Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батсуурь, Ч.Алтанцэцэг нарыг бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

иргэдийн төлөөлөгч З.Янжмаа,

улсын яллагч О.Багшбаяр,

хохирогч Г.Отгонжаргал,

шүүгдэгч Г.Сандаг-Очир, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

шүүгдэгч Ш.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их нүдэн овогт Гэлэгжамцын Сандаг-Очир, Боржигон овогт Шархүүгийн Отгонбаяр нарт холбогдох эрүүгийн 201625012757 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2 хэсэг, Төмөр зам гудамж, 51 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Их нүдэн овогт Гэлэгжамцын Сандаг-Очир, /РД:ГЮ83091612/,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Талст Өндөрлөг ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүрэг, 02 дугаар хороо, 3 хэсэг, Их Дарь Эхийн 9 гудамж, 252 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Шархүүгийн Отгонбаяр, /РД:УК89012618/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Ш.Отгонбаяр нар нь бүлэглэн, 2016 оны 07 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Отгонжаргалын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултай хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, 40.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс 1 маркийн гар утас, 20.000 төгрөгийн үнэ бүхий хэтэвчтэй 160.000 төгрөг, 20.000 төгрөгийн үнэ бүхий паск зэрэг нийт 280.000 төгрөгийн эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Сандаг-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогчийн араас очоод хүзүү хавиас нь татсан тухайн үед уруу газар байсан учраас хохирогч унасан. Хохирогчийн эд зүйлийг Отгонбаяр авсан байсан. Тэгээд явж байгаад гудамжны үзүүрт намайг нэг залуу ирээд барьсан. Би хохирогчид гар утсыг нь өгсөн. Отгонбаяр хохирогчид пааскийг нь өгсөн. Тухайн үед хохирогчид цагдаа битгий дуудаарай гэж хэлсэн. Хохирогчийн тэр хавьд явж байсан 2 эмэгтэйн нэг нь цагдаа дуудсан байсан. Би гар утсыг нь өгөхдөө хохирогчоос уучлалт гуйсан, архины халуунд ийм хэрэг хийсэндээ харамсаж байгаагаа хэлсэн...” гэв.

Шүүгдэгч Ш.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.Отгонжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Архиа ууж дуусгаад харьж унтлаа гээд Сандаг-Очиртой гар бариад салаад явсан. Гэрэлгүй газар явж байтал араас хүн дуудах шиг болсон эргээд хартал намайг нэг хүн барьж аваад хавирч унагаан миний эд зүйлийг аваад явсан. Тухайн үед би нилээн согтуу, 2 хүн байсан. Би 60.000 төгрөг паасктай, баримт бичиг, хэтэвч, гар утас зэрэг зүйлүүдийг алдсан. Цагдаагийн машинд байж байхад гар утас, хэтэвч нарыг буцааж өгсөн. 

Шүүгдэгч Г.Сандаг-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Отгонжаргалыг араас нь тэврээд газар унагаад Отгонбаяр биед байх эд зүйлийг нь авсан. Тухайн үед юу авсаныг нь мэдээгүй. Уг нь архи авах гэсэн боловч архи байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх 63-68 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Халамцуу ах гартаа нэг шил архи барьчихсан явж байхаар нь би хамт явж байсан Сандаг-Очир гэдэг ахад “энэ согтуу ахын архийг нь авчих уу” гэсэн чинь Сандаг-Очир “тэгье” гэж хэлээд шууд нөгөө согтуу ахын араас нь очоод боож унагаасан. Тэгэхээр нь би гүйж очоод архийг нь авсан ба Сандаг-Очир бид хоёр буцаж гүйж байх замдаа нөгөө архиа алдаад хагалчихсан...” гэх мэдүүлэг. /хх 69-77, 111-112 дугаар хуудас/,

Хохирогч Г.Отгонжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Араас нэг хүн “хөөе” гэх шиг болсон. Эргэж харах гэтэл миний араас нэг нь боогоод унагаасан юм. Би тухайн үед газарт уначихаад харсан чинь хоёр залуу зогсож байсан ба нэг нь миний бэлхүүсээр бүсэлчихсэн байсан паскыг маань татаж тайлж аваад мөн миний өмдний халаасанд байсан Самсунг Эс 1 маркийн гар утсыг маань авсан. Тэгэхээр нь би тэр хоёрт хандаж “та хоёр паскан дотор байгаа 200 аад мянган төгрөгийг маань ав, бичиг баримтыг маань үлдээчих ээ” гэсэн чинь нөгөө хоёр залуу “хурдал хурдал” гэж хоорондоо ярьж байгаад доошоо зугтаачихсан...” гэх мэдүүлэг. /хх 27-30, 105-106 дугаар хуудас/,

Гэрч Т.Оюунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Нөхөр Г.Отгонжаргалыг бусдад дээрэмдүүлсэн талаар өөрийн нөхөр болон түүний эгчээс мэдсэн. Ажил дээрээ байж байхад нөхөрийн эгч Алтантуяа над руу залгаад “танай нөхөр чинь гэрийхээ энд согтуу явж байгаад өөрийн бичиг баримтуудаа бусдад дээрэмдүүлчихсэн байна” гэсэн. Ингээд байж байтал манай нөхөр мөн адил над руу залгаад “би ажлынхантайгаа явж байгаад бусдад дээрэмдүүлчихсэн” гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх 31-32 дугаар хуудас/,

Гэрч Х.Алтантунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Согтууруулах ундаа хэрэглэчихсэн гэмээр 30-40 орчим насны, жижиг биетэй эрэгтэй хүн бид гурав дээр хүрч ирээд “надад туслаарай, би сая хүмүүст эд зүйлсээ дээрэмдүүлчихлээ” гэсэн. Тэгтэл надаас юм авах гэж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр уг залууг дагаад гүйсэн ба уг эрэгтэй хүнийг дээрэмдсэн гэх хүнийг бариад авсан. Би тухайн үед жирэмсэн том гэдэстэй байсан учраас уг хүмүүстэй хамт яваагүй...” гэх мэдүүлэг. /хх 107-108 дугаар хуудас/,

Гэрч Г.Эрдэнэболдын мөрдөн  байцаалтанд өгсөн: “...Эд зүйлсээ дээрэмдүүллээ гэсэн дуудлага орж ирсэн. Очиход дээрэмдүүлсэн гэх нэг залуу, түүнийг дээрэмдсэн гэх хоёр залууг бариад зогсож байсан нэг залуу байж байсан. Тухайн хоёр залуугийн биед үзлэг хийхэд хөгшиндүү өндөр туранхай /Г.Сандаг-Очир/ залуугийх нь халааснаас Отгонжаргалын дээрэмдүүлсэн гэх Самсунг Эс 1 маркийн гар утас нь гараад ирсэн. Нөгөө намхан залууг нь нэгжсэн чинь биенээс нь ямар нэгэн эд зүйл гарч ирээгүй. Тэд ямар ч байсан архи уучихсан байсан, хэр зэрэг согтуу байсныг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг. /хх 33-35 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹9751 актад:

            1. Отгонжаргалын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, цээжний цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 46 дугаар хуудас/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Иргэн Г.Отгонжаргалын биед үүссэн дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Нүдний орчим үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээжний цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэх мэдүүлэг. /хх 50-51 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 17 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх 19-26 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 83, 87 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 81, 85 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Ш.Отгонбаяр нар нь бүлэглэн, 2016 оны 07 дугаар сарын 9-10-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Отгонжаргалын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултай хүч хэрэглэн довтолж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, 40.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс 1 маркийн гар утас, 20.000 төгрөгийн үнэ бүхий хэтэвчтэй 160.000 төгрөг, 20.000 төгрөгийн үнэ бүхий паск зэрэг нийт 280.000 төгрөгийн эд зүйлсийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Сандаг-Очир, Ш.Отгонбаяр нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйл болгон өөрчлөх гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч Г.Сандаг-Очир нь хохирогчийн араас мөрөн доогуур нь гараа оруулан гарын тохойноос урагш хэсгийг хохирогчийн эрүүн доогуур оруулан дээш нь өргөж хүзүүн хэсгийг нь боолтонд оруулсан гэх шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Отгонжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч нар нь хохирогч Отгонжаргалын зөвхөн эд хөрөнгийг нь авах зорилгоор довтолгоон эхэлж хүч хэрэглэн довтлохдоо хохирогчийн эсэргүүцэх боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй үйлдлийг хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Сандаг-Очирын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж байна. Иймд шүүгдэгч Г.Сандаг-Очирыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч Г.Сандаг-Очир, Ш.Отгонбаяр нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, гэмт хэрэг согтуурсан үедээ үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

Шүүх шүүгдэгч Г.Сандаг-Очир, Ш.Отгонбаяр нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, үйлдсэн хэргийнх нь шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хорих ялын дээд хэмжээнээс доогуур ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Сандаг-Очир нь насанд хүрээгүй охины хамт амьдардаг, ганц бие эцэг гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Сандаг-Очир, Ш.Отгонбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.