Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Шүүгдэгч: Ж.*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2214002530319 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, / РД: *******/,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн-Эрдэнэ захын таксины зогсоол дээр иргэн *******той маргалдаж улмаар бэлэг эрхтэн рүү нь өшиглөж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

    1. Шүүгдэгч  Ж.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 09 дүгээр сарын 21-ний үеэр би одоо яг өдрийг нь санахгүй байна. Би таксины зогсоол дээр машинаа арчаад зогсож байсан чинь архи уучихсан согтуу над дээр ирээд  элтээр “1000 төгрөг өгчих гэсэн чинь өгөхгүй байсан үхээгүй байна уу” гэхээр нь би намайг үхүүлж яах вэ гэсэн чинь элтээр чи үхчих гээд байсан биз дээ гээд намайг заамдаж аваад нүүр лүү цохиод нүдний шил хагарсан, нүдний дээд доод зовхиноос цус гарсан. Тэгээд би уурандаа зөрүүлээд ыг хөлөөрөө 1 удаа өшиглөсөн.Тэгээд салгасан. Өөр зүйл болоогүй. Тэр асуудлаас 10 орчим хоногийн өмнө намайг таксины зогсоол  дээр байхад нь бас л согтуу ирээд 1000 төгрөг өгөөч гэхээр нь би чамд мөнгө өгөх нь байтугай надад талхны мөнгө олдохгүй  байна гээд мөнгө өгөөгүй юм. Тэрний өс хонзонгоор л дараа нь над дээр согтуу ирж хэрүүл хийснээс ийм асуудал болсон. Би тэр үед салтайгаад нь хөлөө явуулж байсан чинь төмсөг нь таарсан юм байна. Дараа нь ын төмсөг нь хавдчихсан байна лээ. Би буруугаа хүлээж байна. Тэр үед миний зүүн нүдний дээл хөмсөг, доод зовхи хоёр нүдний шил хагарахад зүсэгдсэн байсан. өөр гэмтсэн зүйл байхгүй. бид хоёр тохиролцоод би од 100.000 төгрөг өгсөн байгаа. одоо ямар ч санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 105 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 09 дүгээр сард би яг өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр би ******* гуайтай уулзаад 1000 төгрөг байвал өгчихөөч гэсэн чинь өгөхгүй байсан. Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа би ******* гуайтай дахиж тааралдаад та дээр 1000 төгрөг гуйсан чинь үхчих гээд байсан. Та амьд уу гэсэн чинь ******* гуай юу гэнээ чи гээд уурлаад над дээр ирээд намайг хөлөөрөө хоёр өшиглөсөн. Тэгээд дахиад өшиглөх гэхээр нь би гараараа нүүр лүү нь түлхсэн чинь тэр хүний нүдний шил нь газарт унаад хагарчихсан. Тэгээд хажууд байсан салгаад тэгээд ******* гуай өөрөө цагдаа дуудсан. Би яг өдрийг нь санахгүй байна. 2022 оны 09 дүгээр сард л юм. Тэр үед би ******* гуайтай Есөн-Эрдэнэ захын таксины зогсоол дээр тааралдаад 1,000 төгрөг өгчихөөч гэсэн чинь өгөхгүй байсан юм. ******* гуай надад мөнгө төгрөг өгөх өглөг байхгүй. Би тэр үед машиндаа юм авах гэсэн чинь 1,000 төгрөг дутчихсан байсан юм. Тэр үед надад ******* гэх хүн 1,000 төгрөг өгөөгүй. 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Есөн-Эрдэнэ захын таксины зогсоол дээр намайг зодсон. Тэр үед ******* гуай миний төмсөг рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд дахиад өшиглөх гээд байхаар  нь би нүүр рүү нь түлхчихсэн чинь түүний нүдний шил нь газар унаад хагарчихсан. Би тэр үед нь тоглоом хийгээд та дээр 1000 төгрөг гуйсан чинь үхчих гээд байсан чинь амьд уу гэж хэлсэн чинь уурлаад намайг өшиглөсөн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би тэр үед нь тоглоом хийгээд та дээр 1,000 төгрөг гуйсан чинь үхчих гээд байсан чинь амьд уу гэж хэлсэн чинь уурлаад намайг өшиглөсөн. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Би тэр үед нэг газарт таксинд явдаг болохоор тусалчих болов уу гэж л гуйсан юм. Тэгээд өгөхгүй болохоор нь тоглоом хийгээд тэгээд хэлчихсэн юм. Би түүнээс 1,000 төгрөг гуйх үедээ архи уугаагүй байсан. Дараа нь зодуулах үедээ жаахан архи уучихсан байсан. Нэг их согтоогүй байсан. Намайг зодох үедээ ******* гуай архи уугаагүй эрүүл байсан. Би таксины үйлчилгээнд яваад 3 жил болж байна. ******* гуай надаас өмнө таксинд явдаг байсан юм. Би ******* гуайтай ямар нэгэн маргаантай зүйл байхгүй, ******* ахаа гээд тоглож наргиад явж байдаг юм. Миний төмсөг хавдчихсан байгаа. Өөр гэмтсэн юм байхгүй ээ. Би эмчийн хувийн эмнэлэгт 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлээд 5 хоног хэвтээд сүүлдээ 5 хоног гадуур истортой эмчилгээ хийлгэсэн... Би одоо гомдолтой байна. Би эмчилгээний төлбөрийг нэхэмжилж байна. Би эмчийн хувийн эмнэлэгт хэвтэхдээ 200,000 төгрөгийн төлбөр төлсөн. Бас өөрөө зөндөө эм авч уусан. Тэрний мөнгөнд 30,000 төгрөг нэхэмжилж байна. Эмнэлэгт төлсөн 200.000 төгрөгийн баримт нь нийтдээ 230,000 төгрөг нэхэмжилж байна. Тэр үед ******* бид хоёрын хажууд байсан өөр хүн байгаагүй.  Тэр газарт уг нь камер байсан юм. Гэхдээ тэр камер ажилладаггүй юм байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 / ,

... Би өмнө мэдүүлэг өгөхдөө ******* гуайгаас 230,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн. Тэгээд гуай тэтгэврийн зээлтэй, мөнгө төгрөгийн боломж байхгүй байна гэхээр нь би за тэгвэл би 230.000 төгрөг нэхэмжлэхээ болилоо. 100,000 төгрөг өгчих гэсэн чинь за гээд надад 100,000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Би ******* гуайтай тоглоод 100 төгрөг өгчих гэсэн чинь уурлаад миний төмсөг рүү өшиглөсөн юм. Би өмнө нь мөрдөн байцаалтын шатанд 230.000 төгрөг нэхэмжлэхээс 100.000 төгрөг авсан 130.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байсан гэхдээ би эмчилгээ хийлгэсэн учир энэ 130.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад 130.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

5. Иргэний нэхэмжлэгч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захын таксины зогсоол дээр миний шанаа руу цохисон чинь тэр үед миний зүүсэн байсан нүдний шил газарт унаад нэг нүднийх нь шил нь салж унаад хагарчихсан. Би оос нүдний шилний үнэ нэхэмжлэхгүй. Нэхэмжлэхээс татгалзаж байна. Надад ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 55 /,

6. Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....*******ын талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 91.000 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан  байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би энэ 91.000  төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөрийг төлчихвөл надад ямар нэгэн санал, гомдол байхгүй. Одоогоор  хохирол төлөгдөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 79 /,

7. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний нэрийг гэдэг. Зах дээр байдаг хүмүүс намайг гэж дууддаг юм. 2022 оны 09 дүгээр сард би яг өдрийг нь санахгүй байна. Би Есөн-Эрдэнэ захын таксины зогсоол дээр таксинд явах гээд машиндаа хүн суулгаж байсан чинь гэнэтхэн *******, хоёр хоорондоо барилцаж авахаар нь би дундуур нь орж салгасан юм. Тэгээд салгачихаад яг тэр үед миний машинд хүн сууж дүүрээд тэгээд би яваад өгсөн. Тэр үед тэр хоёр бие биетэйгээ барилцаад авахад нь би дундуур нь орж салгасан, хэн нь хэнийгээ яаж цохисныг нь би мэдээгүй, яг яаж цохихыг би анзаарч хараагүй. тэр үед архи уучихсан байсан. Гэхдээ тасартлаа согтоогүй байх шиг байсан. *******ыг яаж цохиж зодохыг нь би хараагүй, ямар ч гэсэн л тэр хоёр барилцаад авсан, тэгэхээр нь би тэр хоёрын дундуур нь орж больцгоо та хоёр адилхан нэг дор байдаг улсууд байж гэж хэлж салгачихаад яваад өгсөн. Яг яаж цохиж зодохыг нь би хараагүй, барилцчихсан байхаар нь л хоёр тийш болгосон өөр юм байхгүй. Тэр үед зүгээр л байх шиг байсан, би ч салгачихаад л яваад өгсөн. надаас хойш юу болсныг нь би мэдэхгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 81/,

8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн:

1.2. *******ын биед шодой, хуухнагийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, умдгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..

3. Дээрх шодой, хуухнагийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх баруун гуя, умдгийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно.

4. Дээрх гэмтлүүд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 22-23 /, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” захын таксины зогсоол дээр зогсож байхад архидан согтуурч улмаар Ж.*******ыг “1000 төгрөг өгчих гээд байхад үхчих гээд байна уу” гэж хэлснээс үүдэж шүүгдэгч Ж.******* нь  түүний бэлэг эрхтэн рүү нь өшиглөж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь хохирогч *******ын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.*******, ******* нарын мэдүүлэг, гэрч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 629 дугаар дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Ж.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 130.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа тул шүүгдэгч Ж.*******оос 130.000 төгрөг гаргуулж хохирогч *******од олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Харин хохирогч ******* нь шүүгдэгч Ж.*******од зодуулж эрүүл мэнддээ хөнгөн гэмтэл авсаны улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд түүнд эмнэлгээс 91.000 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргаж эмчилгээ үзүүлсэн бөгөөд уг эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас Нэгдсэн эмнэлэгт төлж барагдуулсан байна.

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байгааг үндэслэн шүүгдэгч Ж.*******оос 91000 төгрөг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын төрийн сан банкны 1009000020080 дансанд тушаалгахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ж.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг ”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн нэхэмжилсэн 130.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг харгалзан, шүүгдэгч Ж.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ялыг  оногдуулж уг оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.*******ыг хохирол нөхөн төлөхөө илэрхийлэхдээ  өөрийн дунд гарын бор өнгийн манан хөөргийг битүүмжлүүлснээр илэрхийлж байна гэж дүгнэж шүүгдэгч нь дээрх хохирлыг нөхөн төлөөгүй бол битүүмжлэгдсэн хөөргийг зарж борлуулах, хохирлыг нөхөн төлсөн бол хөөргийг буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                      

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******гийн *******ыг  таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван  зуун  мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван  зуун  мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******оос 130.000 төгрөг гаргуулж хохирогч *******од,  91.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын байгууллагад тус тус  олгохыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийн дунд гарын манан хөөргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг хөөргийг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ