| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0022/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/34 |
| Огноо | 2022-12-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/34
2022 12 30 2023/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч В.Б,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Год холбогдох 2203 00658 0608 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1967 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 39-598 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хн овогт Бийн Г /РД: /.
Хэргийн товч агуулга:
Б.Г нь “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран 13-347 тоот хашаанд 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Тоуоta Аqua маркийн 16-80 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” Гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 87 настай, эрэгтэй Д.Сүхбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-09/,
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сүхбаатарын өгсөн: “... Би 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 17 цагийн үед Нарантуул захын гадна талд охиныхоо машинд сууж байсан. Тухайн үед манай охин Батжавхлан намайг хүлээж байгаарай гэж хэлээд зах руу орсон байсан. Тухайн үед манай охины машин Нарантуул захын хойд талд төлбөртэй зогсоолд зогсож байсан, тухайн хашаатай зогсоолын зүүн талд зогсож байсан, би машинаас буугаад 00 орж биеэ засах гээд машинаас гартал тухайн 00 хашааны баруун талд байсан. Тэгээд би баруун тийшээ алхаж яваад 00 орчхоод буцаад гараад иртэл зогсоолын хашаанаас нэг жижиг цагаан автомашин гарах гээд зогсож байсан. Тэгээд би тухайн автомашины хойд талаар нь тойрон гарах үед нөгөө автомашин ухраад хойд талаараа намайг мөргөөд газарт унагасан... жолооч Г миний биед хийлгэж байгаа эмчилгээний бусад зардалд нийт 4.700.000 төгрөг хохирол барагдуулж өгсөн. Миний зүгээс одоо ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх хохирол байхгүй...энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.15, 17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхтуяагийн өгсөн: “... Би 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр нөхөртэйгөө хамт Нарантуул зах орсон, машины зогсоол олдохгүй байсан учир захын хойд талд төлбөртэй зогсоолд машинаа тавьчхаад зах руу ороод юмаа авч дуусаад буцаад гэр лүүгээ харих гээд машиндаа суугаад манай нөхөр Г машинаа бариад хашаанаас гарах гэтэл машин дугуй хий эргээд хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь манай нөхөр жоохон ухрах үед машины хойд талд түг гээд дугарсан тэгэхээр нь машинаа зогсоогоод буугаад хартал машины хойд талд нэг хөгшин эрэгтэй хүн газарт сууж байсан. Тэгэхээр нь би та машин ухарч байхыг хараагүй юм уу гэтэл тухайн үед юм хэлэхгүй байсан. Тэгээд удалгүй 103-н эмч ирж нөгөө машинд мөргүүлсэн хөгшин эрэгтэйг үзээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын гэрчээр өгсөн: “... Би 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 17 цагийн үед Нарантуул зах ороод зогсоол олдохгүй машинаа захын хойд талд төлбөртэй зогсоолд тавьчихсан байсан. Ажиг дуусаад буцаад зогсоолоос хөдлөөд хашааны хаалгаар гарах гэтэл урд дугуй хий эргэсэн. Тэгэхээр нь жоохон ухарч байгаад урагшаа хүчтэйхэн гарчихна гэж бодоод хойшоогоо жоохон ухраад зогссон, тэгтэл тэнд байсан хашааны харуул эмэгтэй та хүн мөргөчихлөө гэж хэлсэн, тэгэхээр нь би машинаас буугаад хартал миний машины хойд талд нэг хөгшин ах газарт сууж байсан. Тэгээд яваад очтол намайг мөргөчихлөө гэж хэлсэн, тэгэхээр нь би сая толинд харсан юу ч надад харагдсангүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хөгшин би амжих байх гэж бодоод гүйчихлээ гэж хэлж байсан. Удалгүй хүүхэд нь гээд нэг эмэгтэй хүрээд ирээд 102 болон 103 луу дуудлага өгсөн, хэсэг хугацааны дараа эмнэлэг ирээд нөгөө хөгшин хүнийг үзээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд явсан. Араас нь цагдаагийн газраас бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хэмжилт хийсэн. Миний машиныг түр саатуулах байранд хүргүүлсэн. Тэгээд нөгөө хөгшинтэй хамт хүүхдийнх нь машинаар Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн....” гэх мэдүүлэг /хх.27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14339 дугаартай:
“1. Д.Сүхбаатарын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.29-30/,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх.37/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн Шинжээчийн дүгнэлт /хх.38-43/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Жавхлангийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1322 дугаартай “ Тоуоtа Аqua маркийн 16-80 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Бийн Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 2. Явган зорчигч Дэмчигжавын Сүхбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэх магадалгаа /хх.46/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.50-52/,
Яллагдагчид эрх үүрэг, тайлбарласан баталгаа /хх.55/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Д.Сүхбаатарыг зам тээврийн осолд орсон өдрөөс хойш одоог хүртэл бүх эмчилгээг хийлгэж өгсөн, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд өдрийн 2 хоол зөөж өгч байсан. Мөн эмнэлгээс гарсны дараа хохирогчийг сувилалд хэвтүүлж эмчлүүлсэн, нийт одоогийн байдлаар 4.700.000 төгрөгийн хохирол барагдуулж, хохирогчийг ямар нэгэн гомдолгүй болгосон байгаа...” /хх.57/,
Хохирогчийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний хийлгэсэн баримт /хх.73-75/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 3.879.400 төгрөгийг нөхөн төлүүлж өгнө үү. ....” /хх.78/,
Шүүгдэгч Б.Гын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.83/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.84/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Гэрч Г.Энхтуяагийн мэдүүлэг /хх.19/,
Гэрч Н.Оюунчимэгийн мэдүүлэг /хх.24/,
Шүүгдэгч Б.Гын иргэний үнэмлэхийн хуулбар /хх.28/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.60/,
Хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.61-68/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Б.Г нь “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран 13-347 тоот хашаанд 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Тоуоta Аqua маркийн 16-80 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” Гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 87 настай, эрэгтэй Д.Сүхбаатарыг мөргөж эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулсан болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-09/,
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх.10-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Сүхбаатарын өгсөн: “... би тухайн автомашины хойд талаар нь тойрон гарах үед нөгөө автомашин ухраад хойд талаараа намайг мөргөөд газарт унагасан...” гэх мэдүүлэг /хх.15, 17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхтуяагийн өгсөн: “... Би 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр нөхөртэйгөө хамт Нарантуул зах орсон, машины зогсоол олдохгүй байсан учир захын хойд талд төлбөртэй зогсоолд машинаа тавьчхаад зах руу ороод юмаа авч дуусаад буцаад гэр лүүгээ харих гээд машиндаа суугаад манай нөхөр Г машинаа бариад хашаанаас гарах гэтэл машин дугуй хий эргээд хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь манай нөхөр жоохон ухрах үед машины хойд талд түг гээд дугарсан тэгэхээр нь машинаа зогсоогоод буугаад хартал машины хойд талд нэг хөгшин эрэгтэй хүн газарт сууж байсан. Тэгэхээр нь би та машин ухарч байхыг хараагүй юм уу гэтэл тухайн үед юм хэлэхгүй байсан. Тэгээд удалгүй 103-н эмч ирж нөгөө машинд мөргүүлсэн хөгшин эрэгтэйг үзээд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх.19/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14339 дугаартай:
“1. Д.Сүхбаатарын биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.29-30/,
Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх.37/,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн Шинжээчийн дүгнэлт /хх.38-43/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Жавхлангийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1322 дугаартай “магадалгаа /хх.46/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөвөөр хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Д.Сүхбаатарыг зам тээврийн осолд орсон өдрөөс хойш одоог хүртэл бүх эмчилгээг хийлгэж өгсөн, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд өдрийн 2 хоол зөөж өгч байсан. Мөн эмнэлгээс гарсны дараа хохирогчийг сувилалд хэвтүүлж эмчлүүлсэн, нийт одоогийн байдлаар 4.700.000 төгрөгийн хохирол барагдуулж, хохирогчийг ямар нэгэн гомдолгүй болгосон байгаа...” /хх.57/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч С.Сүхбаатарын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн далд хугарал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Гын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.
Б.Г нь иргэн С.Сүхбаатарын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Шүүгдэгч Б.Гыг гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Сүхбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Г нь хохирогч С.Сүхбаатарт 4.700.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжилсэн 3.879.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хохирогч С.Сүхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Гоос жич нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Б.Г гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Б.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, яллагдагч тус саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Б.Гын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Год эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Год оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Б.Год урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хн овогт Бийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Год 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Год оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Год сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Сүхбаатарт 4.700.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Гоос 3.879.400 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Хохирогч С.Сүхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Гоос жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Год урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР