Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/795

 

 

   2022           11            28                                        2022/ШЦТ/795

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч А.Алтангэрэл,

хохирогч Н.Б,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Дуучин овогт Б.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001211 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д*** овогт Б.Э нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа * дүгээр хорооллын ** дүгээр байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Яллагдагч Б.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн ** дугаар хороо Буянт-Ухаа ** хорооллын ** тоотод эхнэр болох Н.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хардалтын улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, биед нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна буланд зулгаралт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

            Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 9 цаг 30 минутад гэртээ орж ирсэн. Өмнөх өдөр нь хүүхдийн маань бие халуунтай байсан тул би нөхрөөсөө хамт эмнэлэг ороод хүүхдээ үзүүлээч гэж тусламж хүсэхэд очиж чадахгүй гээд татгалзсан хариу өгсөн. Шөнө хүүхдээ эмнэлэгт үзүүлж чадахгүй байсаар өглөө болгосон. Тухайн өдөр яагаад маргалдсан бэ гэвэл 9 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр маань хоногоор яваад 9 дүгээр сарын 26-ны өдөр ирэхэд нь би ямар нэгэн юм хэлээгүй. Юм хэлэхгүй байхад үйлдлээ давтаад байсан тул би тэсэлгүй 9 дүгээр сарын 28-ны өглөө маргалдсан. Нөхөр маань гэр бүлээс гадуур харилцаатай болсон байсан. Одоо хамт амьдарч байгаа эмэгтэйтэйгээ 4 сараас хойш уулзаж байсан. Үүнийг нь нотлох баримтууд ч олон байгаа. Миний хамар одоо бага зэргийн муруйлттай байгаа. Тухайн үед томографикт харуулахад зураг дээр сайн гараагүй, нүүрний доод хэсгийн яс гэмтэлтэй хэвээрээ, толгой үе үе өвддөг гэв.

Эрүүгийн 2210000001211 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10:53:26 цагт “Нөхөртөө зодуулсан” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

3. Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Буянт-Ухаа * хорооллын ** тоотод нөхөр Б.Э болон ** хүүхдийн хамт амьдардаг бөгөөд манай нөхөр Б.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой гэртээ ирэхгүй удаад байхаар нь ихэр хүүхдийн нэг нь халуураад байна гэж хэлээд байхад гэртээ ирж хоноогүй. Маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 10 цагт гэртээ орж ирэхээр нь би нөхөр Б.Э-т хандан хүүхэд шөнөжин халуураад байхад хаагуур хоноглоод яваад байгаа юм бэ гэж хэлэхэд чамд хамаагүй, тайлбарлах шаардлагагүй гэж хэлээд ариун цэврийн өрөөнд орохоор нь би Б.Э-ын араас нь ариун цэврийн өрөөнд ороод чи бага насны 4 хүүхэд гэрт нь үлдээгээд гэрээс араад явсан байна, чи намайг хүлээж чадаагүй юм уу, ямар арчаагүй эр хүн бэ гэж хэлэхэд нөхөр Б.Э нь уурлаж миний хаана юу хийх нь чамд хамаагүй битгий өдөөд байгаарай гэж хэлээд зүүн гараараа атгаж миний толгойн ар хэсэгт 1 удаа цохиод үргэлжлүүлэн 2 гараараа миний үснээс зулгааж доош нь дарж, шалан дээр хэвтүүлээд толгойн ар хэсэг /дагз/-т 2-3 удаа гараа атгаж цохичхоод ариун цэврийн өрөөнөөс гөрөөд том өрөөнд буюу зочны өрөөнд орохоор нь би араас очиж чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэж хэлэхэд Б.Э нь надад хэлэхдээ яадаг юм чамайг өмөөрч хамгаалах хүн байх биш, ер нь чамайг яасан ч яадаг юм гэж хэлээд баруун гараа атгаж миний зүүн нүдэнд цохиод үргэлжлүүлэн зүүн гараа атган баруун шанаанд ээлжлэн 4-5 удаа угсруулан цохисны дараа зүүн гараараа миний толгойн үснээс зулгааж байгаад баруун гараа атгаж миний хамар, зүүн талын эрүү хэсэгт 3-4 удаа цохисны дараа миний толгойн үснээс зулгаасан чигээрээ миний толгойн үснээс зулгааж унтлагын өрөөнд оруулаад унтлагын өрөөний хаалгыг хаагаад миний толгойг баруун талын сугандаа хийж хүзүүг боож байхдаа зүүн гараа атгаад хүзүүний ар хэсэгт 2-3 удаа цохих үед би Б.Э-ын суганаас нь гарч чадахгүй байх үед миний амьсгал боогдоод байхаар нь Б.Э-ын гараас нь мултрахын тулд би хоёр гараа аль болох Б.Э-ын биед хүргэж маажих гэж оролдсон боловч чадаагүй, тухайн үед миний хамраас цус гарах үед Б.Э нь намайг зодохоо болих үед би өөрийн гар утсаа гаргаж ирээд 102 дугаарт дуудлага мэдээлэл 10 цаг 53 минутад өгснөөр удалгүй цагдаа нар ирээд намайг болон манай нөхрийг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. ...Дээрх хэрэг учрал болох үед манай гэрт миний 6 хүүхэд бүгд байсан бөгөөд би нөхөр Б.Э-т зодуулж байхдаа том хүү Э-ний нэрийг дуудаад зодуулж байхад хүү Э бид хоёрын дунд орж хоёр тийш нь салгах үйлдэл хийж байсан бөгөөд тухайн үед * дүү нар нь уйлалдаж байхад нь дүү нараа аргадаж өөр өрөөнд оруулж байсан. Манай гэрт өөр ямар нэгэн хүн байгаагүй зөвхөн гэр бүлийн гишүүдээрээ байсан. ...Би 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нөхөр Б.Э-т зодуулснаас болж миний баруун зүүн шанаа, хамрын зүүн тал, зүүн эрүү, шилэн хүзүүний ар хэсэг, толгойн ар дагз хэсэг, зүүн нүд, зүүн гарын мөрний гадна хэсэг гэх газрууд маш их өвчтэй байна. Миний биед учирсан дээрх гэмтлийг манай нөхөр Б.Э нь гараа атгаж олон удаа цохисны улмаас үүссэн гэмтэл юм. ...Манай нөхөр Б.Э нь эхээс гурвуулаа бөгөөд айлын ганц хүү. Би Б.Энхбаатартай 2008 оны 01 сард танилцсан цагаас хойш үерхэж нөхөрлөсөн бөгөөд 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хууль ёсны гэр бүл болсон. Бид хоёр хамт амьдраад нийт 14 жил болж дундаасаа 6 хүүхэдтэй хамгийн том хүү Э.Э 13 настай, хамгийн бага нь * настай * ихэр хүү байдаг. Би нөхөр Б.Э-тай хамт амьдарч байхдаа 3-4 удаа зодуулж байсан. Миний санаж байгаагаар 2012 онд миний биед гэмтэл учруулахгүй зодсон. 2018 оны 07 дугаар сарын эхээр маргалдаж байхдаа хүүхдийн дугуйтай гутал /ролки/ нүүр рүү шидэж баруун талын хөмсөгний дээр гэмтэл учруулж байсан, надад өөр тодорхой санах зүйл байхгүй. Нөхөр Б.Э нь миний захиран зарцуулах эрхэнд халддаггүй мөн бусадтай уулзахыг хязгаарладаггүй бөгөөд гэр бүлийн гадуурх харилцаанд удаа дараа орж гэртээ ирж хонодоггүй, дээрх үйлдлийг нь би маш удаан тэвчиж амьдарсан, учир нь би өөрийн 6 хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд бүх зүйлийн уучилдаг байсан, гэтэл өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр намайг маш хэрцгийгээр зодож миний биед гэмтэл учруулж хүүхдүүдийн хажууд бүгдийг нь уйлуулж, зодсон тул Б.Энхбаатараас би гэр бүлийн баталгаагаа салгахаар бэлдсэн байна. Цаашид би Б.Э-ын үйлдлийг уучилж чадахгүй ...Би нөхөр Б.Э-т маш их гомдолтой байх тул Б.Э-ын үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авхуулах хүсэлтэй байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),

4. Гэрч А.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 3 хүүхэдтэй бөгөөд Б.Э нь миний ганц хүү бөгөөд **** оны ** дугаар сарын **-ний өөр *** аймгийн *** суманд төрсөн. Б.Э нь дээрээ нэг эгчтэй доороо нэг охин дүүтэй бөгөөд бүгдээрээ өөр өөрсдийн гэсэн тус тусдаа амьдралтай хүмүүс байгаа. Миний төрсөн хүү Б.Э нь бага насаа цэцэрлэг сургуулиар хүмүүжиж ерөнхий боловсролын сургуулийг 2005 онд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсролтой болоод 2007 онд эхнэр Н.Б-тэй танилцан цагаас хойш нэг гэрт хамт амьдран дундаасаа 6 хүүхэдтэй болоод одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-ухаа * дүгээр хороололд 3 өрөө байр түрээслэн амьдарч байгаа. Миний хүү Б.Э нь одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд хүнд тусархуу, найз нөхдийн дунд нэр хүндтэй, элдэв буруу зуршилгүй бөгөөд тамхи татдаг харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Гэрийн хүмүүжил сайн, ээж, аавдаа, эхнэр хүүхдүүддээ халамжтай сайн хүү бөгөөд гэртээ байхдаа сайн эцэг нь байж чаддаг хүн юм. Миний хүү Б.Э нь эхнэр Н.Б нь * хүүхэдтэй байхдаа буюу 2018 онд хуримын ордонд гэр бүлээ баталгаажуулж байсан юм. ...Манай бэр Н.Б нь маш их хартай бөгөөд Б.Э-ыг ажил хийлгэдэггүй, ажил хийж байх үед нь хамт ажилладаг эмэгтэйчүүдтэй хардаж хэрүүл хийсээр байгаад ажлаас нь гаргадаг бөгөөд энэ нь олон удаа давтагдсаар байгаад одоогийн байдлаар нөхөр Б.Э-аас салах дээрээ тулсан байгаа. Мөн сүүлийн 5 жилийн хугацаанд байнга нөхөр Б.Э-аас салбал амьдрал сайжирна гэж хэлдэг байсан. Миний мэдэхээр үе үе Н.Б нь гэртээ ирж хонохгүйгээр 3-4 хоног явдаг. Архи ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шөнө дунд гэртээ орж ирдэг бөгөөд миний зүгээс Б.Э, Н.Б нь дундаасаа * хүүхэдтэй болохоор тэр болгон амьдралд нь оролцоод байдаггүй. Холоос харж байдаг юм. ...Миний бодлоор манай хүү Б.Э нь эхнэр болох Н.Б-гийг огт зодож цохиж байгаагүй. Харин Н.Б нь сүүлийн үед нөхөр Б.Э-ээс сална, тусдаа амьдарвал миний амьдрал сайжирна, өөдлөх гээд байна гэж ярьдаг болсон мөн үг үйлдлээрээ гаж үйлдэл гаргаж байгаа, намайг хүртэл ховонд хутгах болсон. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13345 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхи нилэнхүйдээ хөхөлбөр ягаан цус хуралттай, овойж хавдсан, баруун нүдний гадна буланд 4х0,1см хүрэн улаан өнгийн зулгаралттай, хамрын зүүн хажуу хэсэг, зүүн хацар бага зэрэг хаван хавдартай, эрүүний зүүн талын их бие хэсэг эмзэглэлтэй. “Лазермед” эмнэлгийн 2022.09.27-ны КТГ-д: гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй, нүдний ухархайнуудын бүтэц хэвийн, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, зүүн хацар, хамрын зөөлөн эдэд бага зэрэг хавантай гэжээ.

1. Н.Б-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадан буланд зулгаралт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас).

6. Шүүгдэгч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг:

Манай эхнэр маш их хартай, намайг байнга харддаг бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би гадуур найзтайгаа уулзаж байхад эхнэр Н.Б нь миний араас ойр ойрхон залгаад мөн хэл амаар доромжилж мессеж бичээд байхаар нь би тухайн орой гэртээ харихаа болиод гадуур хоносон. Маргааш нь гэртээ ороход эхнэр Н.Б нь намайг хаагуур хэнтэй хоносон гэж асуухгүй мөртлөө хэл амаар хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь би Б-ээс зугтааж ариун цэврийн өрөөнд ороход миний араас дагаж орж ирээд дахин намайг хэл амаар доромжлоод байхаар нь Б-ийг үсдэж доош нь дарсан мөн хутга авах гэж байгаа мэт гал тогооны шүүгээ рүү явахаар нь толгойн үснээс нь 2 гараараа зулгааж доош дарсан мөн ширээн дээр байсан алга авах үйлдэл гаргахаар нь дахин үснээс нь зулгааж доош нь дарсан бөгөөд тухайн үед би 2 гараа үснээс нь авахад Баярчимэг нь дээшээ өндийх үед нь би баруун гарын алгаараа Б-ийн нүүрэнд угсруулан 2 удаа алгадсан гэтэл баруун нүд болон шанаа нь хөхөрсөн юм. Миний хувьд эхнэр Н.Б-ийг дахин цохиогүй бөгөөд маш их ноцолдсон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. ...Манай эхнэр маш их хартай хүн бөгөөд дээрх хэргүүл маргаан хардалтын улмаас үүссэн. ...Би урьд өмнө эхнэр Б-ийг зодож цохиж байгаагүй. Би тухайн үед маш их уурлаж эхнэр Б-т гар хүрсэндээ маш их гэмшиж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримт гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д*** овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д*** овогт Б.Э-ыг 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Б-г гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б-г энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Б.Э-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА