Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00628

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Г/РД /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК/РД: /-д холбогдох,

 

Нийгмийн даатгалын хэлтэст 504 000 төгрөгийн төлөлтийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд 2 509 434 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, нийгмийн даатгалын болон албан татварт 663 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие А.Г нь 2011 07.02-ны өдрөөс эхлэн Хаан палас ХХК-д угаагч, үйлчлэгчээр хөдөлмөрийн гэрээ байгуулан байнгын ажлын байранд ажилд орсон. Ажилд ороод 2-3 жил ажиллаж байхад тус компанийн үйл ажиллагаа, удирдлагад өөрчлөлт орж Таван богд вашёку ХХК болж өөрчлөгдөн, уг компанийн Сакура ресторанд угаагчийн ажилд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан юм. 2018 оны 8 дугаар сард миний бие ажилдаа явах замдаа бэртэж хөлөө гэмтээн удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж, мэргэжлийн хяналтын газраас үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийн дагуу үйлдвэрлэлийн ослын акт тогтоохоор болсон. Энэ асуудлаас болж удирдлагуудын зүгээс намайг байгууллагын нэр төрийг харж үзсэнгүй гэж дургүйцэж, ялих ялихгүй шалтгаанаар 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12/29 дугаартай тушаалаар ажлаас халсан.

Миний бие тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж, шүүхэд хандсан.

Ингээд 2016.05.05-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 101/ШШ2016/04036 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Ингээд шүүхийн шийдвэр гарснаас хойш компанийн удирдлагуудаас хэд хэдэн удаа намайг дуудаж уулзсан ба цаашид чамайг ажиллуулмааргүй байна. Чи өөрийн хүсэлтээрээ ажлаас халагдах өргөдөлөө өг, чамд шүүхийн шийдвэрийн дагуу гаргах цалин болон халах хүртэл хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөх болно гэж хэлсэн.

Эхний удаа уулзахад миний бие хүлээн зөвшөөрөхгүй, ажилдаа эргэж орно ажлаа хийе гэсэн байр сууртай байсан боловч ажилд минь эгүүлэн авахгүй, хугацаа алдаж байсан. Нэгэнт “Таван богд вашекү” ХХК-ийн удирдлагууд намайг ажилд авах сонирхолгүй, би ажилдаа орсон ч байнгын шахалт, хавчлаган дор ажиллах юм байна гэж бодсоны үндсэн дээр компаниас тавьсан саналын дагуу өөрийн хүсэлтээр ажлаас халагдах хүсэлтээ өгсен.

“Таван богд вашёку” ХХК-иас ажлаас халагдах тушаалыг 2016 оны 07 дугаар сарын 6-ны өдөр гаргаж, надад 7 сарын 18-ны өдөр гардуулан өгсөн ингээд миний бие ажлаас халагдаж, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэхэд “Таван богд вашёку” ХХК-ийн зүгээс 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсөн. 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу төлж, тайлагнаагүй байсан.

Компанийн зүгээс надад 3 600 000 төгрөг өгсөн. Үүнээс 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/04036 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу 1 200 000 төгрөгийг хасаж тооцон 2 400 000 төгрөгийн орлогоос ногдох нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу төлж тайлагнаагүй.

Үүнээс улбаалан миний 2016 оны 6, 7 дугаар сарын нийгмийн датгалын шимтгэл төлөлт тасарсан. Дээрх саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй улмаас миний бие ажилгүйдлийн тэтгэмжээ нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй хохирсон юм. Дэлгэрүүлбэл: 15 жилээс дээш хугацаагаар шимтгэл төлж ажилласан тул ажилгүйдлийн тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70 хувиар буюу 2016 оны 5, 6, 7 сарын /600 000+1 200 000+1 200 000/:3=1 000 000 төгрөгийн сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 1 000 000 х 70%:100%=700 000 төгрөгийн нэг сард ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг 700 000 төгрөг:21.2 өдөр=33 019 төгрөгийн нэг өдөрт ногдох ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг 76 хоногоор тооцоход 2 509 434 төгрөгийн хохирол учруулсан.

Би тэтгэвэрт гарах гэж байсан. Миний шимтгэл, хураамжийг шийдээд өгөөч гэсэн тэгээд 3 600 000 төгрөгийг өгнө гэсэн. Ажлаасаа гараад очиход СБДНД-д очиход ажилгүйдлийн тэтгэмжийг өгөхгүй байсан нь миний хуучин ажилтай холбоотой юм байна лээ. “Т” ХХК-иас миний 2016 оны 6, 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл. хүн амын орлогын албан татварыг нэг сарын 1,200,000 төгрөгөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх, Ажил олгогчоос төлөх 11% болох нэг сарын 132 000 төгрөгөөр тооцож, 6, 7 дугаар cap буюу 132,000x2 сар=254,000 төгрөг, ажилтнаас суутгах 10% болох нэг сарын 120,000 төгрөгөөр тооцож, 6, 7 дугаар cap буюу 120 000 х сар=240 000 төгрөгийн буюу нийт 504 000 төгрөгийн төлөлтийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг “Таван богд вашёку” ХХК- д даалгах, Нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмжийн хохирол 2 509 434 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Таван богд вашекү” ХХК-с надад олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого шилжүүлсэн. Энэ орлогын дүнгээс НДШ, ХАОАТ-ыг зохих журмын дагуу суутган тооцож авахаар тохиролцсон. Үүнийг суутган аваагүй нь тус компанийн буруу юм. НДШ-ийн тооцоог компанид төлөх мөнгө үнэн иймд тооцоо хийхийг зөвшөөрч байна. ХАОАТ-ыг тухайн үед тооцоог хийж тайлагнаж 2016 оны тайлагнаагүй 2017 онд татварын хөнгөлөлт эдлэх байсан. Ийм учраас ХАОАТ-ыг нэхэмжилж байгаа нь намайг хохироож байгаа тул хүлээн авахаас татгалзаж байна. Надад 3 600 000 төгрөгийг шилжүүлсэн.” гэв. 

 

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн А.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Т ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12/29 дугаартай тушаалаар цуцалсан. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04036 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрээр олгосон цалин нь шүүхийн маргаан эхлэхээс дуусах хүртэлх хугацааны буюу нийт 3 сарын үндсэн цалин болно.

Манай компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04036 дугаартай шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, биелүүлсэн болно. Уг шийдвэрт заасанчлан ажилд нь эргүүлэн авах гэхэд ажилтны зүгээс ажилд эргэн орох хүсэлгүй байсан. Үүнийгээ ч шүүхийн шийдвэр гарснаас хойш удаа дараа илэрхийлсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 07-ны албан бичигт нь тодорхой дурдсан байдаг.

2016 оны 05 дугаар сарын 07-нд А.Г нь Т ХХК-д хандаж, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болон ажилд эргэн орохгүй байж, Т ХХК-ийн эсрэг ямар нэгэн гомдол саналгүй байх тул 2 400 000 төгрөг нийт 3 600 000 төгрөгийг шилжүүлж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Ингээд манай компанийн зүгээс ажилтны ашиг сонирхолд нийцүүлэн түүнд ашигтай байхаар шийдвэрлэн 2016 оны 05 дугаар сарын 17-нд түүний Хаан банкны 5953041731 тоот дансруу ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болон дахин ажилд орох хүртэлх амьжиргааны зардал болгон 2 400 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг шилжүүлсэн.

Тус шилжүүлсэн дүнгээс ямар нэгэн татвар болон шимтгэл аваагүй байгаа нь байгууллагын зүгээс алдаатай болсон байна. Зүй нь доор дурдсан шимтгэлийг нэг сарын цалингаас суутган авах байсан тооцоог доорх хүснэгтээр харууллаа. Нийт 3 сараар суутгах байсан гэвэл 113 000*3=339 000 төгрөгийг бид суутган авч бичилт хийх үүрэгтэй байсан.

 

Ажилтны үндсэн цалин

Ажилтан

Ажил олгогч

Нийт дүн

1.

Нийгмийн

даатгалын шимтгэл

400 000

40 000

44 000

84 000

2.

ХХОАТ

29 000

-

29 000

3.

Нийт дүн

 

 

113 000

 

Мөн нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 17-нд Т ХХК-иас шилжүүлсэн мөнгийг хүлээн аваад ирж ажлаас гарах хүсэлт бичих түүнийг үндэслэн бид холбогдох ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргах байсан. Гэвч нэхэмжлэгч тал болох Х.Г нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргаж, уг хүсэлтийг бид 2016 оны 07 дугаар сарын 06-нд хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 06-нд тушаал гаргасан. Нэхэмжлэгч талын хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэн энэхүү маргаан гарсан болно.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан ажилгүйдлийн тэтгэмжид тооцуулан авах төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Харин ХХОАТ болон нийгмийн даатгалын шимтгэл суутган авалгүй шилжүүлсэн төгрөгөөс 339 000 төгрөг болон тохиролцооны 2 400 000 төгрөгөөс ХХОАТ-ын 10 хувь болох 240 000 төгрөг, нийт 579 000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан нэхэмжлэх эрх үүсэж болзошгүй байна. Сайн дурын даатгалд хамрагдсан тул тэтгэмж авах эрх үссэхгүй. Ажилтны хайхрамжгүй байдлаас энэ байдал үүссэн.” гэв. 

 

Хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн А.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Т ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12/29 дугаартай тушаалаар цуцалсан. Ингээд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04036 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэрээр олгосон цалин нь шүүхийн маргаан эхлэхээс дуусах хүртэлх хугацааны буюу нийт 3 сарын үндсэн цалин болно.

2016 оны 05 дугаар сарын 07-нд А.Г нь Т ХХК-д хандаж ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болон ажилд эргэн орохгүй байж Т ХХК-ийн эсрэг ямар нэгэн гомдол саналгүй байх тул 2 400 000 төгрөг нийт 3 600 000 төгрөгийг шилжүүлж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Ингээд манай компанийн зүгээс ажилтны ашиг сонирхолд нийцүүлэн түүнд ашигтай байхаар шийдвэрлэн 2016 оны 05 дугаар сарын 17-нд түүний Хаан банкны 5953041731 тоот данс руу ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болон дахин ажилд орох хүртэлх амьжиргааны зардал болгон 2 400 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг шилжүүлсэн.

Гэтэл иргэн А.Г нь энэхүү шилжүүлсэн дүн болох 3 600 000 төгрөгийг хөдөлмөрийн хөлс түүнтэй адил хөлс гэж тооцон ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжилсэн байдаг.

Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого шилжүүлэхэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дагуу нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дүгээр зүйлийн дагуу албан татвар ногдох байсан.

Т ХХК нь тус шилжүүлсэн үнийн дүнгээс тус хуульд заасан албан татвар, шимтгэл болох нэг сард 221 000 төгрөг, нийт 3 сард 663 000 төгрөг суутгаж, төсөв тайлагнах үүрэгтэй байсан.

Иймд Хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого шилжүүлэхэд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дагуу нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дүгээр зүйлийн дагуу суутган тооцох нийгмийн даатгалын шимтгэл болон албан татвар болох 663 000 төгрөгийг А.Ггаас нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргаж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Г хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    нийгмийн даатгалын хэлтэст нийт 504 000/таван зуун дөрвөн мянга/ төгрөгийн төлөлтийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд 2 509 434/хоёр сая таван зуун есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “Т” ХХК нэхэмжлэгч А.Гд холбогдуулан нийгмийн даатгалын болон хувь хүний орлогын албан татварт нийт 663 000/зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Т” ХХК нь ажилтны ашиг сонирхолд нийцүүлэн нийт 3 600 000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч А.Г нь ХАОАТ-ыг нэхэмжилж байгаа нь намайг хохироож байгаа тул хүлээн авахаас татгалзаж байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийг 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн “Сакура” рестораны угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор шийдвэрлэсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 04036 дугаар шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж, нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэж маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ажилтныг ажлаар ... хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ... үүрэгтэй.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нэхэмжлэгчийг ажлаар хангаагүй байх боловч 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлсөд 1 200 000/600000+600000=1200000/ /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 04036 дугаар шийдвэрийн хуулбар, Хаан банкны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл, цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээр нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлсийг олгосон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад зааснаар 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамж, хувь хүний орлогын албан татварт нийт 504 000/таван зуун дөрвөн мянга/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:” 8.1.1-т “цалин, хөдөлмөрийн хөлс ... тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого;”, 23 дугаар зүйлийн 23.1-т “Энэ хуулийн ... тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна.” гэж заасан.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлс болох 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамж, хувь хүний орлогын албан татварт нийт 226 600/600000х10%=60000, 600000-60000=54000, 54000-7000=533000, 533000x10%=53300, 53300+60000=113300, 113300x2=226600/ /хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлж, холбогдох бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, үлдсэн 504 000/таван зуун дөрвөн мянга/ төгрөгийн төлөлт, бичилт хийлгэхийг даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүйдлийн тэтгэмжийн хохиролд 2 509 434/хоёр сая таван зуун есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2016 оны 6, 7 дугаар сард сайн дураар нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Архивын мэдээллээр нотлогдож байна.

 

          Хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлсийг олгож, нэхэмжлэгч нь сайн дураар нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх тул 2 509 434/хоёр сая таван зуун есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

          Хариуцагчаас 2 509 434/хоёр сая таван зуун есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчээс 3 600 000/гурван сая зургаан зуун мянга/ төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар нийт 663 000/зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

          Хариуцагч нь 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлсөд нэхэмжлэгчид 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг олгосон болох нь Хаан банкны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлс болох 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамж, хувь хүний орлогын албан татварт нийт 226 600/хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчид 2 400 000/3600000-1200000=2400000/ /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг тэтгэмж хэлбэрээр олгосон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

          Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 240 000/2400000x10%=240000/ /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварт нийт 466 600/226600+240000=466600/ /дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, үлдсэн 196 400/663000-466600=196400/ /нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Таван Богд Вашекү” ХХК-д нэхэмжлэгч А.Ггийн 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж, хувь хүний орлогын албан татварыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлж, холбогдох бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, үлдсэн 504 000/таван зуун дөрвөн мянга/ төгрөгийн төлөлтийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах, 2 509 434/хоёр сая таван зуун есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ггаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт нийт 466 600/дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хариуцагч “Таван Богд Вашекү” ХХК-д олгож, үлдсэн 196 400/нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Таван Богд Вашекү” ХХК-д нэхэмжлэгч А.Ггийн 2016 оны 6, 7 дугаар сарын цалин хөлсөд ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж, хувь хүний орлогын албан татварыг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлж, холбогдох бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, үлдсэн 504 000/таван зуун дөрвөн мянга/ төгрөгийн төлөлтийг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах, 2 509 434/хоёр сая таван зуун есөн мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.11, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ггаас нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт нийт 466 600/дөрвөн зуун жаран зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хариуцагч “Таван Богд Вашекү” ХХК-д олгож, үлдсэн 196 400/нэг зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А.Ггийн нэхэмжлэл, хариуцагч “Таван Богд Вашекү” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас нэхэмжлэгч А.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 185 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Гд, хариуцагч “Таван Богд Вашекү” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 500 төгрөгийг гаргуулан хариуцагч “Таван Богд Вашекү” ХХК-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ