Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Н.Отгонцэцэг,

шүүгдэгч Э.Тэргүүнбилэг, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогнууд овогт Эрдэнэбатын Тэргүүнбилэгт холбогдох эрүүгийн 201601000200 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нөбль ресторанд зөөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 05-р баг, 20 хороолол, 3 байр, 12 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Цогнууд овогт Эрдэнэбатын Тэргүүнбилэг, /РД:ТВ90040910/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Тэргүүнбилэг нь 2016 оны 08 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Сайханы хөтөл гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrhydrocannabino/-ын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан,

2016 оны 08 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 423 дугаар байрны 102 тоотод өөрийн биед Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrhydrocannabinol/-ын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй 4.4 грамм /гялгар уутны хамт/ бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Тэргүүнбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

               Шүүгдэгч Э.Тэргүүнбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл гэх газар бие засах гээд явж байхад жалганд хүмүүсийн хэлдэгээр өвс буюу зэрлэг олсны ургамалтай төстэй ургамал ургачихсан байхаар нь гар утсаа гаргаж ирээд сайтаас хайлт хийн өвсний зургийг нь үзэхэд адилхан байхаар нь бага зэргийг аваад цамцныхаа халаасанд хийчихсэн. Сайтаас хайлт хийж цамцны халаасанд байсан өвсөө нунтаглаж байгаад цаасанд ороож татсан. Анх татсан болоод ч тэрүү хоолой аймаар гашуун оргиж, хорсоод өөрийн эрхгүй ханиалгаж нүднээс нулимс гараад байсан. Мөн толгой эргээд нэг сонин болж байснаа хэсэг хугацааны дараа зүгээр болсон...” гэх мэдүүлэг. /хх 111-121 дүгээр хуудас/,

Гэрч Л.Ганчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл гэдэг газар руу би хүүхдүүдийнхээ хамт явсан. Би өөрөө Сэлэнгэ аймгийн хүн, тэгээд ээжийнхээ газар дээр очиж, мөргөөд буцахдаа Сайханы хөтөл орж, газар үзээд буцсан юм. Э.Тэргүүнбилэг найз бүсгүй Одсүрэнгийнхээ хамт бид нартай хамт явсан...” гэх мэдүүлэг. /хх 76-78 дугаар хуудас/,

Гэрч Б.Одсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймаг руу Э.Тэргүүнбилэгийн гэр бүлийнхэнтэй нь хамт явсан. Тэгээд буцахдаа Сайханы хөтөл гэдэг газар очиж, газар үзээд тэндээ нилээн байж байгаад оройдоо хот руу хөдөлсөн...” гэх мэдүүлэг. /хх 81-83 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹8337 дүгнэлтэд:

             1. Шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэбатын Тэргүүнбилэг” гэж хаягласан шээсний дээж хуванцар саванд 110 мл авч ирүүлсэн нь хэмжээний хувьд хүрэлцэхүйц байгаа тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ.

             2. Шинжилгээнд ирүүлсэн Эрдэнэбат овогтой Тэргүүнбилэгийн биеэс авсан гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламж илрэв.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг гэжээ /хх 89 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹8335 дүгнэлтэд:

1. 2. 3. 4. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн найрлаганд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrhydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг болно.

“2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн тугалган цааснаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй гэжээ /хх 92 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹973 дүгнэлтэд:

              1. Э.Тэргүүнбилэг нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт байхгүй байна.

              2. Одоо Э.Тэргүүнбилэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

              3. Э.Тэргүүнбилэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

              4. Э.Тэргүүнбилэг нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

               5. Э.Тэргүүнбилэг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

 6. Мансуурах донгүй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байна.

7. Мансуурах донтой эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай бол Монгол Улсад эмчлэгдэх боломжтой.

8. Э.Тэргүүнбилэг нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

9. Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал эсхүл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолт нь нэг утга тул тодруулан ялган тогтоох шаардлагагүй болно гэжээ /хх 103-104 дүгээр хуудас/,

Хүний биед үзлэг хийх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-12 дугаар хуудас/,

Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх 13-14 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх 69-75 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 128 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 131 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Тэргүүнбилэг 2016 оны 08 дугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Сайханы хөтөл гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrhydrocannabinol/-ын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, 2016 оны 08 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 423 дугаар байрны 102 тоотод өөрийн биед Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт “дельта-9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrhydrocannabinol/-ын агууламж бүхий “Өвс” гэх нэршилтэй 4.4 грамм /гялгар уутны хамт/ бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Тэргүүнбилэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хир хэмжээ,хор аюулын байдлыг харгалзан түүнд баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Э.Тэргүүнбилэгт ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зйүлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

           Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 грамм “Өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамал, 12х9 см харьцаатай тугалган цаас, “Чанартай асаагуур” гэсэн бичиглэлтэй хар өнгийн асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Тэргүүнбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.