Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/706

 

 

 

 

 

 

 

 

 

             2022         10           25                                        2022/ШЦТ/706

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Б.Чинзориг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

            иргэний хариуцагч “Их Монгол Шувуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э*** овогт Д.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203003490451 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э*** овогт Д.О нь Монгол улсын иргэн, **** оны ** дугаар **-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа ачааны машинаар тээврийн ажил хийдэг, ам бүл *, эх, эхнэр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Сонгино ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч Д.О нь 2022 оны 06 дугаар сарын 23-нд 22 цаг 05 минутын үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 3-5 тоотын гадна “Mitsubishi Delicа” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт  “Жолооч... хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.

-мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийн хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас шороон зам дээр хэвтэж байсан Б.Б-г дайрч түүний амь насанд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг гаргахгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Талийгаач ах маань манай ээжийн төрсөн дүү бөгөөд манай эмээтэй хамт амьдардаг байсан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр энэ хэрэг болсон. Хохирлын мөнгөнд 25,000,000 төгрөг дансаар авсан. Эхлээд цагдаагийн газарт байхад 4,000,000 төгрөг, дараа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5,500,000 төгрөг, сүүлийн мөнгийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15,500,000 төгрөг өгсөн. Оршуулгын зардалд 24,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан гэв.

Иргэний хариуцагч “Их Монгол Шувуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: О ах тухайн хэрэг үед манай компанид техник хариуцсан механик хийж байсан. Одоо техникийн асуудал гарах үед бүх техникийн хариуцаж ажилладаг. Тэр үед төмөр гагнуурын аппарат авчрах шаардлагатай учраас албаны машиныг унаж байсан гэв.

Эрүүгийн 2203003490451 дугаартай хэргээс:

1. Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

2. Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-23 дугаар хуудас),

3. Жолооч Д.О-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

4. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний хувьд хэрэг ослын талаар мэдэхгүй. Талийгаач Б*** овогтой Б нь ******** регистрийн дугаартай, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ам бүл **, айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг, эхийн гар дээр Био комбинатын Сонгинын аманд өнгөрөөсөн. Эцэг нь түүнийг бага байхад нь нас барсан гэж сонссон. Би түүний аавын талаар мэдэх зүйл байхгүй байна. Нийслэлийн 10 дугаар дунд сургуульд ****-**** онд сурч, 8 дугаар анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, Сургуулиа төгсөөд “Говь” ХХК-д 2 жил туслах ажилтнаар ажиллаж байгаад 1984 оноос Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 169 дүгээр цэргийн ангид 3 жилийн цэргийн алба хаагаад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Сүлжмэлийн үйлдвэрт 3 жил засварчнаар ажиллаж байгаад дараа нь Сонгинын амралтад гахай маллагч, галч, туслах ажилтнаар 5-6 жил ажиллаж байгаад түүнээсээ гараад үйлдвэр комбинатад подвал түрээсэлж, захиалгаар гутал хийх ажлыг хувиараа 7-8 жил хийсэн. Тэрнээс хойш ажил хийхгүй гэртээ байдаг байсан. Энэ хавар хөдөө манай таньдаг хүний хамаатынд мал маллаж байгаад өнгөрөхөөсөө 7-8 хоногийн өмнө хотод ирсэн байсан. 1997 онд Э гэх эмэгтэйдээ нэг гэр болж хамтран амьдарч байгаад 2003 онд хүүтэй болсон. 2005 оны үед эхнэрээсээ салаад түүнээс хойш ганц бие амьдарч байсан. Түүнээс хойш эхнэр, хүүхэдтэйгээ холбоогоо тасалсан. Огт холбогддоггүй байсан. Хүү нь одоо Солонгос улсад байдаг гэж сонссон. Яг хаана байдаг талаар нь бол мэдэхгүй. Салсан эхнэрийг нь бол хаана байдаг талаар нь мэдэхгүй байна. ...Миний ах нь бусдад тусархуу, ямар ч хүнд гэм хоргүй, сүүлийн жилүүдэд архи уудаг больчихсон болохоос биш мөрөөрөө хүн байсан, хорхойд ч хоргүй хүн байсан. ...Зам дээр байж байгаа хүнийг мөргөж амь насыг хохироосонд нь маш их гомдолтой байна. Оршуулгын зардлаа нэхэмжилнэ. 80 гарсан хөгшин ээж нь сэтгэл санааны маш хүнд дарамтад байна, гөлрөөд л суугаад байдаг болчихлоо. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

6. Иргэний хариуцагч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2012 оноос “Их Монгол шувуу” ХХК-д ажиллаж байна. Одоо аж ахуйн албаны даргаар ажилладаг. Манай компани нь аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. **** улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшлийн машин байгаа юм. Тухайн машиныг Д.О унаж яваад зам тээврийн осол гаргасан гэж сонссон. Осолтой холбоотой мэдэх зүйл байхгүй байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Д.О нь манай компанийн техникийг хариуцдаг хүн нь байгаа юм. Манай компанийн зүгээс бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

7. Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байтал манай хадам ах Т.Б над руу 21 цаг 07 минутад залгаад манай лагерийн байшин дээр ирээд намайг гэрт хотын төв хүргээд өг гэхээр нь би тэдний лагерийн гэрт буюу Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Туулын ** тоотод өөрийнхөө приус-20 маркийн машинтай очоод машинаа хашаанд оруулж тавьсан. Тэгээд ахтайгаа уулзахад арай явах болоогүй ажил нь амжаагүй байхаар нь би тэднийд байж байгаад бие засахаар хашаанаас нь гараад хашаа руу нь шээх гэж байтал зүүн талын засмал замаар хойноос урагш чиглэлд явж байсан цагаан өнгийн машин баруун гар тал руугаа дараад эргэхээр нь машин явж байхад яаж шээхэв дээ гэж бодоод шээхээ больчхоод явж өнгөрөхийг нь хүлээгээд зогсож байтал ард гөхххх гэх чанга чимээ сонсогдохоор нь эргээд хартал нөгөө цагаан өнгийн машин замын замын баруун талын хонхорхойд байх нэг зүйл дээгүүр овгоноод зүүн гар талын 2 дугуйгаараа гараад явж байсан. Тэгээд тэр машин чигээрээ яваад баруун талын зүүн тийшээ харсан хаалгатай хашааны үүдэнд очоод зогссон. Тэр машиныг овгоноод гарсан зүйлийг нь харахад засмал замын баруун талд шороон зам дээр тогтсон шалбааг усны дэргэд хэвтэж байсан хүн дээгүүр дайраад гараад явчихсан байсан нь харагдсан. Гөхххх гэх чимээ нь болохоор тухайн хүнийг дайраад тэр нь машинд чирэгдэх чимээ нь байсан юм билээ. Тэгээд цагаан өнгийн машины жолооч машинаа зогсоогоод буугаад ирсэн. Тэгэхээр нь би түүнд та сая хүн дайрчихлаа ш дээ гэ хэлэхэд өө яана аа гээд уулга алдаад ах шууд цагдаа руу өөрөө дуудлага өгсөн. Жолооч нь машиндаа ганцаараа явж байсан бөгөөд настайвтар эрэгтэй хүн байсан. Тэгээд удалгүй түргэний машин ирж үзээд тухайн хүнийг нас барсан гэж хэлчхээд яваад өгсөн. Түүний дараа цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Талийгаачийг би бол зүс мэднэ. Яг тэр хавиар буюу био комбинатаар архи уугаад л яваад байдаг тэнэмэл хүн байгаа юм. Намайг бага байхаас л нэг ийм ах манай хавиар архи уугаад дэмий тэнээд яваад байдаг байсан. Би бол нэрийг нь мэдэхгүй байна. Намайг 21 цаг өнгөрөөгөөд хадам ахын лагерийн хашаа, байшин дээр ирэхэд талийгаач засмал замын баруун талд явган хүний гарцын тэмдэглэгээний баруун хажуу талд согтуу бололтой босох гээд босож чадахгүй, босох гээд л унаад буцаж хэвтээд өндийчхөөд байгаад байсан. Би түүнийг таньсан бөгөөд байнга архи уудаг болохоор нь согтуу байна л гэж бодсон. ...Дайрсан машин **** улсын дугаартай цагаан өнгийн “Delica” маркийн буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед ойр орчимд хүн байгаагүй. Манай ахын хашааны гадаа нэг хар өнгийн машин зогсож байгаад хөдөлсөн. Би маркийг нь бол ажиглаагүй. Тэр машин цагаан өнгийн Дэлика машиныг ирэхээс өмнө нь засмал замдаа ороод урагшаа давхиад явчихсан. Тэр машин нэг их хурдтай яваагүй. Яг тэр зам дээр 2 хурд сааруулагч байдаг. Хурдтай явах боломжгүй. Тухайн хүнийг тэр хар өнгийн машин дайраагүй. “Delica” машины жолооч түүнийг дайрсан. Би өөрөө харсан. Тэр “Delica” машины жолооч ч гэсэн өөрөө дайрснаа мэдэж байгаа. “Delica” машины жолооч засмал замаас баруун гар тийш салахдаа хэтэрч явах гэж байгаа юм шиг нэг л эвгүй хөндөлсөж буусан. Надад нэмж ярих зүйлгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

8. Гэрч С.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Д.О-той би 2013 онд анх танилцаж байсан. Түүнээс хойш мэднэ. Түүнтэй хамтарч хувиараа гагнуурын ажил хийдэг. Садан төрлийн холбоо байхгүй. Ажил хэргийн шугамаар таньдаг. Б.Баднаанямбууг огт танихгүй. ...2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “М**” ХХК-ийн хашаанд төрсөн хүү Б-ын хамт гагнуурын ажил хийж байгаад торой 21 цаг өнгөрч байх үед харих гээд приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтайгаа хөдлөөд хүүгийнхээ хамт явж байтал Биогийн гүүр өнгөрөөд хурд сааруулагч дээр хурдаа сааруулаад явж байхад засмал замын баруун гар талд замын баруун хажуугийн хурд сааруулагч, явган хүний гарцын тэмдэглэгээний харалдаа ертөнцийн зүгээр баруун талд засмал замын хучилтын шорооны налуу хэсэг дээр толгой нь зүүн тийш буюу зам руугаа харсан, баруун хажуу талаараа хэвтсэн байрлалтай нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Тухайн үед гадаа нар шингэсэн харанхуй болчихсон, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Би өөрөө машинаа унаад жолооч талын цонх онгорхой явсан бөгөөд хурд сааруулагч дээр хурдаа хасаад зогсоод гарах үедээ цонхоороо нэг эрэгтэй хүн хэвтэж байгааг харсан. Нэлээн ойроос харсан. Би бол хөдөлж байсан үгүйг нь мэдэхгүй байна. Унтаж л байх шиг байсан. Замаас нэг их холгүй,замын хажуугийн налуу шороон дээр хэвтэж байхыг хараад би хамт явсан хүүдээ энд нэг хүн хэвтэж байна гэж хэлэхэд өндийж харчхаад бид хоёр цаашаа явсан. Тэр үед би машиныхаа гэрлийг асаачихсан явсан. Тэр өдөр Отой хамт гагнуурын ажил хийсэн бөгөөд маргааш өглөө нь дуусаагүй ажлаа үргэлжлүүлэн хийхээр О руу залгахад өчигдөр орой замын хажууд байсан хүнийг харалгүй машинтайгаа дээгүүр нь гарчихсан гэж хэлэхээр нь намайг ажил тараад явж байхад замын хажууд нэг хүн хэвтэж байсан тэр хүнийг л дайрчхаж дээ гэж түүнд хэлсэн. ... Тухайн хүн нь цагаан саарал өнгийн подволктой, хар хөх өнгийн өмдтэй байсан. Гутлыг нь бол анзаараагүй. Тачирхан үстэй хүн байсан. Би таньдаг хүн байж магадгүй гээд нэлээн сайн харсан. Тухайн үед хувцас хунар нь шавар шавхай болоогүй байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудас),

9. Гэрч И.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Д.О ахыг танина. Манай аавтай хамт ажил хийдэг бөгөөд би аавыгаа дагаж гагнуурын ажил хийж байхдаа тэр ахыг таньдаг болсон. Садан төрлийн холбоо байхгүй. Ажил хэргийн шугамаар таньдаг. Талийгаач Б.Б гэх хүнийг огт танихгүй. Би аав И-ын хамт 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “М**” ХХК-ийн хашаанд гагнуурын ажил хийж байгаад орой 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад аавынхаа хамт түүний машинтай гэртээ харихаар явсан. Аав приус-20 маркийн машинаа жолоодоод би жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад хоёулаа Биогийн гүүр өнгөрөөд урагшаа явж байтал замын явган хүний гарцтай, хурд сааруулагчтай хэсэг таарсан бөгөөд хурд сааруулагч дээр аав хурдаа хасаад маш аажуухан гарсан. Тэгэхэд аав надад жолооч талын цонхоороо харчхаад тэнд нэг хүн хэвтэж байна гэхээр нь өнгийгөөд аавын талын цонхоор харахад замын хурд сааруулагч, явган хүний гарцын тэмдгийн баруун харалдаа замын баруун хажуугийн хөвөө хэсгийн налуун шороон дээр баруун гар талаараа толгой хэсэг нь зам руу буюу зүүн тийш харсан эрэгтэй хүн байсан. Тэр хүн цагаан саарал өнгийн подволктой, хар хөх өнгийн өмдтэй байсан. Бусад зүйлийг ажиглаагүй. Тэгээд л аав бид хоёр цаашаа давхиад харьсан. Ойр хавьд өөр хүн, машин тэрэг байсан эсэхийг анзаараагүй. Тухайн үед гадаа харуй бүрий больчихсон, нар шингэчихсэн байсан. Аав машины гэрлээ асаачихсан явж байсан. Тухайн хүн нь цагаан саарал ангийн подволктой, хар, хөх өнгийн өмдтэй байсан. Бусад зүйлийг анзаараагүй. Хувцас нь миний харсан өнцгөөс шавар шавхай болсон зүйл байгаагүй. Тухайн хүнийг хэвтэж байхыг харчхаад өнгөрөөд 500 метр орчим явчхаад хүнтэй утсаар ярьсан цагаа харахад 21 цаг 31 минутад ярьсан байна. Тэгэхээр аав бид хоёр тэр хүний хажуугаар 21 цаг 25-30 минутын хооронд л өнгөрсөн болж таарч байна. Нар шингээд удаагүй байсан. Надад өөр нэмж ярих зүйлгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас),

10. Гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Д.О гэх хүнийг танина. Тэр манай тэнд буюу хоршооллын байранд амьдардаг хүн байгаа юм. Ойрхон амьдардаг гэдэг утгаараа таньдаг. Найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Садан төрлийн холбоогүй. Талийгаач Б.Б нь миний төрсөн дүүгийн нөхрийн төрсөн ах нь байгаа юм. Бид хоёр багаасаа нэг дор Био комбинатад өссөн хүүхдүүд байгаа юм. Би түүнийг бага байхаас нь мэднэ. Би дээр хэлсэн хаягаасаа нүүгээд Био-д шинээр баригдсан байранд 2 давхарт ** тоотод 1 өрөө байранд амьдарч байгаа. Шинээр баригдсан болохоор байрныхаа хаягийг тодорхой хэлж мэдэхгүй байна. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед /тагт зүүн тийш харсан/ дээрээ гараад тамхи татаад зогсож байтал манай байрны хойд талаар баруун зүг рүү Баднаанямбуу ганцаараа алхаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би түүнийг явж байна даа гэж харчхаад тамхиа татчихаад гэртээ орсон. Түүнтэй ямар нэгэн зүйл яриагүй холоос харсан. Тэр цагаан саарал өнгийн подволктой, хар хөх өнгийн өмдтэй явсан. Ойртож уулзаагүй учраас эрүүл, согтуу байсныг мэдээгүй. Түүнээс хойш түүнийг дахиж хараагүй, түүнтэй уулзаагүй байж байтал орой 22 цагийн үед түүнийг осолд орсон гэж хүргэн дүү Чинзоригоос сонссон. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

11. Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нисэхэд гэртээ байж байтал манай найз Т.Б над руу 19 цагийн үед залгаад манай Биогийн хашаанд гялс хүрээд ир машины юм үзүүлэх гэсэн юм гэхээр нь хашаандаа хийж байсан зүйлээ дуусгачхаад нэлээн байж байгаад өөрийнхөө **** УНН улсын дугаартай хар, саарал өнгийн /Асфальтан саарал гэж ярьдаг/ ланд-200 маркийн машинаа жолоодоод ганцаараа очсон. Хэдэн цагийн үед очсоноо бол яг сайн санахгүй байна. Намайг очиход бол гадаа гэгээтэй, нар арай жаргаагүй байсан. Биндэръяагийн хашаа урагшаа харсан гүйдэг том хаалгатай бөгөөд би хашааны хаалганы гадна талд баруун тийш нь хашаа руу шахаж машинаа зогсоогоод орсон. Тэгээд хашаанд нь ороод машиных нь эвдэрсэн зүйлийг нь үзээд байж байхдаа том хаалгаар урагшаа харахад засмал замын баруун талд баруун тийш салдаг буюу хашаа руу салдаг шороон замтай уулзварын баруун урд хэсэгт /салсан шороон замаас жоохон урагш/ толгой хэсэг нь зам руу зүүн тийш харсан цээжээрээ цайвар өнгийн, доогуураа бараан өнгийн өмдтэй эрэгтэй хүн хэвтэж байгаа харагдсан. Хөдөлж байсан үгүйг анзаараагүй. Зайнаас хальт хараад л өнгөрсөн. Хашааны том хаалга нээлттэй байсан болохоор урагш харахад харагдаж байсан. Тэгээд машиныхаа талаар юм яриад эвдэрсэн зүйлийг нь үзээд байж байтал харанхуй болчихоор нь би явлаа гээд яваад өгсөн. Хэдэн цагийн үед гэдгийг бол мэдэхгүй байна. Машинууд гэрлээ асааж явж байсан. Намайг явахын өмнө Биндэръяагийн дүү нь гээд приус-2-той эрэгтэй ирж байсан. Би түүнийг бол танихгүй. Тэгээд би уг хашааны гаднаас өөрийнхөө машиныг унаад хөдөлсөн бөгөөд хөдлөхдөө уг хүнийг харсан тэр хүн нөгөө газраа л хэвтэж байсан. Хэвтэж байсан хүний урд талд шонгийн мод түүний баруун талд нь хонхорхойд тогтоол ус буюу шалбааг байсан. Би тэр хүнийг харчхаад замын уулзвар руу орохдоо замынхаа зүүн гар тал руу шахаж хойд хэсгийг барьж замдаа ороод баруун гар тал руугаа эргэж урагш явсан. Хөдлөөд явахдаа нэг их хүчтэй давхиагүй миний машин механик бөгөөд зам нь хурд сааруулагчтай байсан. Намайг явснаас хойш тухайн хүнийг дайрсан асуудал гарсан байсан. Би бол зам руу нийлэхдээ тэр хүнээс маш холуур замдаа орж явсан. Ганцаараа явсан бөгөөд тэгээд шууд гэртээ харьсан. Миний хувьд тухайн хүнийг дайрсан асуудал огт байхгүй, хараад тойроод гарсан. Намайг ирэхэд тэр хүн байсан үгүйг нь сайн санахгүй байна. Байсан бол гэгээтэй байсан юм чинь харагдах байсан байх, байгаагүй байх гэж бодож байна. Байсан үгүйг нь яг сайн мэдэхгүй байна. Намайг замдаа нийлэхэд засмал замаар хойноос болон урдаасаа гэрлээ асаасан машинууд хөдөлгөөнд оролцож байсан. ... Замын баруун талын тогтоол ус буюу шалбаагийн зүүн талд шонгийн модны хойхон талд хэвтэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

12. Гэрч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Д.О нь миний төрсөн эгч Гандолгорын нөхөр байгаа юм. Энэ хүнийг манай эгчтэй суусан цагаас нь хойш буюу 1996 оноос таньдаг. Манай эгч Г , хүргэн ах О нар дундаасаа 3 хүүхэдтэй. О нь архи, дарс уудаггүй, тамхи татдаггүй, муу зуршилгүй, нийтэч, өрөвч зөөлөн зантай, манай хүргэн ахад дургүй хүн байдаггүй. Өөгүй сайн хүн байгаа юм. Гэр бүл, хань ижилдээ халамжтай, найз нөхдийн дунд нэр хүндтэй, боломжийн амьдралтай, нас тогтсон, хүмүүст байнга л тусалж, дэмжиж явдаг, хувиараа том тэрэг тээвэрт явуулж, амьдрал ахуйгаа залгуулдаг юм. ... Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед нь би хамт байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

13. Гэрч Ч.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Д.О нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 1996 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Дундаасаа ** хүүхэдтэй. Түүний хувьд ** хүүхэдтэй айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Түүнийг багад нь аав нас барчихсан, багаасаа ээж, дүү нараа асарч, өсгөсөн, багаасаа л амьдралын хар ухаанд суралцсан. Таньдаг ч бай, таньдаггүй ч бай тусалж л байдаг, их тусархуу, бусдад хүндэтгэлтэй ханддаг, хамт олон болон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал, халамж сайн тавьдаг. Аливаа асуудалд маш няхуур, нухацтай ханддаг. Аливааг уужуу сэтгэлээр шийддэг. Уян зөөлөн сэтгэлтэй, архи, тамхи огт хэрэглэдэггүй, бусдын төлөө л төрчихсөн юм шиг л хүн байгаа юм. Хувиараа том тэрэг тээвэрт явуулж амьдрал, ахуйгаа залгуулдаг. ...Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед нь би хамт байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

14. Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2203003490451 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэрэгт өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэгийг сонгон авч үйлчлүүлж байна. Өмгөөлөгч шүүх хуралдаантай учраас ирэх боломжгүй байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 142 дугаар хуудас),

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзоригийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2203003490451 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. ...Би 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн орой **** улсын дугаартай Делика маркийн тэврийн хэрэгслийг жолоодож яваад Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Туулын ** тоотын гадаа  зам дээр хэвтэж байсан эрэгтэйг харалгүйгээр дайрч амь насыг нь хохироосон үйлдэл гаргасан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Ослын дараа цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгсөн мөн тухайн үйл явдлыг хараад зогсож байсан гэрч байгаа. Тухайн үед би дүү Батбаатарындаа очихоор засмал замаас баруун гар тийш эргэж уулзвар нэвтрэхдээ 5 орчим км/цагийн хурдтай явж байсан. Санамсаргүй, болгоомжгүй байдлаасаа болж хүний амь нас хохироосон үйлдлээ, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн оршуулгын зардалд нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулна. Өмгөөлөгчтэйгөө ярилцсан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 144 дүгээр хуудас),

15. Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Талийгаач Б.Б-д учирсан гэмтлүүд нь нэг удаагийн автомашины дайрагдалтын үед үүсэх боломжтой гэмтэл юм. г эсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр цогцост хийсэн шүүх эмнэлгийн №1745 тоот дүгнэлтэд:

Авто ослын хавсарсан гэмтэл: Баруун эгэмний зөрүүтэй далд хугарал. Хоёр талын олон хавирганы хоёрлосон, гуравласан шууд болон шууд бус хугарал. Сээрний 5-р нугалмын их биеийн шахагдсан хугарал. Доод эрүү, баруун сарвуу, зүүн бугалгын шарх, доод эрүү, зүүн мөр, бугалга, шуу, өвдөг, баруун өвдөг, нурууны зулгаралт.

Дотор эрхтнүүдийн доргилт, цусны эргэлтийн хурц хямрал.

Дүгнэлт:

-Талийгаач Б.Б-гийн цогцост баруун эгэм, хоёр талын олон хавирганы хугарал, сээрний 5-р нугалмын их биеийн хугарал, доод эрүү, баруун сарвуу, зүүн бугалгад шарх, доод эрүүний зүүн мөр, бугалга, шуу, өвдөг, баруун өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл үүссэн байсан нь тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас дайрагдах үед үүснэ.

-Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд гэмтлүүд болно.

-Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

-Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

-Талийгаач нь цээж, нуруу нугасны хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

-Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай. .../шинжээч эмч Б.Баяртогтох/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дугаар хуудас),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр биологийн шинжилгээний №3335 тоот дүгнэлтэд:

-Шинжилгээнд ирүүлсэн “Mitsubishi Delica” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна тал болон доод эд ангиас биологийн гаралтай ул мөр илрээгүй. гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

18. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 86-87, 88-92 дугаар хуудас),

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн №2136 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэх дугуйн мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2. Дугуйн мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй тул “****” улсын дугаартай автомашины дугуйн мөр, дардастай харьцуулан шинжлэх боломжгүй.

3. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй. .../шинжээч эмч Д.Авидхүү/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас),

20. 19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн №2137 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “****” улсын дугаартай суудлын автомашины гадна тал болон доод эд ангиудаас хувцасны тасархай, наалдац, сэмэрдэс, гогодолт илрэхгүй байна.

2. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй. .../шинжээч эмч Д.Авидхүү/ гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас), гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 110-113 дугаар хуудас),

21. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №1138694940 дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 122-126 дугаар хуудас),

22. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 904 дугаартай мөрдөгчийн магадлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудас),

23. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, (1 дүгээр хавтаст хэргийн 148, 146, 149, 150, 151, 153, 154 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э*** овогт Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э*** овогт Д.О-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.О-ыг өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Д.О-ын BCDE ангиллын ****** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулж үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.А-д 25,000,000 (хорин таван сая) төгрөг оршуулгын зардалд төлсөн, бусад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Их Монгол Шувуу ХХК-ийг иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор 

хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.АЛТАНТУЯА