Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/707

 

 

 

   2022           10            25                                        2022/ШЦТ/707

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч Ү.Б нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б** овгийн Ү.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2210008761124 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овгийн Ү.Б нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, хамтран амьдрагчийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Ү.Б нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй дэн буудалд Г.Ц-ийг үл ялих зүйлээр шалтаглан маажиж, баруун гарын долоовор хурууг нь хазаж эрүүл мэндэд нь баруун гарын долоовор хурууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гарын долоовор хурууны язарсан шарх, цээжний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Ү.Б нь шүүх хуралд мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210008761124 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09:46:07 цагт “Ээлж хүлээлцэж байх үед нэг согтуу хүүхэн намайг зодоод цамц урж, баруун гарын долоовор хурууг хазчихлаа. Цус гараад тогтохгүй байна” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 12 дугаар хуудас), Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

2. Хохирогч Г.Ц-ээс мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн:

“...Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” нэртэй дэн буудалд ресейпшнээр ажилладаг юм. Манайх 24/48 цагаар 2 хүн ээлжилж ажилладаг юм. Манай дэн буудал нь нийт 15 өрөөтэй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр миний хувьд ээлжид гарч ажиллаж байсан ба тухайн өдрөө 7 дугаартай өрөө л хүнтэй хоносон юм. Манай 3 давхарт 306 тоот 2022 оны 03 дугаар сарын 27-ны 17 цагийн орчим хүүхэн, залуу хоёр манай буудлын өрөөнд орж ирсэн бөгөөд буудалдаа хонож, төлбөр тооцоогоо хийж дуусгасан юм. Харин 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн орчим ээлж хүлээлцээд тухайн 306 дугаартай өрөөний хаалгыг нь тогшоод ээлж хүлээлцэж байна гэж хэлээд ороод үүдний шалны хэсгийн даравч төмрийг нь бүгдийг нь хуулчихсан байхаар нь би энийгээ янзалчих гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй нь над руу үсэрч дайраад миний энгэр  бариад энгэр хэсгийг маажиж, хөхний даруулгыг урж тэгээд гараас нь барьж байсан чинь миний баруун гарын долоовор хурууг хазчихаад тавихгүй байсан юм. Тэгээд нохой шиг орилоод миний нүүрийг маажих гээд дайраад байхаар нь би тухайн үед ээлж солих гэж байсан О-тай хамт тухайн өрөөнөөс гарч гүйгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

3. Гэрч Ү.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

            “...Ү.Б бол миний төрсөн эгч байгаа юм. Манай ах, эгч, дүү нар бүгд тус тусдаа амьдралтай байдаг юм. Харин манай Б эгч надтай хамгийн ойр, манай гэрээр орж гардаг хүн бөгөөд ер нь бол манайд байдаг гэхэд болно. Гэхдээ сүүлийн 10 гаруй жил манайхаар ирэхгүй, жилдээ ганц, хоёр удаа ирээд яваад өгдөг юм. Хаана, юу хийж яваагаа ерөөсөө хэлдэггүй юм. Б эгчийн ганц охин нь над дээр амьдардаг юм. Охиныг нь Х гэдэг бөгөөд 11 настай, эмэгтэй, Нийслэлийн ** дугаар сургуульд суралцдаг юм. Хамгийн сүүлд Б эгч над руу дугаараа нууцлаад залгаад мөнгө өгчих гэж байсан. Түүнээс хойш нэг ч удаа холбогдоогүй байна. Би дугаарыг нь бол мэдэхгүй байна. Хаана ажиллаж, амьдарч байгааг нь бол мэдэхгүй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

            4. Шүүгдэгч Ү.Б-ын мөрдөн шалгах яллагдагчаар өгсөн:

            “...Би 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үл таних залуутай хамт Хан-уул дүүргийн 10 дугаар хороо нисэхийн эцэст байх “****” нэртэй дэн буудалд өрөө аваад бид хоёр нэг шил 0.5 литрийн архи аваад хувааж уусан ба тэр залуу түрүүлээд явсан бөгөөд би буудлын өрөөнд ганцаараа үлдчихээд унтаад өгсөн юм. Тэгээд өглөө буудлаас гарах гэсэн чинь буудлын үйлчлэгч эгч намайг чи хайчих гэж байгаа юм бэ гэхээр нь чимээгүй гараад явсан чинь тэг эгч над руу уурлаад байсан бөгөөд би явах гэсэн чинь гаргахгүй надтай зууралдаад, ноцолдоод, гараараа надаас бариад тавихгүй байхаар нь би тэр эгчийн гарыг нь хазсан юм. Тухайн үед бид хоёр салах гэж нэлээн удаан зууралдсан. Тэгээд би гарыг нь хазаад зугтаачихсан юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №4976 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун гарын долоовор хурууны 2-р үений дунд хуруу талын ирмэгт 0.5х0.5 см улаан ягаан өнгийн язарсан шархтай, овойж хавдсан, үений хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдсан, эсрэг талд эрхий хуруу талын ирмэгт 0.5х0.3 см арьсны өнгөц давхарга хууларсан зулгаралттай, зүүн гарын долоовор хурууны 3-р шивүүрийн гадна гадаргууд 0.5х0.5 см хар хүрэн өнгийн тав тогтсон шархтай, үений хөдөлгөөн чөлөөтэй, цээжний өмнөд хэсэг баруун хөхний дотор булан хэсгээр босоо 10х0.2 см тод улаан ягаан, 4.5х0.5 см, баруун эгмийн дотор булан хэсэгт 1х0.3 см, зүүн талд эгмийн дотор булан хэсгээс доош 6 см зайд 0.7х0.2 см 2 ширхэг бүдэг ягаан өнгийн зулгаралттай.Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

 

Дүгнэлт:

1. Г.Ц-ийн биед баруун гарын долоовор хурууны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гарын долоовор хурууны язарсан шарх, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр дарах, шахах, үрэх механизмаар үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна /шинжээч эмч Н.Энхцолмон/ ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

7. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай. (хавтаст хэргийн 93 дахь тал),

 

            8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б** овгийн Ү.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б** овгийн Ү.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ү.Б-ыг 2022 оны 09 дүгээр сарын 22-оос 24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоног, нийт 10 (арав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх ялыг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ү.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Ц хор уршгийг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Г.Ц гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ү.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Ү.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА