Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 134/ШШ2019/00063

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.О-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ж.Г-д холбогдох

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Ж.Г, нарийн бичгийн дарга Х.Г нар оролцов.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ж.Г холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр болох Ж.Г2002 онд анх танилцаад 2006 оны 11 дүгээр сраын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Энэ амьдарч байх хугацаандаа хүү Г.М 2006  оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, хүү О.М 2009 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, охин О.Н 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, охин Г.Н 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төрсөн. Эхний хэдэн жил бид хоёрын амьдрал хэрүүл маргаангүй сайхан байсан. Нөхрийн ар гэрийнхэн архи уудаг хүмүүс байсан болохоор тэр нь Ж.Г-т нөлөөлсөн юм уу яасан юм байгаан архи ууж агсам согтуу тавьж заримдаа эрүүл байтлаа хий хардаж гар хүрдэг байснаас болж 2012 онд Гэр бүл хүчирхийллийн төвд хандсан. 2015 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсэгт өргөдөл гаргаж байсан. Тэгээд эвлэрсэн боловч 2016 оны 11 сард намайг 5 сартай жирэмсэн байхад үг хэл амаар доромжилж гар хүрсэн тул би хүүхдүүдээ аваад салаад явсан. 2017 онд гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бага хүүхэд маань 1 нас хүрээгүй гээд шийдээгүй. 2018 онд мөн шүүхэд хандсан боловч манай нөхөр олдоогүй. Тэгээд эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гарч, 2019 оны 03 дугаар сард цагдаа олоод дахиад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо надад Ж.Г-той цаашид амьдрах итгэх итгэл байхгүйгээр барахгүй сэтгэл хөрсөн.Энэ гурван жилийн хугацаанд ухаан суусан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Энэ хүнтэй салаад явсан өдрөөс хойш 2 удаа л утсаар ярьсан. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эвлэрүүлэн зуучлалын 09 дугаартай шийдвэр гаргуулсан. Иймээс энэ хүнтэй цаашид амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлаж, хүүхдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож, өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч Ж.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Б.Оюун-Этэй 2012 онд анх танилцаад 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Амьдарч байх хугацаанд хүү Г.М 2006  оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, хүү О.М 2009 оны 12 дугаар сарын 06-ны өдөр, охин О.Н 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр, охин Г.Н 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төрсөн. Бид хоёр боломжийн сайхан амьдардаг байсан. Миний зүгээс эцгийн үүргийг биелүүлж байсан. Миний эхнэр Б.О надаас салах, 4 хүүхдэдээ тэтгэмж тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан байна. Би одоо гэртээ амьдарч байгаа уг нь бол халуун ам бүлээрээ амьдрах хүсэлтэй байгаач эхнэр Б.О-ншийдвэрийг хүндэтгэж байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд татгалзах зүйл алга байна. Гэрлэлт цуцалсан ч би эцгийн үүргээ биелүүлж, үр хүүхдүүдтэйгээ ойрхон амьдарч халамжлан тэтгэх болно. Нэхэмжлэгч Б.О-н шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ж.Г-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:

 

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Ж.Г нар нь 2002 онд танилцаж,  хамтран амьдарч байгаад 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2006  оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүү Г.М, 2009 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү О.М, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охин О.Н, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр охин Г.Н нарыг төрүүлсэн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаартай Б.О нь хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт, өрхийн эмч Э.Ө-н 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолтууд, Ж.Г, Б.О нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 4 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр талууд цаашид эргэж эвлэрч хамтран амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргасан үндэслэлээр дуусгавар болгожээ.

 

Хариуцагч Ж.Г нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, улмаар хамтын амьдралын хугацаанд нөхөр Ж.Г нь архидан согтуурч, эхнэр Б.О-н эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсны улмаас тэд 2016 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хамтдаа амьдрах итгэл, сэтгэлгүй хэмээн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан тул шүүх тэднийг тодорхой хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлж, гэрлэгчид харилцан тохиролцсон гэж үзээд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

 

Мөн хүүхдүүдийн насны болон сүүлийн 3 жилийн хугацаанд эцгээсээ тусдаа амьдарсан байдал, цаашид тэднийг асран хамгаалж, тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх бодит нөхцөл байдлыг харгалзан, одоо амьдарч байгаа орчныг нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж хүү Г.М, хүү О.М, охин Г.Н, охин О.Н нарыг эх Б.О-н асрамжинд үлдээж шийдвэрлэв.

 

 Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

 

Түүнчлэн хүүхдийн тэтгэлгийн асуудлаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдүүдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2019 онд тухайн бүс нутагт тогтоогдсон хэмжээ 187 100 төгрөг/ эцэг Ж.Г-оор хүүхэд тус бүрийг буюу хүү Г.М,  хүү О.М, охин Г.Нарансолонго, охин О.Н нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ. 

 

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Г-с улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, мөн нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 104 758 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Х овогт Б.Э, Ц овогт Ж.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Г.М,  хүү О.М, охин Г.Н, охин О.Н нарыг эх Б.О-ийн асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү О.М, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин О.Н, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Г.Н нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн тэднийг болон 2006  оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.М нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, түүнчлэн насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Г-оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн 104 758 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                                  Б.НАРАНЧИМЭГ