| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/45 |
| Огноо | 2023-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/45
2023 01 05 2023/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч М.Отгонжаргал,
Хохирогч Н.Минжинсор,
Шүүгдэгч О.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Үд холбогдох 2206 00000 3687 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 2003 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар их сургуулийн Сэтгэл судлалын 2 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Цагаан овоо сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Оын Ү /РД:/.
Хэргийн товч агуулга:
О.Ү нь 2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорго хотхоны 11 дүгээр байрны 4 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, найз Н.Минжинсортой хэрүүл маргаан хийх явцдаа нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ү өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр ангийнхантайгаа Батмагнайн ахынх нь гэрт очоод хамт байсан. Тэгээд шөнийн 04 цагийн үеэр би урд өрөөнөөс хойд өрөөнд орж охидоороо хамт унтах гэсэн юм. Тухайн үед Минжинсор бид хоёр хойд өрөөнд үлдчихсэн байсан ба Хүслэн хөнжил хайх гээд урд өрөө лүү орсон байсан. Хүслэнг хөнжил хайх гээд жоохон удсан чинь Минжинсор жоохон уурлаад явлаа гээд байхаар нь би яах юм бэ шөнө болж байна, маргааш өглөө 6, 7 цагийн үед эртхэн босоод явчих гэсэн чинь Минжинсор би явна л гэсэн бол явна гээд байхаар нь би за тэгвэл яв гэсэн чинь Минжинсор босоод үүд рүү явсан. Тэгсэн чинь Хүслэн Минжинсорын араас очсон. Тэгсэн Минжинсор Хүслэнд хандан Үүрээ сая намайг зайл гээд хөөсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод Минжинсорд хандан би чамайг зайл гэж хөөгөөгүй шүү дээ гээд бид хоёрын дунд жоохон үл ойлголцол гарсан. Тухайн үед Энхтулга бид хоёрын дунд байсан. Эхлээд намайг түлхсэн гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Үүнд тайлбар хэлэхэд би түлхээгүй, Энхтулга бид хоёрын дунд байсан болохоор хойшоо явахдаа Минжинсорыг түлхсэн гэж би ойлгож байгаа. Тэгээд Минжинсор эхлээд намайг өшиглөхөөр нь би гараа савсан чинь Минжинсорын зүүж байсан нүдний шилэн дээр нь оночихсон. Ийм л зүйл болсон...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Минжинсор өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр манай сумын тэмцээн болоод манай ангийн охид, хөвгүүд мөнгөн медаль, хүрэл медаль авсан. Тэгээд Батмагнайн ахынх нь гэрт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би маргааш нь илтгэл тавих, бие даалттай байсан. Тийм болохоор би эртхэн явъя гэж бодсон юм. Манай байр яг 05 цаг 30 минут гэж онгойдог. Тэгээд явъя гэсэн чинь Хүслэн араас ирээд битгий яв гэсэн. Би явах гээд гутлаа өмсөж байсан чинь Үүрээ араас нь ирээд хар шөнөөр битгий яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би явна гээд байж байсан чинь Үүрээ за тэгвэл зайлбал зайлахгүй юу даа гэж хэлсэн. Тэгж хэлчхээд жижиг өрөө лүү оронгуут нь би Хүслээд хандан Үүрээ намайг зайл гэж байна гээд хэлсэн. Тэгсэн чинь Үүрээ ирээд би чамайг зайл гэж хэлсэн юм уу гээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд намайг Үүрээ эхэлж түлхэхээр би зөрүүлээд өшиглөсөн. Тэгсэн чинь Энхтулга голоор орж ирэх үед Үүрээ Энхтулгын суга доогуур нь гараа оруулаад миний нүд рүү цохисон. Тэгсэн чинь миний нүдний шил хагарч нүд рүү маань зоогдсон...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Минжинсорын өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 сарын 23-нд шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 16 хороо, Хорго хотхоны тоот дугаарт байрлалтай ангийн найз Батмагнайн ахынх нь гэрт 10 жилийн ангийн Хүслэн, Тамир, Оюун-Эрдэнэ, Хүдэрмөнх, Ү нарын хамтаар согтууруулах ундаа хэрэглэсэн... шөнийн 04 цагийн орчимд би гэртээ харилаа гэж хэлэхэд Ү явуулах дургүй байсан бөгөөд “яаж ганцаараа явах гээд байгаа юм” гэж хэлж байсан. Тэгснээ удалгүй надад Ү “за за, тэгээд зайлбал зайлахгүй юу” гэхээр нь би Хүслэнд хандаад “Үүрээ намайг зайл гэнээ” гээд хэлсэн чинь хүрч ирээд хэрүүл өдөөд байхаар нь түүнтэй хэрэлдтэл намайг нэг удаа нүүр лүү гараар мангасдахаар нь зөрүүлээд хөл рүү өшиглөтөл бас зөрүүлээд намайг өшиглөсөн. Тэгтэл байрны эзэн Баярмагнайн ах Тулга орж ирээд салгатал Ү нь Тулгын гарынх нь доогуур миний нүүр лүү гараараа нэг удаа цохитол өөрийгөө хамгаалаад үснээс нь зулгаатал миний зүүсэн байсан харааны шил хагараад зовхи руу маань зоогдоод цус гарч эхэлсэн. Тэгсэн чинь Хүслэн ирээд миний нүүрнээс шилийг нь түүгээд цус нь тогтохоор нь тэднийд хоносон... Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны Гэмтэл согог судлалын үндэсний төвд шил түүлгэж, оёдол тавиулсан, томографын зураг авхуулсан. Дараа нь очиж оёдлоо авхуулсан. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт амбулаторийн үзлэг хийлгэсэн. О.Ү нь томографын зураг 120.000 төгрөг, нүдний шил 80.000 төгрөг, өвчин намдаах эм, бусад төрлийн эм зэргийг авч өгсөн, мөнгөн дүнг мэдэхгүй байна, сорвины тос 50.000 төгрөг, эмч нарт хоол авч өгсөн мөнгөн дүнг мэдэхгүй байна, эдгээр төлбөрийг төлж барагдуулсан. Цаашид Синдералла эмнэлэгт лазер эмчилгээ, тарилга, сорвины тос эмчилгээг хийлгэх шаардлагатай гэсэн тул тухайн эмнэлгээс гаргаж өгсөн эмчийн дүгнэлтээр 10.156.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.08-09/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүслэнгийн өгсөн: “... Ү Минжинсорын үгийг сонсоод том өрөөнөөс үүд рүү ирээд “Би чамайг зайл гэж хэлээгүй” гээд тэр хоёрын дунд хэрүүл үүссэн. Тэгээд салгаж болиулах гээд байж байтал Ү нь гараараа Минжинсорын нүд рүү нь шилэн дээр нь цохисон. Минжинсорыг цохих үед шил хагарах чимээ гараад нүдний шил нь газарт унасан. Үг би татаж холдуулаад Минжинсор дээр очтол нүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь ариун цэврийн өрөө лүү аваад орсон. Тэр хоёрыг салгах гээд голд нь Энхтулга байсан ...” гэх мэдүүлэг /хх.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхтулгын өгсөн: “... үүдэнд Минжээ нь Үүрээг “чи намайг зайл гэлээ” гээд маргалдаж байсан. Үүрээ Минжинсортой маргалдаж байгаад хойш түлхсэн. Би “та хоёр яагаад маргалдах гээд байгаа юм бэ” гээд Минжээг тэврээд автал миний хажуугаар Минжээ зүүн хөлөөрөө Үүрээгийн өвдөг хавьд нэг удаа жийсэн. Тэр үед Үүрээ миний гаран доогуур гараараа цохитол Минжээгийн нүүрэн дус газарт нүдний шилэн дээр нь цохиж таарсан ба нүдний шил нь хагараад доошоо унасан ба Минжээ орилоод Үүрээг үснээс нь зулгааж авсан...” гэх мэдүүлэг /хх.13/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Үгийн гэрчээр өгсөн: “... Минжинсор миний хөл рүү намайг өшиглөхөөр нь би баруун гараараа цохихоор савахад түүний нүүр хэсэгт оноод шилийг нь хагалаад хагарсан шил нь арьсыг нь гэмтээчихсэн цус гарч байсан. Тэгээд тэд намайг жижиг өрөө рүү салгаж оруулаад гарч ирээд 00 ортол Минжинсор би чамд зодуулаад зүгээр байж чадахгүй гээд намайг үстсэн. Минжинсор нь үсдээд тавихгүй байхаар нь Батмагнай хүрч ирээд салгасан, би 00 өрөөнөөс дуудаад ир гэж орилоод байсан ба би уурлаж байх үед нь жижиг өрөөнд нуугдаж байгаад удалгүй бүгд тайвшраад амарцгаасан...” гэх мэдүүлэг /хх.17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч А.Маралын өгсөн: “... Минжинсорын эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 229.000 төгрөгийн зардал гарсан тул уг зардлыг О.Үгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 10090020080 дугаартай дансанд төвлөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.20/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Цолмонгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14672 дугаартай:
“1. Н.Минжинсорын биед дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх.01-03/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Үгийн яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна. Би гараараа нүүр хэсэгт хүчтэй савсан чинь нүдний шил нь хагараад зүүн нүдний орчимд зүсэгдсэн байсан. Би рентген зурагт 120.000 төгрөг, эм тарианы мөнгө 95.000, нүдний шил 85.000 төгрөг, сорвины тос 51.000 төгрөг, нийт 351.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх.33/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан тухай зардлын төлбөрийн мэдээлэл /хх.37/,
Хохирогчийн хохирол төлбөрийн баримтууд /хх.45-47/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч О.Үгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэсхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.38-44/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
О.Ү нь 2022 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хорго хотхоны 11 дүгээр байрны 4 тоотод хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, найз Н.Минжинсортой хэрүүл маргаан хийх явцдаа нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.04/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Минжинсорын өгсөн: “... Ү нь Тулгын гарынх нь доогуур миний нүүр лүү гараараа нэг удаа цохитол өөрийгөө хамгаалаад үснээс нь зулгаатал миний зүүсэн байсан харааны шил хагараад зовхи руу маань зоогдоод цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх.08-09/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хүслэнгийн өгсөн: “... Ү нь гараараа Минжинсорын нүд рүү нь шилэн дээр нь цохисон. Минжинсорыг цохих үед шил хагарах чимээ гараад нүдний шил нь газарт унасан. Үг би татаж холдуулаад Минжинсор дээр очтол нүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь ариун цэврийн өрөө рүү аваад орсон...” гэх мэдүүлэг /хх.11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхтулгын өгсөн: “... Үүрээ миний гаран доогуур гараараа цохитол Минжээгийн нүүрэн дус газарт нүдний шилэн дээр нь цохиж таарсан ба нүдний шил нь хагараад доошоо унасан...” гэх мэдүүлэг /хх.13/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Цолмонгийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14672 дугаартай:
“1. Н.Минжинсорын биед дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Үгийн яллагдагчаар өгсөн: “... Би гараараа нүүр хэсэгт хүчтэй савсан чинь нүдний шил нь хагараад зүүн нүдний орчимд зүсэгдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх.33/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Минжинсорын өгсөн: “... Үүрээ Энхтулгын суга доогуур нь гараа оруулаад миний нүд рүү цохисон. Тэгсэн чинь миний нүдний шил хагарч нүд рүү маань зоогдсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Үгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Үг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч Н.Минжинсорын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “биед дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Ү нь хохирогч Н.Минжинсорын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.
О.Ү нь иргэн Н.Минжинсорын эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч О.Үгийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Н.Минжинсорын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Иймд шүүгдэгч О.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн:
497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч Н.Минжинсорын баримтаар нэхэмжилсэн 450.000 төгрөгийг шүүгдэгч О.Ү нөхөн төлсөн байх бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлын 10.156.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчээс 229.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Мөн хохирогч Н.Минжинсор нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Үгаас жич нэхэмжлэх эрхтэй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
О.Ү гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
О.Үгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Үд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
О.Үд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч О.Үд 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх тухай дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд хэдийгээр шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй боловч тэрээр 19 настай, эмэгтэй, оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг зэрэг түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
О.Үд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Оын Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Үд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Үд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Үд сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 450.000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заанаар, шүүгдэгч О.Үгаас 229.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Хохирогч Н.Минжинсор нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч О.Үгаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Үд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР