Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

 

 

 

 

 

  2022         12          30                                         2023/ШЦТ/32

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Э.Оюунтунгалаг, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Иргэдийн төлөөлөгч Д.Жамъянсүрэн,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунзул,

Шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал /ҮД:2598/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тд холбогдох 2206 00000 1932 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймагт 1963 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй 59 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, хүргэн, зээ хүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 61 дүгээр гудамжны 847 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Бийн Т /РД: /.

Хэргийн товч агуулга:

Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 61 дүгээр гудамжны 847 тоотод иргэн П.Эрхэмбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар зүүн гараараа шанааны тус газарт 4 удаа, нүүр хэсэгт 4-5 удаа өшиглөж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн... Бид хоёр анх ганц шил архи хувааж уугаад маргалдсан юм. Тэр бол үнэн. Ийм муухай зүйлд холбогдсондоо би хүүхдүүдээсээ уучлалт гуйж байна. Би ийм зүйл болно гэж санаанд ороогүй юм. Тухайн үед намайг гоёоны архи авчирч чадахгүй, арчаагүй, хүүхдүүдээсээ архины мөнгө авч чадахгүй гээд байхаар нь би болио чи, битгий миний хүүхдүүдийг яриад бай боль гэсэн чинь босож ирээд намайг өшиглөсөн юм. Тэгэхээр нь би амь хохирогчийг хоёр удаа өшиглөж, хоёр удаа цохисон. Би ямар ч байсан гэртээ орж хоносон байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунзул өгсөн мэдүүлэгтээ: “... Миний аав Эрхэмбаяр нь хөл гар их муутай, хөл гарын хуруу нь байдаггүй, таяг тулж явдаг байсан. Архи уусан үедээ хүнийг хэл амаар доромжилдог хэдий ч хүнд гар хүрэхээр буюу хүнтэй зодолдохоор хэмжээний тэнхээтэй хүн байгаагүй. Жижиг, сул биетэй хүн байсан. Хөлөө сайн өргөж чадахгүй, хурдан алхаж чадахгүй, их удаан хөдөлгөөнтэй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.1.01-02/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.07/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.09-17/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.18-22/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.24-29/,

Цагдаагийн Ерөнхий Газрын иргэний мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн Асап сангийн нэгдсэн системийн хайлтын баримт /хх.30-33/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.34-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунзулын өгсөн: “... Би ажлаа тараад талийгаач аавынхаа гэрт иртэл гэрийнхээ дотор талд үүдний хэсэгт ам нь ангайчихсан дээш харсан шалан дээр хэвтэж байсан... тэгээд манай бэр цагдаа түргэн тусламж дуудсан... намайг биед нь хүрэхэд хөшсөн хатуу байсан гэмтэл шарх байсан эсэхийг би сайн хараагүй... архи уухаараа ихэвчлэн ганцаараа уудаг, хааяадаа танихгүй хүмүүстэй уудаг. Аав минь ямар нэгэн архаг хууч өвчингүй, бие өвдлөө гэж ярьж байгаагүй... манай худ болох Т, хүргэн Батбаатар, үл таних эмэгтэйн хамт уусан гэдгийг би бэр Баттулгаас сонссон... миний аавыг Пагмажавын Эрхэмбаяр гэдэг. Улсын бүртгэлээр албан ёсоор нэрээ солиулж байсан удаа байхгүй, харин манай аавын талынх аавыг бүгд Баярсайхан гэж дууддаг байсан. Учир нь бага насандаа гэрчилгээ авах хүртэл Баярсайхан гэж нэртэй байсан гэж аав минь хэлж байсан. Тэгээд албан ёсоор гэрчилгээ авах очихдоо ямар ч байсан “Баяр” гэсэн нэр байсан дээр андуураад Эрхэмбаяр гэж бичүүлээд авч байсан гэдэг. Үүнээс хойш гэрчилгээ паспорт дээр Эрхэмбаяр гэдэг нэрээр явж байсан... харин гэрийнхэн дотор Баярсайхан гэж дууддаг байсан... цагдаад шалгуулж байхдаа өөрийнхөө нэрийг Баярсайхан гэж худал хэлж бичүүлж байсан байх... ямар нэг гомдол санал байхгүй, хохиролтой холбоотой баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.42-44, хх.2.225-226/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баттулгын өгсөн: “... манай төрсөн дүү Т.Батбаяр залгаад “танай хадам аав чинь нас барсан юм шиг байна” гээд “аав Б.Т яриад байна” гэхээр нь би хадам дүү Э.Ариунзул, бид 2 гэрт нь иртэл манай хадам аавын гэр онгорхой, үүдний хэсэгтээ хадам аав хөшчихсөн байдалтай, байхаар нь би нас барсан гэж бодоод цагдаа түргэн тусламж дуудсан. Тэгээд би хашаанд байх байшинд ороход мухрын өрөөнд талийгаач аавын хүргэн болох Батаа сууж байсан. Би юу болсон талаар асуутал “би мэдэхгүй байна, гэр нь цоожтой байсан” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.47-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Батзаяагийн өгсөн: “... “Отгонбаяр ахын аав нас барсан” гэж аав Т ирж хэлсэн гэж ярьсан, аав Т согтууруулах ундаа хэрэглэдэг гэхдээ агсан зан байхгүй, өнөөдөр хаана байсныг мэдэхгүй байна... амь хохирогч өглөө эрт босоод хог түүж явж байгаад орой харанхуй болсны дараа ирээд гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжээд унтчихдаг, их хажиг зантай, хамт гэрт архи согтууруулах ундаа хэрэглээ байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.52-53/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Дэлгэрмандахын өгсөн : “... тухайн үед Түвшинбаярын биед ил харагдах шарх гэмтэл байхгүй байсан...Түвшинбаяр манай эхнэр дүргүй хүргэсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.57-58/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дүгэржавын өгсөн: “... “орж өөрийнхөө хашаанд байх шил, лаазны хогийг ав” гэж хэлэхээр нь Монгол гэрийн хаалгыг дөнгөж татаад хартал өвгөн /нэрийг нь мэдэхгүй/ гэрийнхээ хаалганы үүдэнд ертөнцийн зүгээр зүүн зүгт толгой чиглэсэн, зүүн гараа гэдэс дээрээ авч дээш харсан байдалтай, нүүр хэсэг нь цус болсон байсан. Тэгээд би Монгол гэрийн хаалгыг буцааж хаагаад хашаанаас шууд гараад гэртээ орж гар утсаа аваад хүүхэд болох Огиноо гэх залуугийн дугаарыг хайж байхад урьд шөнө надтай хамт манайд хоносон найз н.Отгонбаатар манай гэрт орж ирээд “танай энэ хавиар юу болоод байгаа юм бэ?” гэж надаас асуусныхаа дараа “Дээгий эгч танай хойд талд байх өвгөний худ өвгөнтэй “Давсны булаг”, “Чонот” хүнсний дэлгүүрийн орчим архи уугаад явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу болсон юм бэ” гэж асуухад Отгонбаатар “танай хойд талд амьдардаг өвгөн өнгөрсөн” гээд “Дээгий эгч, нас барсан өвгөний худ хоёр яриад явж байна” гэсэн... Би н.Цоожоод “н.Огиноогийн аав гэртээ нүүр нь цус болоод нас барсан байдалтай байна. Чи н.Огиноод хэлчих” гэсэн. Харин н.Цоожоо өөдөөс “угаасаа бид хэд бөөнөөрөө наад давсны булаг уруу явах гэж байна. Тэнд очоод эргээд залгая” гэж хэлээд над руу эргэж залгахгүй 15:00 цагт ажилдаа явах цаг болоод ажил руугаа явсан... Намайг талийгаачийн гэрт ороход хашаанд өөр хүн байгаагүй. Талийгаачийнх манай гэрээс ертөнцийн зүгээр хойд талд хоёр айлын зайтай байдаг...” гэх мэдүүлэг /хх.1.61-63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбаатарын өгсөн: “... Би Тыг таньдаг. Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ирэхэд Т, Отгонбаярын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд Батцоож, Отгонбаяр бид дөрөв 12 цагийн орчим 2 шил 0.75 л архи уугаад Отгонбаярын гэрт унтаж амарсан, тэгээд 05 сарын 27-ны өглөө сэрэхэд байхгүй байсан бөгөөд Отгонбаяраа Т хаашаа явсан талаар асуухад өчигдөр буюу 05 сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим гэр лүүгээ ганцаараа явсан гэж хэлсэн... 05 сарын 27-ны өглөө Отгонбаяр бид 2 гэрээс гарч П.Эрхэмбаярын хашаанд ороход хаалга нь хаалттай байсан тул гэрийн хаалгыг нээхэд амь хохирогч гэрийн үүд хэсэгт дээшээ харсан, толгой нь ертөнцийн зүгээс дээш харсан байдалтай хэвтэж байсан тул гарч үл таних хүний утсаар дүү Ариунзулын 96062425 дугаарын утсанд залгахад утсаа авахгүй байсан. Буцаж хашаанд орж гэрийн зүүн талд байх Батцоожийн байшин цоожгүй байсан тул дотогш ороход байшин хүнгүй байсан тул зочны өрөөнд орон дээр унтсан, тэгээд нэг сэрэхэд Алтанзул, Отгонбаярын эхнэр Баттулга нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.1.66/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Отгонбаярын өгсөн: “... Би Жавхаагийн гэрт түүний найзын хамт Батбаатарын хамт архи уусан, тэгээд 14 цагийн орчим БЗД-н 16-р хороо, Саруул тэнгэрт байх гэр лүүгээ явна гэж хэлээд гарсан. Гэхдээ хаашаа явсан мэдэхгүй... Батбаатар амь хохирогчтой хэвийн харилцаатай... хүргэн ах Батбаатар, баз Батцоож, нар ирсэн, тэгээд хадам аав Т бид нар 2 шил “хараа” нэртэй архи уугаад 2 шил архи ууж дуусахад хадам аав, Т 21 цагийн үед харьж амарлаа гээд манайхаас ганцаараа гараад явсан, бид ч унтаж амарсан. Тын нүүр болон ил харагдах хэсэгт ямар ч шарх сорви маажсан, самардуулсан зүйл байгаагүй... гайгүй байсан, өөрөө “харьж амарлаа” гээд босоод гараад явж байсан гэхээр их согтоогүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх.1.70-71/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Баасанжавын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1503 дугаартай:

1. Талийгаач П.Эрхэмбаярын цогцост ховч ясны баруун, зүүн эврийн зөрүүтэй хугарал, гялтан, зөөлөн эдийн цус хуралт, эрүүний баруун, зүүн булангийн хоёрлосон зөрүүтэй хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, тархины баруун тал, бөмбөлгийн зулай, чамархай дух, дагзны дэлбэн, зүүн талын бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /15.0гр/, баруун, зүүн, жолоо булчин, бамбай булчирхайн эд, хүзүүний 3,4,5-р нугалмын гялтанд цус хуралт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завж, зүүн хөхлөг сэртэнд шарх, баруун зүүн дээд доод зовхи, завж баруун чамархай зулайн хуйханд цус хуралт, эрүү, хүзүү, цох, цээж, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.3. Учирсан гэмтлүүд амьд үед үүссэн шинэ гэмтэл байна. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд 3.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна

4. Талийгаач нь рефлексийн бүсийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.77-82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Э.Баасанжавын өгсөн: “... 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 20 цаг 20 минутад талийгаачийн цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 13-15цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ... рефлексийн бүсийн гэмтэл буюу ховч ясны баруун, зүүн эврийн зөрүүтэй хугарал, гялтан, зөөлөн эдийн цус хуралт, эрүүний баруун зүүн булчингийн хоёрлосон зөрүүтэй хугарал, булчин, зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь тухайн хэсэгт өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой, Мөн эрүү ясны булчингийн зөрүүтэй хугарал гэмтэл нь гараар цохих үед болон өшиглөх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.1.89-92/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1968 дугаартай дүгнэлт /хх.1.95-96/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1969 дугаартай дүгнэлт /хх.1.103-123/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3020 дугаартай дүгнэлт /хх.1.132-133/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3021 дугаартай дүгнэлт /хх.1.137-139/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7826 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх.1.154-155/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 667 дугаартай: “... Б.Т гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. Б.Т нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож мэдэх, удирдах чадвартай байсан байна... үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хх.158-159/,

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.163/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.1.171/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Тын яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын сүүлээр хүргэн Батцоож, охин Т.Батзаяа нарын хамт Өмнөговь аймгийн Хүрмэн сум руу яваад, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, охин Т.Баттулга, хүргэн Э.Отгонбаяр нарын гэрт нь 3 хоносон. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин Т.Баттулга Алдарт эхийн одон аваад, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр найр хийнэ гээд бүгд явцгаасан. Би ганцаараа охин Т.Баттулгын гэрт үлдээд “Хараа" нэртэй 0 5 литрийн 1 шил архи ганцаараа уусан. Орой хүүхдүүд найраас ирээд би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 61-847 тоот гэртээ буюу бага охин Т.Батзаяагийн гэр лүү 21:00 цаг болж байхад ганцаараа очиж хонохоор явсан. Дээрх хашаанд манай худ болох П.Эрхэмбаяр ганцаараа монгол гэрт амьдардаг юм. Би очихдоо “Хараа” нэртэй 0.75 литрийн архи авч очсон. Намайг худ П.Эрхэмбаярын гэрт очиход нэлээн согтуу байсан ба миний авч очсон архийг бид хоёр хоёулхнаа уугаад сууж байхад талийгаач П.Эрхэмбаяр намайг Өмнөговь аймгаас ирэхдээ Гоёоны архи авч ирнэ гэсэн яагаад авч ирээгүй юм гэж хэлээд надад үг хаяж эхэлсэн. Тэрнээс нь болоод бид хоёр хоорондоо маргалдаж эхлэхэд талийгаач П.Эрхэмбаяр намайг эхэлж нүүрэнд тус газарт гараараа маажаад зүүн шанаа руу цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж зөрүүлээд зүүн гараараа баруун шанаанд нь эхлээд нэг удаа алгадсан. Дараа нь зүүн гараараа баруун шанаа хэсэгт 3 билүү 4 удаа цохисон. Тэгсэн П.Эрхэмбаяр миний хэвлий, баруун, зүүн мөр хэсэгт гараараа хэдэн хэдэн удаа цохиод байсан учраас би П.Эрхэмбаярын цээж рүү түлхээд Монгол гэрийн зуухны урд тал руу түлхэж унагахад П.Эрхэмбаяр Монгол гэрийн хаалга руу мөлхөж байхад нь би араас нь очоод хажуу талаас өшиглөөд гэрээс гараад хашаанд байх байшиндаа ороод хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 07:00 цагт сэрээд П Эрхэмбаярын гэрт ороход үүдэндээ дээшээ хараад унасан байсан П.Эрхэмбаярыг тийм байдалтай байхад нь цочирдоод гэрээс нь гарч яваад гар утас олж хүүхэд Э.Отгонбаярт хэлье гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх.1.172-174/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” захирамж /хх.1.186-188/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 421 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” захирамж /хх.1.189-194, 208-210, 216-218, хх.2.16-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батцоожийн өгсөн: “... Тухайн өдөр Отгонбаяр ахын гэрт хадам аав Т, Батбаатар ах, Отгонбаяр ах бид эхнэрүүдийн хамт тэдний гэрт цайллагын дараа бүгд байсан болохоор ууцгаасан юм. Тухайн өдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны орой нэлээн орой болтол ууцгаасан харин эхнэрүүд эртхэн амарцгаасан. Хамгийн сүүлд оройхон Отгонбаяр ахын гэрт хадам аав Т, Батбаатар ах, Отгонбаяр ах бид 4 ууж байхад хадам аав 21 цагийн үед гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. Тэгээд бид 3 орой хүртэл сууж байгаад архиа дуусгаад тэндээ амарцгаасан... Тын нүүр болон ил харагдах хэсэгт ямар ч шарх сорив, маажсан, самардуулсан зүйл байгаагүй. Тухайн үед гарч явахдаа бид дөрөв 2 шил 0.75 гр архи хувааж уусан болохоор их согтоогүй байсан байх...” гэх мэдүүлэг /хх.1.213-214/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Л.Алтанцэцэгийн өгсөн: “... хумсны завсраас арьс үс илрэхгүй байх боломжтой. Шинжилгээ хийгээд ирүүлсэн хумснуудыг 10 дахин өсгөгч шилээр харахад арьс үс илрээгүй, өсгөгч шил 10 дахин томруулж байгаа учир арьс байсан бол томорч харагдах байсан...” гэх мэдүүлэг /хх.1.237/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3028 дугаартай: “... шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх дээж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн цус нь ДНХ тогтцоороо 3021 дугаартай дүгнэлтэд тусгасан П.Эрхэмбаярын гэх хатаасан цусны ДНХ тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт /хх.1.240- 241/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 957 дугаартай: “... гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна... Б.Т нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна...” гэх дүгнэлт /хх.2.12-14/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Түвшинбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх.1.195-196, шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 61 дүгээр гудамжны 847 тоотод иргэн П.Эрхэмбаяртай үл ялих зүйлээс болж маргалдан, улмаар зүүн гараараа шанааны тус газарт 4 удаа, нүүр хэсэгт 4-5 удаа өшиглөж алсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.07/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.09-17/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.18-22/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.24-29/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.34-38/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ариунзулын өгсөн: “... Би ажлаа тараад талийгаач аавынхаа гэрт иртэл гэрийнхээ дотор талд үүдний хэсэгт ам нь ангайчихсан дээш харсан шалан дээр хэвтэж байсан... намайг биед нь хүрэхэд хөшсөн хатуу байсан...” гэх мэдүүлэг /хх.1.42-44, хх.2.225-226/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баттулгын өгсөн: “... манай төрсөн дүү Т.Батбаяр залгаад “танай хадам аав чинь нас барсан юм шиг байна” гээд “аав Б.Т яриад байна” гэхээр нь би хадам дүү Э.Ариунзул бид 2 гэрт нь иртэл манай хадам аавын гэр онгорхой, үүдний хэсэгтээ хадам аав хөшчихсөн байдалтай, байхаар нь би нас барсан гэж бодоод цагдаа түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх.1.47-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Батзаяагийн өгсөн: “... “Отгонбаяр ахын аав нас барсан гэж аав Т ирж хэлсэн” гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх.1.52-53/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дүгэржавын өгсөн: “... Монгол гэрийн хаалгыг дөнгөж татаад хартал өвгөн /нэрийг нь мэдэхгүй/ гэрийнхээ хаалганы үүдэнд ертөнцийн зүгээр зүүн зүгт толгой чиглэсэн, зүүн гараа гэдэс нь дээрээ авч дээш харсан байдалтай нүүр хэсэг нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.61-63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батбаатарын өгсөн: “... Би 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ирэхэд Т, Отгонбаярын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд Батцоож, Отгонбаяр бид дөрөв 12 цагийн орчим 2 шил 0.75 л архи уугаад Отгонбаярын гэрт унтаж амарсан, тэгээд 5 сарын 27-ны өглөө сэрэхэд байхгүй байсан бөгөөд Отгонбаяраа Т хаашаа явсан талаар асуухад өчигдөр буюу 05 сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим гэр лүүгээ ганцаараа явсан гэж хэлсэн... 05 дугаар сарын 27-ны өглөө Отгонбаяр бид 2 гэрээс гарч П.Эрхэмбаярын хашаанд ороход хаалга нь хаалттай байсан тул гэрийн хаалгыг нээхэд амь хохирогч гэрийн үүд хэсэгт дээшээ харсан, толгой нь ертөнцийн зүгээс дээш харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.66/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Баасанжавын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1503 дугаартай:

1. Талийгаач П.Эрхэмбаярын цогцост ховч ясны баруун, зүүн эврийн зөрүүтэй хугарал, гялтан, зөөлөн эдийн цус хуралт, эрүүний баруун, зүүн булангийн хоёрлосон зөрүүтэй хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, тархины баруун тал, бөмбөлгийн зулай, чамархай дух, дагзны дэлбэн, зүүн талын бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /15.0гр/, баруун, зүүн, жолоо булчин, бамбай булчирхайн эд, хүзүүний 3,4,5-р нугалмын гялтанд цус хуралт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завж, зүүн хөхлөг сэртэнд шарх, баруун, зүүн дээд, доод зовхи, завж, баруун чамархай зулайн хуйханд цус хуралт, эрүү, хүзүү, цох, цээж, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.3. Учирсан гэмтлүүд амьд үед үүссэн шинэ гэмтэл байна. Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1,9-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цусанд 3.5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна

4. Талийгаач нь рефлексийн бүсийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.77-82/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч Э.Баасанжавын өгсөн: “... 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 20 цаг 20 минутад талийгаачийн цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 13-15 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ... рефлексийн бүсийн гэмтэл буюу ховч ясны баруун, зүүн эврийн зөрүүтэй хугарал, гялтан, зөөлөн эдийн цус хуралт, эрүүний баруун, зүүн булчингийн хоёрлосон зөрүүтэй хугарал, булчин, зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь тухайн хэсэгт өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой, Мөн эрүү ясны булчингийн зөрүүтэй хугарал гэмтэл нь гараар цохих үед болон өшиглөх үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх.1.89-92/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Э.Баасанжавын 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3021 дугаартай дүгнэлт /хх.1.137-142/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 667 дугаартай дүгнэлт /хх.1.158-159/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Тын яллагдагчаар өгсөн: “... талийгаач П.Эрхэмбаяр намайг эхэлж нүүрэнд тус газарт гараараа маажаад зүүн шанаа руу цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж зөрүүлээд зүүн гараараа баруун шанаанд нь эхлээд нэг удаа алгадсан. Дараа нь зүүн гараараа баруун шанаа хэсэгт 3 билүү 4 удаа цохисон. Тэгсэн П.Эрхэмбаяр миний хэвлий, баруун, зүүн мөр хэсэгт гараараа хэдэн хэдэн удаа цохиод байсан учраас би П.Эрхэмбаярын цээж рүү түлхээд Монгол гэрийн зуухны урд тал руу түлхэж унагахад П.Эрхэмбаяр монгол гэрийн хаалга руу мөлхөж байхад нь би араас нь очоод хажуу талаас өшиглөөд гэрээс гараад хашаанд байх байшиндаа ороод хоносон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 07:00 цагт сэрээд П Эрхэмбаярын гэрт ороход үүдэндээ дээшээ хараад унасан байсан П.Эрхэмбаярыг тийм байдалтай байхад нь цочирдоод...” гэх мэдүүлэг /хх.1.172-174/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 3028 дугаартай: “... шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх дээж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн цус нь ДНХ тогтцоороо 3021 дугаартай дүгнэлтэд тусгасан П.Эрхэмбаярын гэх хатаасан цусны ДНХ тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт /хх.1.240- 241/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 957 дугаартай: “... гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна... Б.Т нь тухайн үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна...” гэх дүгнэлт /хх.2.12-14/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Тыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч П.Эрхэмбаярын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “ховч ясны баруун, зүүн эврийн зөрүүтэй хугарал, гялтан, зөөлөн эдийн цус хуралт, эрүүний баруун зүүн булангийн хоёрлосон зөрүүтэй хугарал, булчин зөөлөн эдийн цус хуралт, тархины баруун тал, бөмбөлгийн зулай, чамархай дух, дагзны дэлбэн, зүүн талын бөмбөлгийн чамархай, духны дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /15.0гр/, баруун, зүүн, жолоо булчин, бамбай булчирхайн эд, хүзүүний 3,4,5-р нугалмын гялтанд цус хуралт, 2 хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун завж, зүүн хөхлөг сэртэнд шарх, баруун зүүн дээд доод зовхи, завж баруун чамархай зулайн хуйханд цус хуралт, эрүү, хүзүү, цох, цээж, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1,9-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарч байна.

Б.Т нь иргэн П.Эрхэмбаярын амь насыг хохироосон үйлдэл нь “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй, харин Б.Т өөрт нь хүч хэрэглэсэн, хүндээр доромжлогдсон, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх тухай дүгнэлтийг түүний өмгөөлөгч гаргасан боловч шүүгдэгч санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т нь хохирогч П.Эрхэмбаярын амь насны эсрэг халдсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Б.Тын гэмт үйлдлийн улмаас хохирогч П.Эрхэмбаярыг алсан гэмт үйлдэл болон хохирогч нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунзул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Таас жич нэхэмжлэх эрхтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Т гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Б.Тд 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.Тд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүссэн боловч хүний амь нас хохирсон гэмт хэргийн хор уршиг арилах боломжгүй, мөн талийгаачийн оршуулгын зардлаас шүүгдэгч огт төлөөгүй байх тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

          Бусад асуудлаар:

Б.Тын 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 217 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Тыг урьд нь цагдан хорьсон 217 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунзул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн боловч тэрээр энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Таас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                             С.ӨСӨХБАЯР

                             ШҮҮГЧИД                            Э.ОЮУНТУНГАЛАГ

                                                                               Д.ШИНЭХҮҮ