Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2024/0736

 

 

 

 

 

 

“С*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С*******” СӨХ

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд “В*******” ХХК

Гуравдагч этгээд С.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: “В*******” ХХК-ийн нэрээр Баянзүрх дүүргийн ******* 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204129320 дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б*******ийн нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0411 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У*******

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Д*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянхишиг

Хэргийн индекс: 128/2023/0269/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С*******” СӨХ-ноос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““В*******” ХХК-ийн нэрээр Баянзүрх дүүргийн ******* 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204129320 дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б*******ийн нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0411 дүгээр шийдвэрээр:

“Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг тус тус баримтлан “С*******” СӨХ-өөс Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан гаргасан “... “В*******” ХХК-ийн нэрээр Баянзүрх дүүргийн ******* 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204129320 дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б*******ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Нэхэмжлэгчээс шүүхэд “Баянзүрх дүүргийн ******* дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оын 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Б*******ийн нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаар маргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын гаргасан тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дах хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-т зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь СӨХ-ны дундын өмч болох нь барилгын анхны зургаар тодорхой харагддаг. Гэтэл Нийслэлийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас уг 18.15 м.кв үл хөдлөх хөрөнгөд Ү-2204129320 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан нотлох баримтад үндэслэж хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчмыг баримтлалгүй бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хууль бус үйлдэл хийж бүртгэсэн гэж үзэж байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо барилгын анхны зургийг тулгаж шалгаж үзэлгүй бүртгэл хийгдсэн.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барилга ашиглалтад орсон цагаас хойш урсгал зардлыг төлж СӨХ-ны ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байдаг.

Баянзүрх дүүргийн *** тоот нь 13.62 м.кв талбайтай шатны хонгилын зориулалттайгаар улсын комисст гуравдагч этгээд хүлээлгэн өгсөн. Энэхүү барилгын зургийг зураг төсөл зохиогчийн зүгээс ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй бөгөөд хэрэгт авагдсан хэлбэрээр архивд хадгалагдаж байгаа болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2024/0411 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

            1.Маргааны гол үндэслэл нь “В*******” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн , тоот 18.15 м.кв талбай бүхий хэсэг анхнаасаа техникийн зориулалттай төлөвлөгдсөн үү, эсхүл агуулахын зориулалттай юу гэдгийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

            Хэдийгээр шүүх үзлэгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан техникийн өрөө гэх ойлголттой харьцуулан, өөрөөр хэлбэл хуульд техникийн өрөөг инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж бүхий байхаар заасан байхад маргаан бүхий өрөөнд инженерийн ямар ч шугам сүлжээ, тоног төхөөрөмж байхгүй байна гэсэн агуулгаар дүгнэсэн нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

            Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 2014/111 дүгээр актаас үзэхэд орон сууцны зориулалттай дээрх барилгыг мөн өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан, үүнээс хойш 9 орчим жил нэхэмжлэгч “С*******” СӨХ зоорийн давхрын маргаан бүхий өрөөг ажлын хэрэгцээнд ашиглаж байсан болох нь нэхэмжлэгчээс гадна гуравдагч этгээд “В***” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 22/200 дугаар мэдэгдлээр тогтоогддог.

            Тухайлбал дээрх мэдэгдэлд “…2004 онд барилгыг байнгын ашиглалтад оруулснаас хойш 2023 он хүртэл танай ажлын хэрэгцээнд үнэ төлбөргүй 9 жил ашиглуулсан. Тус компани нь санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан тухайн агуулахыг худалдан борлуулсан тул 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор чөлөөлж, хүлээлгэн өгнө үү…” гэжээ.

            Тус компани нь анх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 4 тоот хаягт байршилтай 18.15 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж, үүнээс 8 хоногийн дараа буюу 26-ны өдөр иргэн С.Б*******өд 10.0 сая төгрөгөөр худалдсаны дагуу 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гуравдагч этгээд иргэн С.Б*******өд өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон, энэ хүртэлх хугацаанд СӨХ зоорийн давхрын уг өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан болохыг хэргийн оролцогч нар үгүйсгээгүй болно.

            2.Гэтэл Үндэсний төв архиваас авсан уг орон сууцны AR-2012/09-08 шифртэй  барилгын ажлын зурагт зоорийн давхрын байгуулалтад 4 тоот хэсэгт шатны марш буюу хонгил байхаар, мөн агуулахын зориулалттай 6, 7, 8, 13 тоот нийт 4 өрөө байх боловч эдгээрт 18.15 м.кв талбайтай өрөө байхгүй, мөн “В***” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 11-2329145 дугаар мэдүүлэгт хавсаргасан 1-р хх-ийн 75 дугаар талд авагдсан 4 тоот агуулахын байршлын зургийг мөн хх-ийн 183 дугаар талд авагдсан дээрх ажлын зургийн байршилтай харьцуулан үзэхэд дугаар нь 4 биш 14 тоот гэж тэмдэглэгдсэн төдийгүй ажлын зургийн 14 тоотод цахилгааны самбар байхаар тусгагджээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд “В***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т*, өмгөөлөгч Ч.Д*** нар агуулахын байршлыг зурган дээр тодорхой зааж чадаагүй, түүнчлэн “С*******” СӨХ өөр үйл ажиллагаа явуулах өрөөтэй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч талаас анх ашиглалтад орсноос нь хойш ашиглаж ирсэн одоогийн маргаж буй өрөөнөөс өөр үйл ажиллагаа явуулах газаргүй гэж байгаагаас тус тус үзэхэд шүүх нотлох баримт цуглуулах, дээрх зөрүүтэй баримтыг тодруулах, СӨХ одоо хаана байрлаж байгаа болохыг тогтоох зэрэг ажиллагааг хангалттай хийгээгүй байна.

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” хамаарна гэж заасан, иймд  техникийн өрөө мөн эсэхийг зөвхөн шүүхийн үзлэгээр тогтоох боломжгүй, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулсаны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 128/ШШ2024/0411 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

                              ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН