Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0750

 

 

 

Д.Ц*******ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Ц*******

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөл

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолд “Х.О*******т холбогдох хэсгийг” хэмээн өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 12 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т заасны дагуу Д.Ц*******ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0690 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0289/3

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Ц*******ээс Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн даргад холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолд Х.О*******т холбогдох хэсгийг хэмээн өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 12 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т заасны дагуу Д.Ц*******ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0154 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц*******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 12 дугаар тогтоолд Х.О*******т холбогдох хэсгээр гэсэн өөрчлөлт оруулж, Д.Ц*******ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн "ТОГТООХ нь" хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 232.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ц*******ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 12 дугаар тогтоолд "…Х.О*******т холбогдох хэсгээр" гэсэн өөрчлөлт оруулж, Д.Ц*******ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд даалгасугай" гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т "Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана" гээд 106.3.1-106.3.11 хүртэл шүүхээс гаргах шийдвэрийн төрлүүдийг тусгайлан заасан байх бөгөөд шүүхийн дээрх шийдвэрт шүүхээс гаргах шийдвэрийн төрлүүдээс алийг гаргасан нь тодорхойгүй байхаас гадна маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 12 дугаар тогтоолд "…Х.О*******т холбогдох хэсгээр" гэсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа нь шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн өөрт олгогдоогүй буюу захиргааны байгууллагын захиргааны акт гаргах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож хууль зөрчсөн байна.

3.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсэгт "…Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай" 487 дугаар тогтоолд зааснаас үзвэл Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаал нь Т3-6 ангилал, зэрэглэлд хамаарах дэс түшмэлийн албан тушаал байна" гэжээ.

Засгийн газрын дээрх тогтоолоор Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсан бөгөөд уг тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын"-ын дэс түшмэлийн ТЗ-6 хэсгийн Төрийн захиргааны албан тушаал хэсгийн, Төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, бусад байгууллагын албан тушаал хэсгийн гүйцэтгэх хэсгийн 1-т Яамны ахлах мэргэжилтэн, 2-т Засгийн газрын агентлагын Улсын ахлах байцаагч, 3-т Засгийн газрын агентлагын ахлах мэргэжилтэн, 4-т Цөмийн энергийн комиссын ажлын албаны ахлах мэргэжилтэн, 5-д Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч" гэж тус тус заажээ.

Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаал нь Т3-4 ангилал, зэрэглэлд хамаарах ахлах түшмэлийн албан тушаал байхад шүүх Т3-6 ангилал, зэрэглэлд хамаарах дэс түшмэлийн албан тушаал байна" гэж буруу дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байхаас гадна энэ талаар хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсаар байтал анхаарч үзээгүйд гомдолтой байна.

3.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсэгт "…Түүнчлэн хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 02/1061 дүгээр албан бичигт “...Бүртгэлд хамруулж шалгалтад оролцуулсан Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэжил хэсэгт "ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх" гэж заасныг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү" гэснийг үндэслэн тайлбарлаж байх боловч уг албан бичиг нь тухайн сонгон шалгаруулалтыг зөвхөн Х.О*******ын тухайд хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгосон алин болох нь тодорхойгүй агуулгатай байна" гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 02/1061 дүгээр албан бичигт "…тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлнэ үү" гэсэн байхад шүүх хувь хүнтэй холбон дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д зааснаар Төрийн албаны зөвлөл нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, холбогдох журмыг батлах бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан тэгш байдал, хууль дээдлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т тусгайлан заасан хуульд үндэслэх, ил тод, нээлттэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчмуудад нийцүүлэх учиртай бөгөөд тус салбар зөвлөл хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан болно.

Тодруулбал Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн нэгжийн хувьд дээд газраас ирүүлсэн чиглэлийг биелүүлж 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоолыг гаргасан нь хууль зөрчөөгүй.

3.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсэгт “…Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 13.3-т заасанчлан Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэл, зөвлөмжийн дагуу ажиллах үүрэгтэй хэдий ч... " гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн тусгай албан тушаалын талаар заасан байх бөгөөд 13.1-т "Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна" гэж заасан байх бөгөөд 13.3 гэсэн хуульд байхгүй заалтыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

 Иймд дээрх үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянаж Д.Ц*******ийн нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0690 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй богож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

            1.Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай” 12 дугаар тогтоолоор Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад оролцож хамгийн өндөр оноо авсан Х.О*******ыг ахлах түшмэлийн багц сургалтад хамрагдаж төгссөн байх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон, захиргааны байгууллагаас гаргасан энэхүү тогтоол үндэслэлтэй эсэхээс үл хамаарч түүнд шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулах эрхгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-106.4-т заасны дагуу маргаан бүхий тогтоол хууль бус болох нь тогтоогдвол хүчингүй болгох, илт хууль бус болохыг болон хууль бус байсан болохыг тогтоох, эсхүл захиргааны акт гаргахыг даалгах шаардлагын хүрээнд л шийдвэр гаргах учиртай.

            Гэтэл Д.Ц*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа дээрх тогтоолд “…Х.О*******т холбогдох хэсгээр…” гэсэн өөрчлөлт оруулсан нь шийдлийн хувьд үндэслэлгүйгээс гадна үр дагаврын хувьд хэрэгжих боломжгүй болгожээ.

            Учир нь уг тогтоол 2 заалттай, эхний заалтаар сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон, дараагийн заалтаар сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг Салбар зөвлөлийн нарийн бичгийн даргад даалгасан, бичиглэлийн хувьд дээрх өөрчлөлтийг эдгээрийн чухам аль хэсэгт оруулж байгаа нь тодорхойгүй, харин давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С*******ын тайлбарласанчилан 1 дэх заалтыг “…сонгон шалгаруулалтын Х.О*******т холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай” гэж өөрчилсөн гэж үзэх тохиолдолд тогтоолын 2 заалт хоорондоо утга агуулгын хувьд зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэхээр байна.

            2.Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасан, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 461 дүгээр тогтоолоор Салбар зөвлөлийн маргаан бүхий тогтоолыг Төрийн албаны хууль тогтоомж зөрчөөгүй болохыг тогтоож, улмаар Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу явуулахыг Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгажээ.

Үүнээс ч өмнө Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 02/1061 дүгээр албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбар зөвлөлд хандаж “…Бүртгэлд хамруулж шалгалтанд оруулсан Х.О******* нь албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагын мэргэшил хэсэгт “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх” шаардлагыг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу тус албан тушаалын сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, дахин сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд ирүүлэх…” үүрэг даалгавар өгсөн, энэ талаараа ч нэхэмжлэгч Д.Ц*******ийн гомдолд өгсөн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/2434 дүгээр хариу албан бичигтээ, тухайлбал “…Зөвлөлийн 2023 оны 461 дүгээр тогтоолоор дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулахыг Салбар зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн тул уг албан тушаалд түүний нэрийг дэвшүүлэх боломжгүй…” болохыг тодорхой дурдсан байна.

            Гэтэл шийдвэрт дээрх 02/1061 дүгээр албан бичгийн агуулгыг “…сонгон шалгаруулалтыг зөвхөн Х.О*******ын тухайд хэсэгчилэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгосон алин болох нь тодорхойгүй…” гэж илтэд буруугаар тайлбарлаж, үүнийгээ нэхэмжлэлийг хангах үндэслэлийн нэг болгосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх зарчим зөрчигджээ.

3.Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т “Ахлах түшмэлийн албан тушаалд яамны тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээч, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотын Захирагчийн ажлын албаны менежер, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна”,

-18.5-т “Дэс түшмэлийн албан тушаалд яамны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ахлах зохион байгуулагч, тэдгээртэй адилтгах бусад албан тушаал хамаарна”,

-23 дугаар зүйлийн 23.2.3-т “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх…” гэсэн тусгай шаардлагыг хангасан байхаар тус тус заасан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-23.2.3-т тэргүүн, эрхэлсэн, ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдоход тусгай шаардлагыг хангасан байхаар, харин дэс болон туслах түшмэлийн ангилалын албан тушаалд тусгай шаардлага тавигдаагүй байна.

            Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 8.3-т “Туслах түшмэлийн албан тушаалд сул орон тоог нөхөхөд энэ журмын 8.2-т заасан дараалал харгалзахгүй бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж нөхнө. …Туслах түшмэлийн албан тушаалын шалгалтад хамгийн өндөр оноогоор тэнцэж, томилогдсон албан хаагч өөрийн хүсэлт болон хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд тухайн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдоос онооны дарааллаар Зөвлөл, Салбар зөвлөл нэр дэвшүүлнэ” гэж зохицуулсан, гэтэл шийдвэрт хуулийн дээрх заалтыг үл харгалзаж, зөвхөн журмын энэхүү заалтыг үндэслэн онооны дарааллаар 2 дугаарт эрэмбэлэгдсэн Д.Ц*******ийн нэр дэвших эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримт болон холбогдох хуульд нийцсэнгүй.

Тухайн үед сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Х.О******* нь хуульд заасан дээрх тусгай шаардлагаас “ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” шаардлагыг хангаагүй тул Салбар зөвлөлийн одоогийн маргаан бүхий 2023 оны 12 дугаар тогтоолоор тусгай шалгалтыг хүчингүйд тооцсон,

-Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 198 дугаар шийдвэрээр Х.О*******ын нэхэмжлэлтэй, Салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд түүнийг сонгон шалгаруулалтад орох үедээ мэргэшүүлэх багц цагийн сургалтад бүрэн хамрагдаж төгсөөгүй, өөрөөр хэлбэл дөнгөж бүртгүүлээд байсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэлт хийсэн нь, мөн ийнхүү дүгнэхдээ албан тушаалын ангилалыг ТЗ-6 буюу дэс түшмэлийн, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэл, зөвлөмж хууль журамд нийцэхгүй, ойлгомжгүй байх тохиолдолд заавал биелүүлэх үүрэг хүлээхгүй, 12 дугаар тогтоолын агуулга тодорхойгүй, бүхэлдээ хууль бус гэх зэргээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон …үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчсөн байна.

Шийдвэрт “…Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 198 дугаар шийдвэрээс үзвэл Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн даргын албан тушаалд хамгийн өндөр оноогоор тэнцсэн Х.О*******ыг нэр дэвшүүлж томилуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Салбар зөвлөл шийдвэрлэж, 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар тогтоол гаргасан боловч Х.О******* тусгай шаардлага хангаагүйгээс түүнийг нэр дэвшүүлсэн дээрх тогтоол хууль бус болохыг шүүхээс тогтоосон…” гэсэн нь утга агуулгын хувьд илэрхий ойлгомжгүй, 12 дугаар тогтоолоор Х.О*******ыг нэр дэвшүүлсэн бус харин сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон, мөн шүүхийн 198 дугаар шийдвэрээр 12 дугаар тогтоолыг хууль бус гэж бус эсрэгээрээ хууль ёсны гэж дүгнэсэн болно.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын ангилал, зэрэглэлийг “ахлах түшмэл, ТЗ-10” гэж тодорхойлсон талаар, мөн ахлах түшмэлийн албан тушаал болохын тухайд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх шаардлага тавигдсан талаар тодорхой дүгнэснийг дахин дүгнэхдээ бүр эсрэгээр нь нотлох эрхгүй.

4.Нэхэмжлэгч Д.Ц*******ээс 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолдоо ч өөрийн өрсөлдөж буй албан тушаалын ангилалыг ахлах түшмэл гэдгийг мэдэж байсан болох нь түүний гомдлоос тодорхой харагдана, иймд энэ болон дээрх үндэслэлүүдээр ахлах түшмэлийн албан тушаалын сонгон шалгаруулалд шийдвэрт дүгнэсэнчилэн онооны дарааллын буюу туслах түшмэлийн албан тушаалын ул орон тоог нөхөх талаарх журмын зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Үндсэндээ хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн хувьд Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн чиглэлийг биелүүлж маргаан бүхий тогтоол гаргасан нь энэхүү хууль болон журамд нийцсэн, цаашлаад Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхийг салбар зөвлөлийн Нарийн бичгийн даргад даалгаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг хариуцагч талаас давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад адилтган хэрэглэж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг мөн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг зөрүүтэй, дутуу бичсэн байгааг тус тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 690 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 23 дугаар зүйлийн 23.2.3, 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ц*******ийн гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны Салбар зөвлөлийн “2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн “Тусгай шалгалтыг хүчингүйд тооцох тухай” 12 дугаар тогтоолд “Х.О*******т холбогдох хэсгээр” гэсэн өөрчлөлт оруулж, Д.Ц*******ийг Завхан аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг тус Салбар зөвлөлд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.      

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        Н.ДОЛГОРСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН