Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 107

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

                              Нэхэмжлэгч:    Баяжих овогт Г.Х   

                                                                                   /РД:................./, Өмнөговь аймгийн                                    Даланзадгад    сум,    1-р       баг

                                                                     ..............................    

            Хариуцагч:     Сахалт овогт Б.Х

                                                                        /РД:КИ92070211/,  Өмнөговь аймгийн

                                                                  Сэврэй сум, Хоолт баг

       Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х , хариуцагч Б.Х , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Х тай 2016 оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Х.Ою, Х.Од нар төрсөн. Одоо Х.Ою 1 нас 7 сартай. Х.Од нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэврэй сумын Хоолт багийн хөдөө нас барсан. Б.Х  нь хүүхдээ нас барснаас хойш ааш зангаа хувиргаж, эцэг эх нь намайг гадуурхаж, дарамталж эсэн бусаар загнадаг болсон. Энэ үеэс Б.Х  надаас зайгаа барьж эхэлсэн. Иймд Б.Х ас охин Х.Оют тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Б.Х  бид хоёр эд хөрөнгийн  маргаан байхгүй болно  гэжээ.

          Нэхэмжлэгч Г.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 2 ихэр хүүхэд төрүүлсэн. 1 хүүхдээ алдсан. Би хүүхдээ алдаад удаагүй байхад Б.Х-ийн ээж нь хүүхдээ алчаад юугаа бодоод байгаа юм бэ гээд загнаж, харааж зүхдэг байсан. Би тэр болгоныг тэвчиж байсан. Архи уугаад агсан согтуу тавьж, намайг багалзуурдаж унагадаг байсан. Би тэр болгоныг нь тэвчээд байхад улам дордоод өөр хүүхэнтэй нууцаар утсаар ярьдаг болсон. Тэр тухай ээж аав, эгч нь хүртэл мэддэг байсан. Утсаа нууцаар өгч явуулаад уулан дээрээс нөгөө хүүхэнтэй нь яриулдаг байсан. Дараа нь нөгөө хүүхнээсээ салаад 3 сар болж байна гэж ирчихээд худлаа яриад нөгөө хүүхэн дээрээ нууцаар очдог байсан. Хүмүүс танай нөхөр чинь тэнд архи уугаад, нөгөө хүүхэнтэйгээ хамт явж байна гэж ярьдаг. Тэр бүхэн надад хэцүү байсан гэв.

  Хариуцагч Б.Х  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Х ийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

          Хариуцагч Б.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэгж яваагүй. Надад тийм юм байхгүй. Өөр ярих зүйлгүй гэв.

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Г.Х ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Х.Ою, Х.Од нарын төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн-Хүслэн” ӨЭМТөвийн тодорхойлолт, талийгаач Х.Од-ийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х  хариуцагч Б.Х ас охин Х.Оют хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Г.Х , Б.Х  нарын дундаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охин Х.Ою төрсөн, түүний эцэг Б.Х  болох нь 4601000263 бүртгэлийн дугаартай Х.Оюийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Эцэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд тэрээр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч нэхэмжлэгч Г.Х  хүүхдээ асрамжлаагүй эцгээс дээрх үүргүүдийг шаардах эрхтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй Х.Оюийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Х.Оюийг 18 нас хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар зохигчид санал нэгтэй байх ба тэрээр одоо эх эх Г.Х ийн асрамжид байгааг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

 Нэхэмжлэгч Г.Х  нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Од-гийвээс улсын тэмдэгтийн хураамжид 38708 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 31492 төгрөгийг гаргуулан буцаан олгох нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Х  / РД:К.............../-аас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Х.Оюийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Х ас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Х.Оюийг 18 нас хүртэл эх Г.Х ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.  

4.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Х ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х ас улсын тэмдэгтийн хураамж 38708 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 31492 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Х т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.УРАНЧИМЭГ