Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч С.Ариунболд, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мянган овогт Сүхбаатарын Ариунболдод холбогдох эрүүгийн 201625013528 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булаг 1 гудамж, 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Их мянган овогт Сүхбаатарын Ариунболд, /РД:ХГ87042718/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Ариунболд нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлзийн 7 дугаар гудамжинд иргэн Т.Алтанцэцэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж цүнхтэй эд зүйл, бэлэн мөнгө зэрэг нийт 190.500 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ариунболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч С.Ариунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл архи аваад ганцаараа уугаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хадам ах Хуягаагийн гэрч очих гээд хойшоо явсан боловч замдаа тасарчихсан байсан. Нэг ухаан орсон чинь Цайз захын автобусны буудал дээр нэг ах миний гарыг мушгиж байсан тэгээд цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хх 35-39 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр Хаан банкны АТМ-ээс хүүхдийн мөнгө буусан болохоор 100.000 төгрөг өөрийн 5720940494 гэсэн дугаарын данснаас авсан. Өмнө нь надад сонгуулийн ажлын цалин гээд 100.000 төгрөг буусны 50.000 төгрөг нь надад явж байсан, үүнээс өөрийн утсанд 2500 нэгж авч хийсэн. Нарийн гудмаар ороод явж байсан чинь өөдөөс эхнэр, нөхөр хоёр хэрэлдээд гарч ирэхээр нь хажуугаар нь зөрөөд гарч байхдаа нөхрөөс нь “энэ 123 дугаар гудамж мөн үү” гэж асуусан. “Тиймээ мөн” гээд нөгөө залуу “та надад итгэхгүй байгаа юм уу, та миний урд гараад яв” гэхээр нь урд талд нь гараад явж байгаад нарийн гудам өнгөрсөн чинь миний араас цохиж унагаад, нүүр рүү дэвсээд байсан. Гутал нь зөөлөн байсан болохоор их сүртэй гэмтээгээгүй. Ингээд намайг газарт унасан байхад миний гартаа барьсан байсан хүрэн өнгийн цүнхийг татаж зулгаагаад би өгөхгүй татаад байсан чинь толгой руу дэвсэж байгаад авч явсан. Би дэвсүүлсэн болохоор толгой манараад цүнхээ тавьчихсан. Босоод нарийн гудмаар гараад явж байсан чинь миний утасны цэнэглэгч, малгайг гудмаар цувуулаад хаячихсан байсан. ...Цагдаагаас цүнхээ буцааж авах үед миний цүнхэнд гоо сайхны хэрэглэлээс өөр зүйл байгаагүй малгай, утасны цэнэглэгч зэргийг замаасаа түүж авсан. Бүртгэлийн дэвтэр дотор виза карт байсан мөнгө нь байхгүй байсан замдаа тэр залуу миний цүнхийг ухаж гүйсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг. /хх 18-21 дүгээр хуудас/,

Гэрч А.Даваацэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дээрэмдүүлсэн гэх дуудлагаар очиход Алтанцэцэг гэх эмэгтэй “дээшээ зугтаачихлаа” гэж хэлсэн. Араас нь хөөж байхад хоёр хүн нэг залууг барьчихсан дээрэмдүүлсэн цүнхийг нь машиныхаа хамар дээр тавьчихсан нөгөө залуугийн гарыг өччихсөн зогсож байсан. Алтанцэцэгийн гадуур куртик нь шороо шавар болсон байсан. Зугтаасан замаар нь гэрэл тусгаад алхаж байхад нөгөө эгчийн нүүрнийх нь будаг, дэвтэр, утасны цэнэглэгч зэрэг эд зүйлс газраар цуварч хаягдсан байсан. 147.500 төгрөг байсан гэх бөгөөд мөнгийг нь бол олоогүй...” гэх мэдүүлэг. /хх 23 дугаар хуудас/,

Гэрч Г.Цогт-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нэг эмэгтэй хүн муухай орилоод “миний цүнхийг дээрэмдчихлээ, утас байвал цагдаа дуудаад өгөөч” гээд нүүр хувцас нь шавар болчихсон орилоод байж байхаар нь очсон чинь “нарийн гудмаар зугтаачихлаа” гэхээр нь урд гудмаар нь машинтай давхиад автобусны буудлын харалдаа очсон. Нэг согтуу залуу эмэгтэй хүний цайвардуу цүнх үүрчихсэн явж байхаар нь араас нь очиж барьж аваад цагдаад дуудлага өгсөн. Тэр залуу нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг. /хх 24-25 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 45-46 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Ариунболд нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлзийн 7 дугаар гудамжинд иргэн Т.Алтанцэцэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж цүнхтэй эд зүйл, бэлэн мөнгө зэрэг нийт 190.500 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Ариунболдод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч С.Ариунболдод ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэргийн 46 дугаар хуудас дахь хохирогч Т.Алтанцэцэгийн Хаан банкны деспозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хохирогч нь тухайн өдөр данснаасаа 100.000 төгрөгийг авсан байх нь нотлогдож байх бөгөөд цүнхэндээ 147.500 төгрөгтэй явсан гэх мэдүүлэг нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогч Т.Алтанцэцэгтэй хохиролд 147.500 төгрөгийг төлж хохиролгүй болгосон болох нь хохирогч Т.Алтанцэцэгийн шүүхэд ирүүлсэн бичгийн баримтаар нотлогдож байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.