| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0691/З |
| Дугаар | 221/МА2024/0786 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2024/0786
С.Н*******, С.Э******* нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.Н*******
Нэхэмжлэгч С.Э*******
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/430 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0736 дугаартай шийдвэр
Хэргийн индекс: 128/2024/0691/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Н*******, С.Э******* нар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/430 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 128/ШШ2024/0736 дугаартай шийдвэрээр:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/430 дугаар захирамжийн 91 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг тус тус баримтлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/430 дугаар захирамжийн С.Н*******, С.Э******* нарт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлохдоо Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаагаа хуульд нийцүүлээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-д заасан сонсох ажиллагааг хийхгүйгээр захиргааны акт гаргасан тул хууль зөрчиж гарсан захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэж хууль зүйн хамгаалалт хүссэн.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй... гэж маргах нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй” гэх атлаа тогтоох хэсэгтээ хэрэглэх ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглэхгүй орхиж, хууль зөрчсөн захиргааны байгууллагад боломж олгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг удирдлага болгон, хууль зөрчиж гарсан захиргааны актыг хэвээр үлдээж, захиргааны хууль бус шийдвэрийг өмгөөлсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3.2.Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн байх ёстой бөгөөд хууль зөрчсөн аливаа шийдвэр хүлээн зөвшөөрөгдөхүйц байдлаа алдах учиртай. Энэ бол эрх зүйт төрийн үндсэн зарчим юм. Хууль зөрчиж гарсан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас эрх нь зөрчигдсөн иргэн хуулийн хамгаалалт хүсч шүүхэд хандаж байхад хууль зөрчсөн захиргааны байгууллагад хуулиа судлаад дахиад актаа гарга гээд хугацаа олгож байгаа нь шүүх, захиргааны байгууллагатай нийлээд иргэнээ буланд шахаж байгаатай агаар нэг юм.
3.3.Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******* намайг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг танилцуулан илтгэж байх үед шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хандан хэрэгт хамааралгүй өөр асуудлаар харилцан ярьж хэргийн оролцогчийг илтэд үл хүндэтгэн /Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34/ биеэ зохисгүй авч явсан бөгөөд энэ мэт шүүгчийн хувийн харилцаа, хандлага нь асуудалд субъектив байдлаар хандсан, хэргийг шударгаар шийдвэрлэж чадаагүй гэж дүгнэхэд хүргэж байгаа юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1-т заасныг зөрчиж гарсан захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/430 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Н*******, С.Э******* нар нь товлосон шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******ээс шүүх хуралдаанд оролцохгүй талаар бичгээр тайлбар ирүүлсэн мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч******* өөрөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой болохоо утсаар мэдэгдсэн болохыг дурдаад, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны А/430 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01-04/5339, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01-08/834 дүгээр албан бичгийн дагуу суурин болон хээрийн судалгаа хийхэд ойн сан бүхий газарт тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр нийт 93 иргэн, түүний дотор нэхэмжлэгч С.Н*******, С.Э******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр олон жилийн явцад өгөршсөн шон бүхий 2-3 ширхэг хэсэгхэн модон хашаа, явган хашааны хугарсан банз мэр сэр байхаас бус эзэмшил газраа бусдаас тусгаарласан гэж үзэхээр хашаа байхгүй, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн ерөнхий газраас 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2/1715 дугаар албан бичгээр ирүүлсэн нэгж талбарын 1462705359, 1462705966 дугаар бүхий газрын байршлын талаарх 2018, 2019, 2021 оны сансарын зургаас үзэхэд ч нэхэмжлэгчдээс эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон буюу захирамжид заасан үндэслэл бүрдсэн байна.
Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 01-04/5339, 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 01-08/834 дүгээр албан бичгээр ч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх олгосон нэр бүхий иргэдийн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг мэдэгдсэний дотор С.Н*******, С.Э******* нарын газар багтжээ.
2.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т газар эзэмшигч нь “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрхтэй, 35.3.1-т зааснаар “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” үүрэгтэй, мөн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч С.Н*******, С.Э******* нарын тухайд анх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны А/281 дүгээр захирамжаар тус дүүргийн *******,******* байрлах тус бүр 700 м.кв газрыг иргэн Т.Ч***аас шилжүүлэн авч, зуслангийн зориулалтаар эзэмших эрх үүссэнээс хойш маргаан бүхий захирамж гарах хүртэл хуульд заасан 2 жилээс ч илүү буюу нийт 8 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь дээрх байдлаар нотлогдож буй энэ тохиолдолд зөвхөн Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааны журам зөрчигдсөн гэх үндэслэлээр захирамжийн нэхэмжлэгчдэд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинээр гаргатал 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.
Учир нь шийдвэрийн түдгэлзүүлсэн үндэслэл нь хэргийн нөхцөл байдлыг тодруулах бус харин шийдвэр гаргах процесс ажиллагааг хуульд нийцүүлэхэд илүүтэй ач холбогдол өгсөн, гэтэл түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагчаас мэдэгдэх, сонсох ажиллагааг хийсэн ч бодит нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байна.
3.Нэхэмжлэгчдээс газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй хүндэтгэх нөхцөл байдлаа 2020 оноос эхэлсэн ковид цар тахал, түүнээс урьдчилан сэргийлэх хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбон тайлбарлах боловч цаг хугацааны хувьд үүнээс өмнөх 4 жил, цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш захирамж гарах хүртэлх хугацааг тооцоход хуульд заасан хугацаа хэтэрчээ.
Мөн Улсын дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг,
-мөн зүйл, хэсэгт заасан "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан болно.
4.Харин С.Н*******, С.Э******* нараас 2017-2023 оны газрын төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон боловч захирамжид энэ болоод дээрх үндэслэлийн аль алиныг хамтад нь баримталсан байх тул газрын төлбөр төлсөн нь газраа зориулалтын дагуу ашигласан гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамж гарахаас өмнө нийт 93 иргэнтэй холбоотой сонсох ажиллагааны мэдэгдлийг Өдрийн сонины 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 115 дугаарын А6, А10, А11 дүгээр хуудсанд нийтэлсэн байгааг мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж үзэхгүй.
Харин анхан шатны шүүх хуралдаан болсон 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******ээс маргаан бүхий захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, тайлбар авах ажиллагаа хийлгүйгээр “…бусад 91 иргэнийг төлөөлөх эрхгүй…” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан нь процессын зөрчил боловч энэ нь шийдэлд нөлөөлөхөөргүй байна.
Нэхэмжлэгчдийн хувьд захирамжийн зөвхөн өөрсдөд хамаарах хэсэгтэй итгэмжлэлгүйгээр маргах эрхтэй болохоос бусад иргэдийг төлөөлөх эрхийг С.Э*******т олгоогүй, олгох ч үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/0736 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан иргэн С.Н*******, С.Э******* нарын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/430 дугаар захирамжийн өөрсдөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН