Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

 

2022          12            27                                   2023/ШЦТ/04

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч *******р нарыг оролцуулан

Б******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******рт холбогдох эрүүгийн 2215000000324 дугаартай, 163/2023/0003/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогтой М*******н Хатанбаатар, Б******* аймгийн Б******* суманд төрсөн 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, Б******* аймаг, Б******* сумын 5 дугаар баг, Агуулахын таваг 105-3 тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 34 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******р нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, ******* байр гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтаглан гудамжинд явж байсан Х.Б*******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодсоны улмаас хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000324 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, ******* байр гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтаглан гудамжинд явж байсан Х.Б*******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч M.Хатанбаатарын өгсөн: Өгөхгүй өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж хэлэх зүйлгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Х.Б*******ын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед найз Үзмээ гэх айлд найз А*******ийн хамт очсон юм. Үзмээгийн гэр Б******* аймгийн Б******* сумын 4-р багийн нутаг Зүүн түрүүнд байдаг юм. Ингээд Үзмээгийн гэрт 2.5 литрийн 2 ширхэг Сэнгүр нэртэй пиво уусан. Пиво ууж дуусаад орой болсон такси олдохгүй байсан учир А бид хоёр А*******ийн гэр рүү алхаад явсан. Ингээд бид хоёр Б******* сумын 5 дугаар багийн нутаг хүрэн байрны орчим алхаж явтал жижиг цагаан машинтай хоёр залуу ирсэн. Уг хоёр залуу согтуу байсан. Машинаасаа уг хоёр залуу бууж ирээд үг хэлэх завдалгүй шууд намайг зодсон. Намайг тухайн хоёр хүний арай өндөр нь зодсон юм. Машинаасаа бууж ирээд миний баруун нүд рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Хамт явсан залуу нь намайг цохиж зодсон зүйл байхгүй. Намайг тухайн залуучууд зодчихоод машинтайгаа буцаад яваад өгсөн. Тэгтэл надтай цуг явсан А цагдаад дуудлага өгсөн тийм л зүйл болсон... Тухайн залуу намайг нэг удаа гараараа хүчтэй цохисон. Уг цохьсон үйлдлийг би санаж байгаа. Тухайн үед би нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Зарим зүйлийг сайн санахгүй байсан. Сүүлд нь мэдүүлэг өгсний дараа бодож байхад тухайн залуу намайг хоёроос гурван удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6, 11 дэх тал/,

3. Гэрч З.И*******ын өгсөн: “...Хатанбаатар Б*******ын толгойн тус газар руу нь гараараа нэг удаа цохиход Б******* нь газар унаад өгсөн. Тэгээд би машинаас буугаад Хатанбаатарыг салгахаар очиж явахад Хатанбаатар хоёроос гурван удаа өшиглөөд авсан. Тэгээд би салгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

4. Гэрч Ц.Аийн өгсөн: “...Би ажлын газрын залуу Б*******ын хамт хадам эгчийн гэрт оччихоод буцаад гэртээ харихаар Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг ******* байрны хажууд явж байхад жижиг машинтай залуучууд гарч ирээд машиныхаа гэрлийг тусгаад байсан. Удалгүй нэг том биетэй залуу гарч ирээд Б*******ыг гараараа нэг удаа цохиж унагаад газарт унахад нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Тэр үед машин дотроос өөр нэг залуу бууж ирээд би тэр залуутай хамт тухайн зодооныг салгахад тухайн залуучууд зугтаасан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 199 дугаартай: “...Х.Б*******ын биед дух, зүүн шанаа, хамар, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх гэмтэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

6. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Очирбатын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр найз Наранбаатарын төрсөн өдөр болоод найз И*******, Түвшинбат бид дөрөв Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар багт байрлах Халиунбулаг гэдэг баар караокед орж архи, пиво ууж байгаад Наранбаатарыг гэрт нь хүргэж өгсөн. Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар багт байрлах ******* байрны гудамжинд эрэгтэй эмэгтэй хоёр хүн явж байгаатай таарч таньдаг хүн байна уу? танихгүй хүн байна уу? гэж машиныхаа гэрлийг тусгаж харахад эрэгтэй хүн нь машин руу чулуу шидэхээр нь би бууж очоод гараараа тухайн залууг нэг удаа нүүр хэсэг рүү нь цохиж унагаад хөлөөрөө 2-3 удаа өшиглөхөд найз И******* нөгөө залуутай хамт явсан эмэгтэй хоёр салгасан юм. 1.000.000 төгрөгийг төлсөн гомдол саналгүй гэсэн байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Х,Б*******, гэрч З.И*******, Ц.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 199 дугаартай дүгнэлт, шүүгдэгч *******рын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч *******р нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг ******* байр гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс шалтаглан гудамжинд явж байсан Х.Б*******ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож маргалдсан байна.

*******р нь маргалдах явцдаа хохирогч Х.Б*******ын биед дух, зүүн шанаа, хамар, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх тогтоогдсон  гэж хохирогч мэдүүлснийг гэрч нарын давхар гэрчилж мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 199 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд биед дух, зүүн шанаа, хамар, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зүүн шанаа, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, нуруунд цус хуралт, баруун нүдний доод зовхинд шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч *******рын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл хоёрын шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

*******рын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн *******р нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч *******р нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******рын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Х.Б******* мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримтыг гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд одоо бид хоёр эвлэрсэн, надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******рыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *******рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч *******р нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг  харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хавтаст хэргийн 42-52 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Цагдаагийн газрын цахим хайлтын системийн иргэний дэлгэрэнгүй мэдээлэл, Б******* аймгийн Б******* сумын 1 дүгээр баг, Ачуут, Шинэ хороо 11 дүгээр гудамж, 16 тоотод оршин суух талаар иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч *******р нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт Б******* аймаг, Б******* сумын 5 дугаар баг, Агуулахын таваг 105-3 тоотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 155 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийн зүйлчлэл болон оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар прокурорын саналыг танилцуулж, зөвшөөрснөөр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Шүүгдэгч *******рын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч *******рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч *******р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой М*******н Хатанбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******рыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч *******р нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч *******р нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СУВД-ЭРДЭНЭ