| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2019/0107/И |
| Дугаар | 177 |
| Огноо | 2019-03-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 177
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С- /захирал Ж-/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын С-ийн 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсэг, мөн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бэргэн болох Х нь Б сумын 3 дугаар багт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2016 онд Ховд их сургуулийн Газар зүй, байгаль шинжээчийн багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б сумын бүрэн дунд сургуулийн Газар зүйн багшийн ажилд орж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны хүртэл тасралтгүй ажилласан.
Тухайн оны 10 дугаар сарын 08-ны өдөр жирэмсний амралт авч, жирэмсний амралтын хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусаж ажилд буцаж орохоор очиход тухайн үед сурагчдын амралтын хугацаа давхацсан учраас 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр очиход ажлаас чөлөөлсөн тухай амаар мэдэгдсэн байна. Тиймээс Х- нь Газар зүйн багш-ийн ажилд эгүүлэн тогтоож, жирэмсний амралтад байгаа хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөж төлүүлэх тухай хүсэлтээ ажил олгогчид бичгээр гаргасан.
Тухайн сургуулийн захирал нь 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Х-ыг ажлаас чөлөөлсөн тухай Б/12 тоот тушаал болон өргөдлийн хариуг хүргүүлэх тухай албан тоот өгсөн байна. Уг албан тоотод ямар ч ажилд авах боломжгүй гэдгээ дурдсан мөртлөө жирэмсний амралт авахаас өмнө 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/88 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар 120 хоногийн амралт олгосон тушаал гаргасан байдаг.
Гэтэл амралт дуусаад очиход таныг ажлаас чөлөөлсөн гэж тушаалыг өгсөн байна. Уг тушаалыг харахад орон тоо цомхтгож бүтцийн өөрчлөлт хийсэн ямар ч зүйл байхгүй. Анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээг тухайн өдөр байгуулсан. Сургалтын менежерээс 2016-2017 оны газар зүйн хичээлийн цагийг авахад 13 цаг байсан. Хөдөлмөрийн гэрээг бас хугацаагүй байгуулсан.
Учир нь хөдөлмөрийн хуульд зааснаар ажлын байнгын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж заасан. Ажлаас чөлөөлөх тушаалыг гаргахаас өмнө 1 сарын өмнө нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой. Гэтэл ямар ч мэдэгдэлгүй тушаал гаргасан.Х-ын ажиллаж байгаа орон тоонд Т гэгчийг ажиллуулж байгаа. 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 тоот, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44 тушаалуудыг огт мэдэхгүй, харж байгаагүй гэж байна.Тухайн үед Х-ыг ажилд томилж, чөлөөлсөн удаа байхгүй. Энэ тушаалуудыг хэн нэгний зөвлөснөөр нөхөж хийсэн юм байна. Хэрэв ийм тушаал, шийдвэр гарсан бол хөдөлмөрийн гэрээг тушаал, шийдвэр гарах бүрд байгуулах ёстой байсан.
Иймд Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 дугаартай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, мөн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Х-ыг тус сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж- шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б сумын ЕБС-ын захирал Ж- миний бие 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Х-ыг газар зүйн түр цагийн багшаар томилуулан ажиллуулсан ба 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгож оронд нь Б гэгч багшийг түр цагийн багшаар авч ажиллуулсан болно.
Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307-91-234 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэг ЕБС-ийн багшийг ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам” нийтлэг үндэслэлийн 2-р заалтад “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан сургалтын төлөвлөгөө, Засгийн газраас тогтоосон бага, дунд боловсролын норм, нормативыг үндэслэн тухайн хичээлийн жилд ажиллах багшийн орон тоог захирал, эрхлэгч тогтооно.” гэж заасан байна.
Иймд тухайн сургуулийн багш ажилчдыг тав тухтай тохилог орчинд ажиллуулж сургалтын чанарыг дээшлүүлэхийн төлөө багш нарын хичээлийн байрны зэрэг,нийгмийн байдлыг харгалзан үзэж ажиллаж байгаа болно.
Газар зүйн багш Х-ыг анх ажилд авахдаа 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б/15 дугаартай тушаалаар түр цагийн багшаар ажилд томилж байсан ба хөдөлмөрийн гэрээнд хугацаа тавих боломжгүй байгаа нь би Х-ыг журмын дагуу сурагчдын амралтын үед ажлаас чөлөөлж хичээл эхлэнгүүтээ ажилд томилж авдаг учраас хөдөлмөрийн гэрээнд хугацаа тусгах боломжгүй ба тушаалд нь түр цагийн багш гэж дурдаж өгсөн.
Х-ын хөдөлмөрийн гэрээний хугацаагүй гэсэн хэсгийн доогуур зурах ёстой байсан ба хөдөлмөрийн гэрээнд хугацаагүй гэсэн хэсгийг доогуур нь зураагүй үлдээсэн нь уг гэрээ байнгын гэрээ биш гэдгийг нотолж байгаа гэж үзэж байна.
Тухайн хичээлийн жилд орох цагийн нарийвчилсан тооцоог Боловсрол соёл шинжлэх ухааны спортын сайдаас баталдаг бөгөөд уг тооцоог БСШУССайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/453 дугаартай тушаалын 2, 3 дугаар хавсралтаас харж болно. Сургалтын менежер А- ийн тодорхойлолт бол газар зүйн хичээлд сургуулийн хэмжээнд нийт 10 цаг байдаг гэсэн ойлголтыг хүргэсэн байна, уг цагуудыг манайд газар зүйн хичээлийн үндсэн багш А.А-зааж байгаа.
Багш Х- нь К.Т-ий талаар гомдол гаргасан ба тухайн үед бид Б-д тушаал гаргаж, ажиллуулж байгаад үндсэн багш А.А-жирэмсний амралт авахад К.Т-ийг Б багшийн оронд томилж Б багшийг А.А-багшийн оронд тус тус түр томилж байсан юм. Багш К.Т нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр чөлөөлөгдсөн ба цаг хорогдсоноос болж урьд нь ажиллаж байсан Ж багшид эрүүл мэндийн цагийг өгч А.Ай-д Х- багшийн зааж байсан газар зүйн хичээлийн 5 цагийг тус тус олгож зохицуулалт хийсэн болно. Тус сургуульд одоогийн байдлаар Х- багшид олгох ямар нэгэн цаг байхгүй, тухайн үед ажилд орохдоо газар зүйн хичээлийн цаг нь манай сургуулийн хэмжээнд 13 цагтай байсан.
Дараа нь Х- багш маань жирэмсний амралт авч 2019 оноос эхэлж газар зүйн хичээлийн цаг маань хорогдож өнгөрсөн жил 12 дугаар ангиас 2 анги төгсөж байсан. 2019 онд ганцхан анги болсон учраас газар зүйн хичээлийн цаг нь багассан. Одоо манай сургуульд газар зүйн хичээлийн мөрдөгдөж байгаа цаг нь 10 болж багассан. Х- багшийн ажлаас гарсан шалтгаан урьд нь ажиллаж байсан багш нарын цаг нь хүрэхгүй байгаа учраас 10 цагийг газар зүйн үндсэн багшид өгсөн.
Үүнийг Х- багшийг сүүлд ажлаас чөлөөлсөн тушаалын тайлбар хэсэгтээ тайлбарласан. Газар зүйн хичээлийн цагт зохицуулалт хийхэд Х- багш жирэмсний амралт авахаас өмнө 5 цагийн хичээлийг зааж байсан. Одоо үндсэн багшаар ажиллаж байгаа багшийн цаг нь хорогдож хичээлийн цагт зохицуулалт хийхэд Ж багшийн цагийг нөхөж ирэхэд Х- багшийн зааж байсан 5 цаг хорогдсон Х- багшид гаргаж өгөх цаг байхгүй байсан учраас ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн гэрээнд хугацаа тавиагүй учир нь түр ажилтан байдаг. Түр ажилтан нарыг сурагчдын амралтаар ээлжийн амралтаар амруулахдаа цалин тооцож гаргадаггүй учраас түр ажилтнуудыг сурагчдын амралтын хугацаанд чөлөөлдөг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х-аас хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж-эд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсэг, мөн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
1). Нэхэмжлэгч Х-ын Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсэг, мөн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ажил олгогч буюу хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Б-32 дугаартай тушаалаар түр болон цагаар ажиллаж байсан гэх нэр бүхий багш нарыг ажлаас чөлөөлсөн ба түүний дотор газар зүйн багш Х-ыг мөн ажлаас нь чөлөөлсөн мөн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44 дугаартай тушаалаар мөн өдрөөс Х-ыг газар зүйн багшаар түр томилсон үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь, ажил олгогчоос нэхэмжлэгч Х-ыг анх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Б-15 дугаартай тушаалаар Газар зүйн багшаар түр томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж эхлэх хугацааг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэж бичээд дуусах хугацааг бичээгүй байжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж” болох талаар хуульд хуульчилж өгсөн ба ажил олгогч Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь ажилтан Х-ыг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр газар зүйн багшийн ажилд түр томилж мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаа заагаагүй ба дараа нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Х-т 2017 оны 9 дүгээр сар хүртэл багшлах эрхийн шалгалтаас тэнцэхгүй, багшлах эрхгүй бол хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас шууд халахаар хөдөлмөрийн гэрээний хавсралт үйлдэж талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдлаас дүгнэхэд ажил олгогч болон ажилтан хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байгуулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар.”, мөн хуульд цагаар ажиллах талаар хөдөлмөрийн гэрээ байгуулж харилцан тохиролцож ажиллуулж болох мөн хөдөлмөрийн гэрээний хугацааг ямар учраас хугацаатай байгуулснаа хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан байх ёстой тул хариуцагчийн нэхэмжлэгч Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай байсан гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Ажил олгогчоос ажилтан Х-тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж дараа нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл багшлах эрхийн шалгалтаас тэнцэхгүй, багшлах эрхгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас шууд халах талаар хөдөлмөрийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцсон мөртлөө 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 дугаартай тушаалаар түүнийг газар зүйн багшийн ажлаас нь чөлөөлж мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр газар зүйн багшийн ажилд томилсон үйлдэл нь үндэслэлгүй болсон байна.
Ажилтан Х- ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хавсралтад заасан шаардлагыг хангаж 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын А/62 дугаартай тушаалаар багшлах эрхийг нэг жилийн хугацаагаар авсан байх бөгөөд уг багшлах эрхийн хугацаа нь багшаар ажиллах 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар багшлах үнэмлэхэд хүчинтэй хугацааг бичсэн ба нэхэмжлэгч Х-аас ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Х-аас ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 дугаартай тушаалаар түр болон цагаар ажиллаж байсан гэх нэр бүхий багш нарыг ажлаас нь чөлөөлсөн ба түүний дотор намайг газар зүйн багшийн ажлаас нь чөлөөлсөн мөн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44 дугаартай тушаалаар мөн өдрөөс намайг газар зүйн багшаар түр томилсон тушаал гаргасныг хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартай танилцах үед мэдсэн гэсэн тайлбар нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч Х-тай 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл багшлах эрхийн шалгалтаас тэнцэхгүй, багшлах эрхгүй бол хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас шууд халах талаар хөдөлмөрийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож талууд гарын үсэг зурснаар нэхэмжлэгчээс уг шаардлагыг хангаж багшлах эрхийн үнэмлэх авсан байх ба ажил олгогчоос 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр газар зүйн багшийн ажлаас чөлөөлсөн Б-32 дугаар мөн 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44 дугаартай тушаалуудыг нэхэмжлэгчид мэдэгдсэн буюу гардуулснаа бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор ... гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч шүүхэд хариуцагчийн дээрх тушаалын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гомдлоо хуулийн хугацаандаа гаргасан байна гэж үзлээ.
Хариуцагчаас нэхэмжлэгч Х- нь газар зүйн цагийн багш байсан тул сурагчдын амралтаар ээлжийн амралтаар амруулахдаа цалин тооцож гаргадаггүй учраас цагийн ажилтнуудыг сурагчдын амралтын хугацаанд чөлөөлж, хичээл эхлэх 9 дүгээр сарын 01-нд цагийн багшаар томилдог гэж тайлбарладаг боловч түүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй тул дүгнэлт хийх боломжгүй болно.
2). 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ажил олгогчоос ажилтан Х-ыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын б/12 дугаартай тушаалаар: түр цагийн багш байсан Х-ын зааж байсан 5 цагийг мэргэжлийн багш А-д шилжүүлж, эрүүл мэндийн хичээлийн 5 цагийг үндсэн багш Ж багшид шилжүүлж Х- багшийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/453 дугаар тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Хариуцагч буюу ажил олгогчоос 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Х-ыг газар зүйн багшаар томилж, багш Х-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний 2-рт ажил албан тушаалын нэр газар зүйн багш, 14-рт ажлын цагийн горим а)-д “7 хоногийн ажлын цаг 40 цаг, 13 цаг хичээл заах”, 5.1-д хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл “ажлын байрны буюу албан тушаалын нэр, гүйцэтгэх ажлын үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл” өөрчлөгдөх тохиолдолд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэж тодорхойлж, нэрлэн зааж талууд харилцан тохиролцсон ба гэрээний дээрх заалтад өөрчлөлт оруулах талаар ажил олгогч болон ажилтнаас ямар нэгэн санал гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэх заалтыг ажил олгогч зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлж хариуцагчаас Х-ын зааж байсан газар зүйн багшийн цаг хорогдсон талаарх болон урьд өмнө нь газар зүйн хичээлийг хэдэн багш хэдэн цагаар зааж байсан эсэх, одоо хэдэн багш хэдэн цагаар зааж, хэдэн цаг нь хорогдсон эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.
Ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” А/453 дугаартай тушаалыг баримталсан боловч уг тушаалын нэг дэх заалтаар “Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын төлөвлөгөөг нэгдүгээр, дунд ангийн сургалтын төлөвлөгөөг хоёрдугаар, ахлах ангийн сургалтын төлөвлөгөөг гуравдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсан ба 2-р хавсралтын 9-рт Газар зүй 7-р ангид 35 цаг, 8-р ангид 35 цаг, 9-р ангид 35 цаг, нийт 105 цаг, 3-р хавсралтын 14-рт Газар зүй 10-р ангид 70 цаг, 11-р ангид 70 цаг, нийт 140 цаг, сонгон судлах хичээл дээр газар зүйн хичээл мөн орж 10, 11, 12 дугаар ангид хичээл заахаар шинэчлэн баталсан болохоос уг сайдын тушаалаар Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн Газар зүйн хичээлийн цаг нь хорогдсоныг нотлохгүй болно.
Ажил олгогчоос ажилтан Х-ыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1.-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэхээ бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй мөн нэхэмжлэгч Х- одоо 4 сартай хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан №8313000086 дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал,
мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д нийт 8 үндэслэлээр ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай заасан ба түүний 35.1.4-т “жирэмсний болон амарсны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” нөхцөлд уг ажилтны албан тушаал нь хэвээр хадгалахыг хуульчилж өгсөн ба нэхэмжлэгч Х- нь жирэмсний амралтын 120 хоногийн амралтыг авсан болох нь жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас, ажил олгогчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаар албан бичгээр нотлогдож байгаа тул хариуцагчаас Хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 дугаартай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг мөн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Х-ыг тус сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч байгууллагын санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Б-32 дугаартай тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг мөн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б-44, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/12 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч Х-ыг тус сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж