| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 115/2023/0010/З |
| Дугаар | 221/МА2024/0423 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0423
“Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: “Г*******” ХХК
Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/277 дугаар захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс
Гуравдагч этгээд: “Г*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн УКД-12/2023 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 115/ШШ2024/0002 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******
Хариуцагч Ц.О*******
Гуравдагч этгээд Д.Д*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Г*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 115/2023/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас Дорноговь аймгийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/277 дугаар захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн УКД-12/2023 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 115/ШШ2024/0002 дугаар шийдвэрээр:
“Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1, 48.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г*******” ХХК-иас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан гаргасан тус комиссын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн УКД-12/2023 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Дорноговь аймгийн Замын-үүд суманд баригдсан иргэн Э.А*******ын орон сууцны зориулалтын 65 айлын барилгад олон компаниуд оролцсон байдаг. Манай “Г*******” ХХК нь зөвхөн өрөг бүтээцийн ажлыг материал оруулахгүйгээр ажлын хөлсөөр 2014-2015 хийж гүйцэтгэсэн. Гэтэл 2012 онд өөр компанийн суурь зоорийг хийсэн 2015-2016 онд “И*******” ХХК үлдсэн ажлуудыг нь хийсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт улсын комисст гүйцэтгэх компаниас гаргах бичиг баримтуудыг “Г*******” ХХК өгөөгүй гэж дурджээ. Бид өөрсдийн өгөх ёстой ил далд ажлын актууд, холбогдох зургуудыг өгсөн, барилгаас явахдаа дараагийн “И*******” ХХК-д талбайн журналыг хүлээлгэж өгсөн байдаг. Шүүхийн шийдвэрт тусгаснаар бусад ажилласан компаниудын ил далд ажлын актууд фото зургууд, талбайн журналуудыг манай компани өгөх ямар ч боломжгүй. Тэр материалуудыг зөвхөн захиалагч тухайн компаниудаас авч Улсын комисс ажиллуулах бүрдэлийг нь хангаж ажиллах ёстой.
Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” 48.5.1-т “барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл”, 48.5.2-т “барилгын ажлын ил, далд ажлын акт”, 48.5.3-т “зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт” 48.5.4-т “захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт” гэх мэтчилэн бусад ажилласан компаниудын холбогдох бичиг баримтууд бүүр байхгүй.
3.2.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ. Мөн Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.17-д “барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах” гэснийг буруу тайлбарласан.
Барилгын явцад бид захиалагчид барилгын сууринд ийм хагаралт өөрчлөлт үүслээ гэдгийг мэдэгдэж, албан бичгээр мөн гүйцэтгэлтэй холбоотой зургаар тайлбарлаж өгнө. Гүйцэтгэгчийн өгсөн мэдээллийн дагуу холбогдох зургийн автор, төсөв, захиалагч, захиалагчийн ерөнхий инженер гэх мэт холбогдох хүмүүс дор бүрнээ асуудлыг шийдэж төрийн холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч ажиллана. Тэрнээс биш гүйцэтгэгч зураг төсөл боловсруулж баталгаажуулах эрх бүхий хүн биш.
Жишээ нь Барилгын тухай хуулийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна”, 26.3-т “Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэн барихад барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 10.1, 23.2, 28.2-т заасны дагуу ангилал, зураг төсөл, баримт бичгийн дагуу олгоно” гэжээ.
3.3.Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” мөн бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд Барилгын тухай хуулийн 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана”, 48.5.1-т “барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл”, 48.5.2-т “барилгын ажлын ил, далд ажлын акт”, 48.5.3-т “зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, 48.5.4-т “захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, 48.5.5-т “барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл”, 48.5.6-д “барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл” гэжээ.
Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Барилга байгууламжийн үндсэн бүтээцэд болон инженерийн шугам сүлжээний хэмжээ, хүчин чадалд өөрчлөлт оруулсан бол зураг төслийг дахин боловсруулж, барилгын ажлын зөвшөөрөл шинээр авна” гэж заасан. Гэтэл уг барилгад явцын дунд суурь хагарч цуурсанаас үүдэн мөн 1 давхар нэмэгдсэнээс гадна дотор инженерийн шугам сүлжээ, хүчин чадалд өөрчлөлт орсон боловч холбогдох зөвшөөрөл бичиг баримтууд байхгүй. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.1-т заасны дагуу энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй, бусад ажилласан байгууллагуудын талбай журнал, актууд гэх мэт холбогдох бичиг баримтууд байхгүй байсаар байтал улсын комисс ажиллах нь зөв гэж шийдсэн нь өөрөө хууль бус шийдвэр гэж үзэж байна.
3.4.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах дүрмийн 10.3-т “ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллахыг хориглоно. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэсний үндсэн дээр ашиглалтын комисс авна. Энэ дүрмийн 7.7-д Комисс асуудлыг хэлэлцээд Барилгын тухай хуулийн 48.7-д заасан зөрчилтэй эсхүл захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлага хангагдаагүй гэж үзэн барилга байгууламжийг ашиглалтанд оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаана” гэж, мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана” гэсэн хуулийн дээрхи заалтуудыг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй байхад улсын комисс ажилласан гэж үзэж байгаа тул Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 115/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож бидний нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.“Г*******” ХХК-ийн захиалгаар Дорноговь аймгийн Сүлдэт багийн нутагт дэвсгэрт баригдсан үйлчилгээтэй 65 айлын орон сууцны үндсэн гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “Г*******” ХХК ажилласан, хэдийгээр уг барилгыг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 26/2016 дугаар актыг Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 19 дүгээр шийдвэрээр хүчингүй болгосон ч үүнээс хойшхи хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтын талаар, тухайлбал Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 935 дугаар тогтоолоор “Г*******” ХХК-д дээрх барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг, мөн комиссын бүрэлдэхүүнд орохыг тус тус даалгасан, мөн захиалагч, гүйцэтгэгч нарын хоорондын иргэний маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн, түүнчлэн захиалагч болох энэхүү хэргийн гуравдагч этгээд “Г*******” ХХК-ийн эрх зүйн байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх нөхцөл байдлыг шийдвэрт тус тус дурдсан нь зөв болжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан захиалагчаас барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах баримт бичиг дутуу, зарим нь байхгүй, мөн комиссын гишүүн, одоогийн нэхэмжлэгч компанийн захирлын өгсөн үүрэг даалгаврын биелэлт бүрэн бус, өөрөөр хэлбэл дээрх хуулийн 48.7-д заасны дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэл хэлбэрийн хувьд байх боловч тэрхүү шаардлагатай баримт бичгүүдийн өөрт хамааралтайг гүйцэтгэгч компанийн зүгээс гаргаж өгөх үүрэгтэй, гэвч 7 жилийн өмнөөс хойш орон сууцанд амьдарч байгаа 40 гаруй айл өрхийн тухайн барилгыг улсын комисс хүлээн аваагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, цаашлаад өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгааг, мөн барилгын ашиглалт, хамгаалалт, халаалт зэрэг ашиглалтын явцад үүссэн аливаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор, хамгийн гол нь барилгын суурийг тодорхой хэмжээнд доош ухаж, газар хөдлөлтийн чичирхийлэл болон бусад үндсэн хийц бүтээцүүдийн оношилгоо, зураглалыг туршсаны үндсэн дээр барилга ашиглалтын шаардлага хангаж байгаа болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, өөрөөр хэлбэл газар хөдлөлтийн 6 баллд тэсвэртэй болохыг “Б***” ХХК оношилж, энэ талаар 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тайлангийн дүгнэлтдээ тодорхой тусгасан байгааг шийдвэр гаргахдаа тус тус харгалзан үзсэнийг буруутгах үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр барилга ашиглалтад орж оршин суугчид амьдарснаас хойш олон жил өнгөрсөн, мөн барилгын үндсэн гүйцэтгэгчээс холбогдох баримтыг гаргаж өгөөгүйгүйтэй холбоотой шүүхийн маргаан эцэслэгдсэн, зарим шаардлагатай баримт бичгийг нөхөн гаргуулах боломжгүй нөхцөлд улсын комисс ажилласан талаар шийдвэрт хангалттай дэлгэрэнгүй дүгнэжээ.
Тухайлбал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 1913 дугаар магадлалаар ”Г***” ХХК "Г*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу "Г*******" ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутагт байрлах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах ажлыг гүйцэтгэхээр, “Г***” ХХК нь ажлын хөлсөнд 700.000.000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасан ажлын 95 хувийг гүйцэтгэсэн, мөн энэхүү гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг “Г*******” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2.Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд барилга байгууламж ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохицуулахдаа комиссын бүрэлдэхүүнд гүйцэтгэгч байгууллагыг заавал оролцуулахаар заагаагүй, харин Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтад комиссын бүрэлдэхүүнд гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл байхаар журамласан, үүнийг дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч буюу энэ тохиолдолд үйлчилгээтэй 65 айлын орон сууцыг эхнээс нь дуустал ашиглалтад оруулах хүртэл барилгын үйл ажиллагааны ерөнхий хяналт тавих, чиг үүрэг бүхий этгээдүүд гэж ойлгох бөгөөд үүнд “Г*******” ХХК-ийн нэгэн адил үндсэн болон туслан гүйцэтгэгч 5 компани хамаарна.
Иймд комиссын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч компанийн захирал орсныг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл гэж үзнэ.
3.Барилга байгууламжийг ашиглалтад авах тухай комиссын дүгнэлт нь тухайн барилга байгууламж батлагдсан зураг төсөл, норм дүрэм, стандартын дагуу баригдсан эсэх, бусдын буюу нийтийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалган зөвшөөрч буй акт бөгөөд хуульд заасан бичиг баримтын бүрдэл дутуу ч барилгын стандарт шаардлагыг хангасан болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон энэ тохиолдолд комиссын актыг хэлбэрийн хувьд шаардлага хангаагүй гэж үзэх нь хангалтгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс ирээдүйд бий болох аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, үндсэн болон тусган гүйцэтгэгч 5 компаниас тус тусын хийж гүйцэтгэсэн ил болон далд ажлын тайлан, холбогдох баримт бичгийг бүрэн авалгүйгээр комисс ажилласан гэх боловч нэгэнт үүссэн бодит нөхцөл байдалтай холбогдуулан барилгыг ийнхүү улсын комисс хүлээн авснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, өөрөөр хэлбэл хариуцагчаас тухайн барилгыг ашиглах боломжтой, стандартын шаардлага хангасан гэж үзсэн тул комиссын актын улмаас нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, хийж гүйцэтгэсэн ажлыг нь үгүйсгэх, цаашлаад барилгатай холбоотой аливаа хариуцлага хүлээх үр дагаварт хүргэхгүй, үндсэндээ маргаан бүхий актыг хүчингүй болгох тохиолдолд нэхэмжлэгчид хамгаалагдах буюу сэргэх эрх ашиг байхгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 115/ШШ2024/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН