| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2019/00406/И |
| Дугаар | 00664 |
| Огноо | 2019-03-19 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 00664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.С/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Нөхөн олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аюушийн С миний авга ах болох М.Тогмид нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, 1992 оны Дээд шүүхийн коллегийн магадлалаар цагаагдсан. Ээж минь миний лам ах байж байгаад баривчлагдаад нас барсан гэж ярихад нь би битгий лам яриад бай гэчихдэг байсан. Сүүлд архиваас баримт хайхад нагац ахын нэр гарч ирсэн. Тэгэхээр нь мах цусны тасархай юм байна гэж бодоод цагаатгуулахаар хөөцөлдсөн. Цагаатгалын комиссын хүмүүс та сайн хөөцөлдвөл мөнгө өгдөг гэхээр нь 09 дүгээр сарын сүүлээс хойш өдийг хүртэл явж байна. Иймээс зээ дүү миний биед олгогдох нөхөн олговорыг олгоно уу.” гэв.
Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлантөгс шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Сын нэхэмжлэлтэй М.Тогмидын нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жавхлантөгс би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцон тайлбар гаргаж байна.
Мөнхийн Тогмид нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн харьяат /лам/ ба улс төрийн хэрэгт 1938 оны 6 дугаар сарын 15-ны өдөр баривчлан, 1938 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж байсан нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 05/6719 тоот лавлагаагаар нотлогдож байна.
Улмаар, БНМАУ-ын Эрүүгийн Байцаан шийтгэх хууль /1986 оны/-ийн 369 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Увс аймгийн Улаангом сумын харьяат Мөнхийн Тогмидыг БНМАУ-ын Дээд шүүхийн 1992 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 22 магадлалаар хэлмэгдсэнд тооцон, цагаатгасан байна.
Дээр дурдсан магадлалыг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 17168 цагаатгагдсан иргэний үнэмлэх олгожээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ” гэж заасан байх тул А.С нь хэдий Мөнхийн Тогмидын төрсөн дүү Мөнхийн Аюушийн охин боловч дээрх хуулийн нөхөх олговортой холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй байх боловч Мөнхийн Аюуш нь 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болохыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн лавлагаа, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссийн гаргасан өдрийн сонины жагсаалт зэргээр нотлогдож байх тул Аюушийн С нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхээр байна.
Мөнхийн Тогмидын төрсөн дүү Мөнхийн Аюушийг нь мөн болохыг буюу садан төрлийн холбоотой болохыг нотолсон Үндэсний архивын хүн амын тооллого лавлагаа зэрэг баримтаар нотлогдон тогтоогджээ.
Нэхэмжлэгч А.С нь Өдрийн сонины 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 15 /5980/ дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн болохоо зарлуулсан боловч уг сонинд зарласнаас 30 хоногийн дотор цагаатгагдагч Мөнхийн Тогмидын нөхөх олговрыг нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан өөр нэхэмжпэгч одоогийн байдлаар гараагүй байна.
Иймд цагаатгагдагч Мөнхийн Тогмид нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, баривчлагдан мөрдөгдөж, улмаар хуулийн дээд хэмжээ авч цаазаар авах ялаар шийтгүүлж байсан тул түүний нөхөх олговорт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “... хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, ...нэг удаагийн нөхөх олговор олгоно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж үзэхээр байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.С нь 1 000 000/нэг сая/ төгрөгийн нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөг нь нөхөн олговор нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэх тайлбар гаргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж ... уг этгээдийг цагаатгах ... шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж заасан.
БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар магадлалаар Мөнхийн Тогмид агсан нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн болохыг тогтоож, цагаатгасан болох нь БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар магадлалын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 17168 үнэмлэхийн болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 05/6719 Архивын лавлагааны хуулбараар нотлогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй:”, 10.3-т “Энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд ... нас барсан бол түүний эрх ... Иргэний хуулийн 24, 515, 518 дүгээр зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ.” гэж заасан.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч А.С нь Мөнхийн Тогмид агсны садангийн хүн байх ба хууль ёсны өвлөгч болох нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Архивын магадлагаа, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45/031803 дугаар болон 45/031804 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дүгээр маягтын лавлагааны хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-6/5590 дугаар Архивын лавлагааны болон 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-6/6037 дугаар Архивын лавлагааны хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд ... нэг сая төгрөгийн ... нэг удаагийн нөхөх олговор олгоно.” гэж заасан.
Мөнхийн Тогмид агсан нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн болох нь БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар магадлалын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 17168 үнэмлэхийн болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 05/6719 Архивын лавлагааны хуулбараар нотлогдож байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Мөнхийн Тогмид агсны садангийн хүн болох Аюушийн Ст 1 000 000/нэг сая/ төгрөгийн нөхөн олговор олгох үндэслэлтэй болох нь БНМАУ-ын Дээд Шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаар магадлалын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 17168 үнэмлэхийн болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн № 05/6719 Архивын лавлагааны хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Архивын магадлагаа, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 45/031803 дугаар болон 45/031804 дугаар Нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1 дүгээр маягтын лавлагааны хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-6/5590 дугаар Архивын лавлагааны болон 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 03-6/6037 дугаар Архивын лавлагааны хуулбараар нотлогдож байна.
Шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн санхүүгийн хэлтсээс нөхөн олговорт 1 000 000/нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ст олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн санхүүгийн хэлтсээс нөхөн олговорт 1 000 000/нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Сын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ