| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0010/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/23 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
2022 12 28 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумьяа
шүүгдэгч ***** өөрийгөө өмгөөлж оролцон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Нямдоржийн ***** холбогдох эрүүгийн 2210015751002 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч ***** шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, уруулд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, баруун дал, тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн ****** дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***** нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Ганбаяр гэдэг найзтайгаа гудамжинд таарсан. Би тоглоод бөгс рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд Ганбаяртай маргалдаад би 2 удаа цохисон. Ганбаярыг унахаар дээрээс нь 2 удаа цохиод явсан ” гэв.
Эрүүгийн 2210015751002 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч ***** мэдүүлэг / хавтаст хэргийн 11 дэх тал /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 8809 дугаартай шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 28-29 дэх тал /
Гэрч ******************н мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17дахь тал /
Шүүгдэгч *****ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 54 дэх тал /
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 51 дэх тал /, оршин суугаа хаягийн лавлагаа / хавтаст хэргийн 52 дахь тал /, ял шалгах хуудас / хавтаст хэргийн 54 дахь тал /, У********** ХХК-д гагнуурчин хийдэг гэсэн ажлын газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 53 дах тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *****ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд хохирогч ***** шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, уруулд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, баруун дал, тохойд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч *************** мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 14-15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хайрханы 1-37 тоот өөрийн амьдардаг хашаандаа дотор зогсож байтал намайг “хөөе” гэж хашааны гаднаас хүн дуудаж орилсон. Би хашаанаас гадагшаа гараад харахад ***** гэдэг Биогийн дөчин байр гэх нэртэй газрын ойролцоо амьдардаг манай арван жилийн сургуулийн нөгөө анги төгссөн залуу байсан. Тэгээд гараад мэнд мэдэх гэтэл миний зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгээд баруун нүд бас гараараа цохиж, намайг газар унасан байхад үснээс зулгааж хоолой боогоод миний нүүр хэсэгт гараараа олон удаа өшиглөсөн, блокон хашаа нэг удаа мөргүүлсэн. Би ямар нэг байдлаар *****ийг цохиж зодоогүй. Тухайн үед ***** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11 дэх тал /,
Хохирогч ***** мөрдөн байцаалтад өгсөн:“...***** гэгч нь манай ээжид миний хохирол мөнгө төлбөрийг төлж барагдуулсан. Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 1 жилийн хугацаатай цэргийн алба хааж байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. Мөн надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14 дэх тал /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 8809 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...“
1. ***** биед баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, уруулд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, баруун дал, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 28-29 дэх тал /,
Шүүгдэгч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн:“...Би 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гудамжинд Г.Ганбаяр гэх танилтайгаа таараад мэнд мэдсэн юм. Би тоглоод ***** бөгс рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгтэл надтай маргаж “өшиглөлөө” гээд уурлахаар нь би ***** нүүр рүү 2 удаа гараараа цохичихсон юм. Тэгэхэд Г.Ганбаяр унахаар нь дээрээс нэмж толгой хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би ********************* уулзахаас өмнө нэг найзтайгаа пиво уусан байсан. Харин ************** эрүүл байсан. Г.Ганбаяр нь манай 10 жилийн нөгөө ангийн хүүхэд байгаа юм. Бид хоёрын дунд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 38 дахь тал /
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ***** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, гудамжинд хохирогч ***** шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, баруун нүдний дээд доод зовхи, уруулд цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний эмтрэл, баруун дал, тохойд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ***** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирол төлбөрийн талаар
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч ***** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, тэрээр гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч *****ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***** нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 285 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ***** нь зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч ***** нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *****т ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *****т мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт ***************** *****ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *****т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР