Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/637

 

2022           09           28                                           2022/ШЦТ/637

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д** овогт Э.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210000000991 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д** овогт Э.Г нь **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ХХК-нд менежер ажилтай, ам бүл-**, эхнэр, 02-10 насны ** хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, 120 мянгатын ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, тус дүүргийн ** дугаар хорооны ** дугаар байрны ** дугаар орцны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Э.Г нь 2022 оны 08 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот гэртээ эхнэр Ц.У-ыг бусадтай хардсаны улмаас хана мөргүүлэн, толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь уруулд шарх, баруун 1, 2-р шүдний булгаралт, баруун зүүн чамархай хүзүү, баруун, зүүн шуу, баруун өвдөг, шилбэ, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2210000000991 дугаартай хэргээс:

2. Хохирогч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Миний нөхөр Г нь өчигдөр 21 цагийн үед миний утсыг аваад гарсан. Тэгээд шөнө 03 цагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “Чи намайг араар тавьсан байна” гэж хэлээд намайг шууд үсдээд хана мөргүүлж, нүүр рүү гараараа цохиж хоолойг боож зодчихоод буцаад гараад одоо болтол ирээгүй. Утас нь ч холбогдохгүй байна. Би борлуулалтын менежер хийдэг учраас олон хүнтэй ажлын шугамаар харилцдаг. Тэгээд ажлынхаа залуутай фейсбүүкээр video call хийсэн байсныг манай нөхөр буруугаар ойлгож зодож цохисон. ...Шүүх эмнэлэгт үзүүлнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

Хохирогч Ц.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: Надад учруулсан гэмтлийг нөхөр Г учруулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 2 шүд унасан, нэг шүд хөдөлсөн байсныг орой нь авхуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний нөхөр бид хоёр учраа олсон. Шүдний эмчилгээ хийлгэж байгаа. Шүд хийлгэхээр болсон. Хохирлыг минь барагдуулж байгаа учир гомдолгүй. Нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

3. Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Өнөөдөр өглөөний 08 цаг өнгөрч байхад миний эгч У над руу залгаад манай нөхөр намайг зодоод явчихлаа гэж ярьсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот очиход манай эгч хүүхдүүдээ тайвшруулаад, хувцас нь цус болчихсон сууж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Өмнө 2021 онд эгч маань надад  нөхөр надад гар хүрсэн гэж утсаар хэлж байсан. Би ямар шалтгаантай байсныг мэдээгүй. Мөн өмнө манай эгчийг найз нартайгаа гарлаа гэж хэд хэдэн удаа хэл амаар доромжилж байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

4. Шүүгдэгч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

Би эхнэрийнхээ 2 утсыг нь аваад гарсан. Тэгээд гараад өөрийнхөө машиндаа сууж байхад араас гэрийн утаснаас залгаад чи яах гэж утас авч явдаг юм бэ гээд бас маргалдсан. Би гэрээс бага зэрэг холдоод эхнэрийн утсыг нь үзэхэд баахан янз бүрийн чат байсан. Тэгээд нэг чатыг нь онцолж хараад үзэхэд нэг залуутай баахан залгаж ярьсан, чаталсан чатуудаа ихэнхийг устгасан байсан. Тэгэхээр нь би стикер явуулахад өөдөөс та хэд яасан уугаад дуусан юм уу, яасан эрт дууссан юм бэ гэж хариу бичээд үргэлжлүүлэн чатыг нь харахад залгасан түүхүүд байсан. Өдөр бүр 10-20 удаа ярьсан байсан болохоор хэсэг юм бодож сууж байгаад намайг хуурсан юм шиг санагдаад гомдоод найз А-ын хамтаар 0,75 литрийн архийг гэрийн ойролцоо байх саадад юм ярьж хувааж уугаад 06-ны өглөөний 04 цагийн үед гэртээ ороод хэрүүл үүсгэж, маргалдан уурлаж бухимдаад хяналтаа алдаад яг хаана нь хэдэн удаа цохисноо мэдэхгүй байна. Тэгж байгаад манай хүүхдүүд ааваа та болиоч гэсэн. Тэгэхээр нь би танай ээж чинь та нарыг хайрлахгүй байна гэж хэлээд гараад явсан. Юм барьж цохиогүй хаана хэдэн удаа гэдгийг үнэхээр санахгүй байна. Тухайн үед уурласан байсан болохоор сайн санахгүй байна. Эхнэртээ учруулсан гэмтлүүдийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...Нэмж ярих зүйл байхгүй миний мэдүүлсэн бүгд үнэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10911 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Баруун чамархай үстэй хэсэгт 2х1см хүрэн хөх өнгийн цус хуралттай. Зүүн чамархай үстэй хэсэгт 1х1см хүрэн өнгийн цус хуралттай. Дээд уруулын дотор салстад 5 ширхэг мэс заслын оёдол бүхий шарх. Дээд баруун 1, 2-р шүд үгүй буйланд шарх, хар хүрэн өнгийн цус хуралттай. Зүүн дээд 1 шүд хөдөлгөөнтэй. Хүзүүний зүүн хэсэгт 2х1см, 1х1см, 1х1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. 4х2см хөх ягаан өнгийн цус хуралттай. Баруун шууны гадна дунд хэсэгт 2х1см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн тохойд 2х1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн шууны гадна дунд хэсэгт 2х1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Баруун өвдөгт 3х1см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Баруун шилбэнд 4х3 см бүдэг хөх өнгийн цус хуралттай. Нуруунд 5х0.5см хүрэн улаан өнгийн зулгаралттай.

1.Ц.У-ын биед уруулд шарх, баруун 1, 2-р шүдний булгаралт, баруун, зүүн, чамархай, хүзүү, баруун, зүүн шуу, баруун өвдөг, шилбэ, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Баруун 1, 2 дугаар шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувиар алдагдуулна (шинжээч эмч Э.Эрхэмбаяр). гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

6. Яллагдагчийн хүсэлт, прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 240 дугаартай тогтоол, санал (хавтаст хэргийн 65-69 дүгээр хуудас),

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгч Э.Г-ын иргэний үнэмлэхийн болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт, хуулийн этгээд бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49, 50-51, 53, 55-59 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг судалсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д** овогт Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.У хор уршиг нэхэмжлээгүйг  дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Г-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.АЛТАНТУЯА