Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 194

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Б даргалж, шүүгчид М, Ж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө , түүний өмгөөлөгчид С, Н, төрийг төлөөлж хяналтын прокурор Ф, иргэдийн төлөөлөгч М, орчуулагч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 50000000 /тавин сая/ төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 8500000 /найман сая таван зуун мянган/ төгрөг, олох байсан орлого 46800000 /дөчин зургаан сая найман зуун мянган/ төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 7000 төгрөг, бүгд 105307000 (нэг зуун таван сая гурван зуун долоон мянган) төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Миний бие тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би “Газрын-Од’’ ХХК-нд Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотын хооронд хүн тээврийн жолооч хийдэг. Авилгатай тэмцэх газрын мөрдөгч болон Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос намайг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 74-60БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, захиргааны журмаар шалгагдах хугацаандаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг нуун дарагдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх зорилгоор нийтийн албан тушаалтан Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Е-д хээл хахуульд 800000 төгрөг өгсөн гэж үзэж 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар сэжигтнээр тооцож, дараа нь яллагдагчаар татаж удаа дараагийн залхаан цээрлүүлсэн байцаалтын дараа эрүүгийн хэргийн шүүхийн шүүгдэгчийн ширээнд 2 удаа суулгаснаар сэтгэл санаа болон нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөөр хохирсон болно.

Намайг анх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын НХЖХТасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа А нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 252 дугаар зүйлийг сануулж гэрчээр мэдүүлэг авсан. Дараа нь тухайн цагдаагийн ажилтан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дахиад 2 дахь удаа мэдүүлэг авсан. Ингэхдээ би зам тээврийн осол гаргасан тухайгаа, зам тээврийн осолд өртөгдсөн хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болохыг, түүнчлэн осол гаргасны төлөө жолоо барих эрхээ 6 сараар хасуулсан болохоо үнэн зөвөөр мэдүүлсэн юм. Гэтэл Авилгатай Тэмцэх Газрын мөрдөн байцаагч, комиссар Г гэгч нь намайг Авилгатай Тэмцэх газарт албадан дуудаж ирүүлээд "оршин суугаа газраасаа явж болохгүй, дуудсан цагт хүрэлцэн ирэх ёстой” гэсэн баталгаа бичүүлж аваад улмаар надаас хэд хэдэн удаа байцаалт авсан. Ингэхдээ комиссар Г нь намайг онц аюултай гэмт хэрэгтэн мэтээр үзэж тодруулбал ялтан мэтээр үзэж зүй бусаар харьцаж сэтгэл санааны гүн хямралд оруулсан. Тухайн үед би болсон үйл явдлын талаар үнэнээр ярьж, гэм буруугүй болохоо хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг "чи худлаа ярьж хэнийг хуураад байгаа юм бэ? чиний тэр 2000000 төгрөгийг Е-д авилга болгож өгснийг чинь мэдэж байна, битгий худлаа мэлз! Худлаа жүжиглэх хэрэггүй шүү! Би чамд тийм хүүхэд шиг харагдаж байна уу? Хэзээ үнэнээ хэлнэ тэр хүртэл явна шүү! Сайн бодоорой!... гэх мэтээр загнаж зүй бусаар харьцаж, хилс хэрэгт холбогдуулж шалгасан. Уг нь миний бие зам тээврийн осол гаргасны улмаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа Б болон ХАБХтасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Е-ы 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр жолоо барих эрхээ 6 сараар хасуулсан бөгөөд мөрдөн байцаагчид үнэнээ хэлсэн.

Миний бие “Газрын-Од" ХХК-нд Баян-Өлгий аймаг Улаанбаатар хотын хооронд хүн тээврийн жолоочийн ажил хийдэг байсан ба Авилгатай Тэмцэх Газрын мөрдөн байцаагч, комиссар Г-ын “оршин суугаа газраасаа явж болохгүй, дуудсан цагт хүрэлцэх ирэх ёстой!” гэсэн таслан сэргийлэх арга хэмжээнээс болж ажлаа зохих ёсоор хийж чадаагүй. Ингэснээр миний бие эдийн засгийн хохирол амсаж маш ихээр хохирсон.

Миний холбогдон шалгагдсан эрүүгийн хэргийн тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу интернетээр нийтэд мэдээлэл цацагдсан байсан. Үүнээс болж тухайн үед ажилдаа төвлөрч чадахгүй, нойр хоолондоо муудаж, найз нөхдийн дунд нэр хүнд унах, нутгийн оршин суугчдаас итгэлгүй болж, харьцаанд сэв суух явдал бий болсон, одоо Өлгий сумын удирдлага, нутгийн уугуул оршин суугчдаас надад итгэх итгэлгүй болж сэжигтэй байдлаар хандаж надад үнэхээр хэцүү байсан. Одоо ч гэсэн мөн ялгаагүй найз нөхөд, хамаатан садны дунд нэр хүндгүй болчхоод хэцүү байна. Миний бие хэдийгээр шүүхээс цагаатгагдсан ч гэсэн зарим хүмүүс одоо болтол намайг гэмт хэрэгтэн мэтээр үзэж байгаа тул уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Миний бие тухайн үед мөрдөн байцаагч болон прокурорт хандаж гэм буруугүй болохоо удаа дараа тайлбарлан хэлж байсан боловч намайг худал ярьж байна гэж үзэж надад огт итгээгүй бөгөөд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр шүүх хүртэл авчирч шүүгдэгчийн сандалд суулгаж, намайг хүндэвтэр гэмт хэрэг хийсэн гэж үзэж 2 жил 10 хоногоор яллуулахаар ялын дүгнэлт гаргасан, шүүхээс улсын яллагчийн саналын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 31 тоот шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулсан юм. Гэвч өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг үндэслэж Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О-ын 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 5/02 дугаар тогтоолоор надад гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд мөрдөгч надаас дахиад хэд хэдэн удаа мэдүүлэг авсан юм. Шүүхээс хэрэг буцаж ирсний дараа буюу 2 гаруй сар эрүүгийн хэрэгт дахин шалгагдсаны дараа Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5/02 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Авилгатай Тэмцэх Газрын мөрдөн байцаагч, комиссар Г нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ‘‘мөрдөгчийн санал" гаргаснаар Улсын Ерөнхий Прокурорын газрын улсын ерөнхий прокурорын орлогч А-ын 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 1/52 дугаар тогтоолоор холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг сэргээсэн. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрений 2017 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн 5/10 дугаар тогтоолоор надад дахиад гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцаж ирсний дараа миний бие Авилгатай Тэмцэх Газар болон аймгийн Прокурорын газрын үүдийг сахисаар байгаад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө-ний 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 121 тоот прокурорын яллах дүгнэлтийн дагуу дахиад хэргийн хамт шүүхэд очсон. Сар гаруй хугацаа шүүхийн үүдийг сахисны дараа шударга шүүхийн шийдвэрээр цагаатгагдсан юм. Гэвч дээд шатны прокурорын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эсэргүүцэл бичигдсэнээр надад холбогдох эрүүгийн хэрэг давж заалдах шатны шүүхэд очсон ба 2 гаруй сарын дараа Баян-Өлгий аймгийн Эрүү. иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснээр энэ хэрэгт цэг тавигдсан юм. “Нэр хугарахаар яс хугар” гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг байдаг Нэгэнт хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдах ёсгүй гэж үзээд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тухайн үед 4 /дөрөв/ өмгөөлөгч хөлсөлж авч байсан. Ингэхдээ тэд нарын тус бүрд нь 2500000 төгрөг өгөхөөр болж тохиролцож өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ эдгээр өмгөөлөгчдөөс шүүхийн өмнөх шатанд оролцсон өмгөөлөгч Б-д 1000000 төгрөг өгсөн ба тус хэргийн эцэс хүртэл тууштай явж хууль зүйн туслалцаа үзүүлсэн бусад өмгөөлөгч нар болох З. С, Н нарын тус бүр 2500000 төгрөг нийт 7500000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд өгсөн. Тэд миний зөрчигдсөн эрх ашгийг минь төрийн эрх бүхий байгууллагын өмнө хамгаалахын тулд тууштай ажиллаж мөрдөн байцаалтын шат болон 2 шатны 4 шүүх хуралдаанд оролцож өмгөөлөл хийсний үр дүнд миний бие шүүхийн эцсийн шийдвэрээр цагаатгагдсан юм. Тийм учраас өмгөөлөгчид төлсөн хөлс болох 8500000 төгрөгийг хохиролд тооцож байна.

Эрх бүхий этгээдийн шийдвэрээр гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны учир миний бие Баян-Өлгий аймаг Улаанбаатар хотын хооронд хуваарийн дагуу явж чадаагүйгээс болж 46800000 төгрөгийн орлогоор хохирсон. Би энэхүү олох байсан орлогыг хохиролд тооцож байна. Анх шүүхэд бол нэр төр, алдар хүнд минь гутаагдсаныг сэргээж өгөх тухай  нэхэмжлэлдээ шаардлага гаргасан боловч уг шаардлагаа дараах байдлаар буюу гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөгөөр буюу мөнгөөр тодорхойлж байна. Үүнээс гадна нотлох баримт бүрдүүлэхэд гарсан архивын зардал болох 7000 төгрөгийг нийт 105307000 (8500000+46800000+50000000+7000) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгөхийг хүсье гэв.

Төрийг төлөөлж аймгийн  хяналтын прокурор Ф шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө  нь 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Е-д хахуул өгсөн тухай гомдлоор шалгагдаж, түүнийг сэжигтнээр татаж мэдүүлэг авсан. Тухайн үед ямар ч дарамтгүй орчуулагч оролцуулаад мэдүүлэг авсан. Мэдүүлэгтээ өөрөө сайн дураар Е-д хахууль өгсөн эхлээд 500000 төгрөг, дараа нь 300000 төгрөг бэлнээр өгсөн гэдгээ нотолж өгсөн. Тухайн хэргийг шалгахад прокурор, мөрдөгч, цагдаа нараас хууль бус үйл ажиллагаа явуулж хэргийг шалгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Бусдад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн үед хэрэг шалгах явцад хуулиар хийх ёстой бүх ажиллагааг  хийсэн. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө ээс анх шүүхэд Засгийн газрын нөөц санд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ 1). Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 8500000 төгрөг, 2). олох байсан орлого 46800000 төгрөг, 3).Нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөг, 4). нотлох баримт бүрдүүлэхэд гарсан  зардал 7000 төгрөг, бүгд 105307000 төгрөг гаргуулах, 5).Гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүндийг сэргээлгэхийг хүссэн тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 1). Гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөг, 2). Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 8500000 төгрөг, 3.Олох байсан орлого 46800000 төгрөг, 4). нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 7000 төгрөг, бүгд 105307000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүсжээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр, төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 50000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-Нэхэмжлэгч Ө ийг Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 31 дүгээр шийтгэх тогтоолын нэг дэх заалтаар Ө ийг албан тушаалтанд өөрөө хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 дахь заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, 8 дахь заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг журамлан шүүгдэгч Ө т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэтрүүлсэн байна.

Уг шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаснаар 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №14 дугаартай магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 31 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан байжээ.

Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн аймгийн Прокурорын газрын 5/01 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр “хэргийг хэрэгсэхгүй болгож” байсан ба түүний мөрдөгч нь эс зөвшөөрч санал гаргаснаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос 5/37 дугаартай “мөрдөгчийн саналыг хүлээн авахаас татгалзах тухай” тогтоол гаргасан боловч мөрдөгчөөс эс зөвшөөрч, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасныг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын Ерөнхий  прокурорын орлогч прокурорын “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” 1/52 дугаартай тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааг сэргээсэн байна.

Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж аймгийн прокурорын газраас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 121 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаартай Цагаатгах тогтоолоор Ө ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэснийг  дээд шатны прокурорын эсэргүүцлээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №05 дугаартай магадлалаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 148 дугаартай Цагаатгах тогтоолд 1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө  ... нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тус тус цагаатгаж, 201504000296 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдсэнээр энэхүү цагаатгах тогтоол нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаартай Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Уг эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэж Ө т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж улмаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж байсан ба шүүхийн зүгээс цагаатгах болон шийтгэх тогтоол гаргаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ө  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн ... нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан... сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах эрхтэй” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д “хууль зөрчсөн ажиллагаа”-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарах бөгөөд төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно.

Түүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй болно. 

Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорын хохиролд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан ба нэхэмжлэгч Ө  нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ө  нь гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр хүнд, сэтгэл санааны гэм хорын хохирлоо юуг үндэслэж 50000000 төгрөгөөр тооцсон нь нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Харин Ө ээс Авилгатай тэмцэх газарт 2016 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр уг хэргээ Өршөөлийн хуульд хамааруулж өгөхийг хүссэн тухай өргөдөл гаргасан байдал (нэхэмжлэгчээс би өргөдөл гаргаагүй гэж байх боловч түүнийгээ үгүйсгэж чадаагүй), түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, “Дербес” телевиз болон “Жана дауир” сонинд 262622 дугаартай жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн болон хүчингүй болсон тухай зарлуулсан байдлыг мөн энэхүү эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдах явцад цагдан хоригдож байгаагүй бөгөөд түүнийг авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаас 2016 оны 4 дүгээр сарын 02-ноос сэжигтнээр тооцож улмаар яллагдагчаар тооцож, гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээ авч, прокурорын газраас удаа дараа яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдал мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ө т холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгүй нийтлэл гарч байсан DORGIO.mn сайтад 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нийгмийн сэрэмжлүүлэг буланд: Замын цагдаад авилга өгвөл авсан нь ч, өгсөн нь ч аль аль нь ял авна гэсэн гарчигтай нийтлэл болон шүүхийн цагаатгах тогтоолын агуулга зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр хүнд, сэтгэл санааны хохиролд 10000000 төгрөг гаргуулан олгож, уг шаардлагаас 40000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2. Нэхэмжлэгч Ө ийн эрүүгийн хэрэгт шалгагдах үед хууль зүйн туслалцаа авсан өмгөөллийн хөлсөнд төлсөн 8500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

-Нэхэмжлэгч Ө  нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөгч З-тай №05 дугаартай, 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч С, Н нартай №35 дугаартай, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өмгөөлөгч Б-тэй №08 дугаартай тус тус Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж гэрээндээ хөлсний талаарх харилцан тохиролцсон байдал болон өмгөөлөгч нарт 8500000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон төлбөр төлсөн баримтаар мөн энэхүү нэхэмжлэлээ гарахдаа нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардалд 7000 төгрөг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэв.(хх-гийн 40-47 дугаар хуудсанд)

3. Нэхэмжлэгч Ө ээс гэмт хэргийн улмаас олж чадаагүй буюу олох байсан орлого 46800000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ө ээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Газрын-Од ХХК-ийн жолоочоор аймгаас хот хооронд тээвэрт явдаг бөгөөд энэхүү эрүүгийн хэргийн улмаас 2017 оны 01 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд цаг графикийн дагуу тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэж чадаагүйгээс олох байсан орлого 46800000 төгрөгийг тус компанийн захирал Э-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дугаартай албан бичгийг үндэслэж нэхэмжилж байна гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Ө ийг тус эрүүгийн хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр тооцож, 4 дүгээр сарын 09-ний өдөр Оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авахаас өмнө буюу 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ө  нь согтуугаар 74-60БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн үндэслэлээр 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 6 /зургаан сарын/ хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж ВСДЕ ангиллын 262622 дугаартай  жолооны үнэмлэхийг хүчингүй болгож, эрхийг хассан байна.

Тэрээр уг эрүүгийн хэрэгт шалгагдахаас өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сарын хугацаагаар хасуулсан байх ба түүнийг Авилгатай тэмцэх газраас 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр сэжигтнээр тооцохоос өмнөх буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Газрын-Од ХХК-ийн жолоочоор ажиллахдаа түүний нэрээр болон тус компанийн нэрээр Хувь хүний орлогын албан татвар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Е-ийн 44 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Нөгөөтээгүүр 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Газрын-Од ХХК-ний захирал “Хот хоорондын зорчигч, шуудан тээврийн үйлчилгээнд ажиллуулах ПАЗ-3205 маркийн 7887 БӨА дугаартай авто машины жолооч Ө ”-тэй гэрээ байгуулсан байх боловч гэрээгээ нэг жилийн хугацаатайгаар буюу 2016 оны 01 дүгээр сарын 10-ны хүртэлх хугацаагаар байгуулсан ба уг гэрээний хугацаа дууссан байх бөгөөд гэрээний хугацааг сунгасан эсэх талаарх бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй тул нэхэмжлэгч Ө  нь тус компанийн жолооч байна гэж дүгнэх боломжгүй болно.

Мөн тус компанийн захирал Э нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №54 дугаартай албан бичгээр Ө  нь 2017 оны 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл хугацаанд цаг графикийн дагуу үүрэг гүйцэтгэж чадаагүй гэж 2017.01.05-07.31-ны хүртэл 9 рейс х 90 хүн х 0.73 суудал х 80000 төгрөг= 46800000 төгрөг олох ёстой гэж тодорхойлж албан бичиг өгсөн боловч тухайн хугацаандаа нэхэмжлэгч Ө  нь ямар маркийн, ямар улсын дугаартай автобусаар аймаг хот хоорондоо тээвэрт гарсан эсэх, уг автобусны өмчлөгч буюу эзэмшигч нь Ө  эсэх, дээрх хугацаандаа нэхэмжлэгч Ө ийн эзэмшлийн автобус 9 рейс явах эсэх, 9 рейс явахдаа автобусны суудалд зорчигч бүрэн байх эсэхийг юуг үндэслэж гаргасан нь бичгийн нотлох баримтыг (жич нь: Ө ийн эзэмшлийн ямар маркийн улсын дугаартай машинд аймгийн болон авто тээврийн төвөөс зоригчийг бүртгэсэн эсэх) шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй бөгөөд мөн нэхэмжлэгчээс энэхүү эрүүгийн хэрэгт шалгагдахаас өмнө Хувь хүний орлогын албан татвар төлж байгаагүй тул түүнийг 2017 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 31-ний хүртэл аймаг хот хооронд тээвэрт явж 46800000 төгрөгийн орлого олох байсан гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүрэлдэхүүн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ

Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 10000000 /арван сая/ төгрөг өмгөөллийн хөлсөнд 8500000 төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 7000 төгрөг, бүгд 18507000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 86800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гэмт хэргийн улмаас гутаагдсан нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 10000000 (арван сая) төгрөг, өмгөөллийн хөлсөнд 8500000 (найман сая таван зуун мянган) төгрөг, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 7000 (долоон мянган) төгрөг, бүгд 18507000 (арван найм сая таван зуун долоон мянган) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 86800000 (наян зургаан сая найман зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б

                                         ШҮҮГЧИД                               М

                                                                                        Ж