Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 06

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн  Наранбулаг сумын ,1-р баг,5-2 тоотод оршин суух, иргэн Их тугтан овогт П.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Т.Б холбогдох,

       “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаар “Төрд учирсан хохиролыг нөхөн төлүүлэх тухай” актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Н, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч улсын байцаагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч П.Б-ийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаартай "төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” акт нь үндэслэлгүй байх тул, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 01 сарын 29-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Сум дундын эмнэлэг, Сумдын эрүүл мэндийн төвийн 2016 оны бүтэц орон тооны жишиг баталсан. Энэхүү тушаалаар сумын Эрүүл мэндийн төвийн орон тооноос нярвын орон тоо хасагдаж 29 орон тоотойгоор ажиллуулахаар байсан боловч тухайн үед 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсан Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч их эмч А.Мягмардарь аймгийн эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтнаас ирсэн эх тушаалын хавсралтыг засварласан тушаалын дагуу ажил үйлчилгээг явуулж байсан.

Би 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэрээр Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн томилогдож ажилдаа орсон даруйдаа нярвын орон тоо хасагдсан гэдгийг мэдээд нярваар ажиллаж байсан Л.Дг орон тоо хасагдсан үндэслэлээр 2016 оны 11 сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Намайг ажилд эгүүлэн томилогдохоос өмнө А.Мягмардарь эмч 2016 оны 04 сарын 20-ны өдөр нярвын орон тоо хасагдсан үндэслэлээр Л.Д-д мэдэгдэл өгч байсан байдаг. Орон тоо нь хасагдаж нярвын цалин төсөвт суугдаагүй байгаа тохиолдолд ажилтныг тухайн ажлын байран дээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Гэтэл Л.Д нь Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган ажилдаа эгүүлэн томилогдсон. Улмаар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж гаргуулан авсан. Тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “бүтэц орон тооны жишиг баталсан” тушаал нь манайд мэйлээр ирсэн тушаалаас зөрүүтэй байсан. Энэ талаар шүүхэд удаа дараа тайлбарласан боловч шүүх анхаарч үзээгүй юм.

Эрүүл мэндийн газраас батлагдсан бүтэц, орон тоондоо тааруулж, цалингийн сандаа багтааж ажиллах ёстой гэдэг асуудал удаа дараа яригдсан учир би няравтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хэрэв нярав Л.Дг ажлаас чөлөөлөөгүй байсан бол тухайн үед цалингийн сан хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр мөн акт тавигдахаар байсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир Л.Д г ажилд нь буцаан томилсон ба эргээд 2017 оны бүтэц, орон тоо батлагдахад нярав гэх орон тоо нэгэнт байхгүй болсон учир дахин 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн. Л.Д дахин шүүхэд хандсан боловч шүүх ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй байна гэж үзсэн байдаг.

Дээрх үндэслэлээр миний бие тухайн актад дурдсан төлбөрийг төлөх ёсгүй байх ба миний буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Тухайн акт Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 /Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах/, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд / байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага/ тус тус үндэслэж гарсан байх ба хуулийн дээрх зохицуулалт нь байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах тухай хуульчилсан байна. Энэ нь тухайн байгууллага өөрт нь хохирол учирсан гэж үзвэл тухайн хохирлоо гэм буруутай этгээдээс гаргуулан авах тухай зохицуулалт байна. Хэрэв буруутай гэж үзвэл орон тоо нь хасагдсан, цалингийн сан хүрэлцэхгүй байхад тухайн орон тоонд ажилтан авч ажиллуулж байгаа үйлдэл хууль бус юм. Иймд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч П.Бгийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаартай “төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагч 2020 оны 11 дүгээр 11-ний өдрийн 34/05/24 дугаартай актыг тавьсан. Тухайн актын тавихдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг үндэслэл болгож актыг тавьсан байдаг. Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт багтах гэм гэм хор учруулснаас үүсэх үүрэг байгаа. Энд гэрээний харилцаа үйлчилдэггүй. Нэхэмжлэгч П.Нийн ямар гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байгаа нь тогтоогдоогүй. Тухайн байгууллагад гэм хор учруулсан байна гэж үзэх үндэслэл биш юм. Тухайн байгууллагын 2016 оны бүтэц орон тоо байгаа. Маргаан бүхий захиргааны актыг тавихдаа Монгол улсын ерөнхий аудиторын 2016 оны 95 дугаартай тушаалаар батлагдсан төрийн аудитын байгууллагын акт тогтоох албан шаардлагад баримтлах журам гэж байгаа. Уг журмын төрийн аудитын байгууллагын тогтоосон албан шаардлагаар алдаа зөрчлийг арилгах үүрэг нь хангалттай зохистой нотлох зүйлд үндэслэнэ гэж заасан байдаг. 2016 онд баталсан бүтэц орон тоонд нярав гэсэн албан тушаал байхгүй байдаг. Хэдийгээр иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан боловч нярав гэдэг орон тоо тогтоогдоогүй байгаа тохиолдолд няравт цалин олгох эрх хэмжээ ажил олгогч буюу П.Н-д байхгүй байсан учир Л.Д-тэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Л.Дг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тухайн шийдвэр гарсан байдаг. Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Мягмардарь гэж хүн ажиллаж байх үед Эрүүл мэндийн даргын тушаалын хавсралтад засвар хийж өөрчилсөн байсан тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг тухайн үед давж заалдах шатны шүүх хүлээн аваагүй. Аудитын байгууллага акт тавихдаа тухайн байгууллага хэдэн орон тоотой, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа нярав гэх байхгүй албан тушаалтныг Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Н цалинжуулаад явах боломжтой байсан эсэхэд аудитын байгууллага бодит үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой байсан. Шүүхийн шийдвэрийн дагуу тухайн ажилтан ажилдаа эргэн орсон боловч 2017 онд Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн бүтэц орон тоо 25 болж багасаж, нярвын орон тоо байхгүй болсон.Буруу шийдвэр гаргасны төлөө төрөөс шүүхийн шийдвэрийн дагуу Л.Д цалин авсан гэдгээр өнгөц хандаж болохгүй. Ямар баримт үндэслэн чөлөөлөх тушаал гаргасан мөн санхүүгийн хяналт шалгалт хийж байгаа улсын байцаагч нь цалингийн сан хүрэлцээтэй байсан эсэх мөн бүтэц орон тоо ямар байсан гэдгийг дүгнэн үзэж үндэслэлтэй акт тавих ёстой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.

Төрийн аудитын байгууллагын акт тогтоох албан шаардлагад баримтлах журамд зааснаар төрийн аудитын байгууллагын ажилчид нотлох зүйл олж авахдаа холбогдох ажилтнаас асууж лавлах, тулган баталгаажуулах нөхцөл байдлын шинжилгээний аудитын горимын аргуудыг авч ашиглахаар заасан байдаг. Гэтэл зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэн цалин олгогдсон байна гэдэг үндэслэлээр акт тавьж байгаа нь учир дутагдалтай байна.

Улсын байцаагч 2020 оны 11 дүгээр 11-ний өдрийн 34/05/24 дугаартай акт тавихдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан зүйл байхгүй.. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан байдаг. П.Н үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээр учруулсан хохирол гэсэн учир П.Н-ийн ямар гэм буруутай үйлдэл байгааг тогтоогдоогүй. Мөн гэм буруутай үйлдлийн субьектив нөхцөл байдал яаж тогтоогдож байгаа нь мөн тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч П.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ" гэсний дагуу актыг хүчингүй болгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно. Засгийн газрын 2017 оны 483 дугаар тогтоолын 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана” гэсний дагуу гомдлоо гаргах ба ерөнхий байцаагчид хандах ёстой байсан.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 718 тоот захирамж, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэснийг үндэслэн бичигдсэн акт юм. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Л.Дг  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилон,ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн цалингийн сангаас 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 46 тоот төлбөрийн хүсэлтээр 2.430.906 төгрөгийг төсвөөс олгосон зөрчил илэрсэн байдаг. Засгийн газрын 2017 оны 483 дугаар тогтоолын 7.5 дахь хэсэгт заасныг үндэслэн улсын байцаагчийн акт, албан шаардлагыг бичдэг учир тухайн тогтоолыг үндэслэн акт бичсэн байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү”  гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н нь Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч П.Бд холбогдуулан “ Улсын байцаагчийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаар “Төрд учирсан хохиролыг нөхөн төлүүлэх тухай” актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч П.Бийн үйлдсэн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар нярваар ажиллаж байсан Л.Дг ажлаас чөлөөлсөн шийдвэртэй холбогдуулан Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 718 тоот захирамжийн дагуу эрүүл мэндийн төвийн 2018 оны цалингийн сангаас 46 тоот төлбөрийн хүсэлтээр 2430906 төгрөгийг төсвөөс олгосон байх тул 2430906 төгрөгийг буруутай албан тушаалтан Эрүүл мэндийн төвийн дарга П.Нэр төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгч талаас “Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 01 сарын 29-ний өдрийн А/06 дугаар тушаалаар сумын эрүүл мэндийн төвийн орон тооноос нярвын орон тоо хасагдсан байсан боловч аймгийн Эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтнаас ирсэн эх тушаалын хавсралтыг засварласан тушаалын дагуу ажил үйлчилгээ явуулж байсан.Орон тоо хасагдаж нярвын цалин төсөвт суугаагүй байгаа тохиолдолд ажилтныг ажлын байран дээр ажиллуулах боломжгүй юм.Гэтэл Л.Д-г шүүхээс ажилд нь эгүүлэн томилсон ба улмаар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж авсан.Тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Бүтэц орон тооны жишиг баталсан” тушаал нь манайд мэйлээр ирсэн тушаалаас зөрүүтэй байсан.Миний буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учирсан гэж үзэхгүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр маргажээ.

Хариуцагч тал “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн,хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан ба Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 718 тоот захирамжийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1,Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн акт бичигдсэн,гомдлоо Засгийн газрын 2017 оны 483 дугаар тогтоолд зааснаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гаргаагүй “ тухай тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Маргаан бүхий улсын байцаагчийн актыг нэхэмжлэгч П.Н 2021 оны 1 сарын 11-ний өдөр хүлээн авсан талаар тайлбар гаргаж хариуцагчаас энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч нь Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад гомдол гаргаж 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр “актыг хүчингүй болгох боломжгүй” тухай хариуг авсан байна.

Улсын байцаагчийн 34/05/24 дугаар актад “актыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах эрхтэйг” дурдсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар аймгийн Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах эрхтэй байна.

Хуульд заасан хяналтын хүрээнд Увс аймгийн Санхүү хяналт,аудитын албаны улсын байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч нь улсын байцаагчийн шийдвэртэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.

Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Дгийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж Л.Д-г Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Н-ийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 33 дугаар тушаалаар Л.Д-г нярвын үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрэг цуцалж шийдвэрлэсэн байх ба иргэний хэргийн шүүхээс нярвын орон тоо хасагдсан  гэж үзэх боломжгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Увс аймгийн эрүү,иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 09 дугаар магадлалаар бүтэц орон тоо хасагдаагүй байхад Л.Дтэй байгуулсан гэрээг цуцалж ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж үзэн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн хариуцагч П.Н-ээс иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гаргасан боловч Увс аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны  өдрийн 02 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Л.Д нь иргэний хэргийн шүүхэд ажлаас халагдсан өдрөөс буюу 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс ажилд буцаан томилогдсон 2017 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг Наранбулаг сумын эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан байх ба Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжаар Л.Дгийн ажилгүй байсан хугацааны цалин 2.404.198 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, 103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж мөн  зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэжээ.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, мөн зүйлийн 69.3-д “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэж тус тус зохицуулжээ.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлахаар зааж Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар Дотоод аудитын дүрмийг баталсан байна.

Уг дүрмийн 6 дахь хэсгийн 6.3.1-д дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт гаргах эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна.

Иймд Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 103.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар хохирол буцааж төлүүлэхээр шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар учруулсан хохирлыг нэхэмжлэхэд төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан байх нөхцөлийг шаардах бөгөөд Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Н-ийг Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 83 дугаар шийдвэр, Увс аймгийн эрүү,иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 09 дугаар магадлалаар хууль зөрчсөн шийдвэр гаргасан буруутайд тооцож иргэн Л.Дг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Мөн Л.Д-д эрх бүхий албан тушаалтан П.Наран-Эрдэнийн хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор буюу 2.430.906 төгрөгийн хохирол учирсан нь Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогджээ.

П.Н-ийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын албаны бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой буруу шийдвэрийн улмаас иргэнд хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой, иргэнд учирсан хохирлыг төрөөс буюу тухайн төрийн байгууллага 2018 онд нөхөн төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл П.Н нь хууль бус буруутай шийдвэр гаргасны хариуцлагыг хүлээж төрд учирсан гэм хорын хохирлыг төлөх үүргийг хуульд заасны дагуу хүлээх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч П.Н-ийн  няравын орон тоо, цалин байхгүй, няраваар ажиллуулах боломжгүй байтал шүүхээс Л.Дг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан, батлагдсан бүтэц орон тооны хүрээнд шийдвэр гаргасан, орон тоо баталсан Эрүүл мэндийн газрын даргын тушаал 2 өөр, зөрүүтэй байсан, миний буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учраагүй гэх тайлбарууд нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Л.Д-ийн ажилгүй байсан хугацааны цалин 2.430.906 төгрөгийг төсвөөс гаргуулахаар шийдвэрлэж олгосон байх тул төрд учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй гэх, мөн хяналт шалгалтын хугацаанд П.Нэс актын талаар тайлбар гаргаснаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдал, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээнд өөрчлөлт орохгүй тул П.Нэс тайлбар авч, сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбаруудыг хүлээн авах боломжгүй болно.

Иймд Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч П.Н-ийн “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ