уруулын зүүн хэсэг нь сэтэрчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар асуухад цэргийн ангид хамт алба хааж байсан Баяржавхлан гэдэг хүүхэд гараараа цохисон байсан. Манай хүүхэд цэргийн ангийнхнаасаа нуугаад “ширээний өнцөг мөргөсөн” гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Өсөхбаярын гэрчээр өгсөн:
“...Би 2021 оны 10 дугаар сард цэрэгт татагдаад, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хуваарилагдан ирсэн. ...Тухайн үед буюу 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг өнгөрч байхад цэргүүд гүйлтээс ирсэн. Гадаа халуун байсан болохоор Баяржавхлан, Ангараг, бид гурав байрандаа ороод амарч байсан бөгөөд бусад цэргүүд өөр өрөөнд байсан.
Тэгэхэд дэд түрүүч Ангараг Билгүүний хөлс дарагчийг аваад хэрэглэсэн. Би “хүний юм хэрэглээд байх юм, буцаагаад тавьчих, моринд яваад ирэхээр хангалт дахиад өгөх байлгүй дээ” гэж хэлэхэд Ангараг “юун сүртэй юм бэ пизда минь, чамд хамаагүй шүү” гэхээр нь би “одоо боль, буцаагаад тавьчих” гэж хэлсэн.
Энэ үед Баяржавхлан Ангарагт “таныг хүндлээд харьцаад байхад яагаад хараагаад байгаа юм бэ” гэхэд Ангараг “гичий минь, чи юу гээд байгаа юм бэ” гээд Баяржавхлангийн дэргэд очоод баруун гараа далайсан чинь Баяржавхлан доошоо тонгойгоод баруун гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Ангарагийн уруулын дээд тал сэтрээд цус гарчихсан байсан. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй, тэгээд Ангараг эмч рүү явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21-22 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Бадамсамбуугийн гэрчээр өгсөн:
“...Би ...2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт байх Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салаан захирагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна.
Би 2022 оны 6 дугаар сараас 7 дугаар сарын 18-ны хооронд баяр наадмын үеийн парадын бэлтгэлд гараад ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Ажилдаа ороход Ангараг Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ба юу болсон талаар асуухад “Баяржавхлантай маргалдаад цохисон” гэж хэлсэн. Тухайн асуудал нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болсон ба Ангараг, Баяржавхлан, Өсөхбаяр гурваас өөр хүн байгаагүй гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26 дахь тал),
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Мөнхжаргалын иргэний нэхэмжлэгчээр өгсөн:
“...Хэргийн хохирогч Алтанхуяг овогтой Ангараг нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчлүүлэгчийн эмчилгээний зардалд 2.512.000 төгрөг зарцуулсан байна. Иймд гэм буруутай этгээдээс дээрх зардлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 82 дахь тал),
6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04/5303 дугаартай “нэр бүхий иргэдийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл” хүргүүлсэн албан тоот, хавсралтын хамт (хэргийн 98-99 дэх тал),
7. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1984 дугаартай:
1. А.Ангарагийн биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 30-31 дэх тал),
8. ШШҮХ-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн Хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шинжилгээний 772 тоот:
“1. А.Ангараг-н биед уруулд язарсан шарх гэмтэл тогтоогджээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 35-36 дахь тал),
9. Хохирогч А.Ангараг нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримтын хуулбар (хэргийн 43-58 дахь тал),
10. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчийн дэлгэрэнгүй судалгаа, тус ангийн захирагчийн тушаал баримтууд (хэргийн 85-94 дэх тал),
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Т.Баяржавхлангийн яллагдагчаар өгсөн
“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Зэвсэгт хүчний 120 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаахаар томилогдсон юм. 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гүйлтээс цэргийн байрандаа орж ирээд байж байхад манай дэд түрүүч Ангараг нь манай үеэл Өсөхбаяртай маргалдаад байсан.
Би Ангарагт “та яагаад хүний юмыг зөвшөөрөлгүй авч хэрэглэдэг юм бэ, Өсөхбаяр таныг дэд түрүүч гээд хүндлээд харьцаж байхад та яагаад харилцан хүндэлж харьцахгүй байгаа юм бэ” гэхэд “чи яагаад байгаа юм бэ, гөлөг минь, пизда минь” гэж хэл амаар доромжилсон.
Тэгээд намайг цохих гээд баруун гараа далайгаад ирэхээр нь би түрүүлээд баруун гараа атгаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохиход Ангарагийн дээд уруулын зүүн талаас цус гарсан. Миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 65 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Баяржавхлангийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
3.1. Шүүгдэгч Т.Баяржавхлан нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн албанд байлдагчаар алба хааж байхдаа 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус ангид хамт алба хааж байсан байлдагч дэд түрүүч А.Ангарагтай “бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй хэрэглэлээ” гэх асуудлаар маргалдан, улмаар цэргийн дүрэм зөрчиж А.Ангарагийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь “...уруулын язрал шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснээс шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Т.Баяржавхлан нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн албанд байлдагчаар алба хааж байхдаа 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус ангид хамт алба хааж байсан байлдагч, дэд түрүүч А.Ангарагтай “бусдад хүндэтгэлтэй хандсангүй, зүй бус харьцлаа” гэх хувийн сэдэлттэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “...уруулд язарсан шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч А.Ангарагийн мэдүүлэг (хэргийн 13-14 дэх тал),
- гэрч Л.Эрдэнэчимэг (хэргийн 17 дахь тал), гэрч Х.Өсөхбаяр (хэргийн 21-22 дахь тал), гэрч П.Бадамсамбуу (хэргийн 26 дахь тал) нарын мэдүүлэг,
- иргэний нэхэмжлэгч Т.Мөнхжаргалын мэдүүлэг (хэргийн 82 дахь тал),
- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1984 дугаартай:
1. А.Ангарагийн биед уруулд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 30-31 дэх тал),
- ШШҮХ-ийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн Хэргийн материалаар нэмэлтээр хийсэн шинжилгээний 772 тоот:
“1. А.Ангараг-н биед уруулд язарсан шарх гэмтэл тогтоогджээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 35-36 дахь тал),
- хохирогч А.Ангараг нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх баримтын хуулбар (хэргийн 43-58 дахь тал) болон шүүгдэгч Т.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хэргийн 65 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Хэргийн хохирогч А.Ангарагийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...уруулд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Т.Баяржавхлан түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хэргийн нөхцөлд гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хэргийн хохирогч А.Ангараг нь бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр хэрэглэснээс үүдэн хэрэгт гэрчээр асуугдсан Х.Өсөхбаяр “хүний юм хэрэглээд байх юм, буцаагаад тавьчих” гэсэн шаардлага тавихад хохирогч нь зүй бус үг хэллэг хэрэглэн эсэргүүцэн маргах явцад шүүгдэгч Т.Баяржавхлан хохирогчид хандан “хүндэтгэлтэй хандсангүй, зүй бус харьцлаа” гэсэн шаардлага тавихад нь хохирогч эсэргүүцэж маргалдсан, улмаар хохирогч А.Ангараг нь шүүгдэгч рүү чиглэн гараараа далайх үед тэрээр хохирогчийн нүүрэн тус газарт нь цохисон хувийн сэдэлттэй таарамжгүй харилцаанаас үүсэлтэй хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
3.2. Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид нь харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэснийг бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна.
Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагч гэдгийг цэргийн албан тушаал, цолны эрэмбээр ижил, адил зэргийг албан хаагчийг ойлгохоор хууль тогтоогчоос заасан ба тухайлбал, түрүүч нь түрүүчтэй, байлдагч нь байлдагчтайгаа дүрмийн бус харилцсан байна гэсэн ойлголт юм.
Уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект нь бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид, өөрөөр хэлбэл албан тушаалын болон цолны хувьд хэн ч нь хэнийгээ захирч, захирагдахгүй цэргийн алба хаагч байхаар тодорхойлогдсон байна.
Хэргийн нөхцөлд гэмт хэрэг гарсан гэх 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Т.Баяржавхлан нь Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хугацаат цэргийн албыг байлдагч цолтойгоор, хохирогч А.Ангараг нь мөн ангид дэд түрүүч цолтойгоор хугацаат цэргийн алба хааж байсан нь тогтоогдсон бөгөөд цолны эрэмбээр дэд түрүүч нь байлдагчийн хувьд ахлах цолтой учир тэдгээр нь бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагч байх тухайн гэмт хэргийн субъектийн шаардлага хангахгүй байна.
Нөгөөтээгүүр энэ гэмт хэргийн объектив талын шинж нь цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбоотой дүрмийн шаардлагаар зохицуулагдсан хоорондоо харилцах, харилцааны хэм хэмжээ, журмыг зөрчсөн хүчирхийллийн шинжтэй буюу харилцан зодолдох, бусад байдлаар бие биедээ хүч хэрэглэх зэрэг үйлдлийн арга хэлбэрээр илрэх бөгөөд адил зэргийн албан хаагчид нь хувийн харилцааны буюу албаны бус харилцаанаас үүсэлтэй хүч хэрэглэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Баяржавхланг “бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчиж,...” гэж буруутгасан хэдий ч цэргийн албанд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ямар дүрмийн зүйл, хэсэг, заалтыг хэрхэн яаж зөрчсөн /Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн хүрээний ба харуулын албаны дүрэм, Цэргийн жагсаалын дүрэм, Цэргийн сахилгын дүрэм, нийтлэг дүрэм гэх зэрэг/ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй учир дутагдалтай болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр прокуророос Т.Баяржавхланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Т.Баяржавхлангийн хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч Т.Баяржавхлан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Т.Баяржавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч А.Ангарагийн биед учирсан хөнгөн хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зайлшгүй зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Түүнчлэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн эмчилгээний зардлын 2.512.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт тооцогдоно.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тухайн хэргийн хохирогч А.Ангарагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “...Би зодуулаад Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Одоо нэхэмжлэх бодитой баримт байхгүй. Цаашид гоо сайхны хагалгаа хийлгэж, үүссэн сорвийг арилгуулах хүсэлттэй байгаа. Үүний зардлыг жич нэхэмжилнэ.” хэмээн мэдүүлж, баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл гомдлын шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд хохирогчид нөхөн төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин хохирогч А.Ангараг нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, түүний эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.512.000 төгрөгийг нөхөн төлөгдсөн болох нь нотлогдож тогтоогдсон.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу хэргийн хохирогч А.Ангарагийн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацааны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 2.512.000 төгрөгийг тус санд буцаан төлүүлэх талаар прокурорын гаргасан иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Т.Баяржавхлангаас нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт тооцон 2.512.000 /хоёр сая таван зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үндэслэлтэй.
Хэргийн хохирогч А.Ангараг нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Баяржавхлан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 68 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч Т.Баяржавхланг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Т.Баяржавхланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт Т.Баяржавхлан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокуророос Авхай овогт Түвшинжаргалын Баяржавхланд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Авхай овогт Түвшинжаргалын Баяржавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Баяржавхланд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Баяржавхлан нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ангараг нь цаашид гарах эмчилгээний зардалд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны жич нэхэмжлэл гаргасан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт Т.Баяржавхлангаас 2.512.000 /хоёр сая таван зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт Т.Баяржавхлан нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Баяржавхланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД