Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Ш.Даваажав,

гэрч Н.Нарантуяа,

шүүгдэгч Д.Бүрэнтөгс, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Дүүдэйн Бүрэнтөгсөд холбогдох эрүүгийн 201625012083 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, баяд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Асар өргөө ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Увс аймаг, Баруун туруун сум, 1-р баг, Туруунд оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 03 дугаар хороо, 8-38 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Хошууд овогт Дүүдэйн Бүрэнтөгс, /РД:ОА82092011/,           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Бүрэнтөгс нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, “Амазон палас” баарны үүдэнд нь нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Ш.Даваажавыг хүч хэрэглэн зодож, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

дээрх танхайн хэрэгт шалгагдаж 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Бүрэнтөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогчоос уучлалт гуйж байна. Нэг биеэрхүү ах 2 эмэгтэй хүнтэй гарч ирээд “наадах чинь юуны мах вэ” гэхээр нь адууны мах гэж байна гэсэн. Тэгсэн алив үзье гээд нэгийг аваад асуугуураар доороос нь шатааж үзээд адууны мах биш байна гэж хэлсэн. Тэгээд шууд миний уруул руу цохиод уруул сэтэлсэн. Тэгээд тонгойгоод цусаа гойжуулж байсан чинь дахиад бариад авсан. Тэгээд хоёулаа барьцалдаад цаашаа эргээд цэцгийн мандал дээгүүр даваад унасан. Тэгээд тэр 2 эгч болон шорлог зарж байсан залуу ирж салгасан. Мөн Мөнхтөр байцаагч миний 2 гар утасны дугаарыг авч үлдсэн боловч 20-иод хоног нэг ч удаа залгаж яриагүй. Тухайн үед би аавын бие тааруу болохоор эмчилгээний мөнгө олох гээд ажлаар хөдөө яваад хотод ирээд асуухад намайг эрэн сурвалжилж байгаа гээд өөрөө явж очсон. Тэгэхэд Батгэрэл байцаагч дээр байгаа өдөр болгон ирж бүртгүүлээрэй гэсэн. Гэвч би 2016.10.03-нд осолд орж гэмтлийн эмнэлэгт нэг хоног хэвтээд хэрэг прокурорт шилжихэд очсон. Миний зүй бус авирласан нь буруу тул хохирогчоос дахин уучлалт гуйж байна...” гэв.

Хохирогч Ш.Даваажав нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би шүдэнзээр шорлогний махыг шатааж үзээд буруу юм хийж байна даа, ах нь Баянзүрх дүүргийн онцгой комиссийн дарга, улсын ахлах байцаагч байсан, ийм махаар шорлог хийж зарж болохгүй, аюулгүй байдал гэж байна гэхэд бүгд босч ирээд янз бүрийн зүйл хэлсэн. Сүүлдээ би Бүрэнтөгсөд чи эцэг шигээ хүнийг зодохнээ гээд эцэг шигээ хүнийг яадын гээд гараа далайгаад очингуут Бүрэнтөгс намайг заамдаж аваад хоолой боосон. Намайг цамцаар бооход би хачин болоход Бүрэнтөгс дундад зууны хятадууд шиг миний хамар руу хүчтэй мөргөхөд унасан. Тухайн үед энэ жил мэс засал хийлгэхэд зохимжгүй гээд одоогоор мэс засал хийлгэсэн баримт байхгүй. Миний нэхэмжлэлийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

Гэрч Н.Нарантуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 21 цагийн үед нөхөртэйгээ караокед уулзсан. Тухайн үед нөхөр зүгээр байсан. Караокед нэг шил архи л авч хувааж уусан. 22 цагийн үед гарахад үүдэнд шорлог зарж байсан. Тэгээд бид нар шорлог зарж байгаа хүмүүс дээр очоод нөхөр “энэ хонины мах биш байхад яагаад худлаа хэлж байна вэ” гэсэн. Тэгсэн Бүрэнтөгс шууд заамдаж тойроход шорлог зарж байсан жижигхэн залуу 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би болиочээ гэхэд Бүрэнтөгс манай нөхрийг мөргөсөн. Би салгаж дийлэхгүй байсан. Тэгсэн Бүрэнтөгс гараа тавихдаа дахиад мөргөсөн. Манай нөхөр дээшээ хараад унахад би давхаралдаж унасан.

Шүүгдэгч Д.Бүрэнтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр ах намайг “нохойн мах идэж байж юуны чинь адууны мах” гэж хэлээд миний ам руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд би тонгойгоод цусаа гоожуулаад зогсож байтал дахиад намайг цохих гээд байхаар нь би тэр ахтай барьцалдаад түлхэлцэж байгаад хөл тээглэн унахдаа би тэр ахын дээрээс нь унасан. Тэгэхэд л тэр ахыг мөргөсөн байх өөрөөр мөргөөгүй. Мөрдөн байцаагч камерийн бичлэгийг шүүж үзээд тэгээд намайг дуудна гэхээр нь би хүлээж байтал манай аавын бие нь өвдөөд мөнгө төгрөг эм тарианы хэрэг гарсан учир хөдөө явж барилгын ажил хийсэн. Гэтэл бараг 20 хоногийн дараа хэрэг бүртгэгч “хүрч ир” гэж ярьсан. Би Архангай аймагт барилгын ажил хийж байсан учир ирж чадаагүй. Ажлаа хийж дуусгаад өөр хүмүүстэй нийлээд самар түүхээр явсан. Манай аав 3 удаа даралт харавсан учир байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Амьдралын шаардлагаар мөнгө олох гэж явсан...” гэх мэдүүлэг. /хх 21-23, 62-63, 79-80 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Даваажавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...”Шөнө оройн цагаар юуны мах мэдэхгүй шорлог зарж болж байгаа юм уу” гэж хэлтэл Бүрэнтөгс нь янз бүрийн юм яриад байсан. Тэгээд би Бүрэнтөгс гэх залууд хандаж “чи одоо өөрийнхөө эцэг шиг настай хүнийг хүндлэхгүй яасан янзын хүн бэ” гэж хэлээд гараа далайтал шууд намайг цамцны захаар боогоод газар унагаасан. Нэг мэдэхэд л намайг зодсон байсан, юу болсоныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг. /хх 11-13, 58 дугаар хуудас/,

Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Даваажав зарж байсан шорлогийг юуны махаар хийсэн юм, би шалгана гээд, энэ хонины мах биш байна гэж хэлэхэд заамдаж аваад чирч явсаар байгаад мөргөөд унагаачихсан. Гэтэл хамраас нь цус гоожоод тогтохгүй байсан. Даваажав унахдаа ямар нэг зүйл мөргөөгүй, би болсон үйл явдлыг сайн санаж байна...” гэх мэдүүлэг. /хх 14 дүгээр хуудас/,

Гэрч П.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өндөр залуу “одоо хонины махаар шорлог хийдэг ямар хүн байна, ямааны мах, тэгээд яах юм” гэж хэлээд маргалдсан. Нөгөө залуу Даваажав ахын цамцны хоолойноос нь барьж байгаад шууд мөргөөд унагаачихсан. Тэгснээ дээр нь сууж байгаад хамар руу нь цохиод нэг мөргөсөн. Даваажав ахын хамарнаас цус гараад хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг. /хх 34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх ам бүл 9, Бүрэнтөгс айлын 8 дахь хүүхэд юм. Манай дүү Бүрэнтөгс бага байхдаа аав, ээж хоёрыг асарч хамгаалаад байдаг төлөв томоотой хүүхэд. Сүүлийн үед хаана, юу хийгээд яваад байгааг би мэдэхгүй байна. Манай дүү Бүрэнтөгс аавд эм тариа авч өгч мөнгө төгрөг явуулдаг гэж ээж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх 59 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹6686 дүгнэлтэд:

            1. Ш.Даваажавын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх 16 дугаар хуудас/,

            Оргодол эрэн сурвалжлах бүртгэл /хх 45-47 дугаар хуудас/,

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаар эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай тогтоол /хх 51 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Бүрэнтөгс нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, “Амазон палас” баарны үүдэнд нь нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Ш.Даваажавыг хүч хэрэглэн зодож, улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

дээрх танхайн хэрэгт шалгагдаж 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гадагш явж болохгүй баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Бүрэнтөгсөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Бүрэнтөгсөд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Бүрэнтөгсийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Бүрэнтөгс нь бусдад төлөх төлбөргүй, 1 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.