Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02555 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БЛД-” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 1 400 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Б-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ш.Ганбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Сүх-Очир,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт бүрдээгүй тул уг шаардлагаа өөрчилж, өнөөдөр хариуцагч гэрээний 4.2-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 1 400 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хамгийн гол материал болох гурван талт гэрээ байхгүй байгаа тул өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үндэслэлгүй гэж би өөрөө дүгнэсэн. Ямар нэг нотлох баримт байхгүй болохоор надад тэр талаар ярих боломж байхгүй. Албан ёсоор хийгдсэн гэрээ нь аль ч материалд байхгүй. “БЛД-” ХХК болон “Асар-Өргөө” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ хэргийн материалд байхгүй. Сүүлд ирсэн баримтаас харахад “Асар-Өргөө” ХХК нь 2016 онд Ө блокийн эрхээ авсан бөгөөд ямар нэг хариуцлага үүрэх үндэслэлгүй. Л07 тоот гэрээг анх байгуулахдаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Алтайн-10-284 тоот газрыг гэж хийсэн байдаг. Гэтэл бүх гэрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн-10-284 гэж байгаа. Маргаан жижиг зүйлээс болж үүссэн гэж үзэж байна. 1 400 000 төгрөгийг гэрээний үүргийн биелэлтээс шалтгаалж хохирол төлүүлэх талаар 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн захирамжид нотариатаар батлуулсан бичиг баримт болон байр хөлслөх гэрээг хавсарган байж дахин нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт байгаа материалуудад Ө блок дээр 2015 он хүртэл ямар нэг байдлаар маргасан зүйл байдаггүй. Л07 тоот гэрээний 4.2-д заасан үүргээ “БЛД-” ХХК зөрчсөн. Гэрээнд “2013 оны 4 дүгээр улиралд багтааж, Хангай хотхоны 1 дүгээр блокийн 4 давхарт 2 өрөө 41 м.кв байрыг газраар арилжина” гэж хийсэн гэрээ байгаа. Хугацаандаа багтааж гэрээний үүргээ биелүүлээгүй. Одоо өвлийн улиралд би орон сууц хөлслөх тул 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэг сарын 350 000 төгрөгөөр орон сууц хөлслөх зардлын хэмжээгээр надад учирсан хохиролд 1 400 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн зүгээс шүүхэд өмнө нь гаргаж байсан хариу тайлбарыг дэмжиж оролцож байгаа. Мөн бид талуудын хооронд байгуулсан гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу цуцалсан бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа тул гэрээг цуцалсан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчид гэрээтэй холбоотой шаардах эрх үүсэхгүй, гэрээнээс үүсэх үр дагаврын асуудал гэж байхгүй тул гэрээний дагуу шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “БЛД-” ХХК-иас 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт “гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 1 400 000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг гэжээ. Би “БЛД-” ХХК нь 2013 оны 4 дүгээр улиралд багтааж, 2 өрөө байраа А талд Ш.Б-д шилжүүлж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүйн улмаас №L 07 гэрээний 4.2-д зааснаар 1 400 000 төгрөгөөр байр хөлсөлж амьдарсны хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад 2017 оны 11 дүгээр сарын 21-нд өгсөн шаардлагыг гуйвуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна. 2017 оны 11 дүгээр сарын 21-нд гаргасан нэхэмжлэлдээ “... 2017 оны 9 дүгээр сарын 22-нд “БЛД-” ХХК-иас 61 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлэх материалыг өөрөө гаргах боломжгүй учраас шүүхийн захирамжуудаар гаргуулахаар хүсэлт өгсөн боловч шүүхийн захирамжуудын биелэлт хангагдаагүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу тул арга буюу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №12253 дугаар захирамж гаргаж, шүүх хуралдаан хойшлуулахдаа хэргийн хэлэлцэх хугацаа хэтэрч байгаа тул шүүгчийн захирамжуудын биелэлт хангагдаагүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу зэргээр хүсэлт авч шүүх хуралдаан хойшлуулах боломжгүй гээд 2017 оны 11 дүгээр сарын 21-нд шууд шүүх хуралдаан хийнэ гэснээс болж нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт бүрдсэн нотлох баримтууд дээр үндэслэж "2013 оны 4 дүгээр улиралд багтааж, “БЛД-” ХХК 2 өрөө байрыг хүлээлгэн өгөөгүйн улмаас №L07 гэрээний 4.2-д зааснаар олон жил байр хөлсөлж суусны ядахдаа сүүлийн байр хөлсөлсөн" гэрээний улмаас үүссэн 1 400 000 төгрөгийн байр хөлсөлсөн хохирлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнийг гуйвуулж, "гэрээ цуцласны улмаас учирсан хохирол" гэж өөрчлөн 2013 оны 4 дүгээр улиралд багтааж биелүүлэх №L07 гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 26-нд цуцласан гэх Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн 10-284 тоотын газрын талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхээ Ш.Б- алдсан бичгийг ашиглан гэрээ цуцалсаны улмаас гэж хүчээр шийдвэрлэх гэж зүтгэн №L07 гэрээг цуцласан тухай асуудлыг Нийслэлийн шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №799 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байхад дахин босгож Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхгүй болсныг, эрхтэй гэж, гэрээ цуцлагдсан гэж №02555 шийдвэр гаргасан нь нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэр хангагдаагүй, шүүхийн гаргасан захирамжуудын биелэлт хангагдаагүй, 2013 оны 4 дүгээр улиралд “БЛД-” ХХК ба “Асар өргөө” ХХК нарын хооронд Ө блок солилцоо явагдаагүй. Харин Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №А/288 дугаар захирамжаар “Асар өргөө” ХХК нь Ө блокод шалгарч барилга барих эрхээ авсан зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж, №02555 дугаар шийдвэрийг гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нотлох баримт, нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэр хангагдсан нөхцөлд дахин шийдвэрлүүлж өгнө үү. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2017 оны 11 дүгээр сарын 21-нд нэхэмжлэл гаргахдаа 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №09863 захирамжийн биелэлт хангагдаагүй, анх 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №L07 гэрээг хийх үндэслэл болсон 3 талт гэрээ болон бусад байгууллагуудтай хийсэн баримт материалууд, дээд шүүхийн №718 тогтоол зэрэг холбогдох бүх материалуудыг зохицуулагч Д.Даваадулам “БЛД-” ХХК-д шилжүүлээд түүнийг үндэслэж, “БЛД-” ХХК нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах санал гаргаж, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн №L07 дугаар гэрээ байгуулсан байдаг. “БЛД-” ХХК нь олон айлаас санал авч, тендерт шалгарч зорьсон хэргээ бүтэхээр №L07 гэрээг цуцалсан гэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлах эрхгүй надаар №L07 гэрээг цуцалсан болгож, 61 500 000 төгрөгийг хариуцахгүй гэж тэмцэлдэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үгүйсгэж, /хх-ийн 80-81, 60, 88/ 2013 оны 4 дүгээр улиралд блок солилцсоныг Ш.Б-д мэдэгдсэн мэтээр, “БЛД-” ХХК ба “Асар өргөө” ХХК-ийн хооронд Ө блокийг солилцсон гэж худлаа зохиомол ажиллагаа үүсгэж шүүхийг төөрөгдүүлж үндэслэлгүй, нотлох баримтгүй №02555 дугаар шийдвэр гаргуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг хангуулж, захирамжуудын /2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №31591 захирамж, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №09863, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №10717, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №098633, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №12253/ захирамжуудын биелэлтийг хангасан нотлох баримттай үндэслэлтэй шийдвэр гаргуулахаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. “БЛД-” ХХК-ийн булхайтай үйлдэлээс болж гэрээлсэн гэх үндэслэлээр 493.10 м2 газаргүй болсон, орон байргүй надад учруулсан 1 400 000 төгрөгийн хохирлыг арилгуулж өгнө үү. 2008 оны ерөнхий төлөвлөгөөний зургийг 17 м-ээр хойшлуулж /хх-ийн 80, 81/ шинээр зураг хийлгэж, “БЛД-” ХХК гэрээлсэн гээд Ө блокт буй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотын газраар “БЛД-” ХХК-ийн цэвэр усны 300 диаметрын хоолой тавьж бусад инженерийн шугам сүлжээг тавьсаныгаа хариуцагч хэлэхдээ таны газраа эзэмших эрх чинь нээлттэй байгаа гэдэг нь үндэслэлгүй учраас 2013 оны 4 дүгээр улиралд багтааж 2 өрөө байр хүлээлгэн өгнө гэсэн №L07 гэрээ биелэгдээгүй, уг булхайтай гэрээнээс болж эзэмших, гэр барих газаргүй болсноор айлын байр хөлсөлж өвөлжиж байгаа нь миний бие амьдрах нөхцөлөөр хохироогүй гэх үү. Харин уг гэрээний 4.2-т зааснаар байр хөлсөлж суусан хохирлуудын ядахдаа зөвхөн 1 400 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б- нь хариуцагч “БЛД-” ХХК-д холбогдуулж, арилжааны гэрээний үүрэгт хоёр өрөө орон сууц гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлбөрт 61 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж, арилжааны гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 1 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б- нь 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “БЛД-” ХХК-ний захирал Ц.Батбаяртай арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 10 дугаар гудамжны 284 тоот хаягт байрлах, 493.10 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг Ц.Батбаярт шилжүүлэх, Ц.Батбаяр нь уг газарт ирээдүйд баригдах орон сууцнаас 41 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 2013 оны 4 дүгээр улиралд багтаан Ш.Б-д өгөх үүргийг тус тус хүлээсэн нь талуудын тайлбар, арилжааны гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Ш.Б- нь арилжааны гэрээг цуцлах хүсэлтийг хариуцагч “БЛД-” ХХК-д гаргаснаар хариуцагч “БЛД-” ХХК нь нэхэмжлэгч Ш.Б-ы хүсэлтийг хүлээн авч, гэрээг цуцалсан талаарх албан бичгийг 2014 оны 10 сарын 10-ны өдөр “Асар-Өргөө” ХХК-д явуулж байсан нь Ш.Б-ы өргөдөл, шинжээчийн дүгнэлт, “БЛД-” ХХК-ний албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-н 18, 227-233-р тал/  ХХ

 

Нөгөө талаар талуудын байгуулсан арилжааны гэрээний зүйл болох 284 тоот хаягт байрлах 493.10 м.кв талбай бүхий, нэхэмжлэгч Ш.Б-ы өмчлөлийн газар нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсийн “Ө” хэсэгчилсэн талбайд хамаарах бөгөөд хариуцагч “Бэрэнлэнд деволопмент ХХК нь дээрх талбайд төсөл хэрэгжүүлээгүй нь Гэр хорооллын хөгжлийн газраас ирүүлсэн албан бичгээр тогтоогджээ. /хх-ийн 60-р тал/

 

Нэхэмжлэгч нь арилжааны гэрээний 4.2-т заасныг хариуцагч зөрчиж, гэрээний зүйлийг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул орон сууц хөлсөлж суух төлбөр 1 400 000 төгрөг гаргуулна гэх боловч нэхэмжлэгч гэрээг цуцлах тухай хүсэл зоригоо илэрхийлж хариуцагчид мэдэгдснээр талуудын байгуулсан арилжааны гэрээ цуцлагдсан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.

 

Нэгэнт талууд гэрээг цуцалсан байх тул гэрээний үүргийг шаардаж нэхэмжилсэн Ш.Б-ы нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд хариуцагч “Бэрэнлэнд деволопмент” ХХК нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            М.НАРАНЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧИД                                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                    Г.ДАВААДОРЖ