Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/695

 

2022           10            19                                       2022/ШЦТ/695

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч А.М,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б** овогт Х.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210006910528 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овгийн Х.Б нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл *, аав, ээж, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Х.Б нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Зайсангийн гүүр” орчимд 2022 оны 03 дугаар сарын 04-ний шөнө иргэн А.М-г гар утас авсан гэх шалтгаанаар үсдэж, толгойн тус газар нь цохиж биед нь тарх доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, зүүн чихний ар, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210006910528 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 05:57:31 цагт “нэг машин дотор нэг хүнийг зодоод байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

2. Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед найз Н над руу залгаад гарах уу хэдэн пиво уух уу Б бид хоёр байна гээд асуусан. Тэгээд тухайн үед би жаахан байж байгаад гаръя гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед Н, Б хоёр намайг манай гэрийн гаднаас ирж авсан, тэгээд бид гурав хэсэг манай гэрийн хажуугийн зогсоол дээр зогсож байгаад голын эрэг явъя гэж ярьж байгаад цаашаа Туул голын далангийн дагуу хауснуудын гадаах зогсоол дээр очиж зогссон, тэр үед ойролцоогоор шөнийн 2 цаг болж байсан, тэгээд би заа гэртээ харъя гээд 3 цагийн үед хэлсэн, тэгсэн чинь Б юундаа яараад байгаа юм бэ би байж байгаад хүргээд өгье гэж хэлсэн. Тухайн үед бид гурав бүгд 2 шил пиво уусан байсан, удалгүй Б унтаад өгсөн, тэгээд 30 минутаас 1 цагийн хооронд жолооныхоо ард унтаад байсан, тэгээд би Б-г сэрээсэн чинь сэрэхгүй байсан, тэгсэн чинь ардаас нь Н сэрээсэн, гэтэл Б ямар ядаргаатай гичий вэ, ямар албатай юм уу өөрсдөө яваач ээ гэх мэтээр янз бүрээр бид хоёрыг хараагаад байсан, тэгэхээр нь би өөрсдөө такси бариад явъя даа гээд яг буух гэж байсан чинь Б намайг хойноос машин дотор байхад үсдээд миний гар утсыг аваад ир гэж орилоод миний үсийг машины голын тавиур дээр тохойгоороо дарж байгаад миний толгой тархи руу хэд хэдэн удаа хүчтэй цохиод байсан, тэгээд Н нь болиоч ээ гээд салгах гэсэн чинь Б цохиод авсан, тэгсэн чинь Н миний хамрыг хугалчихлаа гээд уйлаад, орилоод эхэлсэн. Тэгээд ахиад намайг цохиод байхаар нь би болиоч ээ гээд хэлсэн чинь яана намайг уучлаарай гэхээр нь би чи яагаад байгаа юм бэ гээд асуусан чинь ахиад л цохиод эхэлсэн, тэгээд намайг цохиж байхад нь Н болиулах гээд хичээсэн чинь, тэгсэн чинь Б ахиад Н-ийг үсдээд дарсан, тэгэхээр нь би машинаас буугаад машин хайгаад гараад алхсан чинь хажуу талаас манаач ах хүрч ирээд ах нь цагдаа дуудчихсан шүү гэж хэлсэн, тэгээд би тэр ахыг гуйсаар байгаад чирээд нөгөө машин дээр очсон чинь Б Н-ийг машинаас гаргаад шидчихсэн, Н дээшээ хараад газар хэвтэж байсан, тэгэхээр нь би очоод Н-ийг аваад нөгөө ахын өрөө рүү орсон, тэгсэн чинь Б согтуу машинаа унаад явчихсан. Тэгээд манай найз Н тухайн үедээ Б-ийг цагдаад өгье гээд яриад байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид хоёр хэлтэс дээр цуг ирээд цуг өргөдлөө бичиж өгсөн. ...Би яагаад намайг зодсон гэдгийг нь ойлгохгүй байгаа, намайг утсыг нь авчихлаа гэж ойлгоод л цохиж зодоод байсан, намайг зодож байх үед Н, Б рүү залгахад гар утас нь өөрийнх нь суудлын доод хэсэгт хөлийнх нь доор дуугараад байхад тоохгүй намайг зодоод байсан. ...Би хамраа цохиулчих вий гэж айгаад гараараа нүүрээ дарсан, миний толгой, хүзүү, чих хэсэг рүү Б цохиж, үснээс минь зулгааж татсан, маш их үс унаж туг тугаараа гэмтсэн. ...Хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: Би Б-ийн гар утсыг огт аваагүй, тухайн үедээ Б гар утас алга болчихлоо гэхэд нь өөрт нь бүх халаасаа нэгжиж байгаа эд зүйлсээ харуулсан, тэгсэн чинь өөрөө зүгээр өгчих гээд орилоод байсан, би бол Б-г худлаа гар утсаа алдчихлаа гээд намайг зодсоноо далдлах гэсэн санаа байх л гэж бодож байна. ...Б-г ямар утастай байсныг мэдээгүй, гар утас алга болчихлоо гэх үед Н түүний утас руу залгахад өөрийнхөн суудал доороос олдсон ба яг өөрийнх нь хөлийн завсар байсан, тэгээд утас чинь наа чинь дуугараад гэрэл нь асаад байна гээд хэлэхэд тоохгүй намайг үргэлжлүүлээд зодоод байсан. Хаанаас ямар дуу машин дотор нь явж байсан талаар мэдэхгүй. Дуу зогсоогүй санагдаж байна. ...Б хэдэн гар утастай байсан талаар анзаараагүй, эхлээд ямар ч байсан 2 гар утастай гэж ярихгүй байж байснаа гэнэт шүүх хурал дээр би хоёр гар утастай байсан гэж яриад байгаа юм. ...Б намайг худлаа гар утас авчихлаа гэж гүтгээд байгаад маш их гомдолтой, хэрэв гар утсаа алдсан юм бол яагаад цагдаад өгч шалгуулаагүй байж сүүлд нь өөрийг нь цагдаагаас шалгахаар худлаа шалтаг гаргаж ирээд яриад байгааг нь ойлгохгүй байна. ...Нэмж ярих зүйлгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас),

3. Гэрч Ч.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай үеэл Б бид хоёр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр уулзсан, тэгээд гадуур явж байгаад манай найз М-тай очиж уулзахаар болсон, тэгээд Б бид хоёр орой М-н гэрийн гадаа очиж аваад, дэлгүүр орж пиво аваад нэг газар очиж машинтайгаа зогссон, тэгээд бид гурав пиво уугаад байж байгаад Б унтчихсан, би болохоор хальт зүүрмэглэж байсан, тэгээд нэлээн орой бараг үүр цайх дөхөж байтал Мн гар утасны сэрүүлэг дуугараад сэрсэн чинь М явъя гээд байсан, Б унтаж байсан, тэгээд М, Б-г сэр гээд цохиод чи ийм арчаагүй шүү дээ гээд юм хум цацаад байсан, тэгсэн чинь Б чи одоо больчхооч дээ гэж хэлсэн, тэгээд би Мг одоо больчхооч дээ хоёулаа Юүби каб такси дуудаад явъя гэж хэлсэн чинь М энэ гар утсыг чинь шаачихъя л даа гээд үргэлжлүүлээд орилж, чарлаад байсан, тэгсэн чинь Б миний утсыг өгчих гэсэн чинь М чиний ямбий утсаар би яах вэ дээ би 12 Pro Max барьдаг энэ тэр гээд байсан, тэгээд Б гараараа болиоч зүгээр бай гээд түлхээд М буухгүй гээд суугаад байсан, тэр хоёр ойролцоогоор 10 минут гаран муудалдсан, тэгээд тэр хоёр бие биеэ түлхэлцэж таталцаад хоорондоо ноцолдоод байсан, тэгээд Б Мг хальт үсдэж байгаа харагдсан. Ер нь бол М өөрөө зүгээр л явчих байсан юман дээр явахгүй заавал унтаж байгаа хүнийг цохиж, зодоод, дураараа загнаад байсан. ...Бид гурав гурвуулаа халамцуу байсан, гэхдээ өөрсдийн ухаантай байсан. ...Б, М нарыг муудалцаж байх үед нь салгах гэж байхад Б намайг зүгээр нэг удаа түлхсэн, миний биед гэмтэл, бэртэл учраагүй. ...Тухайн үедээ би өөрийгөө хянах чадваргүй байсан, миний бичсэн өргөдөл мөн гэхдээ яг ямар утгатай зүйл бичсэн гэдгээ санахгүй байгаа юм. Надад бол гомдол, санал байхгүй. Тухайн үед болохоор Бд жоохон гомдчихсон байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

4. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө ажлын байран дээрээ буюу Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар пост дээрээ 24 цагийн хамгаалагчийн үүргээ биелүүлээд байж байтал манай объектын урд талын зогсоол дээр приус 41 маркийн машин дотор хүмүүс шуугилдаад согтуу хэрэлдэцгээгээд байх шиг орилж, чарлаад байсан, тэгээд би нэг очдог юм билүү гэж бодож байгаад манай объекттой хамааралгүй болохоор тоолгүй өнгөрчихсөн юм, тэгсэн чинь удалгүй тухайн тээврийн хэрэгсэл дотроос нэг өндөр охин гүйгээд гараад ирсэн, тэгээд над руу гүйж ирээд манай найз бид хоёрыг тэр залуу зодоод байна та цагдаа дуудаад өгөөч тэгээд манай найзыг машинаас аваад өгөөч гэж хэлэхээр нь яваад очсон чинь зодуулж байсан нэг махлагдуу охин нь гараад ирсэн, тэгээд би нөгөө нүдний шилтэй залууд нь ахын дүү ингэж болохгүй чи эмэгтэй хүнд гар хүрч болохгүй чамайг ингээд байвал цагдаа дуудаж өгнө гээд хэлсэн чинь согтуу машинаа унаад шууд хүчтэй хаазлаад яваад өгсөн. Тэр залуу жижгэвтэр биетэй залуу харагдсан, тэгээд би нөгөө зодуулсан хоёр охиныг харуулын байран дотор дагуулж орж ирээд цагдаа хүлээгээд байж байтал нөгөө сүүлд нь зодуулж байсан махлаг охин ярихдаа би энэ мууг угаасаа танина энэ ингэж яваад хаа холдох вэ угаасаа манай хамаатны залуу байгаа юм, угаасаа цагдаад өгч шалгуулна гэж ярьж байсан, тэгээд удаагүй хөдөлгөөний алаг тэрэг ирээд цагдаа нар нөгөө хоёр охиныг аваад явсан. ...Нөгөө зодсон гээд байгаа залуугийн хамаатан гэх махлаг охин нь нэлээн уйлчихсан, үс нь арзайчихсан байдалтай байсан, харин нөгөө өндөр охин бас үс нь арзайчихсан цагдаа дуудаад өгчих гээд нэлээн айсан байдалтай байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

            5. Шүүгдэгч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би үеэл Н болон түүний найз М нарын хамтаар Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Туул голын ард талын далангийн хойно байрлах авто зогсоол дээр машин дотроо пиво уусан, тэгээд миний дотор муухайраад байхаар нь хойшоо сандлаа хойшлуулаад хэвтэж байтал М намайг хүргэж өг гээд шаардаад байсан, тэгэхээр нь би чадахгүй гээд хэлсэн чинь ахиад л хүргээд өг энэ тэр гээд над руу пиво цацсан, тэгэхээр нь би сэрээд ахиад чадахгүй гээд хэлсэн чинь М тэгвэл энд байгаа утсыг чинь шаачхаад бууна гэж хэлсэн, тэгээд миний утас гэнэт алга болчихоор нь машинаас буулгахгүй гээд куртикнээс нь татсан, тэгээд М бид хоёр хэсэг ноцолдсон. ...Би М-н биед нь гэмтэл учруулсан эсэхийг би мэдэхгүй байна, ямартай ч цохиж зодоогүй, гэхдээ үснээс нь үсдэж татсан, би бас Н-ийг түлхсэн. ...Надад нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: Би уул нь алдсан гар утсан дээрээ ямар нэгэн гомдол байхгүй, шүүгч гар утаснаас болсон байна гээд хэргийг буцаачихлаа. Би бол ер нь хэргээ хурдхан л шийдүүлчихмээр байна. ...Би алдсан гэх гар утсаныхаа ИМЭИ дугаарыг мэдэхгүй ...Би алдсан гар утсаа нэхэмжлэхгүй байгаа. ...Би цагдаа дээр гомдол гаргахгүй. ...Учир нь гэвэл би М-д хохирол учруулсандаа гэмшээд цааш нь гар утас алдсан талаараа гомдол гаргаж явахыг хүсээгүй ба би бас хэргээ түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байгаа. ...Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №3830 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайн ар хэсэгт 1х0,5см талбайд үс хуйхны бусад хэсгээс илүү шингэрсэн, хуйх улайсан, эмзэглэлтэй, дагзны зүүн доод хэсэгт 2х2см талбайд хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Дагзны хуйх нэлэнхүйдээ улайсан. Духны дээд хэсэгт 0,8х0,2см, 2х0,2см, зүүн шанаанд 4х0,1см, зүүн шанаанаас зүүн чихний доогуур үргэлжилсэн хөндлөн байрлалтай 4х0,3см, зүүн чихний ард 1х0,3 см улаан ягаан өнгийн цус хуралттай. Баруун шууны ар дунд хэсэгт 1х0,5см, зүүн сарвууны ард 2х1см, 1х0,7см бүдэг хөх өнгийн цус хуралттай.

2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Толгойн КТГ-д: Тархины эдэд КТГ-н шинжилгээнд илрэх хурц цус хуралт болон эзлэхүүнд эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан хавантай...суурь яс болон гавлын ясанд хугаралгүй...хамар ясны хоёр хажуу хананд бага зэргийн зөрүү бүхий бороожсон хугаралтай, таславч илэрхий мурийлтгүй...зулайн ар-дагзны хэсгийн болон баруун хацар орчмын зөөлөн эдэд бага хэмжээний хавантай гэжээ.

Дүгнэлт:

1. А.М- н биед тархи доргилт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шанаа, зүүн чихний ар, баруун шуу, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /шинжээч эмч Ш.Цэцэгмаа/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

 

            5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б** овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 350 (гурван зуун тавь) цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг  хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б -баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-с 530,000 (таван зуун гучин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч А.М-д олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.М-н нэхэмжлэлээс 72,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь  гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.АЛТАНТУЯА