Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 09

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И-Б-У” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

      “Улсын бүртгэгчийн Дэд өртөөний барилгын өмчлөгчөөр “Х-У” ХХК-ийг бүртгэсэн 2013 оны 06 сарын 23-ны өдрийн Y-1520003738 Дугаартай бүртгэлийн Дэд өртөөний барилгад холбогдох хэсэг, 2018 оны 04 сарын 30-ны өдрийн Y-1520005327 дугаартай бүртгэл тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 сарын 22-ны өдрийн Дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Быг бүртгэсэн Y-1520005327 дугаартай бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэгч Б.А, гуравдагч этгээд “Х-У” ХХК-ийн захирал, гуравдагч этгээд Ө.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б /цахимаар/,түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “И-Б-У” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймагт 1984 оноос эхлэн Барилгын үйлдвэрлэлийн материаллаг баазыг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн үйлдвэр, агуулах сав, албан контор, зэргийг барьж, Барилга Угсралтын Трест гэх байгууллагын мэдэлд ажиллуулах болсон. Энэ нь тухайн үедээ Улаангомын хамгийн том бүтээн байгуулалт болж тухайн үедээ шинэ тоног төхөөрөмж, технологиор хангагдсан. Энэ байгууллагыг бүхэлд нь тог цахилгаанаар хангах зорилгоор Цахилгааны дэд өртөөний барилгыг тусгайлан барьж ашиглалтад оруулсан. Энэхүү дэд өртөөгөөр дамжуулан БУТ нь 1992 онд хувьчлагдах хүртлээ тог цахилгаанаар хангагдаж байсан. Өмч хувьчлалаар дэд бүтцийг бүхэлд нь хувьчлаагүй бөгөөд зориулалтын дагуу дэд өртөө болон өртөөний барилгыг БУТ- ээс салсан компаниудын дунд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хурлын тэмдэглэл байдаг. Өмч хувьчлал явагдсаны дараа БУТ нь "И-Б-У" ХК болоход уг дэд өртөө нь тус компанийн автограж, Гол корпус, контор улаан булангийн барилга зэргийг эрчим хүчээр хангаж байгаад компанийн үйл ажиллагаа зах зээлийн шилжилтийн үед зогсонги байдалд орж, мөн эрчим хүчний систем доголдож цөөн тооны обьектийг хангаж байсан зэргээс шалтгаалж дэд өртөөний барилга болон тоног төхөөрөмж ашиглахгүй удсан. Бид уг дэд өртөөний барилгыг засварлан зориулалтын дагуу ашиглах гэж байтал уг дэд өртөөг Х-У ХХК хуурамч материал бүрдүүлж өөрийн нэр дээр бүртгүүлж , сүүлд Ө.Бт шилжүүлжээ.

Бид энэ асуудлыг 14 хоногийн өмнө шүүхэд Х-У ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хүлээж авч мэдлээ. Уг дэд өртөөг хувьчлаагүй бөгөөд тийм баримт хаана ч байхгүй. 1991 оноос барилга угсралтын трест олон компани болон задрах явцад дэд өртөөг яаж хуваах тухай шийдвэрлэсэн барилга угсралтын трестийн захиргааны зохицуулах зөвлөлийн 1991 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдох болно. Уг тэмдэглэлийн хэлэлцэх асуудлын жагсаалтад “өмч хөрөнгийг дахин үнэлэх тухай 4 дүгээр хэсэгт, Барилгын машин механизмын бааз /Их барилга Увс ХК/ болон барилгын материалын пүүс /”Х-У” ХК/ гэсэн хоёр газарт барилгыг хуваан өгөхөөр заагдсан байдаг. Өмч хувьчлалын үед барилга угсралтын трестээс олон компани салсны нэг нь “Х-У” ХК юм. Барилгын бирж хоёр задрах үед тэдгээрийн өмч хөрөнгийн жагсаалтад “орон байр, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг жагсаасан нотлох баримтууд байдаг. Маргаан бүхий барилга нь “Х-У” ХК-ийн орон байрны жагсаалтад байдаггүй мөн “Их барилга Увс” ХК-ийн орон байрны жагсаалтад байдаггүй. Тухайн үеийн өмч хувьчлалын алдаанаас болж маргаан бүхий объект аль нэг талд өмчлөгдөөгүй боловч дангаараа “Х-У” ХК өмчлөх эрхгүй гэж үзэж байна. Дэд өртөөний барилга нь ойр орчмын барилгуудыг цахилгаан эрчим хүчээр хангах ёстой. Тухайн объект нь онцгой объект тул өмч хувьчлалаар хувьчлагдаагүй үлдсэн байх. Дэд өртөөг эрчим хүчинд өгөөд барилга байгууламжийг тухайн үеийн барилгын машин механизмын үйлдвэр болох “Их барилга” ХК болон барилгын “Х-У” ХК-д хуваан өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ нь Барилга угсралтын трестийн захиргааны зохицуулах зөвлөлийн 1991 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдох болно.

 “Х-У” ХК уг барилгын өмчлөгчөөр бүртгүүлэхдээ 2000 оны жил эцсийн эд хөрөнгийн тооллогын баримтыг үндэслэн бүртгүүлсэн байдаг. 2000 оны жил эцсийн санхүүгийн баримтад маргаан бүхий барилга “Х-У” ХК-ийн өмчлөлд байсан бол өмнөх онуудыг сайн нягтлан шалгах ёстой байсан. Маргаан бүхий барилга нь 1991 онд барилга трест тарж байх үед аль нэг компанийн хөрөнгө дээр тусгагдсан байх ёстой. Маргаан бүхий барилгыг хэн нэгэн худалдан аваагүй мөн хэн нэгнээс бэлэглэлээр аваагүй бол энэ өмч хувьчлалаар үүссэн объект гэдгийг судлах ёстой байсан. “Х-У” ХК-д эд хөрөнгө бий болох дээрх шаардлагуудаас аль нэгэн байхгүй байгаа тул 2000 онд Х-У” ХК-ийн нэр дээр бий болох үндэслэл байхгүй.

Улсын бүртгэлийн хэлтэс нь маргаан бүхий дэд өртөөний барилгыг “Х-У” ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө гэдгийг нотлох баримт байхгүй байхад 2013 он болон түүнээс хойших бүртгэл, мэдүүлэг гаргасан баримтуудтай хөнгөн хуумгай хандаж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийсэн байдаг. “Х-У” ХК үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлэхгүй байж байгаад 2013 онд бүртгүүлж байгаад нь анхаарал хандуулах ёстой байсан. “Их барилга Увс” ХК-ийн хувьд өөрт ноогдох хэсгийг өмчлөн авах эрхтэй гэж үзэж байна. “Х-У” ХК-ийн хувьд бүх үл хөдлөх эд хөрөнгөө 1999 онд улсын бүртгэлд бүргүүлчихсэн байсан. Гэтэл маргаан бүхий барилга нь Х-У ХК-ийн өмч байсан бол 1999 онд улсын бүртгэлд бүртгүүлчих ёстой байсан. Их барилга Увс ХК-ийн нотлох баримтууд бүгд бор цаасан дээр бичгийн машинаар цохичихсон байгаа. гэтэл “Х-У” ХК-ийн нотлох баримтууд бүгд цагаан цаасан дээр бичигдсэн байна. Би ч гэсэн хуучин хөрөнгийн жагсаалтаас харж байгаад тооллогын материал дээр гарын үсэг зурж чадна. Шохойтой цагаан цаасан дээр хэвлэсэн 2000 оны жил эцсийн тооллогын баримт гэдгийг үндэслэж байгаад Х-У ХХК-д гэрчилгээ бичиж өгч байгаа нь маргаан үүсгэж байна. Тухайн газарт байршиж байгаа барилга байгууламжууд эдийн засгийн эргэлтэд ороод эхэлсэн даруйд маргаан үүсэж эхэлсэн. “Их барилга Увс” ХК-ийн өмчлөх эрх нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас удаа дараа зөрчигдөж байгаа тул маргаан бүхий барилга нь хэний өмч болохыг тогтоолгох шаардлагатай байна. Барилга угсралтын трестийн захиргааны зохицуулах зөвлөлийн 1991 оны 1 дүгээр сарын 22-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн захирлын тушаал шийдвэрүүд манай байгууллагын архивт хадгалагдсан байсан. Барилга угсралтын трестийн дарга ганцаараа шийдвэр гаргадаггүй, зохицуулах зөвлөл нь аливаа асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлээд олонхын саналаар шийдвэрлэсэн байсан. Тухайн санал шийдвэрийг үндэслэн Барилга угсралтын трестийн дарга тушаал гаргадаг байсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ” Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Эд хөрөнгө бүртгүүлэх үед 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан. Барилгын машин механизмын бааз нь одоогийн “Их барилга Увс” ХК харин барилгын материалын пүүс нь одоогийн ”Х-У” ХХК юм. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад маргаан бүхий барилга нь “Х-У” ХК-ийн өмч болох эрх яаж үүссэн нотлох баримт байдаггүй. 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмыг хуульчилж өгсөн байдаг. Улсын бүртгэгчийн дэд өртөөний барилгын өмчлөгчөөр “Х-У” ХК-ийг бүртгэсэн 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Y-1520003738 дугаартай бүртгэлийн дэд өртөөний барилгад холбогдох хэсгийг бүртгэсэн бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хувийн хэрэгт бичиж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж, гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасан байдаг.

Тухайн үед улсын бүртгэгч нь бүртгэлийн үнэн зөв байх хуулийн шаардлагыг хангахын тулд үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөний талаарх хувийн хэргийг хөтөлж судалж мэдэх ёстой байсан боловч шалгаагүй байдаг. Мэдүүлэг гаргагч маргаан бүхий хөрөнгийг ямар хэлбэрээр олж авсан байгааг улсын бүртгэгч шалгаж аль нэг үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх ёстой байсан.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа тухайн этгээд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийн хавсаргах шаардлагатай” гэж заасан байдаг. Гэтэл “Х-У” ХК-ийн өмч яаж бий болсныг нотлох гэрээ хэлэлцээр акт байхгүй байдаг. Хариуцагч талын шүүхэд гаргасан тайлбартаа: газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээний бүртгэл хийсэн талаар дурдсан байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байлаа гээд тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь газар эзэмшигчийн хөрөнгө мөн гэсэн ойлголт байхгүй. Тус тусдаа үүсдэг эрх учир тус тусад нь өмчлөх эрхийн гэрчилгээ авсны дагуу эзэмшиж ашиглах ёстой гэж үзэж байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн дэд өртөөний барилгын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзахаар заасан байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авч бүртгэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хуулийн 14 дүгээр зүлийн 14.1.6 дахь хэсэгт “мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол татгалзахаар хуульчилж өгсөн учир хуульд зааснаар улсын бүртгэлийн ажиллагаа явагдаагүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн байгууллага нь мэдүүлэг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор үл хөдлөх эрх өмчлөх улсын бүртгэл бүрдэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульд хуульчилсан байдаг. Улсын бүртгэлийн байгууллагыг 14 хоногийн дотор мэдүүлгийг шалгаж нягтлах хугацааг хуульд тусгайлан зааж өгсөн байдаг.

Улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан тайлбартаа: Давхцал байхгүй байсан ба хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй учир бүртгэл хийсэн талаар тайлбар гаргасан. Давхцал тогтоогүй ч гэсэн тухайн өмчийг хэн нэгэн өмчлөх эрхтэй байгаа эсэхийг шалгаж үзэх ёстой байсан. Давхцал байхгүй гэдэг шалтгаанаар хэн дуртай этгээд хэн нэгний өмчлөлийг улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх боломжгүй.

“Х-У” ХК болон “Их барилга Увс” ХК-ийн эхлэлийн тайлан баланс, хөрөнгө үнэлсэн тайлан дотор маргаан бүхий дэд өртөөний барилга байдаггүй. Тухайн хоёр компани байгуулагдахаас өмнө бий болсон хөрөнгө учир хэн нэгний өмчлөлд шилжээгүй байсан. Үндсэн хөрөнгийг үнэлсэн актад мөн адил маргаан бүхий дэд өртөөний барилга тусгагдаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Анх 2013 оны 06 сарын 03 өдөр "Х-У" ХК нь үл хөдлөх эд хөрөнгө анх удаа бүртгүүлэх тухай нотлох баримт, мэдүүлэг гарган өгч Улаангом сумын 3-р баг “Итгэлт” барааны захын урд талд байрлалтай нотлох баримтын 1-10 дугаартай дурьдагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг бүртгүүлсэн болно.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн   тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж хуулинд заасан байгаа. Энэ заалтыг иргэн хуулийн этгээдэд сануулж байсан. Эдгээр бүртгэлийг хийхдээ тухайн үед бүртгэлийг үнэн зөв гэж үзсэний үндсэн дээр хийсэн бөгөөд “Х-У” ХК гаргаж өгсөн нотлох баримтыг бодитой, хуурамч болон хууран мэхлэх зорилгоор бусдын хөрөнгийг завших санаа зорилготой байна гэдийг мэдэх боломжгүй бөгөөд Улсын бүртгэл зөвхөн цаасан нотлох баримт үндэслэн бүртгэлийг хийсэн болно. Үүнд “Х-У” ХК нь мэдүүлэг болон хөрөнгө бүртгүүлэх тухай албан тоотын №3 дугаарт тэмдэглэгдсэн дэд өртөөний барилга, үйлдвэрийн цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн агуулах, эд хөрөнгийн план зураг, эд хөрөнгийн тооллогын бүртгэл дэх №3 дугаарт тусгагдсан хөрөнгийн жагсаалт /2012.12.25/, бүртгүүлэхээр хүсэж буй эд хөрөнгийн фото зураг, компанийн гэрчилгээ, дүрэм , газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг зэрэг хуулинд заасан нотлох баримтыг үндэслэн эд хөрөнгийн бүртгэлийг хийсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн   тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заагдсан нотлох баримт хуулийн хүрээнд бүрдсэн гэж үзсэн. Хэрэв энэ үед Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн   тухай хуулийн 14 дүгээр зүйлийн, 14.1-т тусгагдсан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах ямар нэг шалтгаан байсан бол Улсын бүртгэгч эрх, үүргийнхээ хүрээнд мэдүүлгийг буцааж бүртгэхээс татгалзах боломжтой байсан. Гэтэл мэдүүлэг болон нотлох баримт нь хуулинд заагдсанаар шаардлага хангасан тул бүртгэлийг хийсэн болно. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн   тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар энэ бүртгэлийг хийхдээ он сарын дарааллаар нотлох баримт архивлагдсан юм. Энэ хөрөнгө нь урьд өмнө хэн нэгэн этгээдийн өмчлөлд бүртгэгдэж байсан бол бүртгэлийг давхардаж байна гэх үндэслэлээр мөн буцаах боломжтой, гэтэл энэ хөрөнгийг бүртгэлийн цахим программаас шалгаж үзэхэд ямар нэг давхардал байхгүй учраас бүртгэл хийгдсэн.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн   тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.1.3, 19.2 дахь хэсэгт зааснаар бүртгэл нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлээр 2018 оны 04-р сарын 25-ны өдрийн бүртгэл хийгдсэн. Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн   тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Үл хөдпөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. 2019 оны 02 сарын 25-ны өдөр мэдүүлгээр Б.Нямхүү, 2020 оын 01 сарын 08-ны өдөр Ө.Бын өмчлөлд тус тус шилжих хөдөлгөөн хийгдсэн. Энэ бүртгэлийг хийх үед энэ хөрөнгө нь дээр хууль хяналтын байгууллагаар хянагдаж байгаа маргаан байхгүй тул бүртгэлийг хийсэн болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн Y-1520003738 дугаартай одоогийн хаягаар 12-р баг худалдааны гудамж 213 тоот хаягт байрлах /итгэлт барааны захын урд талд/ үйлдвэрлэлийн зориулалттай дотроо төмөр бетон эдлэлийн цех, агуулах, дэд өртөөний барилга, жижиг зүйлсийн склад, насосын байр, цементийн агуулах, лабораторийн барилга, зуурмаг узел, авто пүүс зэрэг үл хөдлөх эд хөрөнгөө 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Х-У” ХК Иргэний хуулийн 183-р зүйл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг, түүнд хавсаргах нотлох баримтыг гарган өгч өмчлөх эрхээ баталгаажуулан авсан. Мэдүүлэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хуулбар, кадастрын зураг, фото зураг, 2000 оны 6 дугаар сар болон 2012 оны эд хөрөнгийн тооллого зэрэг нотлох баримтуудыг гарган өгч эд хөрөнгөө баталгаажуулсан байдаг.

Тухайн үед бүртгэлийг хүлээн авахдаа одоо үйлчилж байгаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар цахим мэдээллийн санд хайлт хийж шивж үзтэл тухайн газар өмнө нь улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй ба ямар нэг өмчийн маргаан байгаагүй, давхардсан бүртгэл хийгдээгүй байсан тул цаасан нотлох баримтыг үнэн зөв нотлох баримт байна гэж үзсэний үндсэн дээр бүртгэл хийсэн. Өмнө нь үйлчилж байсан хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагыг 14 хоногийн дотор мэдүүлгийг шалгаж нягтлах хугацааг хуульд тусгайлан зааж өгсөн байсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар 5 хоногийн дотор мэдүүлгийг шалган нягталж бүртгэхээр хуульчилсан байдаг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан байдаг. Мөн хуулийн 8 дугаар зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бөгөөд тухай үед мөрдөгдөж байсан хууль, журам, шаардлагыг бүрэн хангасан байсан тул бүртгэлийг хүлээн авсан. Мэдээллийн сангаас хайлт хийхэд хэн нэгний бүртгэлтэй давхардсан асуудал байгаагүй ба анх удаа “Х-У” ХХК-д 2001713 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулсан байдаг.

2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгөд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн үндэслэлээр шинэчлэгдсэн газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг эх хувиар, фото зураг гэх мэт бусад нотлох баримтыг хавсарган тухайн дэд өртөөний барилгыг тусад нь салгаж үл хөдлөх эд хөрөнгийн Y-1520005327 дугаарт бүртгүүлж “Х-У” ХK 000377396 үнэт цаасны дугаар дээр дэд өртөөний барилгын салгаж гэрээ гэрчилгээ олгосон байдаг.

2020 оны 1 дүгээр сарын 8-нд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11-р зүйлд зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх Иргэний хуулийн 243-р зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр эрхийн зөрчилгүй бичгээр гаргасан гэрээ мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үндэслэн иргэн Ө.Бын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн дэд өртөөний барилгыг шилжүүлж бүртгэсэн. Манай байгууллагаас бүртгүүлэхээр ирсэн хүмүүст мэдүүлэг бөглүүлдэг. Энэ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна” гэж заасан байдаг. Мөн мэдүүлэг гаргагч нь өөрөө мэдүүлгээ үнэн зөв гэж баталсан. Мэдүүлэг гарахдаа үндсэн хөрөнгийн жагсаалтын эх хувийг хавсаргасан учир Ө.Бын хөрөнгө гэж улсын бүртгэл үзэж бүртгэл хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ө.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Өвгөнхүү овогтой Бат-Очир миний бие 2020 оны 01-р сард Иргэн Балдансүрэн овогтой Нямхүүгээс монгол улсад бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хөрөнгийг хуулийн дагуу худалдах худалдан авах гэрээгээр эрх бүхий албан байгууллага, албан тушаалтанаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Миний бие Монгол улсад хүчин төгөлдөр газрын эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэж худалдаж авсан тул "Цахилгааны дэд өртөөний барилга"-ын өмнөх үүх түүхийн нарийн учир шалтгааны миний бие мэдэхгүй тул холбогдох байгууллага, албан тушаалтнаас тодруулна уу. Иргэн Өвгөнхүү овогтой Бат-очир миний бие нэхэмжлэгч гэх "И-Б-У" ХК  болон итгэмжпэгдсэн төлөөлөгч А. Сумъяа-тай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй тул энэхүү нэхэмжпэлийг хүчингүйд тооцож шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Х-У” ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Х-У ХХК-ний үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлд Дэд өртөөний барилга 895,228 балансын үнэтэйгээр тусгагдсан байна.Мөн манай компани 2010 оны санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгөд 2014 онд Хөндлөнгийн хараат бус "Оюу эрдэм аудит" ХХК-аар нэгж хувьцааны бодит үнэ цэнийг тогтоох үнэлгээ хийлгэхдээ Дэд өртөөний барилгыг өмчлөх эрхийн хувьд Х-У ХХК-ний өмч хөрөнгө мөн болохыг нотлож 2014 оны үнэлгээний тайлангийн 18 хуудсанд Дэд өртөөний барилга. Тус объект 1987 онд ашиглалтанд орсон, Цутгамал шугаман суурьтай бетон суурьтай, -510-ийн силикат тоосгон ханатай /4м өндөр,/ ПКЖ 60Х15-ийн төмөр бетон хавтангаар хучигдсан, хар цаасан дээвэртэй, цахилгааны щить болон гал хамгаапаптын зориулалттай суурилагдсан тоног төхөөрөмж бүрэн тоногдсон. Төмөр хаапгатай, цутгамап бетон шал дундаа ховилтой тул шууд ашиглах боломжгүй, халааплаптгүй барилга юм. Гадна ханын гадаргуу дагуух хэмжилтээр 22.3 метрийн урттай, 5.68 өргөнтэй, 4.235 метрийн өндөртэй тул тэнхлэг хоорондын хэмжилтийг 22X6 метрээр авч, талбайг 132кв. метр гэж тооцлоо. Хавсралт №9-аас 10-р зургаас харна уу гэж. дүгнэсэн байдаг. 2021 оны 1 сарын өдрийн шүүх хурал дээр Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сумъяа “И-Б-У” ХК-ний комланий санхүү бүртгэлд болон өмчлөлд байхгүй гэж хэлсэн, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн санхүү бүртгэлд болон өмчлөлд байхгүй гэсэн тодорхойлолт мөн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 06 сарын 23-ны өдрийн Ү-1520003738 дугаартай бүртгэлийн Дэд өртөөний барилгад холбогдох хэсэг, 2018 оны 01 сарын 30-ны өдрийн Ү- 1520005327 дугаартай бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө,газрын гэрчилгээ гэх мэт нотолгоогоор Дэд өртөөний барилга нь манай компаний өмч үл хөдлөх эд хөрөнгө болно. Барилга трестийн ажилчдын хурлын 1991 оны протоколд Гол корпусын орон байр гэж тусгагдсан энэ бол тэр үеийн доороо лаборторын байртай, 3 давхар контор, хойшоогоо хүзүүвчээр холбогдсон засварын цех, суурь өрөм, токарын машины цехтэй, сэлбэгийн агуулах, дугуй засврын цех гэх олон цехтэй олон ажилчид, инженер техникийн ажилтнуудтай тэд хүзүүвчээр дамжин конторт орж тооцоо хийдэг тийм том барилга байсан.

Дэд өртөөг эрчим хүчинд өгөх ёстой гэсэн нь Тухайн үед Дэд өртөөг эрчим хүчинд өгөх ёстой гэж хурлын протколд байгаач энэ дэд өртөөний байгууламжаас жилдээ 10 мянган мЗ бетон үйлдвэрлэх Бетон, бетонон материал үйлдвэрлэх үйлдвэр, энэ үйлдврийг жилийн 4 улиралд уураар хангах Дулааны станцыг цахилгаанаар хангаж байсан тул тоног төхөөрөмжийн хамтаар БМ пүүс авч блансын үнээр өөрийн өмчөөр бүртгэж авсан байна. Уг барилгыг одоог хүртэл манайхаас өөр газар ямар нэгэн хөрөнгийн гэрчилгээ болон санхүү бүртгэлд тусаж байгаагүй нь манай хөрөнгө болохыг харуулж байна.

-Байрыг м2-аар нь БММ бааз. БМП хуваан үнэлэж авах гэх тухайд: Гол корпусын байрыг м2-аар нь БММ бааз. БМП хуваан үнэлэж авсан бөгөөд 1-р давхарын 312 м2 лаборторын байр, тоног төхөөрөмжийн хамтаар БМПүүс /Х-У ХХК-д/хувьчлан авсан байдаг. Энэ хурлаар Гол корпусын байрыг м2-аар нь БММ бааз. БМП хуваах тухай шийдвэр гаргаж байсан бөгөөд "И-Б-У" ХК-ийн нэхэмжлэлд байгаа Дэд өртөөний барилгыг хуваах тухай биш юмаа....

Эдгээр тайлбаруудыг гарган өгч байгаа бөгөөд дэд өртөөний барилга манай өмч болохыг батлаж байна.Иймд И-Б-У" ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сумъяагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Ө.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Х-У ХХК-ийн захирал Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө.Б “Х-У” ХК-ийн захирал Б.Нямхүүгээс 2019 онд маргаан бүхий дэд өртөөний барилгыг худалдан авсан. Миний бие “Х-У” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. 1991 оны барилга трестийн удирдах ажилтны хурлын тогтоол гэдэг баримт худал баримт гэж үзэж байна. Бид архиваас асууж тодруулахад байхгүй гэж хариулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сумъяа тайлбартаа: Хэн ч гэсэн бичгийн машинаар цохиод баримт бүрдүүлж болно гэдэг тайлбар гаргасан тул хуурамч баримт бүрдүүлж байж болзошгүй гэж үзэж байна. “Х-У” ХХК-ийн лабораторийн барилгыг давхацсан гэдэг үндэслэлээр “Их барилга Увс” ХК-д өөрийн эзэмшилд авсан. 1995 онд барилга хувьчлагдсан учир 1991 оны барилга угсралтын трестийн захиргааны зохицуулах зөвлөлийн тогтоолыг худал гэж бодож байна. Хаана хэнд ямар өмч байгааг хэн ч мэдэх боломжгүй. Манай компанийн татварын тайланг үндэслэн энэ компанийн өмч хөрөнгө мөн гэдгийг улсын бүртгэл бүртгэдэг. Газар байж хөрөнгө үүсдэг. Дундын өмчлөлийн газар байхад А.Сумъяа хашаагаа 5 метр татаж авсан байдаг. Гол объект гэдэгт конторын 3 давхар барилга болон ард тал нь байгаа номин худалдааны төвд худалдсан барилгыг хэлж байгаа. Гол объектын араас зураас татаад эрчим хүчинд өгөх ёстой гэдэг тайлбар тавьсан байгаа. Хувьчлал нь хариуцлагатай хувьцаат компани болохдоо 1991 биш 1995 оноор хувьчлагдсан байдаг. 1995 онд хувьчлагдсан гэдгийг захирал нь байсан гэрч Б.Нямхүү тайлбарласан. Тус тусдаа эрчим хүчний эх үүсвэртэй байсан байдаг. Маргаан бүхий барилга нь “Х-У” ХХК-ийн өмч гэдгийг газрын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн тооллого болон манай байгууллагын 20.000.000 төгрөгийн татвар төлсөн баримтаар нотлогдож байгаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр дэд өртөөний барилга гэж ороод татвар төлсөн байгаа. Иймд Ө.Бын өмч хөрөнгийг баталгаажуулаад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн хувьд маргаан бүхий дэд өртөөний барилгын хувьчлалын үеийн эзэмшигч биш. Өөрөөр хэлбэл дэд өртөөний барилга нь олон өмчлөгч дамжиж ирээд 2020 оны 1 дүгээр сард худалдан авсан этгээд нь өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Улсын бүртгэл нь хуульд заасан үндэслэлээр явагдсан байдаг. Дэд өртөөний барилга нь “Х-У” ХХК-ийн өмч гэдэг нь компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, гэрчилгээ, санхүүгийн баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч талаас анхнаасаа улсын бүртгэлийн бүртгэл хууль бус бүртгэгдсэн гэж маргадаг. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б “Х-У” ХХК-ийг Б.Нямхүүгээс худалдан авсан тул шүүх хуралдаанд Б.Нямхүүг гэрчээр оролцуулж асууж тодруулах зүйл байсан тул гэрчээр Б.Нямхүүг оролцуулах хүсэлт гаргасан байдаг. Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар хэрэгт авагдсан мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7-р зүйлийн 7-д зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан байдаг. Мөн хуулийн 8 дугаар зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журам, шаардлагыг бүрэн хангасан байсан тул мэдүүлгийг хүлээн авч бүртгэл хийсэн гэдэг тайлбар гаргаж байна. Улсын бүртгэгчийн бүртгэл хууль ёсны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И-Б-У” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд анх ирүүлсэн нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “Цахилгаан дэд өртөөний барилгыг “Х-У”ХХК-нд өмчлүүлэхээр бүртгэсэн бүртгэлийг хууль бусад тооцуулах тухай” гэж тодорхойлж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ Дэд өртөөний барилгын өмчлөгчөөр “Х-У” ХХК-ийг бүртгэсэн 2013 оны 6 сарын 23-ны өдрийн Y-1520003738 дугаартай бүртгэлийн Дэд өртөөний барилгад холбогдох хэсэг, 2018 оны 04 сарын 30-ны өдрийн Y-1520005327  дугаартай бүртгэл тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 сарын 22-ны өдрийн Дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Быг бүртгэсэн Y-1520005327 дугаартай бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

  Нэхэмжлэгч “И-Б-У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь “Өргөжих реалтор” ХХК-ийн менежер ажилтай байх ба дэд өртөөний улсын бүртгэлийн талаар Иргэний хэргийн шүүхээс Х-У ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахдаа анх мэдэж захиргааны хэргийн шүүхэд “И-Б-У” ХК-иас нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан болно.

Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Х-У” ХХК-иас “Cэтгэл  санааны  хохирол  10.000.000 төгрөг,  төмөр  бетон  хашааны  үнэ  2.000.000 төгрөг,  нийт  12.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг 2020 оны 08 сарын 24-ний өдөр “Өргөжих реалтор” ХХК-д гардуулсан байна.

Иймд нэхэмжлэгч талыг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбогдуулан хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлд захиргааны хэргийг үүсгэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , гуравдагч этгээд, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “И-Б-У” ХК-иас  дэд өртөөний зориулалттай барилгыг  “Х-У” ХХК болон “И-Б-У” ХК нь хамтран өмчлөхөөр байхад “Х-У” ХХК-ийг  өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлүүд нь нь хууль бус, мөн сүүлд өмчлөгчөөр бүртгэгдсэн Ө.Быг өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хууль бус гэж үзэн маргаж байна.

Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь “Дэд өртөөний зориулалттай барилгын өмчлөгчөөр “Х-У” ХХК-ийг бүртгэсэн улсын бүртгэл нь хуульд заасан нөхцөлийг хангасан тул бүртгэл хийгдсэн” тухай тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Гуравдагч этгээд болох Ө.Б болон “Х-У” ХХК-ийн зүгээс “ Дэд өртөөний барилгыг өмчлөгч нь   “Х-У” ХХК болох нь холбогдох баримтуудаар тогтоогддог”гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн болно.

Анх “Х-У” ХК-иас 2013 оны 05 сарын 23-ны өдөр Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “Х-У” ХК нь 2000 онд Хүрд ХК-ийн охин компани болон зохион байгуулагдахад санхүүгийн балансаар үндсэн хөрөнгүүд тухайн оны жилийн эцсийн санхүүгийн балансаар шилжиж ирсэн тул нэр бүхий 10 нэр төрлийн барилга байгууламжуудад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөх тухай хүсэлт гаргасны дотор Дэд өртөөний барилга-үйлдвэрийн цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжийн агуулах 28х7=196м 2 талбайтай барилга багтсан байна.

“Х-У” ХК хүсэлтдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 20,, оны 08 сарын 17-ны өдөр олгосон 32720м2  газрыг эзэмших эрхийн 102811 дугаартай гэрчилгээ, кадастрын зураг, захирал Б.Нямхүүгийн 3-р багийн Засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, “Х-У” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2000.07.22-ны өдрийн 01 дугаар тогтоол /“ Х-У” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Нямхүүг томилсон/, “Х-У” ХК-ийн дүрэм, “Х-У” ХК-ийн 2000, 2012 оны эд хөрөнгийн тооллогын бүртгэл,фото зургууд зэргийг хавсаргажээ.

Улсын бүртгэлийн байгууллагаас 2013 оны 06 сарын 03-ны өдөр Улаангом сумын 3-р баг итгэлт барааны захын урд талд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай төмөр бетон эдлэлийн цех,агуулах 3 ширхэг,дэд өртөөний барилга, жижиг зүйлийн склад, насосны байр,цементийн агуулах,лабориторын барилга,зуурмаг узель,автопүү зэрэг обьектуудын өмчлөгчөөр “Х-У” ХК-ийг улсын бүртгэлийн Y-1520003738 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Үүний дараа 2018 оны 04 сарын 24-ний өдөр “Х-У“ ХХК-иас Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үл хөдлөх эд хөрөнгүүдэд тус тусад нь гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг гаргаж, үүний дагуу 2018 оны 04 сарын 30-ны өдөр 196 м талбайтай дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Х-У” ХХК-ийг улсын бүртгэлийн Y-15200005327 дугаарт бүртгэжээ.

“Х-У” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2019.01.30-ны өдрийн 01 дугаар хурлын тогтоолоор дэд станцын зориулалттай эд хөрөнгийг Б.Нямхүүгийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж, 2019.02.25-ны өдөр Б.Нямхүү Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргаж, 2019 оны 02 сарын 26-ны өдөр дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Нямхүүг Улсын бүртгэлийн Y-1520005327 дугаарт бүртгэсэн байна.

2020 оны 01 сарын 08-ны өдөр Б.Нямхүү нь Ө.Бтой үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж, дэд станцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Быг улсын бүртгэлийн Y-1520005327 дугаарт 2020 оны 01 сарын 22-ны өдөр бүртгэжээ.

Улсын бүртгэлд бүргэгдсэн маргаж буй обьект нь Улаангом сумын 12-р багт байрлах /хуучнаар 3-р баг/ ба одоо “Х-У” ХХК-ийн хашаанд байрласан,уг барилгад ямар нэг тоног төхөөрөмж байхгүй,хоосон, шал нь дундаа ховилтой,одоогоор ямар нэг байдлаар ашиглагдаагүй барилга болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байх ба хэргийн оролцогчдоос уг барилга нь өмч хувьчлалаас өмнө аймгийн Барилга угсралтын трестийг тог цахилгаанаар хангаж байсан цахилгааны дэд өртөөний зориулалттай барилга байсан талаар тайлбар гаргасан болно.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 19 дугаар шийдвэрээр “Х-У” ХХК болон “И-Б-У” ХК-ийн хоорондын үл хөдлөх эд хөрөнгийн маргаан бүхий улсын бүртгэлтэй холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байсан байх ба уг хэрэгт “Х-У” ХХК болон “И-Б-У” ХК-ийн өмч хувьчлалын талаарх болон компанийн эхлэлтийн тайлан баланс, эд хөрөнгийн үнэлгээ, жагсаалтууд нотлох баримтаар авагдсан байсан тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг үндэслэн уг баримтуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд эдгээр баримтуудад цахилгаан дэд өртөөний барилгыг “Х-У” ХХК болон “ И-Б-У” ХК-иуд үүсгэн байгуулагдахад алинд ч үндсэн хөрөнгөөр тусгагдаж бүртгэгдээгүй байна.

“Х-У” ХХК-ийн захирлаар 2000-2019 онуудад ажиллаж байсан Б.Нямхүү шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “2000 онд “Хүрд” ХК нь “Х-У” ХХК-ийн хувьцааны 31 хувийг эзэмших болсноор балансаас балансад дэд өртөөний барилга шилжиж ирсэн. Намайг ажил авах үед уг барилга дээрээсээ ус орж,хана дээрээсээ  нурсан,тоног төхөөрөмжүүд бүгд гэмтсэн байсан. 2000 онд “Х-У” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр нурааж шинээр цагаан тоосгоор өрж дээврийг “Х-У” ХК-ийн өөрийн үйлдвэрлэсэн нүхт хучилтын хавтангаар хучин шинэчилсэн.Уг барилга Х-У ХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байсан ба 2019 онд компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаас миний өмчлөлд шилжүүлж,би 2020 оны 1 сард иргэн Ө.Бт худалдсан “ гэж мэдүүлсэн ба “Х-У” ХХК-ийн 2000 оны санхүүгийн баримтны үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэл гэх хэсэгт дэд өртөөний барилгыг бүртгэж, анхны үнийг 895228 төгрөгөөр тооцжээ.

Нэхэмжлэгч талаас “дэд өртөөний барилгыг хувьчлаагүй бөгөөд Барилга угсралтын трестийн зохицуулах зөвлөлийн хурлын тэмдэглэлд дэд өртөөг эрчим хүчинд өгөх ёстой,байрыг м 2 –аар нь Барилгын машин механизмын бааз, Барилгын материалын пүүс хувааж үнэлж авахаар шийдвэрлэсэн байдаг.Барилгын машин механизмын бааз нь одоогийн “И-Б-У” ХХК, Барилгын материалын пүүс нь одоогийн “Х-У” ХХК юм.Иймд манай компани дэд өртөөний барилгаас өөрт ногдох хэсгээ өмчлөх эрхтэй” гэсэн тайлбар гаргаж хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ.

Барилга угсралтын трестийн зохицуулах зөвлөлийн хурлын 1991.01.22-ны өдрийн хурлын тэмдэглэлд эд хөрөнгө дахин үнэлэх,тооллого явуулсан тухай 4-р хэлэлцсэн асуудлын хүрээнд “Гол корпусын орон байрны тухай -дэд өртөөг эрчим хүчинд өгөх ёстой – байрыг м 2 –аар нь БММ бааз, БМП хувааж үнэлж авах...жагсаалтаар байгаа зүйлийг харьяалагдах газарт дансаар шилжүүлэхээр боллоо” гэж тэмдэглэгдсэн байна. Уг хурлын тэмдэглэлд жагсаалт хавсаргагдаагүй байсан талаар нэхэмжлэгч тайлбарласан болно.

Хурлын тэмдэглэлд дурдагдсан асуудлаар буюу дэд өртөөг эрчим хүчинд шилжүүлсэн шийдвэр баримт тогтоогдоогүй ба Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 41 дугаартай албан бичигт “6кв-ын дэд өртөө хуваарилах байгууламжийн барилга нь “Увс Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд байхгүй болно” гэсэн тодорхойлолтыг гаргасан байна.

 Дэд өртөөний барилгыг  Барилгын машин механизмын бааз, барилгын материалын пүүс хуваан эзэмшихээр шийдвэрлэсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч энэ талаар эрх бүхий этгээдийн албан ёсны шийдвэрээр нотлогдож тогтоогдсон баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, хурлын тэмдэглэлд дурдсан “байрыг хувааж үнэлж авах тухай” асуудал нь ямар байр буюу барилга гэдэг нь тодорхойгүй, албан ёсны шийдвэргүй байхад уг хурлын тэмдэглэлийг “И-Б-У” ХК-ийг маргаан бүхий дэд өртөөний барилгын хамтран өмчлөгч болохыг тодорхойлсон шийдвэр гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийг хүчингүй болгуулснаар өмчлөх эрхийн маргаан шийдвэрлэгдэхгүй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар иргэний эрх зүйн үндэслэлүүдээр маргаж,тэр нь тогтоогдсон тохиолдолд улсын бүртгэлийн асуудлыг хянуулах боломжтой болох юм.

Анх 2013 онд дэд өртөөний барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргахад 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан ба уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “ мэдүүлэг,түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14-р зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3-р зүйлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгэхээр” заасан байна.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийн талаар тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч талаас уг хуулийн 14.1.1-д зааснаар буюу “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй” гэх үндэслэлээр мэдүүлгийг татгалзах байсан гэж  маргасан байна.

“Х-У” ХХК-иас анх 2013 онд мэдүүлэг гаргахдаа 2006 оны 08 сарын 17-ны өдөр олгосон 32720м2  газар  эзэмших эрхийн 102811 дугаартай гэрчилгээ, дэд өртөөний барилгын доорх газрыг кадастрын зургаар баталгаажуулсан кадастрын зураг,барилгын зураг,дэд өртөөний барилгыг үндсэн хөрөнгөдөө бүртгэсэн бүртгэл зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн байх ба эдгээр баримтууд болон дэд өртөөний барилгын талаар бусад этгээдээс улсын бүртгэлд өмнө нь бүртгүүлж байгаагүйг үндэслэн улсын бүртгэгчээс 2013 оны 06 сарын 23-ны өдрийн Y-1520003738 дугаартай бүртгэлд  дэд өртөөний зориулалттай барилгын өмчлөгчөөр “Х-У” ХХК-ийг бүртгэсэн хэсгийг “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй” гэх үндэслэлээр хууль бус бүртгэл хийгдсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Анхны улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул 2018 оны 04 сарын 30-ны өдрийн Y-1520005327 дугаартай бүртгэл, 2020 оны 01 сарын 22-ны өдрийн Дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Быг бүртгэсэн Y-1520005327 дугаартай бүртгэлүүдийг хууль бус гэж үзэх  үндэслэлгүй болно.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор бүртгэл хууль бус байсан нь тогтоогдоогүй, уг улсын бүртгэлээс шалтгаалан нэхэмжлэгч “И-Б-У” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх,түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч” И-Б-У” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сгийн шүүхэд ирүүлсэн  “Улсын бүртгэгчийн Дэд өртөөний барилгын өмчлөгчөөр “Х-У” ХХК-ийг бүртгэсэн 2013 оны 06 сарын 23-ны өдрийн Y-1520003738 Дугаартай бүртгэлийн Дэд өртөөний барилгад холбогдох хэсэг, 2018 оны 04 сарын 30-ны өдрийн Y-1520005327 дугаартай бүртгэл тус тус хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны 01 сарын 22-ны өдрийн Дэд станцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ө.Быг бүртгэсэн Y-1520005327 дугаартай бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай”  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.