Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Ц.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ч ургийн овогтой Нийн П-д холбогдох 2216002130197 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Н.П нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх сайр гэх нэртэй газарт 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага оврын трактор /Унагалдай/, тог баригч мотор 1 ширхэг, шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг, алт баригч 2 ширхэг зэргийг тус тус ашиглаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч *** нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх сайр гэх нэртэй газарт 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бага оврын трактор /Унагалдай/, тог баригч мотор 1 ширхэг, шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг, алт баригч 2 ширхэг зэргийг тус тус ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шинжтэй үйлдэл мөн гэж шүүхээс дүгнэв.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь:

1.Хохирогч Б.Өны мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2-р багийн нутагт 2010 оноос хойш Хөх сайр гэх газарт алтны илэрц илэрсэн. Мөн 4-р багийн нутаг Бор хайрханы ар бэл гэх газарт алтны илэрцтэй газар 2020 оны 09 сараас, 1-р багийн нутаг аараг гэх газраас 2019 оны 09 сард алтны илэрцтэй газар илэрсэн. 2016 оноос Чандмань сумын 3-р багийн нутаг Эрдэнэ-Уулын доод аараг гэх газруудад алтны илэрцүүд илэрсэн юм. ... Хөх сайр гэх газарт алтны илэрцтэй уг газарт 2010 оноос хойш нинжа болон бага оврын траектор ажиллаж байгаа юм. Уг газар нь тусгай хамгаалалттай газарт хамаардаггүй юм. ...Ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгосон асуудал огт байхгүй. 2010 онд гар нинжа нар ажиллаад, 2011 оноос Баянхонгор аймгийн голдуу бага оврын траектор ажиллаж эхэлсэн. 2019 оны 04 дүгээр сард уг газарт 10 гаран бага оврын траектор тогтмол ажиллаж байсныг Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэсэгтэй хамтран бүрэн чөлөөлсөн. Тэрнээс хойш ямар нэгэн траектор ажилласан зүйлгүй юм. Хаяа ганц нэг гар нинжа нар очсон талаар мэдээлэл ирдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

2.Иргэний нэхэмжлэгч А.Ц-Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг, Хөх сайр буюу Элсний ам гэх газарт иргэн Н.Пийн үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 3,300,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

3.Иргэний нэхэмжлэгч Д.Пын мөрдөн байцаалтад өгсөн “...Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохиогчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гомдол, гаргана” гэж заасан. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж заасны дагуу төр нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэлтэй уг эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон оролцож байна. Шинжээчийн дүгнэлтээр яллагдагч *** нь байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 44,921 төгрөг, тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ нь 192,654 төгрөг, нийт 237,575 төгрөгийн хохирол учруулж нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан тул дээрх төлбөрийг нэхэмжилж оролцоно...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

4.Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би сум дээр Баянтооройгоос ирчхээд аав, ээж хоёрын гэрийг барьж янзлаад буцах гэж байхад П над руу яриад тракторын гинж мултарчихлаа хийж чаддаггүй ирээд янзлаад өг гэхээр нь шөнө мотоциклтой ганцаараа очиж янзалж өгсөн юм. ...П байсан тэгээд тракторынх нь гинж мултраад уначихсан байхаар нь хийж өгчхөөд гэрт ороод унтсан маргааш өглөө унтаж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

5.Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн шинжээч А.Ц-Аийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №1/100 дугаартай Шинжээчийн дүгнэлт “...Тухайн газар нь урд өмнө эвдрэлтэй газар нэмж ухсан байсан учир сүйдсэн ургамал тогтоогдохгүй, модгүй, ус ашиглаагүй, ухсан нүхний талбай нь 180,51 м2, эзлэхүүний хэмжээ 50,61 м3 байна. Тус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 44,921 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ 192,654 төгрөг байна....”, тус шинжээчийн дүгнэлтийн ажлын хөлсний нэхэмжлэх, Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг, хөх сайр буюу элсний ам гэх газарт иргэн Н.Пийн эвдсэн 0,018 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо болон холбогдох баримтууд /нийт 25 хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 64-92 дугаар хуудас/,

6.Мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай “...Тог баригч мотор 1 ширхэг 92,000 төгрөг, Шороо шигшигч төмөр шигшүүр 1 ширхэг 197,000 төгрөг, нэг бүр нь 43,500 төгрөгийн үнэ бүхий нийт 87,000 төгрөгөөр үнэлэгдэх Алт баригч 2 ширхэг, Бага оврын Doosan-55 маркийн трактор 1 ширхэг 4,185,000 төгрөг, нийт 4,561,000 төгрөг гэх...” үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлүүд /хх-ийн 48-57 дугаар хуудас/,

7.2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,

8.2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

9.2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн “...Н.Пийн эзэмшлийн бага оврын Dооsan-55 маркийн трактор, шороо шигшигч төмөр пүнхэр 1 ширхэг зэргийг битүүмжилсэн...” тухай тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,

10.2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “бага оврын трактор буюу унагалдай 1 ширхэг, тог баригч мотор 1 ширхэг, алт баригч 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

11.Говь-Алтай аймгийн **** сумын засаг дарга ***-ын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/127 дугаартай албан бичиг /Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Өлзийсайханыг Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж байгаа Г-429/2135, Г-430/2136 дугаартай гомдлуудад байгууллагыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулах, холбогдох тушаал, шийдвэр, захирамж хүргүүлсэн агуулгатай/-ийн хуулбар /хх-ийн 16 дугаар хуудас/,

12.Иргэний нэхэмжлэгч В.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Н.Пг зүс танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2022 оны 09 дүгээр сараас надаас унагалдай трактор худалдан авсан бөгөөд тэрнээс хойш таних болсон. Би 4,500,000 төгрөгөөр зарсан бөгөөд надад 2,000,000 төгрөгийг өгсөн. Одоо Н.Пээс 2,500,000 төгрөгийн авлагатай байгаа. Мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Миний трактор ямар нэгэн бичиг баримт гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуудас/,

13.Н.Пийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 121-124 дүгээр хуудас/,

14.Н.Пийн яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаар багийн нутаг болох Хөх сайр гэх нэртэй газарт хүний машин гуйж тухайн газарт унагалдай, тог гаргагч мотор, баригч, пүнхэр зэргийг авч очсон. Тэгээд тэнд очоод тоног төхөөрөмжөө угсрах зэргээр нэлээд удсан. Тэгээд тэр газарт ажиллаж эхлээд нэг их удалгүй миний тракторын гинж нь мултарч унасан. Тракторынхоо гинжийг янзлуулахаар би Б.Д гэх залууг утсаар яриад тракторын гинж мултарчихлаа тэгээд янзлаад өг гэж хэлсэн. Тухайн үед Д сумын төв дээр байсан бөгөөд сумын төвөөс мотоциклтой ирж шөнө нь тракторын гинжээ янзалчхаад унтаад өгсөн. тэгээд маргааш өглөө нь босчхоод байж байтал цагдаагийн хүмүүс ирж, бид нарын үйл ажиллагааг зогсоосон...би тухайн үед ганцаараа очиж ажилласан. Би хэн нэгэнтэй хамтран ажилласан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 111-112 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн, яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.П-г хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Тус гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар хүсэлт гаргаагүй болно.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Н.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Улсын яллагч Ц.Батзаяа “... шүүгдэгч Н.П-д 5800 (Таван мянга найман зуу) нэгж буюу 5,800,000 (Таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм “...Н.П-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн торгох ялын санкц нь 5400 (Таван мянга дөрвөн зуу) нэгжээс эхэлдэг. Прокурорын зүгээс 5800 (Таван мянга найман зуу) нэгж буюу 5,800,000 (Таван сая найман зуун мянга) төгрөгөөр торгох саналыг гаргасан. Хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ялыг оногдуулж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг  тус тус гаргаж оролцлоо.

Шүүгдэгч Н.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаартай “Хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Н.П-д холбогдох 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгуулах хуудас /хх-ийн 125 дугаар хуудас/-т урьд ял шийтгэгдсэн эсэх талаар тэмдэглэгээгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.П-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.П-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 5,600 (Таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 (Таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-д оногдуулсан торгох ялыг 1 (Нэг) жил, 6 (Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Н.П нь шүүхийн хэлэлцүүлэгт *** банк дахь өөрийн эзэмшлийн **** тоот данснаас Нуман-Алтай ХХК-ийн захирал А.Цэнд-Аюушийн *** банкинд эзэмшдэг *** тоот дансанд 2,000,000 (Хоёр сая) төгрөгийг төлсөн талаар 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хавтаст хэргийн 65 дугаар хуудаст Нуман-Алтай ХХК-ийн иргэн Н.Пээс Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/100 тоот дүгнэлтийн ажлын хөлсөд 3,300,000 (Гурван сая гурван зуун мянга) төгрөг нэхэмжилсэн №70 дугаартай нэхэмжлэх баримтаар авагдсан бөгөөд тус ажлын хөлснөөс 2,000,000 (Хоёр сая) төгрөгийг төлсөн нь ХААН банкны дээрх дансны хуулгаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.П нь Нуман-Алтай ХХК-д Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 1/100 тоот дүгнэлтийн ажлын хөлсний үлдэгдэлд 1,300,000 (Нэг сая гурван зуун мянга) төгрөгийг төлөхөөр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 4,185,000 (Дөрвөн сая нэг зуун наян таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Doosan-55 маркийн трактор 1 ширхэг, 92,000 (Ерэн хоёр мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Тог баригч мотор 1 ширхэг, 197,000 (Нэг зуун ерэн долоон мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Шороо шигшигч төмөр шигшүүр багаж 1 ширхэг, нэг бүр нь 43,500 /Дөчин гурван мянга таван зуу/ төгрөгийн үнэ бүхий нийт 87,000 (Наян долоон мянга) төгрөгөөр үнэлэгдэх Алт баригч 2 ширхэг зэргийг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эдгээр хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 1/100 тоот дүгнэлтийн ажлын үлдэгдэл хөлсөд 1,300,000 (Нэг сая гурван зуун мянга) төгрөгийг Нуман-Алтай ХХК-д олгож, үлдсэн 3,261,000 (Гурван сая хоёр зуун жаран нэгэн мянга) төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Хохирлын тухайд: Шүүгдэгч Н.П нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд 237,575 (Хоёр зуун гучин долоон мянга таван зуун далан тав) төгрөг төлсөн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5.1 дэх заалтад зааснаар газрын хэвлийд учруулсан хохиролд Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 44,921 (Дөчин дөрвөн мянга есөн зуун хорин нэг) төгрөгийг 2 дахин  нэмэгдүүлж 89,842 (Наян есөн мянга найман зуун дөчин хоёр) төгрөгийг дээрх төлөгдсөн 237,575 (Хоёр зуун гучин долоон мянга таван зуун далан тав) төгрөгөөс тооцож, зөрүү 147,733 (Нэг зуун дөчин долоон мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг шүүгдэгч Н.Пүрэвээд буцаан олгох, шүүгдэгч Н.Пээс газрын хэвлийн нөхөн сэргээлтийн зардалд 192,654 (Нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2, 3, 36.8 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь 

1.Шүүгдэгч Б Ч ургийн овогт Н.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пг 5,600 (Таван мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600,000 (Таван сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-д оногдуулсан торгох ялыг 1 (Нэг) жил, 6 (Зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 4,185,000 (Дөрвөн сая нэг зуун наян таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Бага оврын Doosan-55 маркийн трактор 1 ширхэг, 92,000 (Ерэн хоёр мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Тог баригч мотор 1 ширхэг, 197,000 (Нэг зуун ерэн долоон мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Шороо шигшигч төмөр шигшүүр багаж 1 ширхэг, нэг бүр нь 43,500 (Дөчин гурван мянга таван зуу) төгрөгийн үнэ бүхий нийт 87,000 (Наян долоон мянга) төгрөгөөр үнэлэгдэх Алт баригч 2 ширхэг зэргийг тус тус битүүмжлэлээс чөлөөлөн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эдгээр хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох Байгаль орчны үнэлгээ, шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/100 тоот дүгнэлтийн ажлын хөлсний үлдэгдэлд 1,300,000 (Нэг сая гурван зуун мянга) төгрөгийг Нуман-Алтай ХХК-д олгож, үлдсэн 3,261,000 (Гурван сая хоёр зуун жаран нэгэн мянга) төгрөгийг улсын орлого болгохыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч В.Аийн 2,500,000 (Хоёр сая таван зуун мянга) төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг шүүхээс хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар холбогдох баримтаа бүрдүүлэх нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Н.П-ээс Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлөгдсөн 237,575 (Хоёр зуун гучин долоон мянга таван зуун далан тав) төгрөгөөс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.5.1 дэх заалтад тус тус зааснаар газрын хэвлийд учруулсан хохиролд 89,842 /Наян есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг тооцон, зөрүү 147,733 (Нэг зуун дөчин долоон мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг шүүгдэгч Н.П-д буцаан олгосугай.

8.Шүүгдэгч Н.П-ээс газрын хэвлийн нөхөн сэргээлтийн зардалд 192,654 (Нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

9.Энэ хэрэгт шүүгдэгч Н.П цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Шүүгдэгч Н.П-ээд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ЭНХБААТАР