Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2021/0002/з |
Дугаар | 05 |
Огноо | 2021-03-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7-р баг, 11-13 тоотод оршин суух, Б.Г-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдох,
“Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, Увс аймгийн Биеийн тамир,спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах,ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, Ж.Жаргалбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загиржав,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “: Элжигэн овогт Баяндоржийн Ганболд миний бие нь 2017 оны 06 сарын 27-ны өдөр Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд Увс аймгийн Засаг даргын Захирамжаар томилогдсон. Албан тушаалд томилогдсоны дараа 2017 ондоо Төрийн жинхэнэ албаны шалгалтанд орж тэнцэж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.
Б.Г миний бие нь Багш-дасгалжуулагч мэргэжилтэй. Олон улсын хэмжээний мастер, дэлхийн мастерийн 3 удаагийн аварга. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллах хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. 2017, 2018, 2019 оны үр дүнгийн гэрээнүүд “хангалттай” үнэлгээтэй дүгнэгдсэн. 2019 онд Увс аймгийн Биеийн тамир, спортын газар нь Монгол улсын хэмжээнд ажлын үзүүлэлтээрээ 3-р байранд орсон.
Намайг ажил хүлээж авахаас өмнө буюу 2016 онд Увс аймгийн тамирчид Улсын аварга болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс 56 медиаль авч байсан бол 2017 оноос хойш Увс аймгийн тамирчдын спортын амжилтанд ахиц гарч Улсын болон бүсийн аварга болон тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож нийт 510 медиаль авсан. 2017 онд албан тушаалд томилогдсоноос хойш Увс аймгийн Биеийн тамир спортын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын парк шинэчлэлтийг хийж, спортын хэрэгслийг иж бүрэн шинэчилсэн.
2020 оны 12 дугаар сарын 20-ны үеэр Дотоод аудитын хорооны шалгалтыг манай байгууллагад хийсэн гэх боловч 2-3 хоногийн дотор санхүүгийн үйл ажиллагаа болон байгууллагын үйл ажиллагаанд шалгалтыг бүрэн хийж дууссан гэж байгаа. Ийм богино хугацаанд байгууллагын үйл ажиллагаа, санхүүгийн хяналт шалгалтыг бүрэн хийх боломжгүй юм. 2020 оны 12 сарын 25-ны өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд намайг дуудаж дотоод аудитын хорооны тогтоол болон ажлаас халсан тухай Засаг даргын Захирамжийг танилцуулж гардуулж өгсөн. Увс аймгийн Засаг даргын Захирамжид "сахилгын шийтгэлээр ажлаас халах" тухай үндэслэлээ "Дотоод аудитын хорооны Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон" гэж дотоод аудитын хорооны 33 дугаар Тогтоолыг үндэслэжээ...Мөн Дотоод аудитын хорооны хурлын 33 дугаар Тогтоол нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр гарсан боловч үүнээс хорооны дарга болон, нарийн бичгийн дарга, гишүүд нийт 5 хүн гарын үсэг зурснаас хорооны гишүүн Г.Ш нь шийдвэр гаргах хуралд оролцоогүй гэдгээ тогтоол дээр тэмдэглэсэн байдаг. Дотоод аудитын хорооны дүрмийн 3.1-д “Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна”, З.6-д “хурал нь нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцсоноор хүчинтэйд тооцогдоно. Хурлаас гарах шийдвэр нь хорооны тогтоол байна.3.7.3-т “Хорооны гишүүд саналын нэг эрхтэй байх бөгөөд хурлаас гарах шийдвэрийг олонхийн саналаар гаргана, 5.2.2-т “.......хурлаас гаргасан шийдвэрт хуралд оролцсон бүх гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулах” гэсэн журамласан зохицуулалтыг зөрчиж 33 дугаар Тогтоол гарсан нь хууль бус, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, зөрчилтэй захиргааны акт болсон байна.
2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Засаг даргаар шинээр томилогдсон Ч.Чимэд намайг дуудаж уулзаад “сонгуулийн үр дүн ийм болсон тул улс төрийн соёл гаргаж, албан тушаалаа өг” гэж хэлсэн. Би хариуд нь “Төрийн ажилд улс төр хамаагүй байдаг учир би бодож үзье” гэж хэлээд гарсан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Биеийн тамир спортын газарт Увс аймгийн Дотоод аудитын хороо шалгалтаар ирээд 2 өдөр ажиллаж байгаад явсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд дуудаад мэдэгдэл өгөөд гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил дээр иртэл намайг ажлаас чөлөөлөх захирамж ирсэн байсан. Тухайн үед аймгийн Засаг дарга албан ёсоор захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн учир дараагийн хүндээ ажлаа хүлээлгэн өгөөд гарсан. Аймгийн Засаг дарга надад мэдэгдэл өгсний дараа маргааш нь ажлаас чөлөөлсөн. Тухайн үед би мэдэгдэлд тайлбар өгөх ёстой юу гэж асуутал тайлбар хүлээн авахгүй гэж хэлсэн.Гэтэл Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд Дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон" гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанаас халсан нь хууль бус шийдвэр юм. Миний бие нь Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан үүүргийг гүйцэтгэж байх хугацаандаа санхүүгийн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүй.
Иймд Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, Б.Г намайг Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.“ гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын талаар: Дотоод аудитын хорооны дүрмийг Монгол улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор, төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх дотоод аудитын хорооны дүрмийг Сангийн сайдын 2019 оны 29 дугаар тушаалаар баталсан байдаг. Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол нь эдгээр захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн гэж үзэж байна. Дотоод аудитын хорооны дүрмийн 3.6 дахь хэсэгт: Хурал нь нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцсоноор хүчинтэйд тооцогдоно гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, баримтуудаас үзэхэд дотоод аудитын хорооны хуралд 4 гишүүн оролцсон болох нь тогтоогдож байна. 9 гишүүний 4 гишүүн хуралд оролцож байгаа нь дотоод аудитын хорооны дүрэмд зааснаар 50-иас дээш хувь нь хуралд оролцоно гэснийг зөрчсөн байна. Хурлаас гарах шийдвэрийг олонхын саналаар гаргана. Мөн хурлаас гарах шийдвэрт оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд Увс аймгийн Дотоод аудитын хорооны хорооны тогтоол нь дотоод аудитын хорооны дүрмийг зөрчиж гарсан хууль бус захиргааны акт учир хүчингүй болгож өгнө үү. Дотоод аудитын хорооны дүрэмд “тухайн хорооны гишүүд оролцож, шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад Увс аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байдаг. Гэтэл Увс аймгийн Биеийн тамир спортын газарт аудитын үйл ажиллагаа хийх үндсэн чиглэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өгсөн байдаг. Харин Дотоод аудитын хорооны хурал нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэл өгсөн. Засаг дарга хэдийгээр төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд дотоод аудитын хороог тэргүүлэхийг журмаар зохицуулсан байх боловч үүнийг албажуулсан үеэс эхэлж хорооны гишүүдийн эрх үүсэх ёстой байдаг. Засаг дарга өөрөө дотоод аудитын хороог тэргүүлэх эрх үүсээгүй байхад дотоод аудитын хороо хууль бус бүрэлдэхүүнээр хуралдаж шийдвэр гаргасан байна.
Дотоод аудитын хороо нь Увс аймгийн Биеийн тамир спортын газартай холбоотой 2-3 акт гаргасан байдаг. Уг актуудыг Увс аймгийн Биеийн тамир спортын газрыг хариуцан ажиллаж байсан дарга Б.Год танилцуулагдаагүй учир уг актад гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж өмгөөлөгчийн зүгээс байна.
Дотоод аудитын хороо нь үйл ажиллагаа явуулахдаа хяналт шалгалт хийсэн дүн, тавьсан актаа хариуцвал зохих этгээдэд танилцуулаагүй. Хуульд заасан гомдол гаргах эрхээр нь хангаагүй нөхцөл байдал үүссэн байна. Төрийн жинхэнэ албан хаагчид хоригдох зүйлийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарласан байсан. Пургон машины талаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа талаарх баримтыг холбогдох байгууллагаас ирүүлсэн байгаа. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл байгаа эсэхийг шалгаж байгаа ажиллагаа юм. Нэхэмжлэгч Б.Гын хувьд “Пургон” автомашиныг хувьдаа завшсан эсэх эсвэл төсвийн хөрөнгө хууль бусаар зарцуулсан гэдэг үйл явц нь тогтоогдоогүй байгаа юм. Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол үндэслэлгүй гэдэг нь тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын талаар: Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/108 дугаар “ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7 дахь заалтууд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3 дахь заалтаар ажлаас /сахилгын шийтгэл оногдуулсан гэж бичигдээгүй боловч оногдуулсан гэж үзэж байна./ халсугай гэж бичигдсэн байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа гаргасан зөрчил мөн төрийн албанд учруулсан хохирлын шинж чанарыг үндэслэн сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан байдаг.
Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар “ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн эсвэл давтан сахилгын шийтгэл гаргасан байх мөн гаргасан зөрчил нь төрийн албанаас халах хэмжээний ноцтой байх” гэсэн үндэслэлүүдийг зохицуулж өгсөн байдаг.
Нэхэмжлэгч Б.Гыг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үндэслэл болгосон байсан. Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулиас яг ямар заалтыг нэхэмжлэгч Б.Г сахин биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй байна. Уг ажлаас халах тухай захирамжаас харахад Төрийн албан хаагчид үүрэг болгосон сахин биелүүлэх заалтуудаас 3, 4 зүйлийг зөрчсөн гэж тушаалын үндэслэлээс харагдаж байна. Зөрчил гаргасан үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой боловч хэрэгт зөрчил гаргасан болохыг нотлох баримт байдаггүй.
Дараагийн үндэслэл нь өргөсөн тангарагтаа үнэнч байж нийтийн эрх ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг зөрчсөн гэсэн байдаг. Б.Г нь Төрийн жинхэнэ албанд томилогдохдоо тангараг өргөж орсон байдаг. Өргөсөн тангаргаа ямар үндэслэлээр зөрчсөн гэдэг нь мөн адил тогтоогдохгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасан байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрмийн ямар зүйл заалтыг яаж зөрчсөн гэдэг нь Б.Ганбодын хөдөлмөрийн харилцааг зогсоосон захирамжид харагдахгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт зааснаар “албаны эрх мэдлээ хэтрүүлсэн” гэсэн зүйл заалтаар хориглох заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал 28.000.000 төгрөгийн тендер зарлаагүй гэж үзсэн байсан. Гэтэл 28.000.000 төгрөг нь одоог хүртэл төсөвт байгаа. Буруутгах үндэслэлийг хаанаас ч олж болох ч заавал нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой байдаг. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт зааснаар хуульд нийцээгүй шийдвэр гаргах заалтыг мөн адил зөрчсөн гэж үзсэн байдаг. Б.Гын хуульд нийцээгүй гаргасан шийдвэр нь байхгүй. Шийдвэр нь захиргааны акт хэлбэрээр гардаг учир нэхэмжлэгч Б.Гын хууль бус шийдвэр гаргасан эрх зүйн акт байхгүй.
Б.Гыг ажлаас халах тухай захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах журмыг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Сонсох ажиллагаа гэдэг нь тодорхой журмаар зохицуулагддаг ба тайлбар гаргах боломжоор хангагддаг мөн нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангадаг байх ёстой.
Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож Увс аймгийн Биеийн тамир спортын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлэх гэсэн нэхэмжлэлийг шаардлагыг хамтад нь гаргасан байгаа. Нийгмийн хамгааллын сайдын 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журамд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцохдоо сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцно гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад 3.538.135 төгрөгийн цалин гэсэн тооцоолбор гаргасан байгаа. Нэхэмжлэгч Б.Г тайлбартаа “Увс аймгийн Засаг дарга өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улс төрийн дарамт шахалт ирсэн” талаар дурдсан. Ийм асуудал гардаг учир Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл боломжоор хангах мөн төрийн алба тасралтгүй явагдах зарчмыг хуульчилсан байдаг.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна ” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Санхүүгийн аудитын шалгалтаар фургон машинтай холбоотой яг ямар бодит хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй байна. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр пургон машинтай холбогдуулан цагдаагийн байгууллагад хандсан байсан. Цагдаагийн газар нь хэрэг материал гомдлыг хүлээн авснаас хойш 19 хоногийн дотор эрүүгийн хэрэг мөн эсэхийг шалгаж прокурорт мэдэгдэх ёстой байдаг. Хэрвээ эрүүгийн хэрэг мөн гэж прокурор үзвэл хэрэг бүртгэлийн дугаар өгснөөс хойш 3 сарын хугацаанд шалгаж эрүүгийн хэргийн яллагдагчаар татах эсэх шатанд очдог. Гэтэл одоог хүртэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй. Цагдаа шалгасан боловч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл байхгүй байгаа.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загиржав нь нэхэмжлэгч Б.Гыг уг хэрэгт гэм буруутай мэтээр тайлбар гаргаж байгаад харамсаж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга, дотоод аудитын хорооны дарга Ч.Чимэд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б.Г нь 5 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Загиржав шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дотоод аудитын хорооны хуралд оролцох ёстой 9 гишүүнээс 5 гишүүн гарын үсэг зурсан нь хурлын ирц хүчинтэйд тооцогдоно. Учир нь, 2020 оны 12 сард коронавируст /COVID-9/ цар тахал гарч аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаатай холбоотойгоор олон хүнийг нэг доор цуглуулж хурал, уулзалт хийхийг хориглосон шийдвэрүүдийг мөрдөж ажиллахаас өөр сонголт бидэнд байхгүй учраас тус хорооны гишүүн А.Чт хурлын материалыг урьдчилан хүргүүлж санал авсан /тэмдэглэлд тусгагдсан/, тухайн хуралд 4 гишүүн оролцсон ба А.Чт хэлэлцэх асуудпын материалыг урьдчилан танилцуулж цахимаар оролцуулснаар тооцон хуралд оролцсон гишүүний тоонд оруулан 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан учраас тухайн хурал хүчинтэйд тооцогдох юм. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагг үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасныг баримтлан Засгийн газрын шийдвэр, аймгийн Засаг даргын шийдвэрийг цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мөрдөж ажиллахаас өөр сонголт байхгүй. Хорооны хуралд оролцоогүй бусад гишүүдэд тогтоолын төслийг тухайн үед мөрдөж ажиллах эрх зүйн актын хүрээнд танилцуулж, гарын үсэг авсан болно. Гишүүн Г.Шыг тогтоолд гарын үсэг зур гэж ямар нэгэн албадлага хэрэглээгүй.
2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зөвлөмж болгосны дагуу хариуцпага тооцож, зөвлөмжийн биелэлтийг тогтоосон хугацаанд нь Санхүүгийн хяналт, аудитын албанд хүргүүлсэн. Хяналт шалгалтаар илэрсэн фургон автомашинтай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдпийг шалгуулахаар Увс аймгийн Прокурорын газарт албан бичгээр хандсан ба тус газраас Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулсан /материалыг хавсаргав/. Цагдаагийн газраас ирүүлсэн 2021 оны 01 сарын 23-ны өдрийн 6 дугаартай Мэдэгдэх хуудаст гэмт хэргийн шинжтэй байх тул Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэх саналтай Прокурорт буцаасныг /Мэдэгдэх хуудсыг хавсаргав/ тус Прокурорын газраас хэрэг үүсгэн шалгуулахаар дугаар олгосон байх ба одоо эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.
Засгийн газрын 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын хорооны дүрэмд заасан хугацаанд улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 10 хоногийн дотор улсын байцаагч буюу Сангийн сайдад гомдол гаргах урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хангагдаагүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдуулан “Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж,Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах,ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн “Дотоод аудит,санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн “Дотоод аудит,санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 33 дугаартай тогтоолоор Увс аймгийн Биеийн тамир спортын газрын санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалтын байдалд хийсэн дотоод аудит,санхүүгийн хяналт шалгалтын тайланг хэлэлцсэн хурлын тэмдэглэлийг үндэслэн байгууллагын дарга,нягтлан бодогч нарт хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбогдуулан байгууллагын дарга, нягтлан бодогч нарт:
-Спорт заал ашиглах гэрээний 1 хувийг санхүүгийн баримтанд бүрэн хавсаргаж тухайн байгууллагын тоглосон ирцийн бүртгэлийн дагуу дүгнэж орлогыг дансанд төвлөрүүлж байх,
- Фитнесийн танхимын түрээсийн орлогын гэрээг нөхөж байгуулан дутуу орлогыг албан тушаалтнуудаар төлүүлэх,
-Орлогод авагдаагүй 5120000 төгрөгний хөрөнгө,материалыг няравт хүлээлгэн өгч орлогод тооцуулан тооллогод хамруулах
-Тендер зарлагдаагүй 28000000 төгрөгийг эрх бүхий байгууллагад буцаан шилжүүлэх,
-Биеийн тамир спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгож,
-Төсвийн ерөнхийлөн захирагчид Биеийн тамир,спортын газрын дарга болон холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, гэрээний дагуу нийлүүлэгдээгүй байгаа тоног төхөөрөмжийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, хууль болон Засгийн газрын тогтоолыг мөрдөж ажиллах зэргийг зөвлөмж болгож,
Тогтоолын 2 дахь заалтаар Биеийн тамир,спортын газрын албан тушаалтанд тавьсан улсын байцаагчийн 7370000 төгрөгийн актыг баталж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч талаас Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын дүнгийн тухай” 33 дугаартай тогтоолыг нийт хорооны 9 гишүүнээс 4 гишүүн оролцсон, нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцох ёстой дүрмийг зөрчсөн. Засаг дарга Ч.Чимэд нь хорооны бүрэлдэхүүнээ шинэчлээгүй буюу хууль бус бүрэлдэхүүнээр тогтоолыг гаргасан тул эрх зүйн үйлчлэлгүй” гэж маргажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч “Хорооны гишүүдийн 50-иас дээш хувь нь буюу 5 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдсан тул хурлын ирц хүчин төгөлдөр” гэсэн тайлбар гаргасан байна.
Аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаар захирамжаар Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн аймгийн Биеийн тамир,спортын газрын дарга ажилтай Б.Гыг ажлаас халсан байна.
Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” гэж заасан ба мөн хуулийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлахаар зохицуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар Дотоод аудитын дүрмийг баталжээ.
Уг дүрмийн 4.12-т Төсвийн ерөнхийлөн захирагч дэргэдээ Дотоод аудитын хороотой байж болох бөгөөд хороог тухайн төсвийн ерөнхийлөн захирагч даргална гэж 4.13-т Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг төсвийн ерөнхийлөн захирагч, хорооны дүрмийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заажээ.
Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 29 дүгээр тушаалын хавсралтаар Дотоод аудитын хорооны дүрмийг баталсан байна.
Дүрмийн 2.1-д Дотоод аудитын хороо 5-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба хорооны дарга нь тухайн төсвийн ерөнхийлөн захирагч байна, 3.1-д хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна, 3.5-д Хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр урьдчилан ирүүлж болох ба үүнийг тухайн хуралд оролцсонд тооцно, 3.6-д Хурал нь нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцсоноор хүчинтэйд тооцно. Хурлаас гарах шийдвэр нь хорооны тогтоол байна гэжээ.
Мөн дүрмийн 4 дэх хэсэгт Дотоод аудитын хорооны эрх, үүргийг заасан байх ба 4.1.2-т Дотоод аудитын нэгжийн гүйцэтгэсэн аудитын үр дүнг хэлэлцэх, шийдвэр гаргах, зөвлөгөө өгөх эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан байна.
Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36-д “төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг; 4.1.49-д “дотоод аудит” гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тус тус заасан байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3.З-д Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж, мөн хуулийн 8.1.1-д Бүх шатны Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.
Төсвийн тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудаас үзэхэд аймгийн Засаг даргаас хянан шалгах эрхээ хэрэгжүүлэх Дотоод аудитын хороо нь оролцож харьяа төрийн байгууллагуудын төсвийн зарцуулалтад хяналт тавьж тодорхой эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах эрхийг эдэлснээр уг хорооноос гарах шийдвэр нь захиргааны актын шинжийг агуулж байна.
Дотоод аудитын дүрмийн 11.1 дэх хэсэгт Улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл 10 хоногийн дотор Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахаар заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Дотоод аудитын хорооны тогтоолын талаар “улсын ерөнхий байцаагчид гомдол гаргаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангаагүй” гэсэн тайлбар үндэслэлгүй болно.
Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжаар Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан байх ба Нарийн бичгийн даргаар Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, гишүүдэд Засаг даргын тамгын газрын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, Санхүүгийн хяналт аудитын албаны дарга, Санхүүгийн хяналтын Улсын ахлах байцаагч, иргэний төлөөлөл Б.Насанжаргал нийт 6 гишүүний бүрэлдэхүүнийг баталжээ. Дотоод аудитын хорооны даргыг /Аймгийн Засаг дарга/ оролцуулан тооцвол нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар захирамжаар шийдвэрлэж байсан байна.
Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 02 сарын 23-ны өдрийн хуралдаанд аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Засаг даргын тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн, хурлын нарийн бичгийн даргаар Л.Ч нарыг оролцуулан хийсэн байх ба хорооны гишүүн А.Чт хурлын материалыг хүргүүлсэн талаар хуралдааны тэмдэглэлд тусгасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 02 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолд гарын үсэг зурах нийт гишүүдийн нэрсэд Ч.Чимэд, Л.Ч, Г.Болор-Эрдэнэ, Б.Эрдэнэсүрэн, Г.Ш, Б.А, Б.Баяртайханцэцэг, А.Ч, С.А нарын нэрс бичигдсэнээс Ч.Чимэд, Л.Ч, Г.Болор-Эрдэнэ, Б.Эрдэнэсүрэн, Г.Ш нарын гарын үсэг зурсан, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Увс аймгийн Дотоод аудитын хорооны 2020 оны 02 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолд гарын үсэг зурах нийт гишүүдийн нэрсэд Б.А гэх нэр байхгүй, А.Ч гэсэн гишүүний гарын үсэг нэмэгдэж зурагдсан, Г.Шын гарын үсэг зурагдаагүй зөрүүтэй 2 тогтоол хэрэгт авагдсан байна.
Гэрч А.Ч шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би 2020 оны 12 сарын 23-ны өдрийн дотоод аудитын хорооны хуралдаанд оролцоогүй, хорооны гишүүн Л.Ч надтай утсаар холбогдож гэрт ирж материал танилцуулсан. Би эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох хангалттай үндэслэл байхгүй байна гэдэг санал хэлсэн. Хэд хоногийн дараа надтай ирж уулзаад тогтоолд гарын үсэг зуруулсан болно” гэж, гэрч Г.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ Би 2020 оны 12 сарын 23-ны өдрийн дотоод аудитын хорооны хуралдаанд оролцоогүй. Эхлээд гарын үсгээ өөр хурлын шийдвэртэй андууран зурсан байсан ба хуралд оролцоогүй гэж бас бичсэн” гэж, гэрч Л.Ч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Дотоод аудитын хорооны тогтоолд гарын үсэг зуруулах ажлыг Засаг даргын нарийн бичгийн дарга хийж гүйцэтгэсэн. Урд нь хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А-ийн нэрийг хасахгүйгээр хэвлэсэн байсан. Г.Ш-ын хувьд эхлээд гарын үсэг зураад хуралд суугаагүй гэсэн тэмдэглэгээг тогтоол дээр бичсэн байсан, А.Ч гэдэг хүнээр гарын үсэг зуруулаагүй байхад тогтоолыг тараасан байсан. Дараа нь алдаатай хэвлэгдсэн тул дахин гишүүдээр гарын үсэг зуруулсан. Тэр үед Г.Ш хуралд суугаагүй гээд гарын үсэг зураагүй. Урьдчилж шалгалтын материалыг танилцуулан саналыг нь авсан тул А.Чоор гарын үсэг зуруулсан. Сүүлд гарын үсэг зуруулсан тогтоол жинхэнэ тогтоол болно“ гэж тус тус мэдүүлжээ.
Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг баталсан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 25-ны өдрийн А/438 дугаар захирамжид санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга нарыг бүрэлдэхүүнд заагаагүй, мөн иргэдийн төлөөлөлд иргэн А.Ч-ыг оролцуулахаар томилсон шийдвэр байхгүй байхад эдгээр иргэн, албан тушаалтнууд дотоод аудитын хорооны хуралдаанд оролцож тогтоолд гарын үсэг зурсан нь хууль бус болсон байна.
Ингэснээр дотоод аудитын хорооны дүрмийн 3.6-д заасан “Хурал нь нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь биечлэн оролцсоноор хүчинтэйд тооцно” гэсэн шаардлагыг 2020 оны 12 сарын 23-ны өдөр хуралдсан дотоод аудитын хорооны хуралдаан хангаагүй байна.
Иймд аймгийн дотоод аудитын хорооны 33 дугаар тогтоол нь хууль,эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчиж гарсан байх ба уг актыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халах үр дагаврыг үүсгэж эрх,хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дотоод аудитын хорооны тогтоолыг хүчингүй болгосон нь Увс аймгийн Биеийн тамир, спортын газарт хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд гарсан бие даасан захиргааны актууд болох Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актуудад нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.
2. Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, Увс аймгийн Биеийн тамир,спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Б.Гыг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 26 дугаар тогтоолыг үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2017 оны 10 сарын 02-ны өдрийн Б/77 дугаар захирамжаар Увс аймгийн Биеийн тамир,спортын газрын даргаар томилжээ.
Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.7 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3 дахь заалтыг тус тус үндэслэн Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэн Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга ажилтай Б.Гыг 2020 оны 12 сарын 25-ны өдрөөр тасалбар болгон халж шийдвэрлэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
48.1.1.сануулах;
48.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
48.1.З.төрийн албанаас халах, 48.1.4.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах; 48.1.5.хуульд заасан бусад” гэжээ.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхойлжээ.
Уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 37.1.2-д өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй талаар зохицуулсан байна.
Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор заажээ.
Дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол болон Дотоод аудитын хорооны хуралдааны тэмдэглэлийн агуулгаас үзэхэд Биеийн тамир спортын газрын санхүүгийн үйл ажиллагаанд спорт заал ашиглах гэрээ дутуу,санхүүгийн баримтанд хавсаргаагүй,Фитнесийн танхимын түрээсийн орлогыг дансанд бүрэн төвлөрүүлээгүй,биеийн тамир спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг бүрэн хангаж ажиллаагүй, хөрөнгийг орлогод дутуу авсан, худалдах худалдан авах гэрээний дагуу тоног төхөөрөмж нийлүүлэгдээгүй, зарлагдаагүй тендерийн санхүүжилтийг Биеийн тамир спортын газрын дансанд шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн гэж үзсэн байна.
Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа Санхүүгийн үйл ажиллагаатай холбогдох эдгээр зөрчил нь Биеийн тамир,спортын газрын даргын ямар үүргээ биелүүлээгүйгээс үүдэж гарсан болох талаар холбогдох дүгнэлтийг хийгээгүй, өөрөөр хэлбэл төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн ямар заалтуудыг зөрчсөн эсэх талаар дүгнээгүй, зөрчлийн улмаас хохирол учирсан талаар баримтгүй, мөн захирамждаа нэхэмжлэгчийн гаргасан ямар зөрчил нь Төрийн албаны хуулийн аль заалтыг зөрчсөн талаар тодорхойлоогүй зэргээс дүгнэхэд хариуцагчаас Б.Г-д ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж байдалд тохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагч талаас Б.Г-ын албаны фургон машинтай холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа талаар хариу тайлбар гаргасан ба хэрэгт Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн 2021 оны 01 сарын 23-ны өдрийн 6 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Б.Год холбогдох гомдол мэдээллийг Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэх саналтай материалыг прокурорт шилжүүлсэн талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч Б.Г-оос эрүүгийн хэрэгт ажиллагаа хийгдэж байгаа талаар тайлбар гаргасан болно.
Иймд Б.Г-ын гэмт хэргийн шинжтэй гэх үйлдлийг холбогдох байгууллагаар шалган тогтоогоогүй байхад уг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Төрийн жинхэнэ албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасны дагуу төрийн албанаас халах үндэслэл болно.
Нэхэмжлэгч талаас аймгийн Засаг дарга Ажлаас халах тухай захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн тайлбар гаргасан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны актыг гаргахаас өмнө эрх,хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар,санал гаргах боломжийг олгоно гэжээ.
Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын материалтай танилцаагүй талаар тайлбар гаргасан ба хариуцагчаас хяналт шалгалтын материалыг түүнд танилцуулсан баримтгүй, хяналт шалгалтын тэмдэглэлд нягтлан бодогчийн гарын үсэг зурагдсан, Б.Г-ын гарын үсэг байхгүй байна.
Иймд Аймгийн Засаг даргын “Ажлаас халах тухай” захирамж нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болохын хувьд сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулах ёстой байна.
Хэрэгт мэдэгдэл гэх баримтыг 2020 оны 12 сарын 24-ний өдөр Б.Г-д гардуулсан байх ба уг мэдэгдэлд Б.Г-ыг 2020 оны 12 сарын 24-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халж байгааг мэдэгдсэн байх ба тайлбар гаргах боломжийг олгоогүй байна. Иймд уг мэдэгдлийг сонсох ажиллагаа хийсэн талаар баримт гэж үзэх үндэслэлгүй болно.
Түүнчлэн Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д аймгийн Засаг дарга нь “аймгийн биеийн тамир, спортын газрын даргыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх” эрхтэй байхаар зохицуулсан байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Г-ыг ажлаас халах тухай шийдвэрийг гаргахдаа биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөөгүй байх ба энэ талаар тайлбар гаргаж, нотлох баримтыг ирүүлээгүй болно.
Иймд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсгүүдэд заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,бусдын эрх ,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Гыг Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн урд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2020 оны 12 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны буюу 2 сар 13 хоногийн цалинтай тэнцэх олговор болон уг хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 28-ны өдрийн Б/109 дүгээр захирамжаар аймгийн Биеийн тамир,спортын газрын даргын үүргийг Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Х.Баяртуулыг аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулж байх тул тус хэрэгт түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүйг тэмдэглэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн дотоод аудитын хорооны 2020 оны 12 сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоол, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн Б/108 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Б.Гыг Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ын ажилгүй байсан 2 сар 13 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох болон холбогдох хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргад даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гоос улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ