Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Г.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Т.Төмөртулга

Хохирогч: Г.Ч

Хохирогч Г.Чий хууль ёсны төлөөлөгч: Б.Н

Шүүгдэгч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Өлзийхишиг

            Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж,     

    

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор Г.Мд холбогдох эрүүгийн 1822002960007 тоот хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл-2, эхийн хамт тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Гийн М.

 

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 09-03 УНЯ улсын дугаартай  “Альфард” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол,  гурван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж , хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт Гийн Мг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас зорчигч Э.Х, Б.М, Б.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг, мөн иргэн  Д.Т, С.О, Т.Ч нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг   үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндсэн ял оногдуулахгүйгээр  3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар  шүүхээс тэнссэн хугацаанд Г.Мд үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж,

Шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд энэхүү шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ял оногдуулдаг журамтайг шүүгдэгч Г.Мд мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Боржигон овогт Гомбосүрэнгийн Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хүчин Т болсон өдрөөс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйл, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гомбосүрэнгийн М, иргэний хариуцагч Ц.Н нараас 24.109.067 /хорин дөрвөн сая нэг зуун есөн мянга жаран долоон/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 50, 50 хувиар гаргуулан хохирогч Э.Хд 844.593 /найман зуун дөчин дөрвөн мянга таван зуун ерэн гурван/ төгрөгийг, хохирогч Б.Мт 600.987 /зургаан зуун мянга есөн зуун наян долоон/ төгрөгийг, хохирогч Б.Бд  888.107 /найман зуун наян найман мянга нэг зуун долоон/ төгрөгийг, хохирогч Д.Тт 4.656.710 /дөрвөн сая зургаан зуун тавин зургаан мянга долоон зуун арван/ төгрөгийг, хохирогч С.От 7.704.174 /долоон сая долоон зуун дөрвөн мянга нэг зуун далан дөрвөн/ төгрөгийг,  хохирогч Б.Чд 9.414.433 /есөн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд заасныг баримтлан хохирогч нарын иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг буюу авах ёстой цалин, эд хөрөнгийн хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг болон иргэний нэхэмжлэлийн төлөх зээлийн үлдэгдэл нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгч Г.М, иргэний хариуцагч Ц.Н нарын оршин суугаа газрын болон өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж,

Шүүгдэгч Г.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй болохыг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт хураагдаж ирсэн дискийг шүүгдэгч Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал эрүүгийн 1822002960007 тоот хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

 

           Хохирогч Г.Ч болон түүний  хууль ёсны төлөөлөгч Б.Н нар   давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      2018 оны 9 сарын 6-нд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хот явахаар зарласан 09-03 УНЯ улсын дугаартай Альфарт машинд сууж явсан. Уг авто машины жолооч  Ц.Н нь хүн зарлаж авч явсан боловч Дундговь аймагт хоол идээд хөдлөхдөө Г.М гэгчид машинаа бариулаад Улаанбаатар хот руу гараад 20 км яваад хурд хэтрүүлсний улмаас онхолдсон. Машинд явсан зорчигч нарын 3 нь хүнд, 3 нь хүндэвтэр гэмтэл авсан. Миний хүү Г.Чд Дундговь аймагт анхан шатны тогтворжуулах эмчилгээг яаралтай сэхээн амьдруулах тасагт авч биеийн байдлыг тогтворжуулаад Улаанбаатар хотын ГССҮТөвд бүх өвчтөнг авч ирэхэд Г.Ч нь ухаангүй, хэвлийд цус хурсан, тархинд хүнд гэмтэл авсан, суурь яс гэмтсэн, тархинд цус харвасан, баруун талын нүдний ухархай, хацрын яс, хамрын яс, эрүү, баруун гарын шуу хугарсан байсан. Элэг 5 см орчим задарсан, 2 талдаа няцарсан цээжний хөндийд бүх эрхтэн гэмтсэн няцарсан байдалтай байсан. Маш яаралтай олон хагалгаанд орж, 3 төрлийн тариа олон төрлийн эм дусал, ухаангүй учраас уян дусал тариагаар хийж байсан. ГССҮ Төвийн сэхээн амьдруулах тасагт 8 хоног ухаангүй байсан. ГССҮ Төвийн бүх тасгаар эмчлүүлээд 1 сар хэвтээд гарах болоход ямар ч өөрийн ухамсарт ой ухаангүй, ямар ч тэнхээ тамиргүй, хөдөлгөж болохгүй байсан учраас Өмнөговь аймаг руу хол замд авч явж болохгүй учир Говьсүмбэр аймаг руу авч явж эмнэлэгт 20 хоног хэвтсэн, 8 хоног гадуур эмчилгээ хийлгэсэн. 2018 оны 11 сарын 1-нээс Өмнөговь аймагт гэрээр истори нээлгэж 2 сар эмчилгээ хийлгэсэн.

            Ингээд 2019 оны 3 сарын 12-нд Дундговь аймагт эрүүгийн анхан шатны шүүх хурал болсон ч шүүгдэгч Г.М шүүх хурал эхлэхэд шүүгчийн асуултанд эрүүл саруулаар хариулж, хэрэг хүлээх чадвартай, ой ухаан санаа эрүүл үү гэхэд тийм, зүгээр гэж хурал эхлүүлчихээд хурал дуусах үед гэнэт би юм ойлгодоггүй, толгой өвддөг, тусгай сургууль төгссөн, групптэй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж чадахгүй гэхэд шүүгч хурал завсарлуулж Дундговь аймгийн эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтэд Г.Мг худлаа баашилж байна, хэрэг хүлээх чадвартай гэхдээ сэтгэцийн мэргэжлийн төв эмнэлэгээр үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэснээр хурал 1 сарын хугацаатай хойшилсон боловч 2019 оны 5 сарын 15-нд зарлагдсан.

            Миний бие 2018 оны 9 сараас 2019 оны 3 сарын 12 хүртэлх хохирлыг бүх баримттай хэсгийг нь хавтаст хэрэгт өгсөн. 2019 оны 5 сарын 15 хүртэл эм, тариа, эмчилгээ тасраагүй. 2018 оны 9 сараас 2019 оны 5 сарын 15 хүртэл нийт хохирол 23.620.066 төгрөг болж байна. Г.Ч 2019 оны 5 сарын 1-нээс хуучин ажилдаа эхнээс нь дагалдан дадлагажигчаар түр орж үзэж байна.

  1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн зарим баримт нь нягтлан бодох бүртгэл анхан шатны болон нотлох баримтын шаардлага хангаагүй, огноогүй, тамга тэмдэггүй, гаргацгүй, гарын үсэггүй, бүдэг болон давхардсан, хувийн ариун цэврийн хэрэгсэл, архи, захиалгын болон хүргэлтийн, худалдаж авсан, байр түрээсэлсэн зардал гэх зайлшгүй гарах зардал мөн эсэх нь тодорхойгүй баримтууд байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв гээд бүх хавтаст хэргийн тухайн хуудсуудын тоог заасан байсан. Үүнд Г.Чий хохирлын баримт хавтаст хэргийн хавтас, хуудасны дугаараас 1 ч ороогүй байхад хохирлыг юуг үндэслэж хассан болох. Би өөрөө баримтыг бүрдүүлж хавтаст хэрэгт өгч байсан болохоор ямар ч эргэлзээтэй зүйл байхгүй. 

2. Цалингийн хохиролтой холбоотой материал бүрдүүлж өгөхөд эхнээс нь энэ шүүх хуралд хамаагүй, иргэний шүүхэд өг гэж хэлээгүй материал бүрдүүлүүлж авч  өчнөөн сар явуулчихаад шүүх хурал дуусч дүгнэлт унших үедээ шүүгч маш тодорхойгүй, толгой эргүүлсэн юм гэнэт хэлсэн. Цалингийн хохирлыг үндэслэлгүй тооцсон гээд тооцоогүйд гомдолтой байна.

3. Миний хүү Г.Ч нь  МУИС-ийг 2012 онд төгссөн. 2013 онд Цогтцэций сумын Таван толгой ХК-д борлуулагч, гаалийн мэргэжилтэн гэдэг 2 ажлыг хавсарч хийдэг байсан. Одоо гэмтэл авснаас хойш ой санамжаа бүрэн алдсан. Ямар ч хүнийг өөрийн ах, эгч, дүү нар, найз нөхөд бүх хүнийг танихаа больсон. Цаг хугацаа орон зай, амт үнэр бүх мэдрэмжээ алдсан. Маш  өндөр өртөгтэй тариануудыг 6 сар тасралтгүй хийлгэсэн. Сүүлийн 2-3 сард эмчилгээ хийлгэх мөнгө төгрөг санхүүгийн боломж муудаад хүүдээ их санаа зовж байна. Бид 2 хоёулахнаа, миний тэтгэврийн мөнгөөр амь зууж байна. Эмч нар 1-3 жил тархи толгойны эмчилгээг тасралтгүй хийлгэхгүй бол ой санамж нь насан туршдаа энэ чигээрээ үлдэнэ гэсэн. Эмчилгээ хийлгээд одоо бага багаар ой санамж нь сэргэж байгаа. Эрүүл саруул ажлаа хийгээд амьдралаа авч явсан хүнийг ийм болгосон хэрэгтнүүдэд маш хөнгөн ял оноогоод зөвхөн тэнсэн, жолооны эрх хасах ялаар шийтгэж байгаад гомдолтой байна. Нийт 6 хохирогчийн хохирлын дүн 24.109.067 гарснаас маш хүнд биетэй байгаа 2 хүнд Ц.Н, Г.М   нар хохирлыг нь эхлээд төлнө гэж хэлээд өнгөрсөн. Эмчилгээтэй байх хугацаанд нэг ч ирж уулзаагүй, утсаар яриагүй, уучлалт гуйгаагүй, нэг ч төгрөгний хохирол барагдуулаагүй байхад шүүх энэ 2 хүнд хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх дээр хохирлыг 14 хоногийн дотор төлж барагдуулна гэж хэлж байсан. Г.М  6 сарын 3-нд 150.000 төгрөг өгсөн. Н хохирлоос огт төлөөгүй. Ярих гэхээр утсаа авдаггүй. Ц.Нд маш их гомдолтой. Энэ хүнээс хохирлыг шүүх албадаж гаргаж өгнө үү.   Г.М нь хохирлын мөнгийг бөөнд нь өгөхгүй бол эмчилгээ хийлгэхэд хүрэлцэхгүй байна.

Мөн цаашид гарах эмчилгээ, унааны зардалтай холбоотой хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүсч байна гэв.

 

Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Жолооч Д.Өлзийхишигийн гуйлтаар    машиныг барьж яваад осол гаргаж , олон хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж байгаад зээл авч хохирлыг барагдуулна. Одоо 2 сарын дараа зээл авах эрхтэй болно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж өгнө үү гэв. 

Прокурор ...тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Г.Ч болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Н нарын давж залдах гомдлыг сонслоо. Шүүгдэгч Г.Мгийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогч нарт хохирлыг төлөх үүргийг шийтгэх тогтоолоор хүлээлгэсэн.Нотлогдоогүй нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж өгсөн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаагаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн эрхийг хасаж, хязгаарлаагүй,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байна.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн ба нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Мг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 3 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хуульд нийцжээ.

           Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мд  ял шийтгэл оногдуулахдаа  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, түүний сэтгэцийн болон биеийн эрүүл мэндийн байдал,   гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан үндсэн ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэнийг буруутгах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хохирогч Г.Ч болон түүний хууль ёсны төлөөлөгч Б.Н нарын “...цалингийн хохирлыг тооцож гаргаагүй” гэсэн гомдлыг хянаж үзэхэд 5 дахь хавтаст хэргийн 199-203 дугаар хуудсанд Өмнөговь аймгийн “Таван толгой” хувьцаат компанид  Г.Чийг ажилд авсан тушаал шийдвэр, тодорхойлолт байгаа бөгөөд тус компаний гүйцэтгэх захирлын 1913 оны 8 дугаар сарын 29-ний 138 дугаар тушаалаар Г.Чийг компаний борлуулагчийн ажилд авч 500.000 төгрөгөөр цалинжуулсан гэсэн байхад тус компаний гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 089 дугаартай албан бичигт Г.Ч нь 2013 оноос хойш тус компаний пүүний оператороор 900.000 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллаж байсан гэж түүний эрхэлж байсан ажил, авч байсан үндсэн цалингийн талаар  зөрүүтэй баримтууд хэрэгт байгаа бөгөөд түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулга байгаа боловч ноториатаар батлагдаагүй байх тул шүүхээс нотлох баримт хангалтгүй шалтгаанаар холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Г.М болон иргэний хариуцагч Ц.Н нараас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тайлбарлаж, тогтоох хэсгийн 8 дахь заалтаар дурьдаж өгчээ.

           Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М, иргэний хариуцагч  Ц.Н нараас 24.109.067 төгрөгийг хувь тэнцүүлэн хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хохирогч нарын авах ёстой цалин, эд хөрөнгийн хохирол нэхэмжилсэн зарим нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

           Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтоохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д заасан заалтыг шүүх хэрэглээгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан асуудлаар  нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

           Хохирогч,  иргэний нэхэмжлэгчид нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч болон иргэний хариуцагчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харъяалах шүүхэд гаргах эрхтэй болно.

      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолын 8 дугаар заалтаар “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Г.М, иргэний хариуцагч Ц.Н нарын бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин Т болсноос хойш 3 сарын хугацаагаар тогтоосугай” гэж, “шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг 9, 9 дүгээр заалтыг 10, 10 дугаар заалтыг 11, 11 дүгээр заалтыг 12, 12 дугаар заалтыг 13” гэж тус тус өөрчилсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн иргэний хариуцагч бусдад учруулсан хохирлоо 3 сарын хугацаанд нөхөн төлөхийг шүүхээс үүрэг болгож байгаа бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх учиртай болохыг тайлбарласугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3  дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

      ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

 

                                              Т.БЯМБАЖАВ