Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

 

 

 

 

 

2022         12          30                                        2022/ШЦТ/31

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Б.Цэцэгмаа,

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг /ҮД:0076/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох 2206 00000 3316 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн 19 дүгээр гудамжны 6396 тоотод оршин суух хаягтай,

2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Бага хангай, Налайх дүүргийн шүүхийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2006 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Б овогт Цгийн Д /РД: /.

Хэргийн товч агуулга:

Ц.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 14 дүгээр байрны баруун талын зам дээр 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 11 нас 11 сар 27 хоногтой М.Нандин-эрдэнийн Самсунг А-12 загварын 443.200 төгрөгийн үнэлгээтэй. гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Нандин-Эрдэнийн өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 29-ний 19 цагийн үед би ангийн найз Энхцацралын хамт гэр лүүгээ явж байсан. Тухайн үед би ээжтэйгээ утсаар ярьчхаад найзтайгаа юм яриад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун тал зам дээр явж байгаад гар утсаа үзсэн чинь алга болчихсон байсан. Миний гар утас 2021 оны Самсунг А-12 загварын нүүрэн хэсэг нь шилэн наалттай, ар талын хэсэг улаан резинэн гэртэй байсан. Би утсаа 2021 оны 10 сард Мобикомоос 499.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх.08-09/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.13-14/,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, гэрэл зураг /хх.15-16/,

“Дамно” ХХК-й 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн НЦУГ-22-122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Дгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хавдар судлалын эмнэлгийн баруун талын замаар явж байхдаа 13-15 орчим насны эмэгтэй хүүхдийн гар утсыг зүүн талын халааснаас цухуйж байхад нь суйлж авсан. Тэгээд тэр газраасаа буцаад явж байхдаа цагдаад баригдсан... Би тухайн мөнгөгүй байсан юм, мөнгөний шаардлага гарсан байсан учраас тэр хүний гар утсыг хулгайлсан. Бас тэр гар утас нь цухуйгаад байсан. Миний хулгайлсан гэх гар утас Самсунг А12 загварын 4 камертай, ягаан өнгийн гэртэй, улаан өнгийн гар утас байсан. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх.26/,

“... би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа дээрх хулгай хийсэн гар утсаа буцаагаад өгсөн болохоор ямар нэгэн нөхөн төлбөрийн асуудал байхгүй. Дээрх гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Цаашид дахин ийм алдаа гаргахгүй...”  гэх мэдүүлэг /хх.62-63/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.53-54/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.58-60/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх.27/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.29/,

Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.30-40/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх.41/,

Урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх.44-51/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Ц.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 14 дүгээр байрны баруун талын зам дээр 2010 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 11 нас 11 сар 27 хоногтой М.Нандин-эрдэнийн Самсунг А-12 загварын 443.200 төгрөгийн үнэлгээтэй. гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч М.Нандин-Эрдэнийн өгсөн: “... 2022 оны 09 дүгээр сарын 29-ний 19 цагийн үед ... би ээжтэйгээ утсаар ярьчхаад найзтайгаа юм яриад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны баруун тал зам дээр явж байгаад гар утсаа үзсэн чинь алга болчихсон байсан. Миний гар утас 2021 оны Самсунг А-12 загварын нүүрэн хэсэг нь шилэн наалттай, ар талын хэсэг улаан резинэн гэртэй байсан. Би утсаа 2021 оны 10 сард Мобикомоос 499.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /хх.08-09/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.13-14/,

Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, гэрэл зураг /хх.15-16/,

“Дамно” ХХК-й 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн НЦУГ-22-122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Дгийн яллагдагчаар өгсөн: “... би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа дээрх хулгай хийсэн гар утсаа буцаагаад өгсөн...”  гэх мэдүүлэг /хх.62-63/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Дгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Дг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

Ц.Д нь насанд хүрээгүй хохирогч М.Нандин-Эрдэнийн өмчлөлийн Самсунг А-12 загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Ц.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 10.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Ц.Д нь насанд хүрээгүй хохирогч М.Нандин-Эрдэнийн 443.200 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Ц.Дгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Иймд шүүгдэгч Ц.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Насанд хүрээгүй хохирогч М.Нандин-Эрдэнийн эд зүйлийг биет байдлаар буцааж хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Ц.Д нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Ц.Д гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Дгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ц.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.  

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Ц.Дд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Цгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Дд сануулсугай.         

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Дд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР