| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2022/0914/З |
| Дугаар | 221/МА2024/0710 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0710
“Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Т*******” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: Ү*******
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0597 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А*******, Н.Б, Б.П*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц*******
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг
Хэргийн индекс: 128/2022/0914/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0597 дугаар шийдвэрээр:
“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга М.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр "Т*******" ХХК-д Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Бадаг нэртэй газарт 2985.38 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна. Нэхэмжлэгч Компаниас дээрх тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 305 дугаар шийдвэрээр "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан баримт байхгүй" гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгчээс Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад холбогдуулан “XV-017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 560 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргасны дагуу Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 110/ГХ2022/0010 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон ба Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/665 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.
Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа албан ёсоор дуусгавар болсон байхад шүүхийн шийдвэр биелэгдээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байсан ба анхан шатны шүүхээс энэ тал дээр дүгнэлт хийгээгүй байдаг.
Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 560 дугаар магадлал нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүчинтэй болсон бөгөөд энэ цаг хугацаанаас хойш даруй 3 жил гаруйн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах бүрэн боломжит хугацаа байсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хариуцагч захиргааны байгууллагаас мэдэгдсэн 15 хоногийн хугацааг хэт богино хугацаа хэмээн тайлбарласан нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
3.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 514 дүгээр шийдвэрээр “…ашигт малтмалын хайгуулын XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 305 тоот шийдвэр болон уг тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, "Т*******" ХХК-ийн эзэмшиж байсан XV-017830 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй…” гэж шийдвэрлэсний дагуу Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 12 тоот шийдвэрээр 2018 оны 305 шийдвэр болон XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийн дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10/4296 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг "Т*******" ХХК-д мэдэгдсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гээд 22.1.1-д "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар...", 22.1.2-т "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3-т "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4-т "хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт", 22.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж заасан байна.
"Т*******" ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХВ-017830 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийн баримт бичгийг бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлсээр байтал мэдэгдэлд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагын "Кадастрын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээ"-ний холбогдох мэргэжилтэнд хандаж гаргаагүй, ирүүлээгүй байх тул Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр мөн даргын 12 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, энэ тухай 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/4566 тоот албан бичгээр "Т*******" ХХК-д мэдэгдсэн.
"Т*******" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандаж 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 05/19 дугаартай хүсэлтийг "Бичиг хэрэг"-ээр дамжуулан гаргасан байдаг бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 22.1.2, 22.1.3-т заасан баримт бичгийг хавсаргаагүй байдаг.
3.3.Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “…дээрх хүсэлтийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дотор буюу тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах хугацаанд гаргасан түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2. 22.1.4 дэх хэсэгт заасан өргөдөлд хавсаргавал зохих баримт бичгийн бүрдлийг хангаж өргөдөл гаргасан гэж үзэхээр байна…” гэжээ.
Хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай /2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэж заасны дагуу хайгуулын XV-017830 тоот тусгай зөвшөөрлийг сунгах үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч ХХК нь 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж анхан шатны шүүхийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг.
Мөн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу "... энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт"-ыг өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрдүүлээгүй байдаг.
Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй" гэж заасан ба XV-017830 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн зураг зүйн дэлгэрэнгүй шүүлтээс харахад Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 1.69 га, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж буй "Ихэр" нэртэй эрлийн талбайн 72.6 хувь нь давхцалтай байна.
3.4.Нэхэмжлэгч "Т*******" ХХК нь Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад тухайн асуудлаар өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай. Гэвч нэхэмжлэгч өнөөдрийн хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандаж өргөдөл, гомдол гаргаагүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т "Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно" 92 дугаар зүйлийн 92.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй", 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" 94.2-т "Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана" гэж гомдол гаргах, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.
3.5.Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14-1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" мөн хуулийн 54.1.8-д "Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн", 109 дүгээр зүйлийн 109-2-т "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана", 54 дүгээр зүйлийн 54.1-д "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд 54.1.3-т "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан байх тул тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хуулийн дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нөхцөл шүүхэд цугларсан баримтаар бүрэн тогтоогдож байсан.
Гэтэл нэхэмжлэгч "Т*******" ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0597 дугаар шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх", 106.4-т "шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэх шаардлагыг тус тус хангахгүй байх бөгөөд анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан.
3.6.Мөн шүүх ямар тохиолдолд нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зайлшгүй хийлгэхийг шаардаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, ямар тохиолдолд нэгэнт хэрэг үүсгэсэн, шүүхэд маргах нь тодорхой байсан гэж үзэн асуудалд ялгамжтай хандаж шийдвэрлэж байгаа нь хуулийг нэг мөр ойлгож, хэргийг шударгаар шийдвэрлэх хуулийн үндсэн зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 128ШШ/2024/0597 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.3-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлстийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр мөн оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10/4296 дугаар мэдэгдэлд заасан хугацаанд хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй” гэсэн үндэслэлээр “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй…” гэж заасантай нийцээгүй, өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдээгүй буюу Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаас 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдөлд хавсаргах баримтыг бүрэн хангаж чадаагүй байна.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нэхэмжлэгч, сумын Засаг даргын чухам алинаас нь шалтгаалж батлагдаагүй болохыг эцэслэн дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 560 дугаар магадлалаар “…Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад даалгасан”-ыг сайн дураар төдийгүй шийдвэр гүйцэтгэлийн журмаар ч албадан биелүүлээгүй талаар нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан удаа дараагийн хүсэлтдээ дурдаж байсан талаар шийдвэрт тодорхой дүгнэжээ.
Харин 3 дугаар хх-ийн 16 дугаар талд авагдсан Увс аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 11/665 дугаар тогтоолоор дээрх магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааг чухам ямар үндэслэлээр дуусгавар болгосон нь тодорхойгүй байна.
2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 305 дугаар шийдвэрээр “Төв Эрдэнэ Сант” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-017830 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсанаас хойш нэхэмжлэгчээс ийнхүү татгалзах үндэслэл болсон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байсан Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын эс үйлдэхүйн талаар тасралтгүй маргасан, тухайлбал давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалаар уг төлөвлөгөөг батлахыг даалгасан нь,
-мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 514 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 305 дугаар шийдвэр болон тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоосон нь нэхэмжлэгчийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах буюу үргэлжлүүлэн эзэмших үр дагавар үүсгэсэн байхаас гадна эдгээр шийдвэр, магадлал заавал биелэгдэх ёстой.
3.Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлийг гаргах тухай зохицуулалт энэ тохиолдолд хэрэгжих бодит боломжгүй, өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааг хэтрүүлсэн нь, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батуулаагүй нь нэхэмжлэгчээс бус харин Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалсан болохыг шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон байхад хариуцагчаас хуулийн энэхүү шаардлагыг хангасан байхыг нэхэмжлэгчээс шаардаж, маргаан бүхий шийдвэрээр 2022 оны 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус болжээ.
Шийдвэрт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 12 дугаар шийдвэрийг дээр дурдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх, нэхэмжлэгч “Төв Эрдэнэ Сант” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор гарсан, …Өндөрхангай сумын Засаг дарга давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч компани 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан өгөх боломжгүй, улмаар шүүхээр сэргээн тогтоолгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөл гаргах эрхээ эдлэх боломжгүй байсан…” гэж үйл баримтын талаар зөв дүгнэсэн байна.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хүчингүй болгосон 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай” 12 дугаар шийдвэрийн 2-т “Ашигт малтмалын хайгуулын XV-017830 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөр тооцож, тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсүгэй” гэсэн, гэтэл хариуцагчаас ийнхүү шийдвэрлэсэн атлаа үүнээс 2 хоногийн дараа буюу 25-ны өдрийн 10/4296 дугаар албан бичгээр хугацаа сунгуулах өргөдлийг 9 дүгээр сарын 9-ний өдрөөс өмнө бүртгүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдэж, одоогийн маргаан бүхий актаар “…мэдэгдэлд дурдсан хугацаанд хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж сунгуулах өргөдлийг гаргаагүй…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлага энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй…” гэж заасны дагуу Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө заавал Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байхыг шаардахгүй.
Харин давж заалдах гомдолд дурдсан “…XV-017830 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн зураг зүйн дэлгэрэнгүй шүүлтээс харахад усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай 1.69 га, улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж буй “Ихэр” нэртэй эрлийн талбайн 72.6 хувь нь давхцалтай…” гэсэн нь маргаан бүхий актын үндэслэл болоогүй байх тул энэ талаар тусгайлан дүгнэх шаардлагагүй, энэ нь нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасны дараах Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах харилцаа байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ны өдрийн 597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлстийн дарга М.Энхтулгын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН