Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ц.Ө,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э холбогдох,

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын    2021 оны 02 сарын 21-ний өдрийн 1448605 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч зөрчилд холбогдогч Ц.Ө /Улаанбаатар хотоос цахимаар/,түүний өмгөөлөгч Б.Батбаяр /Улаанбаатар хотоос цахимаар/, хариуцагч хяналтын улсын байцаагч Ч.Э,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ц.Ө шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” № 1448605 дугаар шийтгэлийн хуудсаар *аргасан 30,000,000 (гучин сая) төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгож өгөхийг хүсэж энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна.

Уг шийтгэлийн хуудсан дээрээ Ч.Э байцаагч бичихдээ "..шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 2021 оны 02 сарын 23-ны өдрийн дотор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай..." гэсний дагуу 2021 оны 02 сарын 19-ний өдөр Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Гэтэл Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 23-ны өдрийн 2021/ШЗЗ/100 дугаар захирамжаар энэхүү гомдлыг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлүүдэд нийцүүлэн “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдлоо гаргана..." гэжээ.

Ийнхүү гаргасан шүүгчийн захирамжийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар, гэрийн хаягаар хүлээж аваад энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Би хуулийн мэргэжилтэн биш л дээ. Гэхдээ анх удаа Ч.Э байцаагчаас сонсонгуутаа л түүнд энэ талаар хэлсэн билээ. Тиймээс нэр дэвшигч би Увс аймагт нэрээ л дэвшүүлсэн болохоос энэ "Зөрчил"-тэй болон надтай холбоотой бүх субъект, объектууд нь Улаанбаатарт байгаа юм.

1.Нэр дэвшигч би өөрөө Улаанбаатар хотод оршин суугч Сонгуулийн хандивын дансыг Улаанбаатар хот дахь ХААН банкны салбарт нээлгэсэн,

2.Намайг сонгуульд нэр дэвшиж болох эсэхийг хянасан Үндэсний аудитын газар нь Улаанбаатар хотод,

3.Миний хөрөнгө орлогыг хянаж Зөвшөөрөл өгсөн Авлигатай тэмцэх газар нь Улаанбаатар хотод,

4.Намайг УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт нэрээ дэвшүүлэх эрхийг олгосон Сонгуулийн ерөнхий хороо нь Улаанбаатар хотод байгаа гэх мэтээр энэхүү "зөрчлийн хэргийн харьяалал Увс аймагт бус, Улаанбаатар хотод л байгаа юм гэдгийг Ч.Э байцаагчид утсаар хоёр удаа тайлбарлаж ойлгуулахыг оролдсон боловч тэрээр ойлгохыг огт хүсэхгүй байсан. Энэ бухнээс харахаар энэ "зөрчлийн хэрэг" нь Улаанбаатар хотод л үүсгэгдэж, хянагдахаар байна......

Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 57.3 дугаар зүйлд “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж байсныг би болон манай менежерээр ажилласан хүн уншиж -анилцаагүй, зөвхөн сонссон мэдээллээрээ Сонгууль дууссанаас хойш 30 хоногийн дотор тайлангаа хүргүүлнэ гэсний дагуу "..хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан" гэдгийг орхигдуулан хүргүүлсэн нь тодорхой хэмжээний алдаа болсон байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гэхдээ энэ хуулийн нэгэн зүйлийн зарим хэсгийг нь санамсаргүйгээр биелүүлээгүй алдаа дутагдал гаргаснаараа би Монгол улсад болон ямар нэгэн хуулийн этгээд, субъектэд, хэн нэгэн хувь хүнд огтхон ч хор хохирол учруулаагүй болно.

Миний бие УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тус аймгийн 15 дугаар тойрогт "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвсэл”- ээс нэр дэвшиж оролцсон. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн дагуу санхүүгийн явцын тайланг сонгуулийн явцад мөн сонгууль дууссаны дараа сарын дотор санхүүгийн эцсийн тайлангаа явуулах ёстой хуулийн заалттай байсан юм байна. Үүнийг мэдээгүй боловч зардлын тайланг эцсийн байдлаар явуулна гэдгийг мэдэж байсан учир Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлсэн миний итгэмжлэгдсэн туслахаар ажиллаж байсан Л.Байгальмаа нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 04 минутад аудитор [email protected] хаягаар явуулсан байсан.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эрхбаяр анх над руу залгаад хэрэг үүсэж байгааг тайлбарлахад би “хуулийн хугацаандаа санхүүгийн эцсийн тайлан явуулсан байгаа мөн Сонгуулийн явцтай холбоотой асуудал нь Увс аймагт биш Улаанбаатар хотод харьяалагддаг субъектүүд байгаа тул энэ хэрэгт Увс аймагт шийдэгдэхгүй гэдгийг хэлж байсан боловч хүлээн аваагүй байдаг. Би өчигдөр хэргийн материалтай цахимаар танилцсан ба аудитор Нямцэцэг тайлбартаа: Ц.Ө өөрийнхөө [email protected] хаягаас ирүүлээгүй ба Б.Байгалаа гэх хаягаас материал ирүүлэхдээ шаардлага хангаагүй байх тул Зөрчлийн хуулиар торгох нь зүйтэй гэсэн тайлбар гаргасан байна. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эрхбаярт хандаж: Аудиторын газар болон Сангийн яам хоорондоо харилцаад Увс аймгаас сонгогдсон Хүрэлбаатарын удирдах Сангийн яамны нарийн бичгийн дарга чамд үүрэг өгөөд чи түүнийг гүйцэлдүүлж болохгүй гэдгийг хэлж байсан. Хуулийн хугацаанд санхүүгийн эцсийн тайлангаа явуулсан ба уг хэргийг шалгах эрх бүхий субъектүүд Улаанбаатар хотод байгаа тул Увс аймагт шалгах материал биш гэдгийг удаа дараа тайлбарлаж байсан. Сонгуулийн явцын тайланг орон нутагт үйл ажиллагаа явуулж байсан нэр дэвшигчид шууд гаргаад өгөх боломжгүй гэж үзэж байна. Монгол улсын Засгийн газар цомхотгол хийж би 2 жилийн өмнө ажлаасаа халагдсан. Ажилгүй байгаа хүн 30.000.000 төгрөгийн торгууль төлөх боломжгүй байгаа.

Ц.Ө намайг энэ хэргээр хорлож хохироох зорилгоор Ч.Э болон түүний ард байгаа эрх бүхий этгээдүүд гэж харж байна. Хэн хэдэн төгрөгийн хандив явуулсан байна тэр болгоныг тэр дор нь 380.000 төгрөгийг буцааж шилжүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоно. Манай туслах Л.Байгальмаа нь 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 04 минутад аудитор [email protected] хаягаар явуулсан эсэхийг шалгасан эсэх эсвэл Нямцэцэг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрвээ аудитор Нямцэцэг уг тайланг аваад шаардлага хангаагүй бол тайланг засуулах үүрэгтэй байсан. Аудитор хүн хүнийг торгох шийтгэхдээ биш засаж залруулах үүрэгтэй байдаг. Гэхдээ хэргийг аудитын газраас маш сайн хянасан гэж үзэж байгаа. Гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хувьд 4 үндэслэлээр гомдлын шаардлагыг дэмжиж байна.

1.Шийтгэлийн хуудас гэдэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 6.10.2 дахь хэсэгт заасан шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан байдаг. Гэтэл уг хуулийн зүйл заалтад заасан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байх тул бүргүүлээгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх хэрэг бүртгэлтийг дуусгаж дараах шийтгэлийн аль нэгийг заана гэсний 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байдаг. Шийтгэл оногдуулж байгаа тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргасан даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэдэг заалтыг зөрчиж процесс алдаа гаргасан гэж үзэж байна. Хэрвээ бүртгүүлсэн бол сайн байх боловч би хэргийн материалтай цахимаар танилцахдаа энэ тухай баримтыг олж хараагүй. Зөрчил шалган шийдвэр ажиллагаанд шийтгэл оногдуулсан тэмдэглэл дээр нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн тэмдэг дарагдсан байдаг юм.

2. Шийтгэл оногдуулж байгаа шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй ба утга агуулгын алдаатай байсан. Мөн эрүүгийн хэргийн шүүхэд хандах ёстой гэдэг үндэслэлгүй зүйл бичигдсэн байсан. Утга агуулгын илэрхий алдаатай зүйлээс болж хүний хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсэх боломжтой юм. Эрх нь зөрчигдөж байгаа этгээд өөр шүүхэд хандаад эрхээ сэргээлгэж чадахгүй нөхцөл байдал үүсвэл зөрчлийн шийтгэл оногдуулсан этгээд хариуцах ёстой байдаг тул алдаа гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж заасан байдаг. Харьяаллын асуудал ойлгомжгүй байвал прокурор тогтооно гэж заасан байгаа. Гэтэл Монгол улсын Их хурлын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсгийг зөрчсөн мөн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байгаа энэ зөрчил нь Төрийн аудитын дээд байгууллагатай холбоотой зохицуулалт юм. Төрийн аудитын байгууллагад Ц.Ө тайлангаа гаргаж өгөх нь зөрчил гэж үзэж байгаа бол үйлдэгдсэн байхаар харагдаж байна. Төрийн аудитын газарт гаргаж өгөх тайлангаа гаргаж өгөөгүй нь Увс аймагт зөрчил үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эрхбаяр нь Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харьяаллын асуудал зөрчиж шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Төрийн аудитын байгууллагад зардлын тайлангаа 98180022 дугаартай аудитор Нямцэцэг гэх [email protected] хаягаар явуулсан байдаг. Гэтэл Нямцэцэг тайлбартаа: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тус аймгийн 15 дугаар тойрогт "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвсэл”- ээс нэр дэвшсэн Ц.Ө нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлангаа аудитор Ж.Нямцэцэг миний албаны [email protected] хаягаар 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 04 минутад [email protected] хаягаас ирүүлсэн тайлан нь Монгол улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 58.4 дэх хэсэг мөн хуулийн 57.3 дахь хэсэгт заасан хуульд нийцэхгүй байх тул хуулийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэсэн нотлох баримт хэрэгт авагдсан байна. Өмгөөлөгчийн хувьд энэ нотлох баримтад 2 дүгнэлт хийж байна. Ц.Ө тайлбартаа: Миний туслах ажилтан Байгаль санхүүгийн тайлан авуулсан гэдэг нь тогтоогдож байна. Мөн төрийн аудитын ажилтан нь уг тайлангийн хүчин төгөлдөр бусыг шууд тогтоосон байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан гэсэн заалт нь тайлан ирүүлэх ирүүлэхгүйтэй холбоотой асуудал болохоос биш алдаатай буруу тайлан ирүүлсэнтэй холбоотой асуудал биш юм. Алдаатай буруу тайлан ирүүлсэн гэж үзэж эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай цаг үед харьяалал зөрчиж Увс аймагт 30.000.000 төгрөгийн торгууль ногдуулж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчсөн үйлдэл юм. Иймд гомдлыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч хяналтын улсын байцаагч Ч.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тус аймгийн 15 дугаар тойрогт "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвсэл”- ээс нэр дэвшсэн Ц.Ө нь Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр гомдол мэдээлэл ирсэн. Уг гомдол мэдээллийн утга нь Ц.Ө сонгуульд нэр дэвшсэнээр сонгуулийн зардлын дансны зарцуулалтын явцын болон эцсийн тайланг хуульд заасан хугацаанд хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх утгатай гомдол мэдээлэл ирсэн. Уг гомдол мэдээллийг судалж үзээд аймгийн Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчлийн хэрэг нээсэн байдаг. Зөрчлийн хэрэг нээх үед Ц.Өын хувийн мэдээлэл байхгүй учир аймгийн хяналтын прокуророос зөвшөөрөл авсны үндсэн дээр Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Ц.Өын хувийн холбогдох мэдээллийг авч Ц.Өтой холбогдож танд зөрчлийн хэрэг нээж байгааг танилцуулж зөрчлийн шийтгэлийн хуудсаар 30.000.000 төгрөгийн торгууль ногдуулж байгааг тайлбарлаж, та гомдол мэдээллийг Үндэсний аудиторын газар болон Сангийн яаманд гаргах боломжтой гэдэг зөвлөмж өгсөн. Би 4-5 удаа Ц.Өдоо утсаар болон мэйлээр харилцаж байсан ба харьяаллын асуудлын талаар яриагүй. Харин улс төрийн зорилгоор надад зориуд шийтгэлийн ногдуулж байгаа гэсэн агуулгатай зүйл ярьж байсан. Би хэн нэгэн албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу хэн нэгний өс хонзонг гүйцэлдүүлэхээр ийм ажил хийгээгүй, төрд 25 жил ажилласан хүний хувьд Ц.Ө танд хүчээр шийтгэл ногдуулах гэсэн зүйл байхгүй гэдгээ хэлж асуулга тавьж мэдүүлэг авна гэдгийг тайлбарлан хэлж нотлох баримтыг мэйл хаягаар тэр дор нь ирүүлж байсан. Ц.Өын хувьд: Явцын тайланг сайн мэдэхгүй байна. Юутай ч сонгууль оролцсон учир хуулийнх хүрээнд санхүүгийн явцын тайлангаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн туслах Байгальмаагаар аудитор Ж.Нямцэцэгийн мэйл хаяг руу явуулсан гэх агуутай тайлбар хэлсэн.

Тухайн үед би энэ мэдээллийг аваад Үндэсний аудиторын газрын Ж.Нямцэцэгийн дугаарыг албан шугамаар олж аваад тодруулж асуухад: УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд тус аймгийн 15 дугаар тойрогт "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ эвсэл”- ээс нэр дэвшсэн Ц.Ө нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлангаа аудитор Ж.Нямцэцэг миний албаны [email protected] хаягаар 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 04 минутад [email protected] хаягаас ирүүлсэн тайлан нь Монгол улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 58.4 дэх хэсэг мөн хуулийн 57.3 дахь хэсэгт заасан хуульд нийцэхгүй байх тул хуулийн хувьд хүчин төгөлдөр бус гэж үзсэн байдаг.

Аймгийн хэмжээнд Ерөнхий аудиторын газарт гомдол мэдээлэл ирсэн учир нотлох баримт цуглуулахын тулд буцаад Үндэсний аудиторын газар болон Сонгуулийн ерөнхий газарт хандсан нь үнэн ба уг байгууллагуудаас Ц.Өыг сонгуульд нэр дэвсэн эсэхийг батлах нотлох баримтыг шаардсан. Монгол улсын Үндэсний аудитын газрын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр Ц.Ө сонгуульд нэр дэвшсэнээр сонгуулийн зардлын дансны зарцуулалтын явцын болон эцсийн тайланг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй гэх албан бичиг явуулсан. Монгол улсын Ерөнхий аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар Үндэсний аудиторын газрын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор Тэнгисийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичгээр нотлох баримтыг ирүүлсэн. Энэ газар нь Сонгуулийн тухай хуульд заасан заалтыг хэрэгжүүлээгүй гэдгийг шалган тогтоож албан бичиг ирүүлсэн. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч эрх бүхий албан тушаалтан Монгол улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 58 дугар зүйлийн 58.4 дэх хэсэг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлээр шийтгэл ногдуулна гэж заасныг үндэслэн шийтгэл ногдуулсан.

Шийтгэлийн хуудас дээр Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргах дурдсан байсан нь үндэслэлгүй гэдэг тайлбарыг гомдол гаргагч та тайлбарласан. Би хуульч хүн биш учир хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгаа тул 10.000.000 төгрөгөөс дээш хэмжээний торгуулийн шийтгэлд онц их хэмжээний торгууль гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулахдаа эрүүгийн хэрэгт хамаарах байх гэж үзээд гомдлоо эрүүгийн хэргийн шүүхэд гаргахаар дурдсан байгаа. Шийтгэлийн хуудас ногдуулахдаа хяналтын прокуророос асууж зөвлөмж чиглэл авч шийтгэл ногдуулсан байгаа. Ц.Өыг санхүүгийн явцын болон эцсийн тайлан өгсөн эсэх асуудлыг би судлаагүй мөн би тайланг хүлээн аваагүй. Хуульд зааснаар Үндэсний аудитын газар тайлангаа өгөөгүй учир тэнд зөрчил бүртгэгдсэн учир нягтлан бодох бүртгэлийн байцаагчийн хувьд шийтгэлийг ногдуулсан.

Харьяалал зөрчсөн гэдэгт тайлбар өгье: Уг албан бичиг 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр надад ирсэн. Энэ хооронд би өөрийн эрх хэмжээнийхээ хүрээд Сангийн яам болон Үндэсний аудиторын газарт холбогдож энэ хэргийг харьяаллын хувьд Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн газар шалгах ёстой учир би хэргийг буцаах гэсэн боловч Сангийн яамны зүгээс эрх бүхий албан тушаалтныхаа чиг үүргийн дагуу хэргийг шалгах үүрэг даалгавар өгч хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн гэж албан бичиг ирсэн. Ц.Ө сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн учир Увс аймагт энэ хэрэг шалгагдах ёстой юм байна гэдэг ойлголтыг авч Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Наранцогтын гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн гэх албан бичгийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар Ц.Ө нь сонгуулийн зардлын дансны зарцуулалтын явцын болон эцсийн тайланг хуульд заасан хугацаанд хүргүүлээгүй гэх гомдол мэдээллийн хүрээнд Үндэсний аудиторын газрын зөвлөмжийн дагуу шийтгэлийн хуудас ногдуулсан учир гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Ц.Ө Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн хяналтын улсын байцаагч Ч.Эын  2021 оны 02 сарын 17-ны өдрийн 1448605 дугаартай шийтгэлийн хуудсыг  хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 1448605 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Зөрчлийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан, сонгуулийн зардлын тайлангаа Үндэсний аудитын газарт явуулсан байхад хуулийг бурууг хэрэглэсэн, шийтгэлийн хуудсанд гомдол гаргах шүүхийг буруу дурдсан” гэх үндэслэлээр маргажээ.

Хариуцагч улсын байцаагчаас “Ц.Өлзийтогтх нь хуульд заасан хугацаанд Үндэсний аудитын газар тайлангаа өгөөгүй, түүний нэр дэвшсэн 15-р тойрог Увс аймаг тул харьяалал зөрчөөгүй, цар тахалтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448605 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Өыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25,2 7 дугаар зүйлд заасан “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын  2020.10.02-ны өдрийн 2880 дугаартай албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020.12.25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичгээр тогтоогдсон гэж үзэн нийт 30.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Монгол Улсын Ерөнхий Аудитор 2020.10.02-ны өдөр Сангийн яаманд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй 114 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансны эцсийн тайлан ирүүлээгүй 137 нэр дэвшигч байгаа тул Зөрчлийн тухай хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэх тухай” 2880 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, нягтлан бодох бүртгэлийн Улсын Ерөнхий байцаагч С.Наранцогтоос Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн даргад “нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах, улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнууд харьяа аймаг, нийслэл, дүүргийнхээ хавсралтад заасан холбогдох нам, эвсэл, нэр дэвшигч нарт Зөрчлийн тухай хуульд заасан  арга хэмжээ авах тухай” 2020.10.22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичгийг, хавсралтын хамт хүргүүлсэн байх ба уг албан бичгийн хавсралтын 77-рт “15-р тойрогт “Зөв хүн электорат “эвслээс нэр дэвшигч Ц.Ө гэсэн нэр бичигджээ.

Үндэсний аудитын газрын 2020.12.25-ны өдрийн 01/3435 дугаар албан бичгээр “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Ц.Ө нь сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайлангаа ирүүлээгүй болохыг мэдэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж,

Төрийн аудитын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Төрийн аудитын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газраас бүрдэнэ” гэж,

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, мөн зүйлийн 27-д “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж  тус тус заажээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллааг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг  эрх бүхий албан тушаалтанд хуулиар харьяалуулсан байхаас гадна нутаг дэвсгэрийн харьяаллыг анхаарч мөрдөхөөр байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг хийсэн ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно” гэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж заасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсгүүдэд заасан зөрчлийн хувьд үйл баримт нь  нэр дэвшигч сонгуулийн зардлын зарцуулалтын явцын болон зардлын тайланг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд сонгуулийн зардлын тайлан хүргүүлээгүй эс үйлдлийн үр дагавар Үндэсний Аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн байна.

Үндэсний Аудитын газар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт оршдог тул Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан нь хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосон журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх байжээ.

Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 1448605 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсанд шийдвэрийг эс зөвшөөрвөл Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажлын 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж буруу бичсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд энэ хүрээнд зөрчилд холбогдогч Ц.Өын шүүхэд гаргасан гомдлыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхээс Улсын байцаагчийн 2021 оны 02 сарын 17-ны өдрийн 1448605 дугаартай шийтгэлийн хуудсыг  “харьяалал зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Ц.Өыг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул Ц.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан Ц.Ө-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 25, 27, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч Ц.Ө-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын үйлдсэн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1448605 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Ц.Ө-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан Ц.Өод олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ