Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

 

 

 

 

 

2023         01          04                                        2023/ШЦТ/42

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч А.Өсөхбаяр,

Хохирогч С.Түвшинжаргал, түүний өмгөөлөгч И.Хонгор /ҮД:2456/,

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Хт холбогдох 2206 05159 3757 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров суманд 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамтаар Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд 6 дугаар баг, Салхитын 1 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ үе хотхоны 102 дугаар байрны 19 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ггийн Х /РД: /.

Хэргийн товч агуулга:

Г.Х нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Үе хотхоны 102 дугаар байрны 1 давхарт байрлах хүнсний дэлгүүрийн гадна талбайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Түвшинжаргалтай маргалдаж, түүний хацар, шанаа хэсэгт гараараа удаа дараа цохиж, биед нь зүүн дээд 1-р шүдний хугарал, уруулын шарх, зүүн хөмсөгт цус хуралт, баруун хацрын зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хын өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Түвшинжаргалын өгсөн мэдүүлэгтээ: “... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ажлынхантайгаа нэг газар сууж байгаад согтоод ирэхээр нь гэр лүүгээ харих гээд явсан. Гэрийнхээ үүдний 1 давхрын дэлгүүрт ундаа авах гэж ороход Х зогсож байсан. Дэлгүүрийн хүнтэй мэнд мэдчихээд “ахын дүү хажуугаар чинь зөрье” гэж хэлсэн чинь “тойроод гарчих” гээд тэгээд маргалдсан. Маргалдаж байгаад намайг түрүүлээд цохисон. Би нэг цохих гэж оролдсон хий цохисон, оноогүй, барьцалдаж аваад түлхээд цаашаагаа дэлгүүрийн бараа нураасан. Дэлгүүрийн хүн уурлаад гар гэсэн, гадаа гараад дахиад маргалдсан. Гэрийн гадаа эхнэр гараад ирсэн байсан. Эхнэрийн нүдэн дээр нэлээн хэд цохиж унагаасан гэж байсан. “Чамайг алж чадахгүй бол гэр бүлээр чинь оролдоно” гээд гэр лүүгээ ороод шил хүртэл бариад гарч ирсэн. Цагдаа ирж байхад цагдаатай зодно гэсэн, цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй, харилцааны доголдолтой байх гэж бодож байна. Намайг дандаа гараараа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй, санахгүй байна. Уруул сэтэрсэн, урд талын шүд байхгүй, шүүх эмнэлгийн дүгнэлт таарч байгаа...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Түвшинжаргалын өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шинэ-Үе хотхоны 102 дугаар байрны 1 давхарт байрлах хүнсний дэлгүүр лүү орсон бөгөөд үүд хэсэгт нь үл таних залуу зам хаагаад зогссон байсан тул би түүнийг холдоорой гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу замаас холдохгүй надтай хэрүүл маргаан хийж байгаад гараараа нэг удаа миний уруул хэсэг рүү ... миний дээд уруул хэсэгт гараараа нэг удаа цохиж дээд уруул язалсан. Мөн хацар шанаа хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон...”  гэх мэдүүлэг /хх.07-08/,  

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хын гэрчээр өгсөн: “... Би маргалдаж байхдаа түүний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Гэтэл амнаас нь цус гарсан байсан... би уурласандаа тэр залууг дахин нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиж газарт унагасан...” гэх мэдүүлэг /хх.12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хулангийн өгсөн: “... Намайг дэлгүүр дотор байхад Г.Х тэр ахын баруун билүү зүүн шанаанд нь цохисон, харин нөгөө ах Хыг нэг удаа түлхээд унагаасан, өөрөөр миний хажууд тэр хоёр бие биеэ зодож цохисон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Билгүүний өгсөн: “... хоёулаа халамцуу байх шиг байсан. Тэгээд арай залуу царайтай залуу, нөгөө залуугийнхаа нүүрний хэсэгт цохиж унагаад дахиж зодох гэж дайрахаар нь би дундуур нь ороод салгах гэтэл дийлдэхгүй болохоор нь өөрийн гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Цохиулж газар унасан залуугийн ам хамраас нь цус гарчихсан байсан ба би “цагдаа дуудчихлаа” гэж хэлэхэд цагдаатай чинь хамт зодно шүү гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Одбаярын өгсөн: “... Манай байрны Түвшинжаргал гэх залуу гаднаас орж ирээд Х гэх залуугийн хажуугаар зөрье гэж хэлэхэд Х гэх залуу нь “өөрөө хажуугаар гараад явахгүй юу” гэж хэлснээс болж тухайн хоёр залуу маргалдаж эхэлсэн бөгөөд Х гэх залуу хэрэлдэж байгаад гэнэт нөгөө залуугийн нүүр лүү цохисон. Тэгтэл Түвшинжаргал гэх залуу зөрүүлж цохисон боловч хий цохисон. Х нь дахиж нүүр лүү нь цохиж аваад барьцалдаад авахаар нь би дундуур нь орж салгаад Түвшинжаргал гэх залууг гаргаж явуулсан боловч эргэж орж ирээд дахиж барьцалдаж аваад Х гэх залуу нь дахиад Түвшинжаргалын нүүр лүү 2 удаа цохисон, харин би уурлаад “дэлгүүрээс гарцгаа” гэж хэлэхэд Түвшинжаргал гэх залуу түрүүлж гараад араас нь Х гэх залуу гарсан...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13856 дугаартай:

“1. С.Түвшинжаргалын биед зүүн дээд 1-р шүдний хугарал, уруулын шарх, зүүн хөмсөгт цус хуралт, баруун хацрын зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р тогтонги алдуулна” гэх дүгнэлт /хх.33-34/,

“Хатагтай-Дент” шүдний эмнэлгийн үзлэгийн хийсэн эмчийн тэмдэглэл /хх.35/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.38-40/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.42/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хын яллагдагчаар өгсөн: “... Миний хувьд тэр залууг гадаа байхдаа нүүрэнд нь 2 удаа цохисон бөгөөд эхний цохилт дээр шүд хугарчихлаа гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх.43/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.57-58/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.59/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас /хх.46-55, шинээр гаргасан эмчилгээний 3 ширхэг, 1 хуудас баримт/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Г.Х нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ-Үе хотхоны 102 дугаар байрны 1 давхарт байрлах хүнсний дэлгүүрийн гадна талбайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Түвшинжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Түвшинжаргалын өгсөн: “... миний дээд урууд хэсэгт гараараа нэг удаа цохиж дээд уруул язалсан. Мөн хацар шанаа хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон...”  гэх мэдүүлэг /хх.07-08/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Хулангийн өгсөн: “... Г.Х тэр ахын баруун билүү зүүн шанаанд нь цохисон...” гэх мэдүүлэг /хх.26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Билгүүний өгсөн: “... арай залуу царайтай залуу нөгөө залуугийнхаа нүүрний хэсэгт цохиж унагаад... Цохиулж газар унасан залуугийн ам хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Одбаярын өгсөн: “... Х гэх залуу хэрэлдэж байгаад гэнэт нөгөө залуугийн нүүр лүү цохисон... Х гэх залуу нь дахиад Түвшинжаргалын нүүр лүү 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Амартүвшиний 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13856 дугаартай:

“1. С.Түвшинжаргалын биед зүүн дээд 1-р шүдний хугарал, уруулын шарх, зүүн хөмсөгт цус хуралт, баруун хацрын зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Нэг шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5%-р тогтонги алдуулна” гэх дүгнэлт /хх.33-34/,

“Хатагтай-Дент” шүдний эмнэлгийн үзлэгийн хийсэн эмчийн тэмдэглэл /хх.35/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Түвшинжаргалын өгсөн: “... Маргалдаж байгаад намайг түрүүлээд цохисон... Эхнэрийн нүдэн дээр нэлээн хэд цохиж унагаасан гэж байсан... Намайг дандаа гараараа цохисон... Уруул сэтэрсэн, урд талын шүд байхгүй, шүүх эмнэлгийн дүгнэлт таарч байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Хын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Хыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Хохирогч С.Түвшинжаргалын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн дээд 1-р шүдний хугарал, уруулын шарх, зүүн хөмсөгт цус хуралт, баруун хацрын зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Х нь хохирогч С.Түвшинжаргалын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

          Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Г.Х нь иргэн С.Түвшинжаргалын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Г.Хын гэмт үйлдлийн улмаас хохирогч С.Түвшинжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Хохирогч С.Түвшинжаргалын баримтаар нэхэмжилсэн имплант шүдний зардлын 5.050.000 төгрөг, гавал тархины компьютер томографийн 130.000 төгрөг, эмчилгээний 80.000 төгрөг, нийт 5.260.000 төгрөгийг шүүгдэгч Г.Хаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Мөн хохирогч С.Түвшинжаргал энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Хаас жич нэхэмжлэх эрхтэй юм.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Г.Х гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Г.Хын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Хт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Хт оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди 1 ширгийг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Г.Хт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогтой Ггийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хт 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Хт сануулсугай.         

          4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Си-Ди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Хаас 5.260.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Түвшинжаргалд олгосугай.

          7. Хохирогч С.Түвшинжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Хаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Хт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР