Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2024/0638

 

 

                                                                          

        Д.Т*******ы нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.Т*******

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нас барсан эцэг Б.Д*******ы оршуулгын тэтгэмж олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмжийн 1.000.000 төгрөгийг олгохыг тус байгууллагад даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0040 дугаар шийдвэр.

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 110/2024/0041/3

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Д.Т*******аас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Нас барсан эцэг Б.Д*******ы оршуулгын тэтгэмж олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмжийн 1.000.000 төгрөгийг олгохыг тус байгууллагад даалгах”-аар маргасан.

2.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0040 дугаар шийдвэрээр:

“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Т*******ы гаргасан “Нас барсан эцэг Б.Д*******ы оршуулгын тэтгэмжийг олгохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, Б.Д*******ы оршуулгын тэтгэмж болох 1.000.000 төгрөгийг олгохыг тус байгууллагад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С******* анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

3.1.“ ...Нэхэмжлэгч Д.Т*******ы эцэг Б.Д******* нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 дугаар багт амьдарч байгаад 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өвчний учир нас барсан. Талийгаачийн ар гэрийнхэн нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгч Р*******гаас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Д*******ы нас барсны гэрчилгээ авсан, одоогийн байдлаар нийгмийн даатгалын сангаас талийгаач Б.Д*******д оршуулгын тэтгэмж 1.000.000 төгрөг олгогдоогүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон гэж үзэж байна.

3.2.Талийгаач Б.Д*******ы ар гэрийнхэн нь түүний нас барсны гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагаас авсан нь талийгаачийн оршуулгын тэтгэмж авах зорилго агуулж байсан гэж үзэхээр байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан С.Б*******т нь ажлын хариуцлага алдаж, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд түүний оронд буюу Дэлүүн сумын Нийгмийн даатгалын байцаагчаар Б.Т******* нь 2020 оны 6 дугаар сард томилогдсон нь тэдний шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Ингээд Дэлүүн сумын Нийгмийн даатгалын байцаагч Б*******т үүрэгт ажлаас халагдсанаас хойш Дэлүүн суманд 2017 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сарын хооронд 3 жил, 3 сард тус суманд Нийгмийн даатгалын байцаагч тогтвор суурьшилтай ажиллаагүй учраас талийгаач Б.Д*******ы хүү Д.Т******* нь дээрх хугацаанд оршуулгын тэтгэмжийн бичиг баримтуудыг эрх бүхий ажилтанд өгөх боломжгүй байсан бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй гэж үзэж болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөний заалтуудын 16.5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж хуульчилсан байна.

Энэхүү Үндсэн хуулийн заалтын агуулга нь Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд түүнд нэг удаа мөнгөн тусламж буюу оршуулгын тэтгэмж авах эрхтэй болохыг харуулж байна. Иймээс анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, агуулгыг ч иш үндэс болгон уг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь “Шударга ёсны ба хууль ёсны зарчимд нийцнэ” гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай нийцэхгүй байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Нэхэмжлэгч Д.Т*******аас өөрийн эцэг Б.Д*******ыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өвчний учир нас барсан болохыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлж, улсын байцаагч 0000222521 дугаар гэрчилгээ олгосон, үүнээс хойш 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр оршуулгын тэтгэмж авахаар хүсэлт гаргасан, харин шийдвэрт энэхүү маргаанд хэрэглэгдэх тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн /1994 оны/ 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор” холбогдох баримт бичгийг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө, 5-т “…өргөдлийг хүлээн авснаас хойш …оршуулгыг тэтгэмж олгох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ”, 25 дугаар зүйлийн 2-т “…оршуулгын тэтгэмжийг нас барсан тухай гэрчилгээг үндэслэн олгоно” гэсэн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тухайлбал үйл баримтын талаар “…нэхэмжлэгчээс даатгуулагч иргэн Б.Д*******ы нас барсны бүртгэлийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хийлгэснээс хойш 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийгмийн даатгалын байгууллагад тэтгэмж авах тухай өргөдөл гаргаагүй байх ба эцэг Б.Д******* нь нас барснаас хойш 5 жилийн дараа өргөдөл гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсонгүй…” гэсэн нь нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж оршуулгын тэтгэмж авах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн талаарх хангалттай дүгнэлт болно.

Талийгаачийг нас барснаас хойш 2 сарын дараа түүний гэр бүл нас барсаны гэрчилгээ авч, оршуулгын тэтгэмж авах хүсэл зорилготой байсныг шүүх огтхон ч үгүйсгээгүй, хуульд заасан тэтгэмж авах эрхгүй гэж ч дүгнээгүй, гагцхүү хуулиар тогтоосон эрхээ хэрэгжүүлэх хугацааг Б.Д*******ыг нас барснаас хойш 4 долоо буюу 28 хоногийн, эсхүл хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сар буюу 180 хоногийн дотор өргөдлөө гаргаагүй хугацаа хэтрүүлсэн нь тэтгэмж олгохоос татгалзах үндэслэл юм.

2.Давж заалдах гомдолд “…Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан С.Б*******т ажлын хариуцлага алдаж, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, …дараагийн байцаагч Б.Т******* томилогдох хүртэл буюу 2020 оны 6 дугаар сарын хооронд 3.3 жилийн хугацаанд сумын нийгмийн даатгалын байцаагч тогтвор суурьшилтай ажиллаагүй учраас хуульд заасан хугацаанд оршуулгын тэтгэмж авах өргөдөл, холбогдох бичиг баримтыг эрх бүхий ажилтанд өгөх боломжгүй байсан бодит нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй…” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн төрсөн дүү Д.Ш*******т тухайн үед оршуулгын тэтгэмж авах материалыг өгч байсан тухайгаа Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гомдолдоо дурдсан, гэтэл тус аймгийн Нийгмийн даатгалын газрын мөн оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 373 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанаас үзэхэд үүнээс өмнө Б.Д*******ы оршуулгын тэтгэмжийг олгож өгөх талаарх хүсэлтээ Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчид гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй,

-мөн 2024 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 03/60 дугаар албан бичгээр ирүүлсэн хариунд Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын 2018, 2019 оны Өргөдөл, гомдол, хүсэлтийн бүртгэлд Д.Т*******, Д.Ш******* нараас гаргасан эцэг Б.Д*******ы оршуулгын тэтгэмжийг авах хүсэлт бүртгэгдээгүй,

-2020 оны 6 дугаар сараас хойш сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаа Б.Т******* шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “…намайг сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажилласан хугацаанд Б.Д*******ы оршуулгын тэтгэмжийг авах асуудлаар түүний гэр бүлийн гишүүдээс ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй. Би ажил хүлээн авах үед мөн өмнөх байцаагчаас Б.Д*******ы оршуулгын тэтгэмжийг авах тухай өргөдөл, хүсэлт гэх ямар нэгэн баримт хүлээж аваагүй. Харин 2024 оны 6 дугаар сард нэг хүн утсаар холбогдож, миний эцэг Б.Д*******ы оршуулгын тэтгэмжийг чи өгөх ёстой, одоо өгөх үү үгүй юу, хэрэв өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэж хэлсэн.  …Д.Т*******, Д.Ш******* нараас оршуулгын тэтгэмжтэй холбоотой асуудлаар биечлэн уулзаж бичгээр, эсхүл амаар, мөн утсаар асууж тодруулж, өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй…”,

С.Б*******т гэрчийн мэдүүлэгтээ “…1986-2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Харин тэтгэвэрт гарсны дараа тодорхой шалтгааны улмаас 2 сар байцаагчаар ажилласан. Д.Т*******, Д.Ш******* нараас эцэг Б.Д*******ы оршуулгын тэтгэмж авах материалыг надад өгсөн гэж байгаа нь үндэслэлгүй…” гэснээс тус тус үзэхэд нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй байна.

3.Мөн Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Б/16 дугаар тушаал гарснаар С.Б*******т  мөн оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үүрэг ажлаа хийгээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******ын шүүхэд бичгээр гаргасан “…Д.Ш*******ээс талийгаач эцэг Б.Д*******ы оршуулгын тэтгэмжийг авах зорилгоор тухайн үед Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан С.Б*******тад 2019 оны 2 дугаар сарын сүүлээр нас барсны гэрчилгээ, бусад бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн…” гэх тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл цаг хугацааны болон албан тушаалын хувьд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б.Д*******ы нас барсаны бүртгэлийг хийлгэснээс хойш Б.Б*******т оршуулгын тэтгэмж авах өргөдлийг хүлээн авах эрхгүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 110/ШШ2024/0040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                        Д.БААТАРХҮҮ

 

                  ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН

 

                             ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН