Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

 

2022         12            27                                     2023/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Б.Н*******,

шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э*******д холбогдох эрүүгийн 2215000000302 дугаартай, 163/2023/0008/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С******* овгийн Б*******ы Н*******, Булган аймгийн ******* суманд 1989 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын *******, 4 дүгээр баг, 31А тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 33 настай, эрэгтэй, өмнө ял шийтгэлгүй, РД:*******.

Монгол Улсын иргэн, С******* овгийн Б*******н А*******, Булган аймгийн ******* суманд 1988 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 3 дугаар баг, гэх газарт оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,

-урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтож, шийтгүүлж байсан, 33 настай, эрэгтэй, РД:.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нар нь бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан үзүүр” гэх газраас хохирогч Ч.Чын өмчлөлийн саарал халзан зүсмийн сувай үнээ, хар толгойтой цагаан эр шүдлэн үхэр, духандаа сартай хар зүсмийн эр шүдлэн үхэр, шар тарлан зүсмийн эм шүдлэн үхэр нийт 4 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 5.400.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны мал, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2215000000302 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нар нь бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан үзүүр” гэх газраас хохирогч Ч.Чын өмчлөлийн саарал халзан зүсмийн сувай үнээ, хар толгойтой цагаан эр шүдлэн үхэр, духандаа сартай хар зүсмийн эр шүдлэн үхэр, шар тарлан зүсмийн эм шүдлэн үхэр нийт 4 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 5.400.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны мал, бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н******* өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
  2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А*******ы өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2215000000302 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

3.Хохирогч Ч.Чын өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Цагаан үзүүр нэртэй газраас бэлчээрээс эвэртэй нас нийлсэн саарал халзан зүсмийн сувай үнээ имгүй, эвэртэй шүдлэн насны хар толгойтой цагаан эр үхэр имгүй, мухар шүдлэн насны духан дээрээ сартай хар зүсмийн эр үхэр имгүй, эвэртэй шүдлэн насны шар тарлан зүсмийн эм үхэр зөв талын чих араасаа ухам имтэй нийт 4 тооны үхрээ алдсан... 2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой 18 цагийн үед тоолж бүртгэхэд нийт 31 үхэр бүрэн байсан. маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 09 цаг өнгөрч байхад бэлчээр дээр нь тоолж бүртгэхэд 27 үхэр байсан. тэгээд 4 тооны үхрээ дутсан талаар мэдсэн...нэхэмжлэлийн хувьд надад Оюунгэрэл цагдаа 4 үхрийн мах хүлээлгэж өгсөн би зарж чадахгүй А******* чи өөрөө учраа олж миний хохирлыг барагдуулж өг гээд өгсөн. тэгтэл А******* 2.700.000 төгрөг данс руу хийсэн. Түүнээс хойш 2 сая төгрөг Н******* гэх залуу миний данс руу шилжүүлсэн. Өнөөдөр Булган аймгийн Цагдаа дээр ирэх үед Н******* гэх залуу 1 сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн. мөн А******* гэх залуу болохоор тугалтай үнээ надад өгсөн. Иймд би дээрх хүмүүсээс мөнгө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 53-55, 57 дахь тал/,

 

  1. Гэрч С.Аын өгсөн “... 2022 оны 11 сарын 10-ны өглөө 09 цагт миний 91199479 дугаарын утас руу Б.А******* нь 88044726 дугаарын утсаар холбогдож ярихдаа ахдаа 4 тооны үхэр төхөөрөөд өгөөч гэж хэлсэн...өдөр 13 цагийн үед 4 тооны үхрээ төхөөрч дууссан. 14 цагийн үед Б.А******* нь машинтайгаа хүрч ирээд 4 тооны үхрийн махыг Б, Б.А******* бид 3 ачсан... өчигдөр 20 цагийн үед Б.А*******аас үхэр төхөөрсөн мөнгөө нэхэж утсаар ярихад Эмээлт орч явна, өглөө мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Портер машин дээр эвэртэй хар толгойтой цагаан зүсмийн шүдлэн насны эр үхэр, сартай мухар хар зүсмийн шүдлэн насны эр үхэр, эвэртэй нас нийлсэн цагаан саарал зүсмийн сувай үнээ, эвэртэй шар улаан зүсмийн шүдлэн насны эм үхэр ачиж манай гэрийн гадаа ирсэн...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
  2. Гэрч М.Эын өгсөн “... Өдөр 14 цагийн үед А******* гэдэг залуу манай хашаан дотроос 4 үхрийн махаа гэдэстэй нь аваад явсан. үхрүүдийн толгой, арьсыг манай гэрт үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
  3. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 222566 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 4 тооны үхрийн зах зээлийн үнэлгээг нийт 5.400.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт, /хавтаст хэргийн 116-120 дахь тал/,
  4. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 222567 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Хиюундай портер загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2.787.750 төгрөгөөр тогтоосон дүгнэлт, / хавтаст хэргийн 104-109 дахь тал/,
  5. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 222808 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Их хурд нэртэй мотоциклын зах зээлийн үнэлгээг 526.667 төгрөгөөр тогтоосон” дүгнэлт / хавтаст хэргийн 128-133 дахь тал/,
  6.  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлтүүд, хавтаст хэргийн 3-8 дахь тал/,
  7. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 20-29 дэх тал/,
  8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 9-12 дахь тал/,
  9. Үхрийн толгой, арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 16-19 дэх тал/,
  10. Б.А*******ы тээвэрлэж явсан маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 39-44 дэх тал/,
  11. Яллагдагч Б.Н*******гийн өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр... орой 22 цагийн орчимд А******* над дээр ирээд явах уу гэхээр нь тэгье гээд ачааны машин дээр нь А*******ы мотоцикпыг ачаад сумын төвөөс хойш гараад А*******ы хаваржаан дээр очиход А*******ы ээжинх нь, эгчийнх нь гээд 2 эзэнгүй гэр байсан. тэгээд тухайн газарт машинаа үлдээгээд мотоциклоо ачааны машинаас буулгаад А******* бид хоёр унаад үхэр байгаа газар болох Цагаан үзүүр гэх газар луу явсан. тухайн үед жолоогоо би барьж байсан бөгөөд А*******ы дахиад өөр хаваржаан дээр нь очиход үхэр байхгүй байсан. тэгээд буцах замдаа гол дагаад явж байхад голын захад 4 тооны тугалгүй сувай үхэрнүүд байсныг туугаад ачааны машинаа үлдээсэн анхны хаваржаан дээрээ аваачсан. Улмаар 4 тооны үхрээ ачааны машин дээрээ ачаад А******* Рашаант сум руу явсан. Харин би мотоциклоо унаад ******* сумын төв рүү явж гэртээ харьж амарсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-146 дахь тал/,
  12. Яллагдагч Б.А*******ы өгсөн “... тухайн үедээ давхар дэл сул үхэр юу байна гэж харж явсан бөгөөд эргэж сумын төв орчихоод орой 20 цаг өнгөрөөд Н*******гийн хамтаар би ачааны машин дээрээ мотоцикл ачаад сумын төвөөс хойшоо гэх газар машинаа үлдээгээд мотоциклоо буулгаад Н******* хулгай хийж авчирахаар болсон би бас манай хамаатнуудын үхрийг туучихаж магадгүй гэж бодоод хамт явсан. Улмаар үхэр хайгаад олдохгүй байсан бөгөөд голын ард талд 4 тооны үхэр байхаар нь тууж авчираад улмаар машин дээрээ ачиж эхэлсэн. Би хулгай хийсэн 4 үхрийн махаа 3.312.000 төгрөгөөр зарж борлуулсан. Үүнээс үхэр төхөөрсөн хүндээ 240.000 төгрөгийг өгсөн. 2.700.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь нааш цааш явсан зардлуудад зарцуулсан. Одоо хохирогч гэх хүнд Н******* 2 сая төгрөг өгчихөөд байгаа бөгөөд үлдэгдэл мөнгийг Н******* өгөхөөр болсон…” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 161-162/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч  Б.Н*******, Б.А******* нар нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож, үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Цагаан үзүүр” гэх газраас хохирогч Ч.Чын өмчлөлийн  4 тооны буюу олон тооны үхрийг машин механизм болох “Хьюндай Портер” маркын   улсын дугаартай тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй Их хурд нэртэй мотоцикль зэргийн тус тус  ашиглан  бэлчээрээс нь хулгайлж, Булган аймгийн Рашаант суманд нядалсан үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Ч.Чын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч С.А, М.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй Тольдох өгөөж ХХК-ын гаргасан шинжээчийн 222566 дугаартай гэмт хэргийн улмаас 5,400,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ч.Чт хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

         Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

“Мал хулгайлах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. “Мал хулгайлах” гэмт хэргийг халдлагын зүйлээр нь “Хулгайлах” гэмт хэргээс ялгаатай байдлаар хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Б.Н*******, Б.А******* нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

          Мал хулгайлах гэмт хэргийн объектив тал нь бусдын малыг хулгайлсан идэвхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг  заавал шаардахгүй бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсдөг. Мал хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгтэй нэгэн адил бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан байна.

Харин хууль бусаар авсан гэж бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх эсхүл захиран зарцуулсныг, хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгоно.

Б.Н*******, Б.А******* нар  нь бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлсан бөгөөд тэдгээрийн үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Учир нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэж хоёр болон түүнээс дээш мал хулгайлсныг ойлгодог бөгөөд Б.Н*******, Б.А******* нарын  үйлдэл нь эдгээр шинжүүдийг хангаж байх тул тэдгээрийг  “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг хүндрүүлж зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь  бусдын олон тооны малыг дур мэдэн авч нядалсан идэвхтэй үйлдэл, өөрсдийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч нар нь бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас Ч.Чт учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн / хавтаст хэргийн 53-55, 57 дахь тал / байх тул шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нар нь бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.А******* нь хавтаст хэргийн 165-174 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Булган аймгийн ******* сумын Доргонт багийн Засаг даргын тодорхойлолт, Булган аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хайлт, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06  дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.А******* хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н******* нь хавтаст хэргийн 175-178, 180-185 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, Булган аймгийн Хаан банкны Булган салбарын 492 дугаартай дипозит дансны хуулга, Булган аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хайлт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Н******* хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.А*******, Б.Н******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 153 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.А*******, Б.Н******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оноож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А*******, Б.Н******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Нэргүйгийн өмчлөлд бүртгэлтэй 2.787.750 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Хюндай портер, мөн 526.667 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Их хурд нэртэй мотоциклыг битүүмжлэлийг тус бүр хүчингүй болгож, Д.Нэргүйгийн өмчөлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 3.314.417 төгрөгийг шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.657.206 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С******* овогт Б*******ы Н*******, С******* овогт Б*******н А******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар бүлэглэж, машин механизм ашиглан бусдын  олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Н*******г  1 /нэг/ жил, 1 /сар/ хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.А*******ыг 1 /нэг/ жил, 1 /сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******, Б.Н******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 1 /сар/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.А*******, Б.Н******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*******, Б.Н******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А*******, Б.Н******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Нэргүйгийн өмчлөлд бүртгэлтэй 2.787.750 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай Хьюндай Портер, мөн 526.667 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Их хурд нэртэй мотоциклын битүүмжлэлийг тус тус хүчингүй болгож, Д.Нэргүйгийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 3.314.417 төгрөгийг шүүгдэгч Б.Н*******, Б.А******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.657.206 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СУВД-ЭРДЭНЭ