Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Гомдол гаргагч: М.Ц,

 

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э холбогдох,

 

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 02 сарын 21-ний өдрийн 1448607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч зөрчилд холбогдогч М.Ц/Улаанбаатар хотоос цахимаар/,түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх /Улаанбаатар хотоос цахимаар/, хариуцагч хяналтын улсын байцаагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч М.Ц шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 02 дугаар 17-ны өдрийн 1448607 дугаартай Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн тухайд М.Ц миний бие нь Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны Улсын их хурлын сонгуулийн 15 дугаар тойрогт буюу Увс аймагт Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй болно. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт нэр дэвшигч гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол улсын их хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол улсын иргэнийг гэж нэр дэвшигчийг тодорхойлсон байх бөгөөд миний хувьд үнэмлэх гардаж аваагүй тул Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшигч биш юм. Зөрлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт нам эсвэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

 

Зөрлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт нэр дэвшигч нам, эвсэл хандив болон сонгуулийн зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээллэж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж тус тус заасан байна. М.Ц миний бие Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч болоогүй байхад энэхүү Зөрчлийн тухай хуулийн заалтаар торгож буй нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвших үнэмлэхээ аваагүй учир зөрчил үйлдсэн этгээд биш гэж үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу бус явуулсан Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нутаг, дэвсгэрийн харьяаллын дагуу бус явуулсны хувьд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйл 57.3 дахь хэсэгт Нам, эвсэлд санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж мөн хуулийн 58 дугаар зүйл 58.4 дэх хэсэгт Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дэд байгууллагад хүргүүлнэ" гэж тус тус заасан. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу зардлын тайлан, явц дундын тайланг Төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний Аудитын газарт хүргүүлэх ёстой байсан.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна" гэж заасны дагуу Үндэсний аудитын газрын албан ёсны хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Чингэлтэй дүүргийн нягтлан бодох улсын бүртгэлийн байцаагч энэхүү зөрчлийг харьяаллын дагуу шалгах ёстой байсан. Гэтэл Монгол Улсын баруун нэг болох Увс аймагт энэхүү зөрчлийн хэрэг үүсгэж, шалгасан нь зөрчилд холбогдогч зөрчлийн хэрэгтэй танилцах, мэдүүлэг өгөх, боломж олгоогүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт холбогдогчоос мэдүүлэг авахдаа тухайн хүнийг эрх бүхий байгууллагад ирүүлэн, эсхүл тухайн хүний байгаа газарт авч болно гэж заасан байдаг. Гэтэл эрх бүхий албан тушаалтан энэхүү үйл ажиллагааг цахимаар эсвэл шуудангаар явуулна гэсэн хууль бус шаардлага тавьж байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэр энэ нотлох баримт нь хуульд зааснаар авагдсан байх ёстой байдаг. Мөн хуулийн 4.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно гэж заасан байгаа. Гэтэл эрх бүхий албан тушаалтны зүгээс гомдол гаргагчийг гарын үсэг зуруулж, шуудангаар явуул гэсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заагдаагүй хууль бус шаардлага тавьдаг байсан.

Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э нь зөрчлийн хэргийн холбогдогч болох М.Ц надад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх, үүргийг танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй мөн хэргийн материалтай танилцуулаагүй байтлаа зөрчил ногдуулж буй нь хүний эрхийг зөрчсөн ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус болсон гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт болох 1448607 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйіл 37.5 дахь хэсэгт заасан сөрөг нөлөөл бүхий захиргааны акт юм. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э нь сөрөг нөлөөд бүхий захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүй ба М.Ц нэр дэвшигч мөн эсэхийг харгалзаж үзээгүй.

 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дугаар зүйлийн 40.2.5 дахь хэсэгт "Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этээд болон хугацааг заах" гэж заасныг зөрчиж энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Увс аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргана гэж дурдсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 дахь хэсэгт нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж буй эрх бүхий албан тушаалтан гэж заасан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байх тул гомдлын шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.

Хариуцагч хяналтын улсын байцаагч Ч.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч, мэргэшсэн нягтлан бодогч Ч.Э би УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тус аймгийн 15 дугаар тойрогт "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвсэл- ээс нэр дэвшсэн М.Ц нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан тухайд тайлбар гаргаж байна. Гомдол гаргагчаас М.Ц миний бие Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд нэр дэвшээгүй байхад дээрх заалтаар торгож байгаа нь хууль бус гэж үзсэн байдаг. Монгол улсын Сонгуулийн Ерөнхий хорооноос авсан түүний хувийн мэдээллийн талаарх лавлагаа, Монгол Улсын Ерөнхий Аудиторын газрын албан бичгээр М.Ц нь нэр дэвшигч гэдэг нь тогтоогдож байгаа. М.Ц нь нэр дэвшигч биш байсан бол зөрчлийн тогтоолд гомдол гаргах эрхтэй байсан.

Гомдол гарагчаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь харьяаллын дагуу явуулаагүй мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж тайлбар гаргасан. Монгол Улсын Ерөнхий Аудиторын зөрчил шийдвэрлүүлэх тухай болон Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч С.Наранцогтоос харьяаллын дагуу гомдол, мэдээллийг шилжүүлж арга хэмжээг авч ажиллах үүрэг чиглэл өгсөн албан тоотуудын хүрээнд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тус аймгийн 15 дугаар тойрогт "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвсэл- ээс нэр дэвшсэн М.Цт зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны зарцуулалтын явцын болон эцсийн тайланг хуульд заасан хугацаанд нь Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэн гэснийг харьяалал гэж ойлгож болохгүй юм. Хуульд зааснаар М.Цийн нэр дэвшсэн 15 дугаар тойрог буюу Увс аймаг харьяалан гэж ойлгож байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг тайлбарын хувьд: М.Цтай 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр холбогдон Сангийн яам, МУ-ын Ерөнхий аудитораас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Зөрчлийн хэрэг нээсэн тухай мэдэгдэж, хувийн имейл хаягийг нь авч Зөрчлийн тогтоолыг хүргүүлэн гомдлоо зохих шатны холбогдох байгууллагуудад гаргах нь зүйтэй гэдэг зөвлөмж, чиглэл өгсөн. Ковид-19, Цар тахалтай холбоотойгоор Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулж, холбогдогч М.Цтай харьцсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй, утсаа ч аваагүй, өөрийгөө хамгаалж нэг ч үйлдэл хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. Холбогдогчийн эрх, үүрэг, мэдүүлэг, тэмдэглэл, хэргийн материалтай танилцах бүх боломжийг олгосон боловч М.Цч нь Зөрчлийн тогтоол авснаас хойш огт холбогдоогүй, ямар ч тайлбар, тодруулга өгөөгүй.

Гомдол гаргагч тал 1448607 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн гэж тайлбар гаргасан. Оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажлын 5 хоногт гомдлоо гаргах нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн байдаг. Улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтны хувьд зөвхөн хуулийн хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Холбогдогч гомдол гаргах явцыг хуулийн хүрээнд ойлгож байгаа. Анх удаа, их хэмжээний мөнгөн дүнтэй шийтгэл оногдуулж байгаа учир эрүүгийн хэрэгт хамаарах байх гэж ойлгож шийтгэлийн хуудас оногдуулахдаа аймгийн хяналтын прокурорт мэдэгдэн давхар хянуулсан. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагч М.Ц нь нэр дэвшигч биш гэдэг нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно гэсэн үүрэг олгосон заалт байдаг. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.14 дэх хэсэгт Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно гэж заасан байгаа. Гэтэл зөрчилд холбогдогч М.Ц нь нэр дэвшигчийн үнэмлэх аваагүй ба авсан гэдэг нь тогтоогдохгүй байна.

Эрх бүхийн улсын байцаагч Хэргийн харьяаллыг зөрчсөн гэж үзэж байгаа. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт нэр дэвшигч тайлангаа Аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын байгууллагад хүргүүлэхээр заасан байдаг. Энэ нь Увс аймгийн аудитын газар биш Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой байсан учир харьяалал зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх үйл ажиллагаа нь хууль ёсны байгаагүй гэж үзэж байна. Иймд гомдолын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Гомдол гаргагч М.Ц Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн хяналтын улсын байцаагч Ч.Эын 2021 оны 02 сарын 21-ний өдрийн 1448607 дугаартай шийтгэлийн хуудсыг хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 02 сарын 21-ний өдрийн 1448607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Хуульд зааснаар сонгуульд нэр дэвшигч болоогүй байхад шийтгэл ногдуулсан, зөрчлийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан, эрх,үүргийг танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, шийтгэлийн хуудсанд гомдол гаргах шүүхийг буруу дурдсан гэх үндэслэлээр маргажээ.

Хариуцагч улсын байцаагчаас М.Ц нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр нэр дэвшигч болсон, түүний нэр дэвшсэн 15-р тойрог Увс аймаг тул харьяалал зөрчөөгүй,цар тахалтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулсан гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448607 дугаартай шийтгэлийн хуудсаар М.Цийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25,27 дугаар зүйлд заасан Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020.10.02-ны өдрийн 2880 дугаартай албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020.12.25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичгээр тогтоогдсон гэж үзэн нийт 30.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Монгол Улсын Ерөнхий Аудитор 2020.10.02-ны өдөр Сангийн яаманд Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигч байгаа тул Зөрчлийн тухай хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэх тухай 2880 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, нягтлан бодох бүртгэлийн Улсын Ерөнхий байцаагч С.Наранцогтоос Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн даргад нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нарт Зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авах тухай 2020.10.22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичгийг, хавсралтын хамт хүргүүлсэн байх ба уг албан бичгийн хавсралтын 78-рт 15-р тойрогт Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч М.Ц гэсэн нэр бичигджээ.

Үндэсний аудитын газрын 2020.12.25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичгээр Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч М.Ц нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлангаа ирүүлээгүй болохыг мэдэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж,

Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас бүрдэнэ гэж,

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, мөн зүйлийн 27-д Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллааг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтанд хуулиар харьяалуулсан байхаас гадна нутаг дэвсгэрийн харьяаллыг анхаарч мөрдөхөөр байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг хийсэн ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно гэж заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсгүүдэд заасан зөрчлийн хувьд үйл баримт нь нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын явцын болон зардлын тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд сонгуулийн зардлын тайлан хүргүүлээгүй эс үйлдлийн үр дагавар Үндэсний Аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн байна.

Үндэсний Аудитын газар нь Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэгт оршдог тул Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан нь хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх байжээ.

Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 02 сарын 21-ний өдрийн 1448607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүхээс Улсын байцаагчийн 2021 оны 02 сарын 21-ний өдрийн 1448607 дугаартай шийтгэлийн хуудсыг харьяалал зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул М.Цийг сонгуульд нэр дэвшигч мөн эсэх, болон зөрчилд холбогдогчоос мэдүүлэг аваагүй, эрх, үүргийг танилцуулаагүй гэх асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Харин Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байхаар зохицуулсан тул гомдол гаргагчийн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбар үндэслэлгүйг тэмдэглэв.

 

Маргаан бүхий шийтгэлийн хуудсанд шийдвэрийг эс зөвшөөрвөл Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж буруу бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд энэ хүрээнд зөрчилд холбогдогч М.Цийн шүүхэд гаргасан гомдлыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул М.Цийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан М.Цт олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 25, 27, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч М.Ц-ийн гомдлыг хангаж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч М.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан М.Ц-т олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ