Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

“ӨБХ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03189 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ӨБХ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б К-” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний эрхийн доголдлоос учирсан хохирол 331 528 922 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэнд-Очир,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Гансүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Баттулга,

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Оюунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Б К-” ХХК-тай 10/27, 10/28 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноёнхан Намнансүрэнгийн гудамжид орших Ү-2203020293 улсын бүртгэлийн дугаартай 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот орон сууцны барилга, Ү-2203020096 улсын бүртгэлийн дугаартай 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот орон сууцны дуусаагүй барилгыг тус тус худалдан авсан. Гэвч 2011 оноос “Б К-” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу хамтарч барилгыг барьж байсан “Икс ди эф” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан төлбөр төлж хохирсон иргэдийн тухай мэдэх болсон. Тэдгээр хохирогчид нь бидний барилгын ажилд саад учруулж байсан бөгөөд, “Б К-” ХХК-иас манайд хүсэлт гаргасны дагуу тийнхүү хохирсон гэх 10 иргэний орон сууцны асуудлыг бид харилцан тохиролцож шийдвэрлэсэн. Гэтэл 2013 оны 4 дүгээр сард Ч.Болор гэх хүн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд, 3 шатны шүүхээр хянагдаж, Улсын Дээд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ манай компаниас 329 722 360 төгрөг, мөн тэмдэгтийн хураамжид 1 806 562 төгрөгийг тус тус гаргуулан Ч.Болор олгож шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхээс манай компанийг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн. “Б К-” ХХК-иас уг хохирлыг шаардаж буй шалтгаан нь тус компани уг иргэний тухай худалдан авагч тал болох бидэнд мэдээллээгүйгээс ийм нөхцөл байдал үүссэн учир хохирлыг хариуцах ёстой гэж үзэж байгаа. Хариуцагчийн зүгээс Ч.Болорыг хохирогчоор тогтоогдсоныг сүүлд мэдсэн мэт тайлбарлаж байгаа боловч “Б К-” ХХК-ийн захиралд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, хэд хэдэн удаа байцаалт өгч байсан учир мэдээгүй байх учиргүй. Худалдах, худалдан авах гэрээн дээр хэн ямар цаг хугацааны хохирлыг хариуцах талаар заасан. 2012 оны 11 дүгээр сарын албан тоотоор мөн тэд хохирлыг хариуцна гэдэг. 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэл нь гэрээ биш юм. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээс хойшхи хугацааны асуудал хамаарах бөгөөд, хөөн хэлэлцэх хугацааны тухайд шаардах эрх хэзээ үүссэнээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Бид анх Ч.Болор гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ талаар мэдсэн. 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Б К-” ХХК болон орон сууц захиалгын гэрээ байгуулсан иргэдийн түр холбооны байгуулсан хамтран ажиллах гэрээний гол зорилго нь тухайн 2 барилгыг цааш саадгүй барих зорилготой байсан. Энэ гэрээгээр захиалагч нар эрүү, иргэний журмаар гомдол нэхэмжлэлээ татаж авахаар тохирсон байдаг ба, энэ гэрээнд “ӨБХ-” ХХК ямар ч хамаагүй. “Икс ди эф” ХХК нь Ч.Болорын хохирлыг хариуцах үндэслэлгүй. Хариуцагч тал нэхэмжлэгчийг хохирсон гэдэгтэй маргахгүй байх шиг байна. Харин хариуцагчаа буруу тодорхойлсон л гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Б К-” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ӨБХ-” ХХК-ийн энэхүү нэхэмжлэл нь “Б К-” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Нэхэмжлэлийн үндэслэлээр Ч.Болортой байгуулсан гэрээг мэдээгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч нар яг адил хугацаанд Ч.Болорын талаар мэдсэн байдаг. Нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад шаардлага гаргаж буй нь хуульд нийцээгүй. Худалдах, худалдан авах гэрээний 3.6-д заасныг үндэслэж, шаардаж байна гэдэг. Гэтэл энэ асуудлыг иргэний журмаар өмнө шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь үндэслэл болгон тайлбарлаж байсан бөгөөд энэ талаар 3 шатны шүүх дүгнэлт хийсэн. 2010 оны 12 дугаар сарын 11-ний хурлын тэмдэглэлээр хэлцэл хийгдсэн байгаа. Уг хэлцлээр “ӨБХ-” ХХК хариуцна гэж заасан. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж үзэж байна. Мөн гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсантай холбоотой шаардсан гэвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн хугацаа дууссан учир нэхэмжлэгч нь шаардах эрхгүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн тогтоолын тухайд Ч.Болор гэдэг хүн хэнтэй гэрээ байгуулсан, хэнд мөнгө өгсөн гэдэг нь харагдаж байгаа тул нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. 2010 оны 10 дугаар сарын 31-нд Зу жин зөд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн. Юн кён ну-д мөн эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд 2 хэргийг нэгтгэж, сүүлд нь хэрэгсэхгүй болгохдоо Юн кён нуд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо зарим яллагдагчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг тогтоолын талаар Зу жин зөгөөс өөр бусдад мэдэгдэх талаар заагаагүй, харин Зу жин зөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоход хохирогчдод ...Ч.Болдбаатар байсан. Нэхэмжлэгч тал хохирсон гэдгээ нотлож чадаагүй. Бидний зүгээс нэхэмжлэгчийг хохирсон гэж үзээгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар нэхэмжлэгч талыг хохирсон гэж үзэх үндэслэлгүй. “Б К-” ХХК нь иргэн Ч.Болортой гэрээ байгуулаагүй. Ч.Болорын талаар мэдсэн боловч худалдан авагч талд мэдэгдээгүй гэдэгт хариулахад: талууд гэрээ байгуулахад болон, орон сууц захиалагчид хохирогчоор тогтоогдох явцад Ч.Болор хохирогчоор тогтоогдоогүй байсан бөгөөд 1 жилийн дараа тогтоогдсон байдаг. 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалагч иргэдийн түр холбоотой хамтран ажиллах гэрээ болон манай 2 байгууллагын хооронд албан бичгээр харилцсан захиалагчдын жагсаалтад ч байгаагүй. Д.Наранцэцэг шүүгчийн захирамжаар 2013 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тухайн маргаан бүхий орон сууцыг бусдад худалдахгүй байхыг даалгаж битүүмжилсэн гэдгийг “ӨБХ-” ХХК мэдэж байсан боловч 2013 оны 10 дугаар сард н.Туяа, н.Баясгалан гэх 2 хүнд худалдсан байдаг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл “ӨБХ-” ХХК-д 2010 оны 12 дугаар сарын 16-нд шилжсэн байсан. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Гэрээний төлбөрт 7 байр өгнө гэсэн ч өгөөгүй, өмчлөлд авсан байшин байхгүй, 255 айлын орон сууцнаас 20 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олсон байх боломжтой юм. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б К-” ХХК-иас 331 528 922 төгрөг гаргуулах тухай “ӨБХ-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 820 000 төгрөгөөс илүү төлсөн 4 406 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, 1 815 594 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч "ӨБХ-" ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу "Б К-" ХХК-иас Сүхбаатар дүүргийн 4-р хороонд байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот, 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот орон сууцны барилгыг тус тус худалдаж авсан бөгөөд худалдагч тал буюу "Б К-" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй эрхийн зөрчилтэй хөрөнгө шилжүүлсэний улмаас худалдан авагч тал буюу "ӨБХ-" ХХК нь бусдад 331 528 922 төгрөг төлж хохирсон учир уг хохирлыг худалдагч талаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Учир нь "Б К-" ХХК нь 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр "Икс ди эф" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж 37, 38 тоот барилгын угсралтын ажлыг гүйцэтгэн ажиллаж байсан бөгөөд "Икс ди эф" ХХК-д байрны захиалга өгсөн гэх иргэдтэй 2010 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн "Икс ди эф" ХХК-д төлсөн байрны үнийг "Икс ди эф" ХХК-ийн өмнөөс "Б К-" ХХК өөрөө төлөх үүргийг тэдний өмнө хүлээсэн байдаг. Худалдагч тал энэ тухайгаа "ӨБХ-" ХХК-д танилцуулж, "Икс ди эф" ХХК-д төлбөр төлсөн гэх иргэдийн асуудлыг "Б К-" ХХК дангаараа хариуцна гэх итгэл үнэмшлийг худалдан авагч талд төрүүлсэн бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10/27 тоот худалдах, худалдан авах гэрээний 3.6-д "Барилга худалдан авагч талын өмчлөлд шилжихээс өмнө энэхүү барилга барихтай болон бусад бүхий л үйл ажиллагаа, үйлдэлтэй холбогдон гарсан үр дагаварыг худалдагч хариуцаж шийдвэрлэнэ" гэж тусгасан байдаг. "Б К-" ХХК нь иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд нэр бүхий 12 иргэний нэрсийг "ӨБХ-" ХХК-д ирүүлж, эдгээр иргэдийн байрны төлбөрийг "ӨБХ-" ХХК-иас "Б К-" ХХК-д төлөх барилгын нийт төлбөрөөс хасч тооцох тухай хүсэлтийг талууд хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд Ч.Болорын нэр дээрх нэрсийн жагсаалтад ороогүй байдаг. Маргаан бүхий барилгатай холбоотойгоор "Б К-" ХХК-ийн захирал Ён кён ну болон “Икс ди эф” ХХК-ийн захирал Зү жин зөү нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг бөгөөд уг хэрэгт хохирогчоор тогтоогдссн иргэдийн жагсаалтад дээрх 12 иргэнээс гадна Ч.Болорын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг иргэний хохирогчоор тогтоосон баримтууд хэргийн материалд авагдсан байдаг. "Б К-" ХХК-ийн захирал Ён кён ну нь эрүүгийн хэрэгт иргэний хохирогчоор тогтоосон иргэдийг мэдэж байсан боловч дээрх 12 иргэний хохирлыг шийдвэрлэсэн баримтад Ч.Болорын нэрийг ирүүлээгүй явдал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан "Худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ" гэснийг зөрчсөн тул үүнтэй холбоотой хохирлыг “Б К-" ХХК-иас шаардсан болно. Дээрх үйл баримтуудыг анхан шатны шүүх үнэн зөв дүгнэсэн боловч учир дутагдалтай ганцхан үндэслэлээр нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг бид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлсэн, хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсон, Улсын Дээд шүүхийн тогтоолыг мушгин гуйвуулсан гэж бид үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "Улсын Дээд шүүхийн тогтоолоор иргэн Ч.Болорыг орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу төлбөрийг “Икс ди эф” ХХК-д төлсөн талаар дүгнэсэн, орон сууцны төлбөрийг “Икс ди эф” ХХК авсан байх тул нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК нь өөрт учирсан хохирлыг “Б К-” ХХК-иас шаардаж буй нь үндэслэлгүй байна гэж дүгнэн, дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай шийдвэр юм. Учир нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 001/хт2016/00416 дугаартай тогтоолд "Ч.Болорын орон сууцны төлбөрийг “Икс ди эф ХХК” авсан гэх нэг ч үг өгүүлбэр байхгүй бөгөөд улсын дээд шүүх харин ч эсрэгээр нь дүгнэсэн буюу Ч.Болорын төлсөн төлбөр барилгын ажилд шингэж, хөрөнгө оруулалт хийгдсэн тул ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 4 өрөө орон сууцны үнийг уг барилгыг өмчлөж байгаа "ӨБХ-" ХХК-иас гаргуулах нь зүйтэй. Ингэхдээ "ӨБХ-" ХХК нь эрхийн зөрчилтэй барилга хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад дээрх тогтоол саад болохгүйг Улсын Дээд шүүх онцлон тусгаж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 001/хт2016/00416 дугаартай тогтоолын хянавал хэсэгт дээрх асуудлыг дараах байдлаар дүгнэсэн байдаг. "Бэгду констракшн" ХХК болон "Икс ди эф" ХХК-ийн хооронд 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт орших 0000705 дугаар гэрчилгээтэй 3027 м.кв газар дээр зоорийн хамт 17 давхар орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий обьект барьж ашиглалтанд оруулахаар тохиролцжээ. Гэвч “Икс ди эф” ХХК-ийн захирал Зү жин зөүг 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсаас албадан гаргасны дараа буюу 2010 оны 5 дугаар сард “Б К-” ХХК нь дутуу баригдсан барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр гаргуулан авч, улмаар 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10/27, 10/28 дугаар худалдах, худалдан авах гэрээг “ӨБХ-” ХХК-тай байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг “ӨБХ-” ХХК-д худалдаж, мөн хамтран ажиллах гэрээний дагуу 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтанд тооцож шилжүүлсэн 1440 м.кв талбай бүхий газраа буцааж өөрийн компанийн нэр дээр шилжүүлсэн байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 091 тоот дүгнэлтээр “Икс ди эф” ХХК нь маргаан бүхий барилгад 4 234 415 345.38 төгрөгийн зардал гаргасан ба барилга барих явцдаа иргэдээс хөрөнгө оруулалт авсан байна. Маргаан бүхий барилгатай холбоотойгоор “Б К-” ХХК болон “Икс ди эф” ХХК-ийн удирдлагуудад холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийг иргэний хохирогчоор тогтоосон баримтууд байх бөгөөд Ч.Болорыг маргаан бүхий барилгын анхны захиалагч биш гэж маргаагүй, зарим захиалагч нарын хохирлыг шийдвэрлэсэн баримтад нэхэмжлэгчийн нэр байхгүй байна. Нэхэмжлэгч Ч.Болор хар өнгийн BMW-3 маркийн автомашин, цагаан өнгийн Hummer-НЗ маркийн автомашин, Бенз S-320 маркийн автомашинуудыг байрны төлбөрт тооцон өгсөн тухай баримт, СБД-ийн 4-р хороонд баригдаж байгаа барилгад захиалга өгч хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн тооцооны талаарх шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийн хуулбарууд хэрэгт авагдсан байна. Захиалагч талын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар гүйцэтгэгч талын эрх үүрэг өөр этгээдэд шилжсэн нь захиалгын дагуу баригдсан орон сууцаа шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. “ӨБХ-” ХХК нь бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй”. Улсын Дээд шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд Ч.Болорын орон сууцны төлбөрийг “Икс ди эф” ХХК авсан тул уг компаниас төлбөрийг шаардах ёстой гэж дүгнээгүй бөгөөд харин Ч.Болор нь маргаан бүхий барилгад захиалга өгч хөрөнгө оруулалт хийсэн нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтээр нотлогдсон тул ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцны төлбөрийг уг барилгын өмчлөгч болох “ӨБХ-” ХХК-иас гаргуулж, харин "ӨБХ-" ХХК нь эрхийн зөрчилтэй барилга хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор бусад этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад дээрх тогтоол саад болохгүйг дурдсугай гэж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн "орон сууцны төлбөрийг “Икс ди эф” ХХК авсан байх тул нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК нь өөрт учирсан хохирлыг “Бэгдү констркшн” ХХК-иас шаардаж буй нь үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК нь хариуцагч “Б К-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний эрхийн доголдлоос учирсан хохирол 331 528 922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК нь хариуцагч “Б К-” ХХК-тай 2010 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10/27, 10/28 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, “Б К-” ХХК нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сайн ноёнхан Намнансүрэнгийн гудамжид орших 40 хувийн гүйцэтгэлтэй 38 тоот, 70 хувийн гүйцэтгэлтэй 37 тоот өөрийн өмчлөлийн орон сууцны барилгыг тус тус “ӨБХ-” ХХК-д худалдаж, худалдан авагч нь гэрээнд заасан нөхцлийн дагуу барилгын үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /хх-н 11-16-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “хариуцагч “Б К-” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр эрхийн зөрчилтэй хөрөнгө шилжүүлсний улмаас нэхэмжлэгч нь бусдад 331 528 922 төгрөг төлж хохирсон тул уг хохирлыг гаргуулна” гэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

Зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болсон орон сууцны барилгуудыг анх барьж ашиглалтад оруулахаар хариуцагч “Б К-” ХХК нь “Икс ди эф” ХХК-тай 2008 онд хамтран ажиллах гэрээ байгуулж байсан бөгөөд энэ хугацаанд буюу 2008 оны 11 сарын 12-ны өдөр иргэн Ч.Болор нь “Икс ди эф” ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 4 өрөө орон сууцны үнийг эд хөрөнгөөр тооцож төлжээ.

 

Дээрх орон сууцны барилгуудыг нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК нь хожим “Б К-” ХХК-иас худалдан авснаар Ч.Болорын 2008 онд захиалсан орон сууцны хамаарал бүхий этгээд нь нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК болсон байна. Энэ талаар дүгнэж “ӨБХ-” ХХК-иас 329 722 360 төгрөг гаргуулж Ч.Болорт олгуулахаар шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хавтаст хэрэгт авагджээ. /хх-ийн 38-45-р тал/

Нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК нь хариуцагч “Б К-” ХХК-тай байгуулсан 10/27, 10/28 тоот гэрээг үндэслээд талууд 2010 оны 12 сарын 11-ний өдөр хуралдаж, өмнө нь “Икс ди эф” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ хийж, төлбөр төлж хохирсон иргэдийн асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд “Икс ди эф” ХХК-тай гэрээ байгуулсан иргэдийн хохирлыг “ӨБХ-” ХХК бүрэн хариуцахаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлийг буруутгах боломжгүй байна.

 

Зохигчид 10/27, 10/28 тоот гэрээг байгуулах үед иргэн Ч.Болорын гэрээний асуудлыг хариуцагч “Б К-” ХХК нь мэдсээр байж эрхийн зөрчилтэй хөрөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч гэрээ байгуулах үед худалдсан эд хөрөнгө нь эрхийн зөрчилтэй байсан гэдэг нь нотлогдоогүй бөгөөд хариуцагч “Б К-” ХХК нь нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК-ний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, мөн энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.   

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй хөрөнгө гэж үзнэ. Талуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед эрхийн доголдолтой гэх нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 252 дугаар зүйлийн 252.1-д заасантай  тус тус нийцнэ. 

 

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт заасныг тайлбарлахдаа “доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан учир шаардах эрхээ алдсан гэдгээ нотлоогүй” гэсэн нь учир дутагдалтай боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Орон сууцны төлбөрийг “Икс ди эф” ХХК авсан байх тул нэхэмжлэгч “ӨБХ-” ХХК нь өөрт учирсан хохирлыг “Б К-” ХХК-иас шаардаж буй нь үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэнд гомдолтой байна” гэх боловч энэхүү гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.  

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03189 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 816 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ       

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ