Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/702

 

 

   2022           10            21                                        2022/ШЦТ/702

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уулын дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б** овогт Н.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110000000920 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овогт Н.М нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, холбоочин мэргэжилтэй, “****” ХХК-д туслах мужаан ажилтай, ам бүл **, эцэг, эх, дүүгийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, Дэнжийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, одоогоор “****” ХХК-д байрлаж ажилладаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, ********* дугаарын регистртэй, Б** овогт Н.М.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Н.М нь Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутагт, “****“-т байрлах “Халиун төгөл” ХХК-д зөөгчөөр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө тус компанийн эзэмшлийн “I Phone 10” маркийн ******** дугаартай гар утас болон тухайн өдрийн орлого болох 3.500.000 төгрөгийг завшиж, “****” ХХК-д бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н.М нь “****” ХХК-ийн ажиллуулдаг ресторанд зөөгчийн ажил хийдэг байсан. Ажиллаж байх хугацаандаа өдрийн орлого болох 3.500.000 төгрөг болон “I Phone 10” маркийн **** дугаартай гар утасны хамт авсан. Учирсан хохирлыг барагдуулаагүй тул нэхэмжилж байгаа гэв.

Хоёр. Эрүүгийн 2110000000920 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-ын гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

2. “Халиун төгөл” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Н.Н (РД:********)-д итгэмжлэл олгох тухай албан тоот (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Манай “****” ХХК-д Н.М нь ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед үйлчлүүлэгч нараас 3.500.000 төгрөгийг өөрийн хувь данс руугаа шилжүүлж авсан. Мөн ажил тарах 03 цагийн үед ажлын “ I Phone 10 маркийн ******** дугаартай гар утасны хамт авч яваад хаалгаа цоожлоод түлхүүрийг нь хамт авч явсан. 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр М-тай холбогдоход ажил явдал гарсан тул Дархан-Уул аймаг явж байна гэж хэлсэн. 3-4 хоногийн дараа байгууллагын кассаа шалгатал мөнгө болон гар утас байхгүй байсан. Манай компанид нийт 3.500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өөр ямар нэгэн мөнгөөр хохироогүй. ...Өөр нэмж ярих зүйлгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),

4. Шүүгдэгч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            2022 оны 06 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө “Халиун төгөл” ХХК-ийн лоунжаас 3.500.000 төгрөг болон I Phone 10 маркийн гар утсыг авч явсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. “****” ХХК-ийн хохирлыг аль болох хурдан хугацаанд барагдуулна. ... Өөр нэмж ярих зүйлгүй. гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

5. “Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний №TXY-22/169 дугаартай дүгнэлтэд:

Дүгнэлт:

-I Phone x гар утасны нийт бодит үнэ цэнийг 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөг байх боломжтойг тодорхойллоо.

-Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно. . /шинжээч И.Золзаяа, Г.Даваадорж/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас ),

6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 37 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), “Халиун төгөл” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.М-т холбогдох гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б** овогт Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 9 (ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Н.М нь хохирогч “Халиун төгөл” ХХК-д 2,000,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-аас 2,150,000 (хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч “Халиун төгөл” ХХК-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.М-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА