Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 75

 

Ч.О-, С.С- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       У.Дэндэвдорж

Шүүгдэгч                                       С.С-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         З.Энхтуяа, Ө.Ганзориг                                               

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 776 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай Ч-ын О-, С-ийн С- нарт холбогдох 1918002500308 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Б- овгийн Ч-ын О-,

Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ********** регистрийн дугаартай Ш- овгийн С-ийн С-.

Шүүгдэгч Ч.О- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын өөрийн албан өрөөнд тус сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байсан С.С-ыг ажлаа өгөхийг шаардаж, улмаар С.С-ын ашиг  сонирхолын үүднээс түүнийг хувцас өлгөгчийн ажлын байранд хэвээр үлдээсний хариуд түүнээс биет 200.000 төгрөгийн хахууль авсан,

-шүүгдэгч С.С- нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.О-д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 776 дугаар шүүгчийн захирамжаар:

-Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т заасан гэмт хэрэгт холбогдсон Б- овогт Ч-ын О-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдсон Ш- овогт С-ийн С- нарт холбогдох эрүүгийн 1918002500308 дугаартай 1 хавтастай хэргийг прокурорт буцааж,

-Хэрэг Прокурорын газар очтол яллагдагч Ч.О-, С.С- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн зөөврийн диск 1 ширхэг, 22.4-2 гэх бичиглэлтэй компакт диск 1 ширхэгийг хэргийн хамт хүргүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

-Шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Дээрх хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамжийн заалт нь тодорхой бус, биелүүлэхэд эргэлзээ бүхий болжээ. Тодруулбал яллагдагч нарын хэн нь хэний хатгалгаар хахуул өгөх, авах гэмт хэргийг зориуд үйлдсэн болох, яллагдагч нарыг санаатай гэмт хэрэгт татан оруулж, гэмт хэрэг санаатай үйлдэхэд зориуд хүргэсэн ямар хамтран оролцогч буюу хатгагч байгаа эсэх, хэрэв дээрх нөхцөл байдал хэрэгт тодорхой байгаа бол хэрэгт авагдсан ямар үйл баримтаар тогтоогдож байгаа эсэх талаар шүүгчийн захирамжинд дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийн дээрх заалт нь шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхой бус болжээ.

Харин хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Ч.О- нь бусдын хууль бус хүсэлтийг гүйцэлдүүлэх зорилгоор яллагдагч С.С-ыг бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн болох нь хангалттай тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хэрэгт авагдсан гэрч Г.Э-ийн мэдүүлэг /Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч/ /1-р хх-ийн 101-102/, гэрч А.Э-ын мэдүүлэг /1-р хх-ийн 103/ болон яллагдагч Ч.О-ийн өөрийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг зэрэг баримтаар яллагдагч Ч.О- нь Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу албан тушаалын давуу байдлаа ашиглан Г.Э-ийн хүсэлтийн дагуу иргэн А.Э-ыг өөрийн сургуульдаа өлгүүрчний ажилд авах зорилгоор яллагдагч С.С-ыг өлгүүрчний ажлаа сайн дураараа өгөхийг шаардсан болох нь тогтоогдсон.

Харин яллагдагч С.С- нь өөрийн ажил албан тушаалдаа хэвээр үлдэх хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор Ч.О-д хахууль өгсөн болох нь хэрэгт авагдсан гэрч Н.С-гийн мэдүүлэг. /1-р хх-ийн 81/, гэрч А.Х-гийн мэдүүлэг. /1-р хх-ийн 85/, гэрч Б.Э-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/ зэргээр тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдал нь яллагдагч нар нь ямар сэдэлт, санаа зорилгоор бусдаас хахуул авах, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Харин яллагдагч С.С- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ бусдын ятгалга, хатгалгаар Ч.О-д хахууль өгсөн гэж мэдүүлсэн боловч түүний уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээрх гэрч нарын болон түүний мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр няцаагддаг.

Өөрөөр хэлбэл С.С-ыг захирал Ч.О-д мөнгө, эд зүйл өгөхийг санал болгосон, ятгасан, хатгасан талаарх нөхцөл байдал, үйл баримт хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бүхий л баримтаар тогтоогдоогүй.

Иймд шүүх мөрдөн шалгах бүхий л ажиллагаа хийсэн боловч тогтоогдоогүй яллагдагчийн мэдүүлгийг үндэслэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэхээр байна.

Мөн шүүгчийн захирамжинд прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох өмгөөлөгч нарын прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг хязгаарлаж хэргийг шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.т хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно гэж заасан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, бусад оролцогч нар нь мөрдөгч, прокурор, шүүхэд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах хүсэлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол зэргийг гаргаж болно. Өөрөөр хэлбэл: прокурорын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой болно.

Түүнчлэн прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын прокурор, дээд шатны прокурорт гомдол, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан ажиллагаа биш бөгөөд дээрх хуульд заасны дагуу өмгөөлөгч нар нь прокурорт гомдол хүсэлт гаргах эрх нь нээлттэй байгаа болно.

Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Ч.О- хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас 200.000 төгрөг авсан, яллагдагч С.С- нь ажил албан тушаалдаа хэвээр үлдэх хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор бусдад 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон, яллагдагч нарын гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байх тул шүүгчийн 776 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

           Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч З.Энхтуяа тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. н.С-г шалгаагүй, шүүгдэгч С.С-ын мэдүүлэг зөрүүтэй. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.С- тайлбартаа:

           Н.Э-, П.Б- нар намайг захиралд мөнгө өгчих гэхээр нь би надад мөнгө олдохгүй гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө энэ талаар хэлэхэд яах гээд байгаа юм бэ, тэрний оронд ажлаасаа гар гэж хэлсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.С-ын өмгөөлөгч Ө.Ганзориг тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.О-, С.С- нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Ч.О-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын өөрийн албан өрөөнд тус сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байсан С.С-ыг ажлаа өгөхийг шаардаж улмаар С.С-ын ашиг сонирхолын үүднээс түүнийг хувцас өлгөгчийн ажлын байранд хэвээр үлдээсний хариуд түүнээс 200.000 төгрөгийн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан,

-шүүгдэгч С.С-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр сургуулийн хувцас өлгөгчөөр ажиллаж байхдаа 2019 оны 02 дугаар сард Дархан сумын 1 дүгээр сургуулийн захирлын албан өрөөнд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажлын байрандаа үлдэх зорилгоор тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Ч.О-д албаны бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан биет 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүгдэгч Ч.О-ийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоож, энэхүү шүүх хуралдаанаас Ч.О-, С.С- нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмж ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.   

Учир нь: гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3., 3.4., 3.5.д заасан гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулсан, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, гэмт хэрэгт татан оруулсан, дэмжлэг үзүүлсэн хамтран оролцогч байсан эсэх талаарх ажиллагааг огт явуулаагүй байна.

Иймд шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнээд захирамжид дурдсан заалтуудыг биелүүлэх шаардлагатай гэж үзлээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 776 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                                Ц.ТУЯА

                                                                                                                  Ц.АМАРЖАРГАЛ