| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/06 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Иргэний нэхэмжлэгч Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Н.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Үд холбогдох 2216002150199 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, сантехник инженер мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Э овогтой Н.Ү.
Шүүгдэгч Н.Ү нь Говь-Алтай аймгийн ... багийн нутаг дэвсгэр ... гэх нэртэй газарт 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага оврын трактор буюу унагалдай, тог баригч 1 ширхэг, алт баригч 3 ширхэг зэргийг ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж улсын яллагчийн асуултад хариулахдаа: “Газрын хэвлийд хууль бусаар халдаж хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Трактор Б.Нын эзэмшлийнх, бид хоёр 3 сая төгрөгөөр тохирч наймаа хийсэн. Би 1 сая төгрөгийг нь өгөөд үлдсэн мөнгийг өгч чадаагүй байгаа. Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн зардалтай холбоотой төлбөрөөс хагас сайн өдөр мобайл банкаар 1.500.000 төгрөгийг нийлүүлээд хийсэн гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Н.Үгийн яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хөх сайр гэх газарт дүү Энхнасангийн хамт очсон. Тухайн газар нь хуучин ухсан нүхтэй газар байсан. Хүмүүс ухахаар алт гараад байна гэхээр нь очиж ухах зорилгоор явсан. Энхнасан бид 2 тус тусдаа өөрсдийнхөө техникийг ашиглаад өөр өөр нүхэн дээр ажилласан. Трактороо Чандмань сумын Б.Н гэдэг хүнээс авсан. Очсон өдрөө трактороороо хуучин ухсан байсан нүхэн дээр нэмээд уртаараа 1,50 см, өргөнөөрөө 1 м, гүндээ 80 см орчим ухсан. Трактороо байрлуулаад нүхээ ухаад цаг орой болсон байсан болохоор унтсан. Маргааш өглөө нь босоод ухсан шороогоо буудуулах зорилготой байсан. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 07 цагийн орчим босоод байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн газарт ганцаараа ажилласан. Энхнасан бас надаас тусдаа нүхэн дээр трактороороо ажилласан. Энхнасангийн тракторын өндөр даралтын шланк нь задраад сумын төв рүү Д.О, Энх-Амгалан нар луу холбогдоод шланк захиад бас дээр нь нэмээд хоол хүнс захисан. ...Шороогоо буудуулаагүй учраас тухайн газраас ашиг олсон зүйл байхгүй. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /ХХ107/,
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны улсын байцаагчийн ажил хөдөлмөр эрхэлдэг. ...2016 оноос Чандмань сумын 3-р багийн нутаг Эрдэнэ-Уулын доод аараг гэх газруудад алтны илэрцүүд илэрсэн юм. ...Хөх сайр гэх газарт алтны илэрцтэй уг газарт 2010 оноос хойш нинжа болон бага оврын трактор ажиллаж байгаа юм. Уг газар нь тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй юм. ...Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгосон асуудал огт байхгүй. 2010 онд гар нинжа нар ажиллаад, 2011 оноос Баянхонгор аймгийн голдуу бага оврын трактор ажиллаж эхэлсэн. 2019 оны 04 дүгээр сард уг газарт 10 гаран бага оврын трактор тогтмол ажиллаж байсныг засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэсэгтэй хамтран бүрэн чөлөөлсөн. Тэрнээс хойш ямар нэгэн трактор ажилласан зүйлгүй юм. Хаяа ганц нэг гар нинжа нар очсон талаар мэдээлэл ирдэг байсан...” гэх мэдүүлэг /ХХ25-26/,
Гэрч Д.Оын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “Би Чандмань сумын 2 дугаар багт Хөх сайр буюу элсний ам гэх газарт Энх-Амгалан бид 2 Энхсайхан, Н.Ү хоёрт мотоциклоор хоол хүнс, ойр зуурын зүйлийг хүргэж өгөөд тэндээ хоносон. Трактор дээрээ юм хийж байсан тэгээд бид хоёр гэрт орж унтсан. Маргааш өглөө нь явах гэж байхад цагдаа нар ирсэн юм. Өөр хүмүүс байсныг мэдэхгүй байна. Тэр газрыг ухчихсан байсан нэлээд хэдэн жилийн өмнөөс ухаж байгаа газар байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ36-37/,
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ны шинжээч А.Цийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1/103 дугаартай “...Тухайн газар нь урд өмнө эвдрэлтэй газар нэмж ухсан байсан учир сүйдсэн ургамал тогтоогдохгүй, модгүй, ус ашиглаагүй, ухсан нүхний талбай нь 44,22 м2, эзлэхүүний хэмжээ 1,76 м3 байна. Тус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 2,261 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ 140,537 төгрөг байна....” гэх шинжээчийн дүгнэлт /ХХ46-72/,
Иргэний нэхэмжлэгч, “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг, Хөх сайр буюу Элсний ам гэх газарт иргэн Н.Үгийн үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3,300,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /ХХ80-81/,
2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ5-11/,
2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ8-12/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 44 дугаартай тогтоол /ХХ14/
2022 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн Daewoo-55 маркийн трактор 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, шороо шигшигч төмөр шигшүүр багаж 1 ширхэг, алт баригч 3 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /ХХ18/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /ХХ108-112/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ү нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох Хөх сайр гэх нэртэй газарт 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага оврын трактор буюу унагалдай, тог баригч 1 ширхэг, алт баригч 3 ширхэг зэргийг ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож байна.
Уг үйл баримт нь ашигт малтмал эрхлэх зөвшөөрөлгүйгээр хүрээлэн байгаа орчинд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд шүүгдэгч Н.Үг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
“Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Ц шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс болох 3,300,000 төгрөгийг шүүгдэгч Н.Үгээс нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч Н.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт “хагас сайн өдөр нийлээд 1,500,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн, нотлох баримт байхгүй” гэж мэдүүлж, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул түүнийг 1,500,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Н.Үгээс 3,300,000 төгрөгийг гаргуулж “Нуман-Алтай” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн болно. Харин шүүгдэгч Н.Ү нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд нотлох баримтаа бүрдүүлээд 1,500,000 төгрөгийг хасаж тооцуулах боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.Нын тухайд “2021 онд Н.Үд техникээ өгсөн. Одоо мөнгө төгрөгөө гүйцэд аваагүй учир техникээ эргүүлж авах хүсэлттэй байгаа. Тухайн үед гэрээ хийсэн зүйл байхгүй. 1 сая төгрөгийг бэлнээр авсан. Техникээ аваад зөрүү мөнгийг буцаагаад өгье” гэсэн хүсэлттэй байна гэж мэдүүлж байгаа боловч иргэний нэхэмжлэгч Б.Н, шүүгдэгч Н.Ү хоёрын хооронд бага оврын Daewoo-55 маркийн тракторыг худалдах, худалдан авах гэрээ 2021 онд аман хэлцлээр хийгдэж, трактор Н.Үгийн эзэмшилд очиж, улмаар Н.Ү нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлохдоо тухайн тракторыг ашигласан байна. Иймд иргэний нэхэмжлэгч Б.Нын техникээ буцааж авах хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,185,000 төгрөгийн үнэ бүхий бага оврын Daewoo-55 маркийн трактор 1 ширхэгийг хураан авч улсын орлого болгохоор Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч Н.Үгээс 2,100,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Нт олгохоор шийдвэрлэлээ.
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээч А.Цийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1/103 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...тус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 2,261 төгрөг, ...Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ 140,537 төгрөг байна” гэжээ.
Байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж төлүүлэхээр Байгаль хамгаалах тухай хуульд заасан байх тул 2,261 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэн үнэ 4,522 төгрөг, нөхөн сэргээлт хийх зардлын 140,537, нийт 145,059 төгрөг төлөхөөс шүүгдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин уур амьсгалын санд 143,798 төгрөгийг /ХХ154/ төлсөн, одоо 1,261 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Улсын яллагчийн “140,537 төгрөгийг Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт төлүүлэх, нөхөн сэргээлттэй холбоотой тухайн орон нутагт болох асуудал учраас байгаль орчин уур амьсгалын санд орох нь төдийлөн ач холбогдолгүй байна. Иймээс тухайн сумын Засаг даргын тамгын газарт нь олгуулах саналтай байна” дүгнэлтийг хангаж шүүгдэгчээс дутуу төлсөн 1,261 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт, шүүгдэгчийн Байгаль орчин уур амьсгалын санд төлсөн 143,798 төгрөгөөс 4,522 төгрөгийг уг дансанд үлдээж илүү төлсөн 139,276 төгрөгийг буцаан авч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ү нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн шүүх хуралд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийн хувьд торгуулийн ял 5.400.000 төгрөгөөс эхэлж торгохоор байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээ шүүх бүрэлдэхүүнд байгаа. Хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргаж байна.
Шүүх шүүгдэгч Н.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломж, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгож, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,185,000 төгрөгийн үнэ бүхий бага оврын Daewoo-55 маркийн трактор 1 ширхэг, 130,500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг алт баригч, 197,000 төгрөгийн үнэлгээ бүхий шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг, 92,000 төгрөгийн үнэлгээ бүхий тог баригч мотор 1 ширхэгийг хураан авч улсын орлого болгохоор Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан Daewoo-55 маркийн трактор 1 ширхэг, 3 ширхэг алт баригч, 1 ширхэг шороо шигшигч, тог баригч 1 ширхэг зэргийг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Н.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үг 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үд оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Үд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4,185,000 төгрөгийн үнэ бүхий бага оврын Daewoo-55 маркийн трактор 1 ширхэг, 130,500 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг алт баригч, 197,000 төгрөгийн үнэлгээ бүхий шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг, 92,000 төгрөгийн үнэлгээ бүхий тог баригч мотор 1 ширхэгийг хураан авч улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Н.Үгээс 3,300,000 төгрөгийг гаргуулж “Нуман-Алтай” ХХК-нд, 1,261 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт, шүүгдэгчийн Байгаль орчин уур амьсгалын санд төлсөн 143,798 төгрөгөөс илүү төлсөн 139,276 төгрөгийг буцаан авч Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт, 2,100,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Нт тус тус олгохоор шийдвэрлэсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Daewoo-55 маркийн трактор 1 ширхэг, 3 ширхэг алт баригч, 1 ширхэг шороо шигшигч, тог баригч 1 ширхэг зэргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Үд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА